Хөрөг нийтлэлийн материал дээр ажилласан Г.Даваадорж, Б.Энхмаа
***
ХААН БАНК: ӨСӨЛТИЙН ХӨДӨЛГҮҮР
Хэрэв аз жаргалыг эдийн засгийн утгаар илэрхийл гэвэл тэр нь “өсөлт” юм. Аж үйлдвэржилтээс өмнө хүмүүс маргаашийн амьдрал нь өнөөдрөөс аз жаргалтай, эд баялаг өнөөдрийнхөөс өснө гэж боддоггүй байж. Тийм ч учраас дэлхийн аль ч өнцөгт худалдаа эргэлт, мөнгөний урсгал нэгэн хэмжээндээ явсаар олон мянган жилийг үдсэн.
Харин одоогоос 500-гаад жилийн өмнөөс зээлийн харилцаа хэмээх гайхалтай зүйл хөгжжээ. Зээл буюу “Сredit” гэх үгийн утга нь “итгэл” юм. Өөрөөр хэлбэл, энэ цагаас эхлэн хүмүүс маргаашдаа илүү итгэдэг болж. Хүмүүс маргаашийн амьдрал өнөөдрөөс сайхан болно, маргаашийн эд агуурс өнөөдрөөс элбэг байна, маргааш ажил үйлс нь өөдрөг байна гэж итгэдэг болсон учир зээл авдаг, бас өгдөг болж. Нэг үгээр зээл нь маргаашийг байлдан дагуулах маш хүчирхэг зэвсэг болов.
Өмнө нь хүмүүс нэг хүн баяжихад нөгөөх нь заавал ядуурдаг гэдэгт итгэдэг байсан бол зээл энэ бүхнийг өөрчилж, бялууны хэрчмүүд үржиж, хамтдаа зэрэг баяжиж болохыг ойлгосон байна. Чухамдаа зээлийн ид шидээр хүн төрөлхтөн эдийн засгийн гацаанаас гарч, өнөөгийн эд баялаг, оюун санаа, техник технологийн өсөлтөд хүрэх замдаа гарчээ.
Тэгвэл зээл олгодог банк хэмээх институц нь энэ харилцаанд хамгийн гол “итгэлцлийн зууч” болж хувирав. Орчин үеийн бүх банк энэхүү итгэлийн галыг унтраахгүй авч явах гол философитой ажилладаг гэж болно. Харин хүмүүс итгэхээ боливол тэр банк дампуурна.
Монголчууд капитализмын 30 гаруйхан жилийн түүхэндээ саяхнаас л дээрх агуулгыг илүү тод ойлгодог болж байна. 1991 онд манай улс нэг шатлалтай улсын банкны тогтолцоог халахад Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк бий болж хувьчлагдан капитализмын замаар хөгжих гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Дэлхийн банкнаас “Татан буулгасан нь дээр” гэдэг дүгнэлт гарчихсан, маргааш сэргэнэ гэсэн итгэлгүй өдрүүд үргэлжилж байлаа. Харин 2000 онд олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудын менежментийн дагуу шинэчлэгдэж, 2003 онд олон улсын тендерээр амжилттай хувьчлагдсан юм. Ингэснээр энэ банк маргаашдаа итгэх “итгэлийн хүч” олж, түүндээ “ХААН” гэдэг нэр өгч, тэр нь хөрөнгө оруулагч, харилцагч, ажилтан гээд бүгдэд нь түгжээ.
ХААН Банк нь байгуулагдсан цагаасаа “Өсөлтийн бялууны” жинхэнэ ид шидийг үзүүлж, зөвхөн өөрөө өсөөд зогсохгүй, нийт харилцагч, ажилтнуудтайгаа хамт оюун санаа болон техник, технологийн ололтоороо зогсолтгүй урагшилж, үүгээрээ нийт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн нэгэн гол хөдөлгүүр бүхий аварга том хөлөг онгоц болжээ. Одоо ХААН Банкны хамгийн том “актив” нь хөрөнгө оруулагчид, харилцагч нар, ажилтнууд, нийт нийгмийн “Маргааш бид өснө” гэсэн итгэл болжээ. Тэгвэл одоо 2.7 сая “зорчигчтой” болсон энэ хөлөг хаашаа аялж байна вэ? Хөлгийн ахмад нь хэн гээч вэ?
