Системийн сэтгэлгээ гэж юу вэ?
Системийн сэтгэлгээ бол орчин үеийн нэршил. Энгийнээр тайлбарлавал аливааг иж бүрнээр харах сэтгэлгээ. 2500 жилийн тэртээ бичиж үлдээсэн ном судраас харвал тухайн цаг үед ч хүмүүс ийм сэтгэлгээтэй байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа “Их 7”-гийн хөгжил эрчимжихийн хэрээр эдийн засаг, нийгмийн өргөн хүрээг хамарсан шийдвэрүүд гарч амьдрал төвөгтэй болсон. Олон улсын зах зээл, худалдаа, орчин үеийн технологийн хөгжлийг даган компаниуд ч томорсон. Үүнтэй уялдан арга зүйн хэмжээнд байсан системийн сэтгэлгээ гэдэг ойлголт шинжлэх ухааны түвшинд хүрчээ.
Компаниуд “Манайх шинэ жилийн урамшуулал зарлаж, борлуулалт өслөө” гэдэг. Гэтэл өргөн дурангаар харвал хямдрал зарлахад премиум буюу үнэтэй ч тогтмол худалдан авалт хийдэг хэрэглэгчдээ алдаж хямдхан худалдан авагчтай болдог. Улмаар борлуулалтын жилийн дүн буурна. Энэ бол урамшуулал бизнест эсрэгээр нөлөөлдгийн жишээ.
Монголчуудад нийтлэг тохиолддог жишээнээс дурдъя. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Учир шалтгаан, үр дагаврыг шууд холбож ярихыг шугаман сэтгэлгээ гэдэг. Шугаман сэтгэлгээтэй хүмүүс автомашины тоог түгжрэлийн шалтгаан гэж үздэг. Зарим нь хотын хүн амын өсөлт, автозамын ачаалалтай холбон тайлбарлана. Харин системийн сэтгэлгээгээр энэ бүхэн хоорондоо хэрхэн нөлөөлдөг аль нь ихсэхэд аль нь буурч байгааг олж харах нь зорилго байдаг. Шалтгааныг хоёр дахин өөрчлөхөд үр дагавар өөрчлөгдөх албагүй. Өөрчлөлт үл ялиг эсвэл тэсрэлт шиг мэдрэгдэж болно.
Манайхан хямдхан, бүтээмж бага, хар ажлын бизнестэйгээ зууралдаад байна. Тиймээс л гаднынхан орж ирээд бүтээмж, цалин өндөр бизнесийг авдаг.
Улаанбаатарын автозамын түгжрэлийн суурь шалтгаануудын нэг бол хот төлөвлөлт алдагдсантай холбоотой. Иргэдээ сайхан амьдруулахад хот төлөвлөлтийн зорилго оршдог. Гэтэл одоо газрын наймаа болжээ. Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд асуудал хоорондын нөлөөлөл, зорилго чухал. Шийдэлд хүрэхэд хэчнээн жил шаардлагатай, ямар арга, дарааллаар явах уу, хэн оролцох уу гээд иж бүрнээр, системээр харах ёстой. Түгжрэлийн тухайд бол тээвэр, санхүү, удирдлага, иргэний нийгэм хоорондоо хэрхэн уялдаж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй алхам алхмаар шийдэх аргыг системийн сэтгэлгээ гэж тодорхойлдог.
Сайн системийн үр өгөөжийг нэг үгээр илэрхийлэхэд төвөгтэй. Гэхдээ сайн системийг адилхан гэж хэлж болно. Ийм систем нэгдүгээрт эзнээсээ хамааралгүй ажилладаг байх ёстой. Эзэн солигдсон, амарсан, хувьцаагаа худалдсан ямар ч тохиолдолд компанийн үйл ажиллагаа тасалдахгүй байдаг. Хоёрдугаарт, ажилтнуудаас хамаардаггүй. Үүнд шинэ ажилтныг бэлтгэдэг боловсон хүчний дүрэм журам хамаарна. Гуравдугаарт итгэл хүлээсэн найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрөл бүрийн стандартыг мөрддөг. Компани бүрд, цаг хугацаанд өөр өөр байж болох ч сэтгэн бодох арга нь ижил. Харах арга, стандартыг системийн сэтгэлгээний элемент гэдэг.
