Хүн төрөлхтний эдийн засгийн амьдрал ан агнуур, түүвэр, газар тариалан, мал аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн эдийн засгаас өнөөдөр “Мэдлэгийн эдийн засаг” (knowledge economy) гэсэн цоо шинэ эдийн засгийн соёл иргэншил рүү шилжиж байна.
Мэдлэгийн эдийн засаг нь дэлхийн тэргүүний шинжлэх ухааны хөгжлөөр дамжиж, цоо шинэ мэдлэгийг бөөнөөр нь үйлдвэрлэж, энэ их мэдлэгийг мөнгө болгон хувиргаж, хуваарилах соёл иргэншил юм. Шинжлэх ухаан нь мөнгийг мэдлэг болгодог, инновац нь мэдлэгийг мөнгө болгодог соёл иргэншил гэж тодорхойлж байна.
Энэ чиглэлд хүн ам цөөхөн, жижигхэн газар нутагтай, байгалийн баялаггүй Израил улс тэргүүлж, дэлхийд мэдлэгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж байгаа учир дэлхийн бүх улс Израилын туршлагаас суралцан, эзэмших давлагаа аль хэдийн үүсээд байна.
Үүний нэг жишээ бол хүн ам нь 1.4 тэрбум, газар нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрт, эдийн засгийн чансаагаараа дэлхийд хоёрт орох болсон БНХАУ 13 дахь 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулах эрдэмтдийн баг болон өндөр технологийн салбарын бизнесменүүдийн төлөөллөөс бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Израил улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж буй бодит туршлага, сургамжаас суралцахаар очсон тухай энэ нийтлэлд өгүүлье.
Хүн төрөлхтний хөгжлийн түүх, түүний ололт амжилтыг харвал бусдын амжилтаас суралцаж, бүтэл муутай үйл хэргээс сургамж авах нь зүйн хэрэг ажээ.
Израил улс өнгөрсөн хэдэн жилд “Стартап Үндэстэн (Startup Nation) буюу инновацын үндэстэн” гэх ном хэвлэж, өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчлахаас гадна мэдлэгийн эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж буй үндэсний бахархал болсон ололт амжилтаа дэлхий нийтэд илэрхийлсэн юм.
Энэ үйл хэргийг case study (бодит судалгаа) болгож, монгол хүн Монгол улс яаж өөрийн гурван сая хүний нөөцийг хөгжлийн тулгуур болгож, дэлхийн хүн төрөлхтний нөөцөд дөрөөлж, мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх орон болж хөгжихөд түлхэц болох үүднээс дараах орчуулгын нийтлэлийг хүргэж байна.
Бээжингийн Их сургуулийн дэргэдэх Хятад Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн доктор профессор Жу Чи Рэн Шанхайд зохион байгуулагдсан “13 дахь 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах мэргэжилтнүүдийн хуралдаан”-д оролцож, тавьсан илтгэлийг хүргэе.
Израил хүн болгон инновац хийдэг үү?
Саяхан миний бие Жу Чи Рэн Хятад улсын өмнөө барьдаг өндөр технологийн компанийн 30 гаруй удирдагчдын хамтаар Израилд ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалаар би өөрийн юу ч мэдэхгүйгээ мэдэж, үнэхээр нүүр хийх газаргүй боллоо. Миний зохион байгуулж явсан айлчлалын баг өдөрт цагийн хуваарийн дагуу айлчлалаа хийж, орой нь буудалдаа буцаж, тус бүрдээ өөрийн ойлголт, ухаарлын тухай ярилцаж түүндээ дүгнэлт хийдэг байлаа. Багийнхандаа дараах нэгэн асуултыг тавьсан юм.
Старт ап үндэстэн буюу инновацын үндэстэн гэх хүндэтгэлийг хүлээсэн энэ Израил улсад ирээд ямар, ямар шинэ зүйлийг олж мэдэв?
Энэ асуултад бидний зарим нөхөд ийн хариуллаа. Бүх еврей хүний гэр орон, ажиллаж байгаа албан байгууллагын үүдний босгон дээр еврей үндэстний Библи дэх тарнийг хийсэн уут байдгийг олж харлаа. Үүнд би хариуд нь “Хятадад бас ийм төрлийн тарни хийсэн шившлэг байдаг шүү дээ. Энэ бол шашин шүтдэг хүмүүсийн шившлэг юм. Шашингүй хүнд ийм зүйл байхгүй биз ээ.”