Дижитал өсөлт
“Дижитал шилжилт” гэдэг үг саяхнаас л бидний чихэнд хоногшиж эхэлсэн. Гэхдээ энэ нь яг юу болохыг бүрэн ойлгоогүй л байна. Тэгвэл энэ нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгжчихдэг үйл явц биш юм. Энэ бол тухайн компанийн хүмүүс, процесс, стратеги, бүтэц, харилцагч гэх мэтээр бүх талыг хамарсан урт хугацааны аялал байдаг.
Тэгвэл ХААН Банк энэ аяллыг аль 2007 оноос эхэлжээ. Тэр үед нэгдүгээр курсийн оюутан байсан миний бие амралтаараа аймгийн төвөөр дайрахдаа ХААН Банкны АТМ машин суурилуулсан байхыг хараад “Болж дээ” хэмээн бодож байлаа. Гэхдээ тэгэхэд Монголд анх удаа мобайл банк, интернэт банкны үйлчилгээ нэвтрүүлж, бэлэн мөнгөний машины дэд бүтцийг бий болгон цахим банк болох эхлэлээ тавьж байсан энэ банкны айхтар алсын харааг оюутан би яаж анзаарахав.
АТМ-ээр эхэлсэн ХААН Банкны дижитал шилжилт “Экспресс банк”-аар үргэлжилж, “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машин, сүүлдээ “Ухаалаг банк” аппликэйшнийг нэвтрүүлсээр өнөөдөр хиймэл оюун, машин сургалт, их өгөгдөл зэрэг технологийн өмнө ирээд байна. Үр дүнд нь 2.7 сая харилцагчийн бүх төлбөр тооцоо, сар тутам хийгддэг 60 сая орчим гүйлгээний 98 хувь нь цахим болж, хоёрхон хувь нь салбар дээр биетээр ирж үйлчилгээ авдаг болжээ. Асар өргөн далайц, цар хүрээг хамарсан энэхүү цахим аялал нийт монголчуудын амьдралын хэв маягт нөлөөлж, санхүүгийн үйлчилгээ авах хэлбэрийг эрс өөрчилсөн гэхэд болно.
“Бидний дараагийн алсын хараа бол компани бүхэлдээ дижитал сэтгэлгээтэй болох” гэж ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа ярилаа. 2021 онд ХААН Банк 2021-2023 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөө гаргахдаа “Дижитал стратеги” хэмээх баримт бичгийг анх удаа баталжээ. Батлахаасаа өмнө ХААН Банкны цахимжилт дэлхийн түвшинд хаахна яваа гэдэг дээр Хонконг дахь Deloitte компаниар дүгнэлт гаргуулжээ. Ингэхдээ банкны стратеги болон шинэчлэл, харилцагчийн тухай ойлголт, маркетинг болон харилцагч нартайгаа харилцаа тогтоож буй байдал, борлуулалт, байгууллагын өөрийн ур чадвар, харилцагчийн үйлчилгээ, цахим үйл явц гэх мэтээр долоон шаардлагын хүрээнд, нийт 50 орчим хэрэглэгдэхүүнээр (tools) дүн шинжилгээ хийлгүүлжээ. Ингээд ХААН Банк дижитал шилжилтээр Монголдоо тэргүүлж, харин дэлхийд дундаж түвшинд явж байна гэдгээ олж мэдэв.
2019 онд ХААН Банкны нэг теллерийн өдрийн дундаж гүйлгээний тоо 130, их ачаалалтай үедээ 270-д хүрдэг байсан бол өнөөдөр нэг теллер дунджаар 77 гүйлгээ хийдэг болж эрс багасжээ.
Өнгөрсөн дөрвөн жил орчмын хугацаанд ХААН Банкнаас зээлийн үйлчилгээ, ялангуяа цалингийн, картын гэх мэт иргэдийн зээлийн үйлчилгээг банкны ажилтны оролцоогүйгээр утсаар хүргэдэг болохын тулд хиймэл оюун, машин сургалтын технологийг хөгжүүлж маш их бэлтгэл ажлыг амжуулсан байна. Ингэснээр харилцагчид шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангаас татсанаар зээлийн процессын шийдвэр гаргалт 10-аадхан минутын хугацаанд автоматаар явагддаг болсон байна.
ХААН Банканд зөвхөн бизнес хөгжлийн чиглэлээр долоон газар, мэдээллийн технологийн найман газар ажилладаг. Сүүлийн жилүүдэд жил бүр 100-130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгууллагын хөгжилд зориулж байгаагаас 70-80 хувийг мэдээллийн технологи, бизнес хөгжилд зарцуулжээ. Ингэснээр цахим банкны үйлчилгээгээр нийт зах зээлийн 50-90 хүртэл хувийг эзэлж, банкнууд дундаа тэргүүлж байна.
