Бизнес эрхлэгчдийг хэн цөлмөж байна вэ?
Хэд хоногийн өмнө Ikon.mn сайтын ерөнхий эрхлэгч Р.Оюунцэцэгийн хийсэн “Б.Нэргүй: НӨАТ бизнес эрхлэгчдийг цөлмөж, эдийн засгийн хүнд үед хамгийн том дарамт болж байна” гэсэн ярицлага нүдэнд туслаа. Ер нь бол бас чиг жижиг биш нийтлэл аж. Гэхдээ бизнес эрхлэгчид уншихад бүгд л дэмжих хандлагыг нийтэд түгээх зорилго агуулсан санагдав.
Хэрвээ энэ бизнес эрхлэгч үнэн, бодитой зүйл ярьсан бол нэрээ нуух хэрэг байсан уу. Яагаад нэрээ нууцлав?
Бодитой зүйл гэхээсээ зохиосон байж мэдэх ийм нийтлэл олон бичээд, нийтэд түгээгээд байвал нийгмээ харлуулж, иргэдийн стрессийг улам л нэмэгдүүлнэ. Бизнес нь үнэхээр хүнд байдалд орж байгаа бол яагаад энэ тухайгаа өөрийгөө нууцлахгүйгээр ярьж хэлж болохгүй байна вэ? Нийгэмд хамааралтай чухал асуудлыг нууцлах тусам ужгарч хүндрэх болохоос эдгэж эмнэгдэх нь үгүй.
НӨАТ бизнес эрхлэгчдийг цөлмөж байна уу эсвэл бизнес эрхлэгчид маань татвараа БУРУУ удирдаж байна уу? Аль эсвэл манай бизнес эрхлэгчид “бизнес” гэдэг үгийг зөвхөн “худалдаа” гэж андуураад байна уу?
Нийтлэлдээ анхаарал хандуулъя. Ярилцагч Б.Нэргүй маань 2015 онд гэр бүлтэй болж хүүхэдтэй болсон залуухан бүсгүй. Байрныхаа буланд бараагаа өрж, хүргэлт захиалгаа өөрсдөө хийж эхлүүлсэн бизнес нь 2020 он хүртэл өсөлттэй байсан аж. Энэ өгүүлбэрээс түүний бизнесийг импортоор оруулж ирсэн барааг борлуулдаг байжээ гэж таав. Энэ хугацаа нь манай залуусын ид хийж эхэлсэн Тaoboa, Аmazon зэрэг сайтаас барааг захиалж фэйсбүүкээр борлуулалт хийж эхэлсэн үетэй давхцаж байна л даа. Ийм бизнесүүд хөл хорионы үед эхэндээ нэлээн хүндэрсэн. Ялангуяа Хятадаас бараа татдаг бизнестэй хүмүүсийн хувьд илүү хүнд туссан. Харин Ковидын үеэр Турк, Солонгосын лайвын худалдаа “цэцэглэсэн”. Ялангуяа Туркийн худалдаа асар их эрчээ авсан.
Б.Нэргүйн бизнес хөл хорионы улмаас түгээгч нар нь гэртээ сууж, тэтгэмж өгөх болсон байна. Энэ бол яах аргагүй тэр үед бүх бизнест үүссэн асуудал билээ. Ямар бизнес гэдэг нь тодорхойгүй учир яагаад зээл авахад хүндрэл үүссэнийг бас олон талаас нь тайлбарлаж болох юм. Хамгийн магадлалтай тайлбар нь санхүүгийн тайлагнал муу байсантай холбоотой гэж дүгнэлээ. “Яриулаад” хүссэн зээлийнхээ 50 хувийг авсан гэдэг нь нотолгоо нь юм. “Доогуур үнэлнэ” гэдэг нь цаанаа бас учиртай.
Ингээд авсан зээлээрээ өр авлагаа хаасан байна. Хил гааль хаалттай байсны улмаас зарах бараагүй болж илүү том хүндрэл үүссэн бололтой.