Бас манай багийн зарим нөхөд ийн ажиглажээ. Израилын гаальд очиход гаалийн маягт бөглөхгүй шууд нэвтэрдэг болохыг мэджээ. Тэгээд аюулгүй байдлын эрсдэл өндөртэй Израил шиг орон визийг маш хатуу шалгах ёстой байтал виз авсан ямар ч хүн төвөггүй Израилын нутаг дэвсгэрт нэвтэрч байгаагаас харвал еврейчүүд өөрийн улс орны мэдээллийн технологи болон аюулгүй байдлаа хангах технологид маш итгэлтэй байгаа нь тодорхой байна шүү.
Үүнээс өөр ямар сонин сайхан зүйл олж харав гэж би дахин асуулт тавилаа.
Израилд орчин үеийн тансаг трамвайгаар зорчиход трамвайн жолоочийн үйлчилгээ үзүүлж байгаа соёл нь манай Хятад орноос ямар ялгаатай байна? Ариун хот гэж нэрлэгдэх Иерусалимын гудамжаар дүүрэн худалдаа байгаа нь Хятадынхаас ямар ялгаа байна? Худалдаа хийж буй эрчүүд нь бараагаа дэлгэж тавин, худалдан авагчийг урин дуудаж, шаагилдаж байгаа нь Хятадаас ямар ялгаатай байна? Тель-Авив хот дахь бидний буусан буудал нь Хятад болон бусад улсынхаас ямар шинэлэг, давуу зүйлсийг агуулсан байна гэж асуулаа.
Буудал нь даруухан, хэт тансаг зүйл ажиглагдсангүй. Энгийн нүдээр харахад инновацын үндэстэн гэгдэх ямар ч онцлог зүйл олж харсангүй. Израилд дэлхийн улс орнуудаас онцгойрсон, хүний нүдийг хужирлаж, гайхшируулсан зүйл харагдахгүй байна. Израилчууд бусад улсын хүмүүсийн амьдарч буй хэв маягтай яг л адилаар иргэд нь хийж чаддаг, амьдрахын төлөө хийх ёстой зүйлээ л хийж амьдардаг юм байна гэх дүгнэлтэд хүрсэн юм.
Гэтэл бидний дүгнэлт андуурал байсныг хэдэн жишээгээр харуулъя.
Өнөөдрийн Израилын хүн ам нь 8 сая хүрэхгүй. Шанхай хотын хүн амын дөнгөж гуравны нэгтэй тэнцдэг. Гэтэл Израилд 38 мянгахан докторын цол зэрэгтэй, эрдэм шинжилгээний түвшний хөдөлмөр эрхлэгчтэй байгаа нь бүр хачирхалтай!
Израилын газар нутгийн хэмжээ Бээжин хотоос жижиг. Гэхдээ өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь нийт Израил улсын ажлын байрны 10%-ийг хангадаг, эдийн засгийн нийт чадавхын 15%-ийг эзэлдэг, экспортын 50% гаруйг бүрдүүлдэг. Шинжлэх ухаан технологийн судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь ДНБ-ний 4.2%-г эзэлдэг нь тус улсыг дэлхийн хамгийн өндөр хөрөнгө оруулалтын үзүүлэлттэй орон болгож байна. Инновац буюу шинэ технологийг аж үйлдвэржүүлэх явцад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 16%-г эзэлдгээрээ дэлхийд тэргүүлдэг.
Старт ап компанийн тоо, венчур хөрөнгө оруулалт, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн NASDAQ индекс-т багтдаг компанийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг.
Хамгийн гайхамшигтай нь ямар ч эрдэм шинжилгээний байгууллагад очсон тэнд ажиллаж байсан хүмүүс нэг хуудас тайлан гаргаж, дэлхийг орвонгоор нь өөрчилж болохуйц технологийн хэдэн хувь нь Израилын эрдэм шинжилгээний байгууллагууд, Израилын стартап компаниуд эзэлдэг тухай маш бахархалтай ярьж байлаа.
Би хамт явсан өндөр технологийн компанийн захирлуудаас яг юуг инновац гэж ойлгох вэ гэдэг асуулт тавьсан юм.