Одоо тэдний дараагийн зорилго бол дэлхийн түвшний дижитал соёлыг төлөвшүүлэх. Үүний тулд нэгдүгээрт, цахим сувгуудаар харилцагчдадаа улам ойртож, тухайн харилцагчийн хэрэгцээнд тохирсон санхүүгийн үйлчилгээг хүргэдэг болно. Дээр дурдсанаар ХААН банкны зээлийн бүтээгдэхүүн дээр хиймэл оюун, машин сургалтын технологиуд хэдийнэ ажиллаж эхэлсэн бөгөөд их өгөгдөлд анализ хийн зээлдэгчдийн зээлийн чадварт оноо (credit scoring) өгөх байдлаар тухайн хүн хэдий хэмжээний зээлийг, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлтэй авбал тохиромжтойг тодорхойлдог болсон. Ингэснээр зээлийн шийдвэр гаргалт илүү оновчтой болж байна. Одоогоор ХААН Банканд 200 гаруй зээлийн бүтээгдэхүүн, харилцах болон хадгаламжийг нэмбэл 300 гаруй бүтээгдэхүүн бий. Эндээс хэрэглээний зээлтэй холбоотой бүтээгдэхүүний ихэнх нь цахим болно. Тэгснээр зээлийн эдийн засагч нар бизнесийн зээлийн судалгаа, шинжилгээ, үнэлгээндээ илүү мэргэших орон зай үүсэж байна.
Үйл ажиллагаа цахимжаад ирэхээр нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл (cyber risk) үүсдэг. ХААН Банканд үүнтэй холбоотой тусгайлсан газар дотроо хэд хэдэн нэгж, хэлтэстэй ажиллаж, системийн аюулгүй байдлыг, гаднын довтолгооноос харилцагчийн болон салбар нэгжийн аюулгүй байдлыг хамгаалж, ажилтнуудын системд хандаж байгаа хандлагыг хянадаг. Үүнээс гадна хөндлөнгийн аудиторууд хяналт тавьж, тэдгээр нь жилд хоёр удаа гурван янзаар буюу хилийн цаанаас, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, банкны барилга дотроос систем рүү зориудаар довтолж алдаа байгаа эсэхийг шалгана. Мөн үүнтэй төстэй байдлаар апп, программ хангамжууд, картын болон цахимжсан бүтээгдэхүүний нууцлалыг шалгадаг байна. Товчхондоо мэдээлэл бүх хэсэгтээ, бүх түвшиндээ алдагдахгүй, тасалдахгүй, нууцлалтай байх стандарт мөрдөгддөг.
Мэдээллийн аюулгүй байдлын өөр нэг чухал хэсэг бол үйл ажиллагааны тасралтгүй байдал. Олон мянган хүн ажилладаг учраас хэн нэгэн нь ямар нэг шалтгаанаар ажилдаа ирэхгүй бол хийж байсан ажлыг нь дараагийн хүн шууд үргэлжлүүлдэг байхын тулд тэр хүнтэй холбоотой бүх ажлыг детальчилж бичээд өөрт нь нэг хувь, удирдлагад нь нэг хувь олгож, бүх мэдээлэл тусдаа файл дээр хадгалагддаг. Өөрөөр хэлбэл, теллер, менежер, зээлийн эдийн засагч гэх мэтээр ямар ч түвшний ажилтан Монгол орны аль ч өнцөг буланд байгаа салбар, нэгж дээр очоод ажиллахад хийх ажил нь яв цав тодорхой байдаг гэсэн үг.
ХААН Банкны дижитал алсын харааны өөр нэг чухал хэсэг нь мэдээж ажилтнууд. Банк цахимжихын хэрээр хамгийн түрүүнд теллерүүдийн ажилд сонирхолтой өөрчлөлтүүд гарч байна. 2019 онд ХААН Банкны нэг теллерийн өдрийн дундаж гүйлгээний тоо 130, их ачаалалтай үедээ 270-д хүрдэг байсан бол өнөөдөр нэг теллер дунджаар 77 гүйлгээ хийдэг болж эрс багасжээ. Энэ амжилтад хүрэхэд орон даяар 204 Экспресс банк, 1450 орчим АТМ, 215 киоск машин, 26 000 орчим КҮБ, 33 000 гаруй ПОС машин бүхий үйлчилгээний сүлжээг бий болгосон нь голлон нөлөөлжээ. Одоо теллерүүд үлдсэн цагийг харилцагч нарт зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ сурталчлахад зарцуулдаг болсон байна.
