www.sanhuuch.mn болон www.business.mn сайтуудын зөвлөгөө, мэдээлэл буланд жижиг дунд бизнесийн санхүү бүртгэл, тайлан, мөн санхүүгийн менежментэд холбогдох 30 гаруй нийтлэл сүүлийн 5 жилийн хугацаанд нийтлэгдсэн. Харилцагчийн хандалт бүртгэгч аналитик платформын тайлангаас үзэхэд “Санхүүгийн тайлангаа хэрхэн унших вэ” гэдэг цуврал гурван нийтлэл хамгийн их уншигдсан топ 3 дотор үргэлж жагсдаг байв. Харин сүүлийн жилд “Ашигтай үнэ буюу үнийг хэрхэн оновчтой тогтоох вэ” нийтлэл топ 3 дээр баттай зогсож, түүнчлэн “Бараа материалын тооллого үр дүнтэй зохион байгуулах үндсэн гурван нөхцөл” нийтлэл 5 дугаарт эрэмбэлэгдэх болсон юм. Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагч нар маань хамгийн их анхаарч уншаасай, үйл ажиллагаандаа нэвтрүүлээсэй гэж бидний хүсдэг нийтлэлүүд ийнхүү хандалт их авч байгаад урамшиж, тэдний өсөлт тэлэлтэд хамгийн их саад учруулж буй “өрсөлдөөний өртгийн” талаар энэ удаад онцлов.
ЖДБ ширүүн өрсөлдөөн дунд өөрийн гэсэн ялгарал, ондоошил бий болгох нь мэдээж зөв. Ноос ноолууран хувцас, гутал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дундууд маань энэ шаардлагыг өөрийн гэсэн брэнд бий болгох талаас нь ойлгон харж, дор бүрдээ өөр өөрийн брэнд нэр, өнгө төрх, лого бүтээлгэн авсан байгаа. Тухайн салбарт нь шинэ гарч ирэх өрсөлдөгч, мөн өөрийн гэсэн нэр логог бүтээлгээд дайрч орно. Барагцаалахад багадаа 5 сая төгрөгийг мэргэжлийн ажил үйлчилгээнд төлсөн. Гэвч ингээд болчихгүй. Брэнд хөгжүүлэлт, идэвхжүүлэлт, маркетинг руу жил бүр мөн л тус бүрдээ 5-50 сая төгрөг төлөөд дайраад л байна. Зэрэгцээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг нүсэр ажилд ханцуй шамлан орно. Өөрөө чадварлаг дизайнер биш л бол түүнийг өөрийн үйлдвэртээ бүтэн цагаар олж авах, хадгалахад тогтмол зардал дор бүрдээ гаргана. Бүгд дор бүрдээ бүтээгдэхүүний дизайн төлөвлөлт хийж, өөрийн бүтээгдэхүүнээр ялгарахыг хичээнэ.
Үйлдвэрийн төлөвлөгч, эсвэл технологич инженер, үйлдвэрийн машины тохиргоо, программ бичих мэдээллийн технологийн инженерийн хувьд ч өмнөхтэй яг ижил, хоорондоо булаалдан тэмцэлдэж, цалингаар тогтоон барих гэж дор бүрдээ үзэцгээнэ. Жижиг дунд үйлдвэрийн үзэсгэлэн худалдаанд мөр зэрэгцэн, тус бүрийн талбайг түрээслэн, нэг бүрчлэн худалдааны төлөөлөгч зогсоон оролцоно. Бүгд эн тэнцүү зардлыг “шударгаар” төлж зүтгэсээр л. Нэгэнт л өрсөлдөгчид болж, өрсөлдөөнд ялгарах хэрэгтэй тул тус бүрдээ стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд багагүй цаг, хөрөнгө зарцуулна. Бараг бүгд экспортлогч болох, дэлхийд гарах туйлын зорилготой тул экспортын менежер бэлтгэх сургалтад нэг нэг хүнээ хамруулна. Экспортын брэнд үүсгэх хөгжүүлэх сургалтад мөн зэрэгцээд сууцгааж, гадаад зах зээлийн судалгааг дор бүрийн боломжоороо тус тусдаа хийж, эв нь таарахад гадаад улс оронд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцох нөр их ажлыг амжуулцгаана. Ачиж очсон бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй тул өртгөөс нь хамаагүй доогуур үнээр өгч, буцаан авч явах зардлаа хэмнэсэн гэдэг бодит жишээ бий. Энэ мэтчилэн, жишээ нь бүгд тус бүрдээ жилд 50-100 сая төгрөгийг яг ижил бараа ажил үйлчилгээ олж авах, давуу тал бий болгохын тулд төлсөөр.
ЖДБ-үүдийн хувьд буруу өрсөлдөөний хохирогч бус зөв өрсөлдөөний хамтран ялагч болох стратеги тохиромжтой.
Хамгийн сайн чаддаг зүйл нь “үл хамтрах” хэвээр байвал тогоон дотроо толхилцон, хэн нь ч үл тэлж, гадаад зах зээлд очихоороо хэн нь ч хэн ч биш байсаар байна. Энэ бол бидний нэрлэж буй “өрсөлдөөний өртөг” буюу буруу өрсөлдөөний үр нөлөө, хохирол.
“Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ” – ын бүсгүйчүүд харин дээрх байдлыг олж харж, нийтлэг эрх ашиг дээрээ нэгдэн, TRAM төсөл болон МҮХАҮТ – ийн хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хамтарч чадсан. Тэдэн шиг бүх хөнгөн үйлдвэрийн салбарын өрсөлдөгч жижиг дунд компаниуд үйлдвэрлэлийн бүтээмж, хүчин чадал, чанарын тогтолцоогоо дагнан хөгжүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэгч, дизайн төлөвлөгч, брэнд хөгжүүлэгч зэрэг мэргэжлийн тоглогч нарыг бий болгон, дундаа хийж болох бүхий л зардлуудаа нэгтгэн хэмнэснээр Монголын хөдөө аж ахуйгаас гаралтай, өвөрмөц онцлог шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд баттай гарч чадах боломж нөхцөл тавигдана. Улмаар буруу өрсөлдөөний хохирогч бус зөв өрсөлдөөний хамтран ялагч болох юм.
Маш сайхан нийтлэл байна. Алдаагаа олэ харлаа