Тэд зүйл бүрээр өөрийн санааг хэлж байлаа. Бид ярилцсаны эцэст инновац гэдгийг цөөхөн хүн л хийдэг юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Шинэ санаа олон хүнээс гардаггүй, нэг хоёрхон гойд онцгойрох санаанаас л инновац амьдрал болдог юм байна. Ихэнх хүмүүсийн өдөр тутмын амьдрал нь уламжлал, зуршил болсон хэв маягаар явагддаг учир инновацаас тасарчихсан, олон хүмүүсийн амьдралын хэв маяг нь инновацын эсрэг, инновацыг үгүйсгэдэг. Энэ нь инновац хийхэд тулгардаг хамгийн хүнд бэрхшээл болохыг Израилын жишээнээс бид ойлгосон юм.
Тэгвэл ямар нөхцөлийг бүрдүүлсэн үед бүхэл бүтэн үндэстэн, цаашлаад улс орон хүчирхэг чадавхтай болдог вэ?
Израилын туршлагаас харвал инновацыг эрхэмлэн бойжуулж, үндэстний чадавх болгодог хүчин зүйлүүдийн тогтолцоо байна. Энэ үед нийт иргэдийн түгээмэл хүлээн зөвшөөрсөн соёл болж төлөвшөөгүй, шинэ санаа олонхын эсэргүүцлийг үл тоомсорлон эрсдэл хийж, старт ап компани болгон удирдан авч явдаг бизнесийн удирдагчдын тоо нь тодорхой хэмжээнд хүрсэн цагт л инновац үндэсний хөгжлийн чадавх, бахархал болдгийг олж мэдлээ.
Гэхдээ инновацыг хөгжүүлдэг хүчин зүйлийн тогтолцоог төлөвшүүлж, дэлхий ертөнцийг орвонгоор нь эргүүлж чадах гайхамшгийг бүтээж байгаа тэр бүлэг хүмүүс эргэн тойронтойгоо ололт амжилтынхаа үр шимийг хуваалцах амьдралын хэв маяг болон соёлыг бүрдүүлэхээс гадна жирийн ард иргэдэд түүнийгээ байнга мэдрүүлж байх хэрэгтэй.
Тухайлбал, Израилын үсчид Хятадын үсчдээс хамаагүй их орлоготой байдаг. Тэгвэл Израилын үсчид яагаад ийм их орлоготой байдаг вэ гэсэн асуулт гарч ирэв.
Израилд шинжлэх ухааны салбарын хөгжил, инновацын хөгжлөөс гарч байгаа үр шимийг хүртдэггүй аж үйлдвэрийн салбар, хувь хүн, гэр бүл, нийгмийн давхарга гэж нэг ч байхгүй.
Израилын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн үр шимийг Израилын үсчин хүртэл хүртэж байна гэж олон хүн тайлбарласан. Израилын өндөр технологийн бизнесийн удирдагч болоод шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний салбарт ажиллаж байгаа эрдэмтдийн ололт амжилт нь дэлхийд зүйрлэхийн аргагүй хүчирхэг байдаг. Гэтэл эдгээр хүмүүс нь хэдийгээр цөөхөн боловч дэлхийн гайхамшгийг бүтээж чадаж байгаа. Үнэхээр биширмээр юм.
Израилд шинжлэх ухааны салбарын хөгжил, инновацын хөгжлөөс гарч байгаа үр шимийг хүртдэггүй аж үйлдвэрийн салбар, хувь хүн, гэр бүл, нийгмийн давхарга гэж нэг ч байхгүй. Хүн төрөлхтний мэдлэгийн хөгжлийн түүхээс харвал Израилыг инновацын үндэстэн гэж нэрлэж байгаа нь эцэстээ шинжлэх ухаан, инновацын хөгжлөөс Израил улс бүх нийтээрээ шимийг хүртэж байгааг нотолж байна гэж бид үзсэн юм. Хүн төрөлхтний хэний ч хамаагүй бүтээсэн шинэ мэдлэгийн үр шимийг хятад хүн болгон хүртсээр ирсэн, хүртсээр байгаа, хүртсээр ч байх болно, цаашид үүнийг үндэсний соёл болгон төлөвшүүлэх шаардлагатай байгааг сайтар ухаарсан юм.
Хятадууд бид, Ньютоны бүтээсэн мэдлэгийн үр шимийг өнөөдөр хүртэл хүртсээр байна. Цаашид ч хүртэнэ. Бид Эйнштэйний бүтээсэн мэдлэгийн шимийг бас л хүртсээр байх болно. Хятад үндэстэн хэдийгээр нэхмэлийн машин, уурын хөдөлгүүр, төмөр зам, онгоц, телеграмм, телефон утас, интернэтийг бүтээгээгүй боловч тэдгээрийн үр шимийг маргаангүй хүртэж байгаа.