ХААН Банк нь Иргэдийн банк гэдэг тодотголтой, 547 салбар нэгжтэй, хөдөө орон нутаг, сум бүрд тооцооны салбар нэгжтэй, Монголын нийт айл өрхийн 70 хувьд хүрч үйлчилдэг том дэд бүтэц юм.
Яваандаа бүх нийтээр гар утас, интернэт банкаар үйлчилгээ авдаг болчихвол теллер, төрөл бүрийн менежерүүд, борлуулагчдын ажлын зарим хэсэг нь автоматжих учир ХААН Банк ажлын байрны энэхүү өөрчлөлтөд эртнээс бэлдэж эхэлжээ. Жишээ нь, цахим үйлчилгээний тухайд харилцагч нар асууж лавлах нь ихэссэн учир 1800-1917 лавлах төвийг илүү олон хүний бүрэлдэхүүнтэй 24/7 горимоор ажиллуулж байна. Өмнө нь салбар нэгжүүдээр үйлчилгээ үзүүлдэг байсан 100 орчим ажилтан 2021 онд утсаар үйлчилгээ үзүүлдэг болсон. Ийм ажлыг одоогоор 220 хүн хийж байгаа бөгөөд дахиад ч 300 ажилтан нэмэхээр бэлдэж байна.
Нөгөө талаар цахимжилт нь биет оффисын хэрэгцээг багасгаж байгаа ч ХААН Банк дунд хугацаандаа ажлын байр болон ажилтнуудын тоог цөөрүүлэх бодлогогүй байгаа. Харин ажилтнуудыг илүү зөөлөн ур чадвар тал руу нь хөгжүүлнэ. Жишээ нь, сумын төвийн салбарууд нь харилцагч нарт санхүүгийн боловсрол олгоход чиглэсэн, энэ утгаараа тэдэнд илүү ойртсон үйлчилгээний цэгүүд болон хувирах аж. Бас зарим салбар нэгж дундын оффисын хэлбэрээр ажилладаг болно. Энэ талаар Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа ярихдаа “Бид салбар нэгжийн тоонд анхаарахаас илүү харилцагчдад тухтай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллана” гэж хэллээ.
ХААН Банкны дижитал бодлогын үр дүн цар тахлын үеэр илүү тод ажиглагджээ. Улаанбаатар хотод нийт харилцагчдын тал нь гурван долоо хоногийн турш гэртээ хөл хорионд байсан өдрүүдэд санхүүгийн үйлчилгээг онлайнаар тасалдалгүй авч, банкны ажилтнууд сумын төвөөс гэрээсээ ч онлайнаар ажиллаж болж байсан нь энэ бодлого амьдралын бодит шалгуурыг давсныг баталжээ. Энэ утгаараа цар тахал дижитал бодлогынхоо давуу болон дутуу талыг үнэлэх, сайжруулахад маш чухал дүгнэлтүүд хийх түүхэн боломж байсныг Р.Мөнхтуяа онцолж байв.
Жижгээс том руу өсөх нь
2021 оны намар бизнесийн ертөнцөд нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болсон нь монгол зөвлөхүүдийн хамтарч хэрэгжүүлсэн зөвлөх үйлчилгээний төсөл олон улсаас алтан медаль авчээ. Тодруулбал, электрон барааны зах зээл дээр ажилладаг “Сайн интернэшнл” ХХК-ийн бизнес зөвлөх үйлчилгээний ачаар сүүлийн жилүүдэд байнгын 20-30 хувиар өсөж иржээ. Энэ өсөлтөд хүрэхэд тус компанийн ХААН Банктай холбогдсон олон жилийн харилцаа нь голлон нөлөөлжээ.
“Банк өөрөө томрохын хэрээр харилцагчид нь ч бас өсөж томрох ёстой” гэж Р.Мөнхтуяа банкныхаа алсын харааг тайлбарлахдаа хэлж байлаа. ХААН Банкны хамтдаа өсөх энэ аялал бас л дижитал шилжилттэйгээ зэрэгцэн 2006 онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес инкубатор” төв байгуулснаар эхэлжээ. Гол зорилго нь бизнес эрхлэгчдэд мөнгөөр хөрөнгө оруулахаас гадна мэдлэгээр хөрөнгө оруулахад оршино. Тиймээс энэ төв байгуулагдсан цагаасаа бизнесийн арга ухаанд сургах мэргэжлийн зөвлөгөөг харилцагчдадаа өгсөөр ирсэн. Хожим нь Инкубатор төв нь Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болж, сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчдийн түгээмэл алдаа гаргадаг менежментийн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээг мэргэжлийн зөвлөх байгууллагуудтай хамтран хүргэж ирсний зөвхөн нэг үр дүн нь “Сайн интернэшнл” ХХК юм. “Монголын номер нэг банкны хувьд бага хүүтэй зээл өгчхөөд хараад сууна гэдэг хангалтгүй. Тиймээс зээлээ дагасан зөвлөгөө, сургалт байх ёстой гэж үзсэн” хэмээн энэ төвийнхөн ярьж байв. 2021 оны эцсээр олон улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Global Finance” сэтгүүлээс ХААН Банкийг “ЖДБ-ийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар шалгаруулсан нь ч дээрх бодлогын хэрэгжилттэй холбоотой юм.