Системийн сэтгэлгээг хоёр янзаар тоймлож болно. Системийн сэтгэлгээ гэж нэрлэлгүй маркетинг, санхүү, удирдлагаа хэрхэн хөгжүүлэхийг системтэй зааж, төсөөлөл өгч болно. Гэхдээ онол үзэлгүйгээр сурснаа өөр салбарт хэрэглэхэд хэцүү. Туршлагаар сурсан хүнд нэг том дутагдал байдаг. Туршлагаа шилжүүлж чаддаггүй. Харин онолоор сурсан хүн ямар ч аргыг ямар ч тохиолдолд хэрэглэнэ. Онол бол абстрактаар загвараа өгдөг. Тэр загварыг маркетинг, санхүү, удирдлагадаа, тэр ч байтугай байгаль цаг уурт хэрэглэж байна. Математикийг эдийн засаг, биологи, одон оронд хэрэглэдэг шиг системийн сэтгэлгээний зарчмуудыг ашиглаж болдог. Үүнийг шинжлэх ухааны арга барил гэдэг.
Компани систем болох нь
Хүн төрөлхтөн олон мянган технологи, багаж хэрэгсэл зохион бүтээжээ. Эдгээр технологи, онолыг лего шиг угсарч, бодит амьдралд хэрэгжүүлэх шийдлийг системийн инженерүүд гаргадаг. Хүмүүс системийн сэтгэлгээ юунд хэрэгтэйг сонирхож асуудаг. Системийн онолыг одоогоос 30 жилийн өмнө кибернетик гэж ярьдаг байв. Систем бүр дотоод зарчимтай. Нүдэнд үл үзэгдэх техникийн системийг зөв, оновчтой зохицуулна. Уялдаа холбоог томоор харахаас гадна байгаль нийгмийн үзэгдэл, тогтоц, үйл явдлыг математик, техникийн аргаар загварт оруулдаг. Бид нийтлэг загвартай бол асуудлаа амархан ойлголцож, хамтран хэлэлцэж, шийдэлд хүрнэ. Компани бол том систем. Улс, үндэстэн дамнасан, олон салбартай компаниудын үйл ажиллагаа цаг хугацааны хувьд хоцорч, түрүүлэх нь бий. Тиймээс мэдээлэл, мөнгө, ажиллах хүчний солилцоогоо хэрхэн зохицуулах, хаана нөөц үүсгэх, эргэх холбоо, тогтвортой байдлыг системийн инженерүүд зохицуулдаг.
Экспорт бол багийн тоглоом. Ганц хоёр компани бор зүрхээрээ амжилт олохгүй.
Энгийнээр хэлбэл монголчууд цээжиндээ багтсанаараа, ахуйн түвшинд бизнес хийж байна. Ахуйн буюу доод түвшинд хувь хүн ганцаараа бизнес хийдэг. Жаахан төвөгтэй болоод ирэхээр төрөлжих, мэргэжих, процесс бүр стандарт, чанар хангаж, найдвартай ажиллах, бусад компанитай харьцах шаардлагатай. Тэгээд дараагийн түвшний бизнес хэрэгтэй болдог. Цонх, хаалга хийдэг компаниуд хэрхэн хорших уу, цаашлаад хамтарч барьсан барилгаа хэрхэн борлуулах вэ гэх мэт.
Харамсалтай нь бид ахуйн түвшнээсээ гарч чадахгүй байгаа учир бизнесийн дараа дараагийн шат руу ахиж дэвшдэггүй. Манайхан хямдхан, бүтээмж бага, хар ажлын бизнестэйгээ зууралдаад байна. Тиймээс л гаднынхан орж ирээд бүтээмж, цалин өндөр бизнесийг авдаг. Монголын компаниуд одоо л барилга барьж сурч байна. Гэхдээ дизайн сайтай, үнэтэй, үйлдвэрийн барилга зэрэг ашиг олдог бизнесээ гадаадын компаниудад алддаг. Яагаад гэвэл тэд системтэй буюу илүү зохион байгуулалттай, менежменттэй, технологитой ажилладаг юм. Ашиг орлогоо гаднынханд алдахгүйн тулд хоёрдугаар, гуравдугаар түвшний бизнесийн мэдлэг хэрэгтэй. Гадаад худалдаанд оролцоно гэж тухайн улсын бизнесийн системд тоглолт хийхийг хэлдэг. Тухайлбал, Хятад улсын худалдаа, санхүүгийн системийн бүтэц, бизнесүүд нь хоорондоо хэрхэн хоршдог, маркетингаа яаж хийдгийг судлах ёстой. Өөрсдийгөө тойруулсан бизнесээсээ салахгүй байгаа учир монголчууд олуулаа нийлж хийдэг зарчмаас хоцорч байна.