Хүмүүсийн худалдан авах чадвар энэ үед төдийлөн муудаагүй. Харин зарим бизнес цаашид ирээдүйгүй болох нь батлагдаж эхэлсэн. Яагаад НӨАТ түүнийг цөлмөсөн жишээг тодорхой болгож тайлбарлая. Б.Нэргүй маань 40 000 төгрөгийн барааг 45 000 төгрөгөөр сардаа хоёр ширхгийг зараад 10000 төгрөгийг ашиг олдог байсан гэж жишээ авчээ. Тэгээд 10 000 төгрөгөөс нь 1 000 төгрөгийг НӨАТ-д өгөөд үлдсэн 9000 төгрөгөөс зардлаа санхүүжүүлээд 1000 төгрөгийн ашиг үлддэг байсан гэж тайлбарласан байна.
Энэ тооцоог хуулийн хүрээнд илүү тодорхой болгож тайлбарлая. Б.Нэргүй маань 40 000 төгрөгийн барааг нийлүүлэгчээс авдаг байх нь, энэ нь мэдээж НӨАТ-тай үнэ. Харин тэр барааг 45 000 төгрөгөөр зардаг гэдэг нь мөн НӨАТ-тай үнэ. Тэгэхээр Б.Нэргүй өөрийн хэрэглэгч нарт тухайн барааг НӨАТ-тай үнээр зарж буй. Худалдан авсан хэрэглэгч нь түүнд НӨАТ төлж байгаа юм. Өртөг нэмэгдэх тутамд ногдуулж буй татвар л даа.
Нэргүй 40 000 төгрөгөөр бараа авсан гэдэг нь түүний өртөг нь 36 363.64 төгрөг болно. Түүнд ногдох НӨАТ нь 3636.64 төгрөг. Тэгэхээр Б.Нэргүй нийлүүлэгчээсээ 36 363.64 төгрөгийн үнэтэй бараа авсан. Нийлүүлэгчдээ 3 636.36 төгрөгийн НӨАТ төлсөн. Зарахдаа 40 909.09 төгрөгийн өртгөөр зарж байгаа боловч НӨАТ болох 4 090.01 төгрөгийг хэрэглэгчээсээ авч байгаа юм. Тэгэхээр Б.Нэргүй нийлүүлэгчээс бараа авахдаа төлсөн 3 636.64 НӨАТ-ыг хэрэглэгчээс авсан 4 090.01 төгрөгөөс хасаж татварт төлж буй хэрэг. Нэг бараанаас 4 545.45 төгрөгийг ашиг болгон аваад 454.54 төгрөгийг өртөг нэмж зарсны төлөө төлж буй татвар юм.
Ямар тохиолдолд НӨАТ хүндрэл үүсгэдэг вэ?
Нийлүүлэгч нь НӨАТ өгөхгүй бол цааш борлуулж буй компани илүү их НӨАТ төлөх болно. Б.Нэргүйн хувьд хэрэглэгчээс авсан 4 090.01 төгрөгийн НӨАТ-ыг шууд төлөх болдог. 454.54 төгрөг төлөх үү 4 090.01 төгрөг төлөх үү гэдэг сонголт хийх болж байна л даа. Ялангуяа гаалиар бараа оруулж ирээд тэр нь гааль дээр татвар төлөөгүй бол яг ийм хүндрэлтэй байдалд орно. Уг нь бол гааль дээр төлсөн НӨАТ-аа нийлүүлэгчээс авсан гэж үзээд хасдаг. Харин тухайн барааг оруулж ирэхдээ бүрдүүлэлт хийгээгүй, аль эсвэл бусдын нэр дээр бүрдүүлэлт хийсэн бол яах аргагүй шууд төлөх нөхцөл үүсдэг.
Тэгэхээр Б.Нэргүйн хувьд хамгийн эхэнд анхаарах зүйл бол нийлүүлэгчээсээ НӨАТ авч чадаж байна уу гэдэгтээ анхаарах зайлшгүй шаардлагатай.
Харин Ковидоос шалтгаалж хоёр бараа зарж байгаад нэг бараа зардаг болсон бол тухайн нөхцөл байдалтай холбоотой борлуулалтын үйл ажиллагаанд үүссэн асуудал юм. Борлуулалтын үйл ажиллагаа доголдох нь тухайн бизнес эрхлэгчийг үйл ажиллагаагаа шинэчлэх, сайжруулах шаардлагатайг харуулах болохоос НӨАТ үүнд хамаарахгүй. Ашигт ч нөлөөлөхгүй. Нэг бараа зарсан ч хоёр бараа зарсан ч НӨАТ-ийг хэрэглэгч төлж байгаа.