2018 онд тус банкны зээлийн 70 хувийг хэрэглээний зээл, 30 хувийг бизнесийн зээл эзэлж байсан бол өнөөдөр бизнесийн зээлийн багц 50 хувьд хүрч хэрэглээний зээлийн багцтайгаа тэнцжээ.
Үндэсний статистикийн хорооны тоогоор Монголд 2021 оны эцсийн байдлаар 96 300 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байгаагийн 97 орчим хувь нь бичил, жижиг, дунд ААН байна. Үүнээс 27 000 шахуу нь ХААН Банкны харилцагчид. Тэдний дотор өрхийн аж ахуйгаас компани болтлоо өргөжсөн бизнес эрхлэгч олон бий. Үүнийг гэрчлэх зарим нэг тоо гэвэл 2018 онд тус банкны зээлийн 70 хувийг хэрэглээний зээл, 30 хувийг бизнесийн зээл эзэлж байсан бол өнөөдөр бизнесийн зээлийн багц 50 хувьд хүрч хэрэглээний зээлийн багцтайгаа тэнцжээ. Гэхдээ энэ нь хэрэглээний зээл багассан гэсэн үг биш, харин бизнесийн зээлийн багц томорч, ингэхдээ голдуу шинэ бизнесийн хөрөнгө оруулалт болжээ.
ЖДҮ гэхээр бизнес нь найдвартай ажиллах уу гэдэг дээр болгоомжлохоос гадна барьцаа хөрөнгө, борлуулалтын орлого нь тэр бүр банкны шаардлагыг хангадаггүй. Тиймээс ХААН Банкнаас ЖДҮ эрхлэгчдийн зээлийн чанарыг сайжруулах талаар найман сарын хугацаанд судалгаа хийж, олон улсын байгууллагуудын сургалт, техникийн дэмжлэг авсны дараа том ААН-д бараа, үйлчилгээ нийлүүлэгч жижиг, дунд ААН-үүдэд зориулсан гэрээний орлогыг нь барьцаалах зээлийг олгодог болжээ. Цаашдаа жижиг, дунд бизнест зориулсан зээлийн бүтээгдэхүүнээ улам төгөлдөржүүлж, зээлийн багцаа тогтмол нэмнэ гэж Р.Мөнхтуяа захирал хэлж байв. Тухайлбал, 2021 онд Европын санхүүгийн байгууллагуудаас өртөг багатай 120 сая ам.долларын санхүүжилт татсанаас 80 сая ам.долларыг жижиг, дундын зээлийн багц руу оруулжээ.
ХААН Банк ЖДҮ-д чиглэсэн энэ бодлогоо өнгөрсөн жил стратегийн түвшиндээ рэбрендинг хийхдээ улам тодорхой болгосон. Шинэчлэгдсэн Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг нь уншихад “Өсөлт” гэх хамгийн чухал түлхүүр үгийг анзаарахгүй байхын аргагүй. Тухайлбал, “харилцагчтайгаа хамт өсөж …” эсвэл “хувьцаа эзэмшигчдээ өсөлт, хөгжлийн замд хөтлөх …” гэх мэт. Энэ философи нь тухайн харилцагч алсын хараа, зорилго, бизнес загвар гэх зэргээр стратегиа тодорхойлоход нь тусалж, түүнд нь тохирсон зээлийг бүтээгдэхүүнийг олгох байдлаар хамтдаа өсөн тэлэхэд чиглэх аж.
Ажилтнаас захирал болж өсөх нь
Жижиг компанийг эзэн нь, дунд компанийг дүрэм журам нь, харин том компанийг соёл нь авч явдаг гэж ярьдаг. Тиймээс соёл гэдэг зүйл бол ХААН Банк шиг том байгууллагын хувьд амин сүнс нь гэсэн үг. Тэгвэл 6500 орчим ажилтныг ажлын нэг хэлээр ойлголцуулж, бүтээмжтэй ажиллуулдаг тэр соёл нь юу вэ гэдэг бол тун сонирхолтой судлагдахуун юм.