Хүн Цагаан толгойн үсэгт л багтааж ярьж, бичдэг. Гэтэл бидний мэдэх үсгээс хязгааргүй олон юм бий. Системийн сэтгэлгээний ойлголттой хүн аливаа тогтолцоо үйл явдлыг томьёолж чаддаг. Мөн нэгэнт системийн хэлэнд нэвтрүүлсэн тохиолдолд сайжруулах, шинэчлэх арга олон байдаг. Компаниа хөгжүүлье гэвэл бизнесээ хамгийн энгийн системийн хэлээр тайлбарлаж, тохирсон аргаа олж чаддаг байх ёстой.
Нэгэн энгийн жишээ дурдахад индиануудын бумеранг гэдэг мод бий. Цаг агаар хэвийн байхад хэн шидсэнээс үл хамааран буцаад ирдэг. Нисээд эргэж ирдэг физикийн хуулийг тооцож тэр модыг зөв бүтэцтэй хийсэн бол буцаад ирдэгтэй адил компанийг бүтэц нь тодорхойлдог. Муу захирал удирдсан ч сайн үйл ажиллагаа явуулахаар зохиож болно. Жишээлбэл, KFC байна. Нөгөө талаас таны бизнест тийм загвар байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж байгаа. Хамгийн сайн бүтцийн нэг гол үзүүлэлт бол найдвартай, тогтвортой ажиллагаа. KFC тодорхой хүрээнд тогтвортой ажилладаг. Хаана, хэн эзэмшихээс үл хамааран сайн систем тухайн орчиндоо зохицдог.
Хариуцлагатай, хариуцлагагүй хоёр хамтрахад хэцүү
Экспорт бол багийн тоглоом. Ганцаараа бор зүрхээрээ амжилт олохгүй. Зүгээр 11 дурын хүн хөл бөмбөгийн баг болдоггүй. Нэгдсэн стратеги, бэлтгэлийн арга, тактик, тоглох философитой байдаг. Энэ бол экспортод гардаг системтэй адил зарчим. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодоход хайрцаг, баглаа боодол хийх, борлуулах, тээвэрлэх гээд алхам тутамд өндөр түвшинд өрсөлдөх тухайн зах зээлд мэргэшсэн хүмүүс хэрэгтэй. Дэд бүтцийн мэргэжлийн компани шаардлагатай. Ядаж л Хятадын зах зээлд өрсөлдөх хайрцаг шаардлагатай болно. Хайрцгаа гэмтээхгүй тээвэрлэдэг тээвэрлэгч, Хятадын зах зээлд маркетинг хийж чадах мэргэжлийн компани байх ёстой. Компаниуд нийлж, хоршиж байж гадаадын нэгдсэн командтай тасралтгүй өрсөлдөж зах зээлд гарч чадна. Тиймээс экспортод гарахын тулд бид дараа дараагийн түвшний системийг байгуулж сурах ёстой.
Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж олон жил ярьж байгаа ч би энэ талаар сайн мэдэхгүй. Гэхдээ төр хариуцлагагүй ажиллаж байгааг бид мэднэ. Сонгуулиар солигддог. Төр гэх оролцогч хариуцлага хүлээдэггүй. Ажилласан ч эс ажилласан ч хариуцлага хүлээдэггүй. Гэтэл хувийн хэвшлүүд зогссон хоног бүртээ хариуцлага үүрч, банкны зээл төлж, эд хөрөнгөөрөө барьцаа тавьдаг. Хариуцлагатай хүн, хариуцлага хүлээдэггүй этгээд хоёр нийлэхэд хэцүү. Нийлүүлэх зарчим, систем нь Монголын төрд хараахан алга. Төр бол хийхгүй байсан ч болно гэсэн хандлагатай, дээд түвшинд ажиллахад бэлэн биш. Магадгүй нэг эх оронч гарч ирээд хэсэг хийх байх. Гэхдээ сонгуулиар болино.