Харин НӨАТ-тэй холбоотой анхаарах нэг гол зүйл нь барааны үнээ тогтоохдоо зөв тогтоож чадсан уу гэдгээ бодох хэрэгтэй юм. Ихэнх бизнес эрхлэгч борлуулж буй барааны үнээ хэрхэн зөв тогтоохоо мэддэггүй. Борлуулах барааны үнээ тогтоохдоо НӨАТ борлуулалтад хэрхэн нөлөөлөхийг тооцдоггүй.
Энэ нь тэднийг НӨАТ-т хамаг мөнгөө төлөөд, үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй алдагдалд хүргэж буй мэт сэтгэгдэл төрүүлээд байх шиг.
Тэрнээс биш НӨАТ угтаа тухайн бизнес ашигтай байна уу үгүй юу гэдэгт огт хамаагүй юм. Тэр таны бизнесийн ашигтай байгаа эсэхээс хамаарсан татвар биш. Ашигтай эсэхээс хамаардаг татвар бол орлогын татвар. Компанийн хувьд ААНОАТ, иргэний хувьд ХХОАТ. Магадгүй бизнес эрхлэгчид ТАТВАРАА ХЭРХЭН УДИРДАЖ БАЙНА ВЭ гэсэн асуултад хариултаа олбол хүндрэл үүсгэж буй асуудлаа мэдээд авч чадна аа. Татварууд ялгаатай.
Олон мянган жилийн өмнөөс буюу төр үүссэн цагаас л татвар гэх ойлголт бий болсон. Олон эрдэмтэн, мэргэд, их сэтгэгчид, төрийн зүтгэлтнүүд татварын талаар тайлбарласан олон онол бий. Тиймээс татвар гэдэг ойлголт дотроо олон өөр агуулгатай. Татвар төсөв бүрдүүлэхээс гадна эдийн засгийг зохицуулах үүрэгтэй. Төрийн эдийн засаг, халамжийн бодлого татвараар илэрч байдаг.
Төр ямар бизнесийг дэмжих вэ, бас алийг нь дэмжихгүй байх вэ гэдэг нь энэ бодлогоор илэрнэ.
Гэхдээ л татвар гэсэн үг байгаа л бол хэн нэгнээс орлого төвлөрүүлэх зайлшгүй процесс цаана нь агуулагддаг. Тэрнээс биш хэн нэгний ярьж, тайлбарласнаар “НӨАТ бол зөвхөн далд эдийг засгийг илрүүлэх үүрэгтэй болохоос төсөв бүрдүүлэх ёсгүй юм байна. Бүгдийг нь буцааж өг” гэх мэт шаардлага тавих нь утгагүй.
Тухайн улс энэ татварыг хуульчилж хэрэгжүүлэхдээ өөрийн улс оронд тохирох бодлого баримталж буй болохоос өндөр хөгжилтэй бусад орны бодлогыг дууриах боломжгүй. Харин манай баримталж буй татварын бодлого зөв байгаа эсэхэд л бид мэдлэгээ уралдуулах ёстой болно. Бизнес эрхлэгч өөрийн татвараас зайлсхийсэн үйлдлийг зөвтгөх гэж татварын бодлогыг шүүмжлэх ёсгүй.
Яагаад иргэд төлбөрийн баримт олгохыг шаардахгүй байна вэ гэдгээс л татварын бодлого эхэлнэ. Татвараас зайлсхийх явдал хэт газар авч буй бол яах аргагүй татварын бодлого буруу хэрэгжиж буйг харуулж байгаа хэрэг. Харин үнэхээр зайлсхийх явдал үндэсний хэмжээнд хүрсэн байна уу гэдгийг судалж тогтоох шаардлагатай. Судалгаагаар батлагдвал харин татварын бодлогоо өөрчлөх хэрэгтэй.