ХААН Банкны соёлын цөм нь ажилтнуудын оролцоог дэмжих, бүх хүнд гарааны тэгш боломжийг олгоход чиглэдэг. Олон улсын Gallup судалгаагаар ажилчдын оролцооны индекс нь 60 хувиас дээш байдаг компаниудын ашигт ажиллагаа нь өрсөлдөгчөөсөө их байдаг аж. Тэгвэл ХААН Банкны хувьд ажилтны идэвх оролцооны индекс 80 хувь байдаг. Тэд хамтран ажиллах, оролцоотой байх, харилцаатай байх, шударга байх, үнэт зүйлсээ хамгаалах, ил тод байх гэсэн үндсэн 6 зарчмыг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгодог.
Байгууллагын соёлын дагуу ХААН Банканд ажилд орсон хүн болгоны карьер өсөлтийн төлөвлөгөө нь тодорхой, ойлгомжтой байдаг. Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа өөрөө энэ соёлын бүтээгдэхүүн. Тэр инженер болно гэж ярьдаг хүүхэд байсан ч 1994 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгсжээ. Одоо тэр банкны салбарт 29 жилдээ ажиллаж байгаа бөгөөд анх 2000 онд ХААН Банкны Төв аймаг дахь салбарын нягтлангаар ажилд орж байжээ. Тэндээсээ удалгүй Улаанбаатар хотод нээсэн хамгийн анхны тооцооны төвд ерөнхий нягтлан болж хоёр жил ажиллаад төв банкны Санхүү удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогч болж байв.
Түүний карьер өссөөр 2005 оноос гүйцэтгэх удирдлагын багт оржээ. 2008 оноос тасралтгүй 10 гаруй жил орлогч захирлаар ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард Монголын хамгийн том банкны анхны эмэгтэй Гүйцэтгэх захирал болжээ. Энэ мэтээр банкны ажилтан бүрд Гүйцэтгэх захирал болох карьерын зам нээлттэй. Үүнийг гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнээс нь харж болно. ХААН Банкны 9 дэд захирлын 8 нь голдуу мэргэжилтэн, теллер, нягтлан бодогч, мэдээллийн ажилтнаар анх ХААН Банканд ажилд орж байсан хүмүүс байна.
ХААН Банк сурч байгаа ажилтнуудаа дэмжиж, өсөлт хөгжилтийнх нь төлөвлөгөөнд түүнийг нь суулгаж өгдөг. Ялангуяа сүүлийн хоёр жилийн туршид суралцагч байгууллага гэдэг стратегийг ажилтнуудынхаа дунд хэрэгжүүлж байна. Ажилтнууд өөрсдөө “Би ийм юм сурчихсан, ийм чадвар эзэмшсэн, одоо тийшээ очиж, дэвшиж ажилламаар байна” гэдгээ өөрөө тодорхойлж гаргах боломжтой.
Р.Мөнхтуяагийн хувьд банкандаа 22 жил ажиллахдаа барууны том банкнуудын менежментээр хүмүүжиж, америк, англи, япон захирлуудтай ажиллаж туршлагажсан. Түүнийг анх ажилд ороход ХААН Банк өөрийн хөрөнгийн хасах үнэлгээтэй, алдагдалтай ажиллаж байв. Шинэхэн томилогдож ирсэн Гүйцэтгэх захирал Питер Морроугийн менежментийн баг хувьчлалд ид бэлдэж байх тэр үед Р.Мөнхтуяа маш их зүйл сурч авсан гэдэг. 2008-2010 онд тэр Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа дэлхийн аль ч банканд мөрддөг олон улсын нягтлан бодох бүртгэл, тайлагналын стандартыг нэвтрүүлжээ. Энэ нь Монгол Улс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа шинэчлэн батлахаас таван жилийн өмнө хийсэн ажил байв. Олон улсын стандартуудыг нэвтрүүлж байсны ачаар тус банк 2009 оны хямралыг ажралгүй давж, банкны санхүүгийн чадавх нэмэгдэж, нийт хөрөнгө анх удаа нэг их наяд төгрөгт хүрч байв.