Аливаа үндэстэн хөгжин дэвжихийн тулд шинэ мэдлэг үүсгэх, түүнийг ажлын байр, цалин орлого, эрүүл мэнд, нийгмийн даатгал, цаашлаад үндэсний эдийн засгийн суурь болгож хөгжүүлэх инновацын иж бүрэн хүчин зүйл байхгүй бол бий болгож, байвал хөгжүүлж, тогтолцооны түвшинд цогцлоон байгуулах явдлыг үндэстний соёл болгох хэрэгтэй юм.
Ингэхдээ инновацын үр өгөөжийг үндэсний эдийн засгийн хөгжлийн тогтолцооны хөдөлгүүр буюу амин сүнс болгох хэрэгтэй. Үүний үр дүнд цэвэрлэгч, үсчин, хэн ч байсан инновацын үр шимийг хүртэх нь тодорхой бөгөөд тэдгээр инновац хийж байгаа хүмүүсээ дэмжиж, уг соёлыг үндэсний ухамсар болгох хэрэгтэй гэдийг ухаарсан юм.
Өнөөдөр дэлхий дахинд еврей үндэстний хийж бүтээсэн гайхамшгийг магтан дуулж, хүлээн зөвшөөрч, тэдгээр еврей хүмүүсийн бүтээсэн гайхамшгийн үр шимийг хүртэж яваадаа баярлаж байна.
Израил үндэстэн инновац хийх гарамгай чадвартай байгаа нь хүнийг хэн болгох, ямар хүн болгох вэ гэсэн боловсролын нууцад нь байна.
Еврей үндэстэн түүхэндээ байнга хүндлүүлж яваагүй. Дэлхийн II дайны үед зургаан сая еврей хүн хүний ёсноос гажууд аргаар хядуулсан. Өнөөдрийн Израилын амжилтыг эргэцүүлж үзвэл, Израилыг үүсгэн байгуулах анхны санаа нь Еврейн Ционизм буюу еврейн эрх чөлөөний өчүүхэн нэг санаанаас л эхэлсэн. Тэр нь юу байсан бэ гэвэл еврей хүмүүс өөрийн гэсэн төрт улсаа байгуулж, өөрийн газар шороон дээр эрх чөлөөтэй амьдрах гэсэн санаа байсан.
Израилын төр байгуулагдсаны дараа цөөхөн хэдэн төр, нийгэм, бизнес, шинжлэх ухааны лидерүүд амьдралаа авч явж чадахааргүй болсон өөрийн ахан дүүсээ гэр оронтой, хүн шиг амьдралтай, хийж бүтээх зүйлтэй болгох хүсэл эрмэлзлээ биелүүлснээс өнөөдрийн старт ап үндэстэн буюу инновацын үндэстнийг бүтээж чадсан.
Үүнээс үзвэл, нэг үндэстэн, ард иргэд ч нэгдсэн хүслээ тодорхойлж, хамтдаа сайн сайхныг эдлэх эрмэлзлээр нэгдэж, бүгд хамтдаа хүчин чармайваас хүн төрөлхтний гайхамшгийг бүтээж болдог. Энэ нь мөн адил АНУ-гийн Цахиурын хөндийд тод ажиглагддаг.
Инновацыг хүн л хийдэг. Тийм чадвартай хүмүүсийг бэлтгэх боловсролын тогтолцооны талаар?
Израил үндэстэн инновац хийх гарамгай чадвартай байгаа нь хүнийг хэн болгох, ямар хүн болгох вэ гэсэн боловсролын нууцад нь байна.
Израилын боловсролын тогтолцоо нь бусад улсын боловсролын тогтолцоотой тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг гэдгийг энэ удаагийн айлчлалаар ухамсарлалаа.
Бидний ажлын айлчлалын баг IDC гэдэг бизнесийн сургууль дээр очиход, тус сургууль нь өндөр цол зэрэгтэй раббиг (Еврей шашны санваартан) лекц уншсан юм. Энэ раббигийн тавьсан илтгэлийн нэр нь “Боловсрол хэрхэн Израилын түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ?” гэсэн сэдэв байлаа. Энэ рабби цөөхөн хэдэн слайд бэлдэн ирж, бидэнд илтгэлээ тавьсан юм.