Таны бизнес илүү амжилттай байж нийгэмд хэрэгтэй эсэхийг татварын бодлого илчилж өгнө. Хэрвээ та санхүүгийн тайлагналаа зөв хийгээд байхад л татварын өрөнд ороод байвал
- санхүүгийн үйл ажиллагаагаа зөв удирдаж чадаж байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй
- харин дараа нь энэ бизнесийг хийх хэрэг байна уу гэж бодох хэрэгтэй.
- Эцэст нь энэ татварын бодлого зөв байна уу гэж эргэлзэх ёстой. Эргэлзээгээ мэргэжлийн хүмүүсээр баталгаажуулах ёстой юм.
Сошиалаас анзаарч байхад өөртөө тавих асуултдаа хариултаа зөв олоогүй байж хамгийн эцсийн асуултыг мэргэжлийнхэнд биш нийгэмд цацаж бурууг бусдаас хайгаад байх нь их байна.
Хэрвээ тайлагнал нь зөв хийгдэж байвал НӨАТ ямар ч компанийг дампууралд хүргэх хэмжээний асуудал үүсгэхгүй.
Гэхдээ бизнесийг “НӨАТ дампууралд хүргэж байна” гэдэг нь илтэд анзаарагдаж, дампуурч хаалгаа хааж буй компани бүртгэлийн байгууллагууд дээр олширч байвал татварын бодлогоо засах, хуулиа өөрчлөх шаардлага байгааг илтгэж байгаа болохоос нотолж байгаа хэрэг биш. Олон зүйлээс хамаарч бизнес дампуурна шүү дээ.
Харин бизнес эрхлэгчид татварын өрөө өршөөлгөх хүслийг ил далд хэлбэрээр нийгэмд гаргаж буй нь бусдын дэмжлэгийг авч нийтэд нөлөөлөх оролдлого болохоос өөрийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэхгүй байна. Манай улс хоёр удаа өршөөлийн хууль хэрэгжүүлсэн. Энэ нь хэнд ашигтай байсан бэ гэвэл томоохон орлогоо нуусан, ихээхэн хөрөнгөтэй, барилга байшин барьсан, илүү баян нөхөд л ашиг тусыг нь хүртсэн болохоос багахан орлогоо өршөөлгөсөн иргэдийн хувьд баячууддаа л боломж олгож өөртөө жаахан хишиг хүртэн ядуу хэвээр хоцорсон явдал юм.
Яагаад одоо болтол өршөөлгөсөн бизнесийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй байсаар байна вэ гэж бодоод үзэхэд л миний дээрх таамаг батлагдах юм.
Б.Нэргүйн тухай яриандаа буцаж оръё.
“Захын худалдагч бид хоёр яг адилхан борлуулалт хийж, ижил ашиг авч байхад төлсөн татвар нь тэнгэр газар шиг ялгаатай. Энэ бол шударга бус.” Үнэхээр л тийм юм. “Татвар дарамттай болон шударга бус байж болохгүй” гэдэг бол эртний үг. Шударга бус байгааг мэдсээр, тийм байхыг харсаар байж эвлэрээд бухимдаад байгаа минь бидний алдаа. Татварын байгууллага ч энэ тал дээр хүчээ төвлөрүүлж ажиллах ёстой. Харин тэр байгууллага нь хэт хүчтэй байвал эргээд нийгэмдээ сөрөг нөлөөтэй. Тиймээс л иргэд бие биедээ шүүмжлэлтэй хандаж, шаардлага тавьж сурах хэрэгтэй болдог.
Б.Нэргүй маань сардаа 5-6 сая төгрөгийн НӨАТ төлдөг юм байна. Хэрвээ худалдан авалтыг нь хасахгүй тооцвол сарын 55 сая төгрөгийн борлуулалттай бизнес гэсэн үг. Тэгэхээр түүний жилийн цэвэр борлуулалтын орлого хамгийн багадаа л 600 сая төгрөг болно. Жилдээ 60-70 сая төгрөг НӨАТ-д төлдөг байх нь. Худалдан авалтыг нь хасвал борлуулалт нь үүнээс ч өндөр болно. Ийм хэмжээний орлоготой байхад төлөх НӨАТ их байх нь аргагүй, харин нийтлэлийн турш ярьсан яриа нь энэ хэмжээний орлоготой эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Тиймээс л санхүүгийн тайлагнал, татвараа зөв удирдаж чадаж байгаа болов уу гэсэн эргэлзээ надад үлдээлээ. Харин захын худалдаачид ийм хэмжээний орлоготой байдаг уу? Адилтгах зүйрлэл мөн юм болов уу?