“ХААН Банканд ажиллаж байсан хүн хөдөлмөрийн зах зээлд юугаараа үнэ цэнтэй байх вэ” гэж асуухад Р.Мөнхтуяа “Ажлаа эмх цэгцтэй хийдэг, цаг барьдаг, хурлыг шийдвэр гаргахуйц түвшинд бэлтгэлтэй, оролцоотой хийж чаддаг, дотоод дүрэм журмыг ягштал баримтлах ч өөрийгөө хөгжүүлэх дээр юунд ч баригддаггүй хүмүүс” гэж хариулав. Түүний энэ банканд ажиллахдаа өөртөө хэвшүүлсэн хамгийн үнэ цэнтэй дадал зуршил нь ч угаасаа бэлдэх, дахин бэлдэх.
Р.Мөнхтуяа:
“Аливаа ажлыг эхлэхээс өмнө хамгийн муугаас эхлээд сайныг хүртэл бүх хувилбарыг боловсруулах. “Энэ тохиолдолд сорилт, бэрхшээлүүд тийм ч хэцүү санагдахаа больж, харин ч муу хувилбаруудыг удирдан сайжруулж эрсдэлийг багасгах орон зай гарч ирдэг”
Гүйцэтгэх захирлын хувиар Р.Мөнхтуяа байгууллагын доод шатнаас дээшээ мэдээлэл хэр хурдан урсаж буйг байнга танддаг. Энэ нь нэг ёсондоо байгууллагын эрүүл мэнд, зүрхний цохилтыг хэмжих гол үзүүлэлт. ХААН Банканд аливаа том ажил явагдахад дор хаяж тав, ихдээ 30-40 нэгж хамтарч ажилладаг учраас үйл ажиллагаа маш оновчтой, тодорхой байх ёстой. ХААН Банкны ажилтан бүр сард дор хаяж нэг удаа удирдлагатайгаа нэг цагийн уулзалт хийж мэдээлэл солилцох ёстой. Ингэж байж доод шатанд гарч буй асуудал эсвэл санал, хүсэлт тогтмол дээшилж, эргэх холбоотой ажиллана. Энэ дотроос хамгийн чухал мэдээллийг бизнесийн тэргүүн фронт дээр буюу шууд харилцагчтай тулж харьцдаг ажилтнууд өгдөг. Тэдний ажлын үр дүнг хэмжих гол үзүүлэлт нь харилцагчийн сэтгэл ханамж, энгийнээр хэлбэл инээмсэглэл юм. Сүүлийн жилүүдэд ХААН Банк харилцагчийн үйлчилгээндээ түргэн шуурхай, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй сувагтай, анхааралтай сонсдог, харилцагчдаа халамжилдаг гэсэн 5 зарчмыг баримтлан ажиллажээ. Үр дүнд нь харилцагчийн сэтгэл ханамж 2020 эцсээр 3.4 хувийн өсөлттэй гарсан байна. ХААН Банкны менежерүүд болон захирлууд харилцагчдынхаа санал, хүсэлтийг илүү ойроос сонсохын тулд өөрсдөө үе үе салбаруудаа тойрон явж, зааланд зогсож угтах үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэдэг.
“Надад энэ банканд ажиллахад хамгийн их таалагддаг зүйл бол гэр бүлсэг уур амьсгал” гэж Р.Мөнхтуяа ярилаа. ХААН Банкны удирдлагын багт одоо 12 хүн байгаагийн зургаа нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй. Энэ нь бүх хүнд гарааны ижил боломж олгох, хэнийг ч хүйсээр, яс үндсээр ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн зарчмын илрэл аж.
Р.Мөнхтуяа энэ банканд ажиллаад баримталдаг болсон нэг чухал зарчим бол шинэ хүн ажлаа мэдэхгүй байхыг асуудал болгон хардаггүй хандлага. Тиймээс менежерүүд, ажилтнууддаа наад захын зүйлийг мэдэхгүй байсан ч ичихгүй асуугаарай гэж хэлдэг. Учир нь мэдэх, дадах гэдэг өөрийн хугацаатай. Хоёр дахь чухал зарчим нь аливаа ажлыг эхлэхээс өмнө хамгийн муугаас эхлээд сайныг хүртэл бүх хувилбарыг боловсруулах. “Энэ тохиолдолд сорилт, бэрхшээлүүд тийм ч хэцүү санагдахаа больж, харин ч муу хувилбаруудыг удирдан сайжруулж эрсдэлийг багасгах орон зай гарч ирдэг” гэж тэр ярив.