Тэр еврей шашны санваартан хэлэхдээ, еврей хүн болж төрсөн хэн ч бай нялх балчир цагаас нь эхлүүлж хоёр номын хүмүүжлийг заавал өгсөн байдаг. Нэг нь Хэбрү хэлэн дээрх Torah, нөгөө нь Talmud юм. Талмуд нь 2000 гаруй жил, үеэс үед рабби нарын еврей хүн болгонд зааж сургадаг ном. Тус ном нь 2.5 сая үгтэй маш зузаан ном. Үүнд еврей үндэстний оюуны охийг үлгэр домгийн хэлбэрээр бичиж үлдээсэн байдаг.
Тэр санваартан хэлэхдээ, еврей хүн бүр нялх балчир цагаасаа л дээрх хоёр номыг өөрийн биеэс салгахгүй нэг насаараа дахин давтан байнга санан суралцдаг. Тэрээр хэлэхдээ, еврей ээжүүдийн нэгдүгээр хариуцлага бол хүүхдээ сайн боловсролтой болгох, эмэг эх нар нь ч ач зээ нарынхаа боловсролд анхаарах ариун үүрэгтэй гэж үздэг байна.
Тиймээс боловсрол бол еврей эмэгтэй хүний хамгийн тэнгэрлэг, татгалзаж болохгүй үндсэн хөдөлмөр байдаг. Еврей гэр бүлийн боловсрол ямар ч түүхийн нугалаанд зогсож, тасраагүй үргэлжилсээр ирсэн. Тэгвэл нэг настай еврей хүүхдийг яаж боловсролтой болгодог вэ гэхээр, Torah болон Talmud гэсэн хоёр номыг ээж, эмээ нь ээлжлэн ярьж өгч, хүүхдийнхээ оюун санаанд нь тултал тайлбарлаж өгдөг.
Еврей ээжүүдийн нэгдүгээр хариуцлага бол хүүхдээ сайн боловсролтой болгох, эмэг эх нар нь ч ач зээ нарынхаа боловсролд анхаарах ариун үүрэгтэй.
Еврей хүүхэд 1-5 насандаа энэ хоёр номын бүх үлгэрийг сонсож дуусгаад, өөрөө ярьж бусдад тайлбар хийж, давхар өөрийн бодол санаагаа ч илэрхийлж чаддаг чадвартай болгон хүмүүжүүлдэг байна. Үүний дараа 5 настай охид, хөвгүүдийг раббид шавь оруулж тус хоёр номыг үргэлжлүүлэн улам гүнзгийрүүлэн судалдаг байна. Раббигийн гарт ирсэн анхны өдөр хүүхэд бүр хамгийн шинэ хувцсаа өмсөх ёстой бөгөөд рабби нарын сургалт эхэлсэн эхний өдөр хүүхдэд “Суралцана гэдэг жаргал шүү” гэдгийг л ойлгуулдаг. Раббигийн сургалтад анх ирсэн 5 настай хүүхдүүдийг бусад хүүхэд халуун дотноор хүлээн авч, хамтдаа шинийг олж мэдэж, суралцаж, шинэ мэдлэгийг мэдэж авснаар жаргалд хүрнэ гэдгийг ойлгуулдаг.
Түүний дараа эхний хичээлд хүүхдүүдэд цагаан толгой заадаг. Ингэхдээ цэвэрхэн чулуун хавтан дээр зөгийн балаар бичиж сургадаг. Тэгээд бичиж буй балаа хүүхдүүд эргээд долоож, идэж ч болдог. Эсвэл цагаан толгойгоо бичиж эхлэхээс нь өмнө чихэр өгдөг. Энэ нь хүүхдүүдэд суралцана гэдэг зөгийн бал шиг дэндүү амттай юм гэдгийг ойлгуулах, төлөвшүүлэх зорилготой байдаг аж.
Рабби үргэлжлүүлэн ярихдаа, цагаан толгой сурч, түүнийгээ холбож өгүүлбэр бичиж чадах хүртэл нь үргэлжлүүлэн чихэр өгдөг ба үүний дараа еврей хүүхдүүдэд тэгш эрхтэйгээр суралцахын чухлыг ойлгуулдаг.
Жишээ нь нэг хүүхдийн уншсан зүйлийг өөр хүүхэд тайлбарлах замаар харилцан нэгнээ хүлээцтэй сонсож, санал бодлоо солилцон тухайн зүйлээ гүнзгий ойлгож авдаг байна. Үүнээс гадна рабби нар хүүхдүүдийг Ехүват (Еврейн Тэнгэр) болон Библид хэрхэн асуулт тавьж, бүх зүйлд нухацтай хандан, шүүмжлэлийг зөв дэвшүүлэх ухамсрыг хөгжүүлдэг.