Захын худалдаачид юу зарж байгаагаас хамаарч орлого нь өөр байдаг. Харин хууль биелүүлдэггүй газар байж болохгүй. Тиймээс тэдэнд шаардлага тавих гол хүн нь тэдний үйлчлүүлэгчид. Сонголт хийх боломжоо эдлэх ёстой.
Баримт өгдөггүй бизнесээр үйлчлүүлдэггүй, мөнгөө өгдөггүй байх соёлд суралцах ёстой. Үйлчилгээ авсны дараа бүтээгдэхүүнтэй нь холбоотой гомдол гаргах бол ядаж л нотлох баримт болно. Баримт өгөхгүй хэрэлдэж байвал бүр холдон явах хэрэгтэй, тийм бизнесийг зах зээлээс түлхэх хэрэгтэй.
Ийм бизнесийг и-баримтаараа гомдол гаргаж Татварын албаар нөхөж баримтаа гаргуулдаг байх хэрэгтэй. Олон удаа баримт өгөөгүй гомдол иргэдээс ирсэн бол ядаж л татварынхан эрсдэлтэй ангилалд багтааж шалгана.
“Өдөр шөнөгүй зүтгэж байж олсон мөнгөөрөө ингээд төлж байхад ядаж улс орон хөгжин цэцэглээд, хүрэх хүндээ зөв хүрээд эргээд бидэнд ашиг тус нь ирдэг бол хамаа алга. Гэтэл ямар үрэлгэн, үр ашиггүй зарцуулж байгааг харахаар үнэндээ төлөх сонирхолгүй болж байна” гэж бичжээ. Татвар төлөх нь бизнес эрхлэгчдийн сонирхлын хэрэг биш юм. Харин үндсэн хуулиараа хүлээсэн үүрэг. Үүргээ биелүүлэх л ёстой болохоос хүсэхгүй бол больё гэх боломжгүй. Харин төрд өөрийгөө төлөөлүүлж сонгосон төлөөлөл чинь Төсвийн тухай хууль батлахад ямар оролцоотой байгаа нь эргээд таны л сонголтын үр дүн болно.
Бид сонгуулийн өдөр хэнээр төрөө удирдуулахаа сонгодог бол сар бүр төлж буй татвараараа төрийг өдөр тутамдаа удирддаг. Татвараа төлсөн бол төр удирдахад хяналт тавьж байх нь бидний эрх болж байгаа юм.
Энэ эрхээ төрийн хяналт шалгалтын байгууллагаар гүйцэтгүүлж байгаа боловч тэдэндээ бас хяналт тавих хэрэгтэй болно. Тэгэхээр бид хийж буй үйлдэл бүрээ баталсан хууль журамдаа нийцүүлж, нийцүүлэхийг бусдаас шаардаж байж л хамтаараа хөгжих ёстой болно. Хэн нэг нь түрүүлж хөгжиж байвал түүнийг хянаж байх нь бидний үүрэг, бас эрх болно. Бүгдээрээ татвар төлдөг байж л нийтээрээ шударга байх боломж бүрдэнэ. Харин бултаж, зайлсхийх явдалтай эвлэрсээр, аргалсаар байвал хэзээ хөгжиж цэцэглэхийг хэн ч мэдэхгүй л байх.
Бизнес гэдэг угтаа гаднын барааг оруулж ирээд хямд зарахын нэр биш юм. Үйлдвэрлэл эрхэлдэг байж л жинхэнэ бизнес эрхлэгч болно. НӨАТ чинь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү олон дамжлагагүй иргэдэд хүргэхийг зохицуулж буй эдийн засгийн бодлого. Гаднаас эсвэл хэн нэгнээс авсан бараагаа үнэ нэмээд “дамлан” зарж буй наймааг хязгаарлах бодлого цаанаа агуулж байгаа гэсэн үг юм даа.