Ногоон өсөлт
Эдүгээ хүн төрөлхтний үнэт зүйлс, ёс суртахуунд суурь өөрчлөлт гарч, тэдгээр нь илүү байгальд ээлтэй, эрүүл бөгөөд минималист амьдралын хэв маягийг дэмжсэн шинжтэй болж байна. Тэгэхээс ч аргагүй аж. Өнөөдөр дэлхийд агаарын хэм дунджаар 1.5 нэгжээр өсөж, байгалийн гамшигт үзэгдэл олширсны улмаас сүүлийн 10 жилд л гэхэд даатгалын зардал 8 дахин, даатгалын бус зардал 7 дахин нэмэгдээд байна.
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тоо баримтууд дэлхийн дунджаас ч илүү түгшүүртэй чиг хандлагыг илтгэж, олон талаар “улаан шугам” давж, агаарын хэм 2.25 хувиар өсөөд байгаа. Үүнтэй холбоотой бизнесийн байгууллагууд, ялангуяа хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог банкны салбар ойрын 10, цаашлаад 30 жилийн алсын хараандаа тогтвортой хөгжлийн концепцийг шингээх шаардлагатай болсон.
Энэ чиглэлд ХААН Банк мөн л манлайлж яваа. Тэд 2019 онд Монголын банкнууд дундаас анх удаа НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 17 зарчим, ТоС хөтөлбөрийн 8 зарчим дээр үндэслэсэн “Тогтвортой хөгжлийн бодлого” баримт бичгийг баталсан байна. Уг бодлогын дагуу банкнаас олгож буй зээлийн багцууд дахь ногоон зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. 2021 онд тогтвортой санхүүжилтээр аль болох бага хүүтэй зээл өгөхийн тулд гаднын банк санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 160 сая ам.долларыг татан төвлөрүүлжээ. Улмаар 2022 ондоо 200 орчим сая ам.долларын бага хүүтэй эх үүсвэрийг гаднын байгууллагуудаас татаж, тогтвортой бизнес эрхлэгч нартаа, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн ногоон зээлийг санхүүжүүлэхэд зориулах аж.
ХААН Банк Сан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 14 жилийн хугацаанд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг зөвхөн зээлээрээ биш, өөрсдийн үйлдлээр харуулахыг зорьж байгаа” гэж Р.Мөнхтуяа хэлэв. Тухайлбал, түүний гардан удирдсан ХААН Банкны шинэ оффисын барилгын төсөл буюу ХААН Банк цамхгийг олон улсын А зэрэглэлийн стандартаар барихдаа цахилгаан эрчим хүч хэмнэдэг, хог хаягдлаа ялгаж боловсруулдаг, ус болон цаасаа дахин хэрэглэдэг шийдлийг ашиглажээ. Энэ мэтээр санхүүжилт, үйл ажиллагаа, тайлагнал, харилцаа нь бүхэлдээ тогтвортой хөгжил рүү хөтөлж байгааг тэр онцлов.
Тогтвортой хөгжлийн бодлогын бас нэг салшгүй хэсэг нь нийгмийн хариуцлага. ХААН Банк 2007 онд ХААН Банк санг байгуулснаас хойш боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлд улсдаа үлгэр жишээ болсон олон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, монголчуудын сайн мэдэх “Хавдрын эсрэг үндэсний аян” эхлээд 14 жил болж байна. Энэ аянаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийт 150 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулж, 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. ХААН Банкны эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй дараагийн том төсөл нь хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс ард иргэдийг урьдчилан сэргийлэх зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” бөгөөд дөрвөн жилийн өмнөөс эхэлжээ.
Р.Мөнхтуяа захиралтай хийсэн урт ярилцлага маань энэ хүрээд өндөрлөсөн юм. Ярианы төгсгөлд би түүнээс хийж буй ажлынхаа юугаар нь хамгийн их бахархдаг тухай асуув. “Монгол Улсын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг банкаараа, нэгээхэн хэсэг нь болж яваагаараа бахархдаг” гэж тэр хариуллаа.
Ярилцлага, хөргүүд нь бүр уншиж байгаад унтчихмаар Boring 😂
Мундаг шүү🥰🥰😊😊
Өө, аймар мундаг хүний гоё интэрвию унших гэсэн чинь, мангар дээр үеийн стилтэй уйтгартай бичиглэл бүхий уншихын аргагүй эд байна оо. Арай гоё шинэлэг арга барилаар бич л дээ. Мөнхтуяа захирлыг хүндэлж явдаг, тэр том банк, тэр олон новшийн улс төржилт, фраүкцууд дундаас тодрох бол үнэхээр шал өөр түүх, Монголд бараг цор ганц. Гэтэл нөгөб уйтгартай бла бла, хэнд ч сонин бишээ. Ямар Үнэн сонин биш дээ 🙁