Еврей хүмүүс үүгээр дамжин зөв шүүмжлэлийн соёлд суралцан, боловсролтой болж, уг соёлыг бага наснаасаа эхлүүлэн төлөвшүүлдэг байна. Рабби нар хэлэхдээ, рабби нарын хэлсэн бүхэн үнэн биш, тухайн үгс, сургаал номлолыг шууд цээжилж болохгүй гэж уг чанараас нь нухацтай ханддаг ухамсартай байхыг хүүхдүүдэд ахин дахин сургаж өгдөг. Еврей хүний оюуны гайхамшиг бол бага балчир наснаас суурь хүмүүжил болгон төлөвшүүлж юманд зөв талаас шүүмжлэлтэйгээр асуудалд хандах ухамсарт байдаг гэж бидэнтэй уулзсан Рабби илтгэлээ дуусгасан юм.
Бидэнд илтгэл тавьсан хоёр дахь хүн бол 2004 онд химийн салбарт Нобелийн шагнал авсан Аарон Чехановер байлаа. Тэр хүн илтгэлээ ийн эхлүүлсэн юм.
Миний ээж намайг нялх байх цагаас сургасан зүйл бол “Урсаж байгаа голд орвол хүү минь чи нэг бол урсгал дагаад явна, нэг бол урсгал сөрөн давшина. Гэвч миний хүү урсгалыг ямагт сөрж байнга давшиж явах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Энэ хүмүүжлийн үгс миний нэг насны амьдралын соёл, ухамсар болж төлөвшсөн. Ээжийн хоёр дахь сургаал нь “Хүмүүсийн болохгүй гэсэн зүйлийг огоорч чи өөрөө болгоно гээд хийж чадаж байвал харин ч эсрэгээрээ амар байдаг” гэж хэлдэг байсан.
Еврей хүүхдийг юманд сониуч байх, асуултад автомат, цээжээр хариулт өгснөөс илүүгээр асуулт дэвшүүлж сурах нь цаашдаа цэцэн цэлмэг хүн болж төлөвших нууц юм гэж сургадаг.
Намайг сургуулиа тараад гэртээ харих замд, ээж маань надаас сургууль дээр нь юу заасан, юу сурсан, онц авсан уу гэж хэзээ ч асуудаггүй байсан. Харин ээж минь “Өнөөдөр чи ямар асуулт багшдаа тавьсан, өөрт үр өгөөжтэй асуулт тавьж чадав уу” гэж байнга асуудаг байсан. Энэ хоёр асуулт бол миний амьдралд юугаар ч сольж болохгүй үнэт эрдэнэ мэт заавар байсан юм.
Еврей хүний боловсрол, үндсэн хүмүүжил нь хүүхдэд бага балчир үеэсээ өөрөө ухамсарлан, өөрийн оюунаа хөгжүүлэх идэвхтэй байх талаар нь хүмүүжил олгох хэрэгтэй болохоос, хүчээр шахалт дарамт үзүүлж хий хоосон мэдлэгт цээжлүүлэн суралцуулах нь буруу хэрэг гэж үздэг.
Еврей хүүхдийг юманд сониуч байх, асуултад автомат, цээжээр хариулт өгснөөс илүүгээр асуулт дэвшүүлж сурах нь цаашдаа цэцэн цэлмэг хүн болж төлөвших нууц юм гэж сургадаг. Еврей хүний үеийн үедээ баримталдаг нэгэн зарчим байдаг аж. “Эх орныu чинь хүн дээрэмдэж авч болно. Эд хөрөнгө, алт, мөнгийг чинь ч хүн аваад явчхаж болно. Харин чиний толгойдоо хийж эзэмшсэн мэдлэгийг чинь хэн ч чамаас булаан авч чадахгүй” гэж хүн бүхэнд бага балчир цагаас нь зааж, хүмүүжүүлдэг байна.
Еврей хүний бас нэгэн боловсролын нууц бол ямар ч капиталаар хүний капиталыг (Human Capital) сольж болохгүй. Хүн капитал бол яаж ч халдаж болдоггүй, мөн юугаар ч сольж болохгүй капитал байдаг гэдгийг бага наснаас нь сурган хүмүүжүүлдэгт байдаг хэмээн тэрээр илтгэлээ дуусгасан билээ.
Сайн уу. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ба Виртуал хөрөнгө гаргагч хоёрыг хооронд нь хольж андуурч бичсэн байна шүү.