Г.Мөнгөн. Хувийн санхүүгийн зөвлөх, “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиогч
Нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу
***
Өрхийн санхүүгийн ачааллаа тооцох нь
Монголчууд санхүүгийн өөр өөр түвшинд байгаа. Гэхдээ эргэн тойрны хүмүүсийн зардлаар баримжаалан өөрсдийн идэж уух, өмсөж зүүх, хүүхдийнхээ боловсролд зарцуулах зардлыг стандартчилах гээд байдаг нь бидний нэг алдаа.
Зарим гэр бүл 300 мянган төгрөгөөр тавуулаа амьдарч байхад, зарим нь хоёулхнаа байж хоёр сая төгрөгийг арай хийн хүргэж байна. Гэхдээ 300 мянгаар амьдарч байгаа нь мундаг гэдэг ойлголт бол биш, хоёр сая төгрөгөөр амьдарч байгаа нь муу гэсэн ч үг биш. Хамгийн гол нь энэ хоёр гэр бүл орлогынхоо хэдэн хувийг юунд зарцуулж байгаа нь л гол асуудал.
Дэлхийн II дугаар дайны үед хүмүүс нэг ширхэг төмсөөр хэдэн хоногийн өл залгуулж чадаж байсан нь менежмент. Тэгэхээр энэ нь маш хүнд үед ч гэсэн илүү их хэмнэлт хийх гарцыг хүн хайдаг гэсэн үг. Бид хэмнэлтийг өөрсдийн орлогод үндэслэж хийж байх ёстой юм.
Танай гэр бүл 500 мянган төгрөгийн орлоготойгоос 300 мянган төгрөгийг нь зээлд өгөхөд 200 мянган төгрөгөөр нь амьдрах болно. Ийм нөхцөлд 200 мянган төгрөгөө хадгал гэх саналыг би тавимаар. Энэ нь боломжгүй даалгавар гэж танд санагдана. Гэхдээ 300 мянган төгрөгийн зээлийг төлөх сэтгэлгээг тархиндаа суулгасанд таны хамгийн том асуудал байгаа юм. Энэ үед л яах гэж ийм зээл тавьсан юм бэ гэх асуултыг өөрөөсөө асуухад хүрнэ.
Бид хэмнэлтийг өөрсдийн орлогод үндэслэж хийж байх ёстой юм. Та санхүүгийн чадалтай болоогүй бол “хорголоо тоолох” хэрэгтэй.
Зээлээ төлөхийн тулд хүмүүс манайд зарж болох зүйл юу байна, нэмэлт ажил хийх боломж юу байна гэх мэтээр зардлаа багасгах талаар нөөцүүдээ ашиглах боломжийг хайж эхэлдэг. Энэ үед бид маш хүнд цаг үед буруу шийдвэр гаргаснаа ойлгон, түүнийхээ эсрэг дайралт хийхгүй бол 300 мянгыг зээлд төлөхөөр 200 мянган төгрөгөөр нь амьдарч чадахгүй гэх сэтгэлгээтэй амьдрах юм бол бид хаана, ямар санхүүгийн хэмнэлт хийх талаар ярьж бодсоны нэмэргүй. Хэмнэлт гэдэг үгийн хамгийн ухаалаг гарц нь бол та 100 мянган төгрөгөөр л амьдар. Тэгэхээр хэмнэлт гарна. Энэ үед толгой маш сайн ажиллана.
Хүмүүс ихэнхдээ хэрэглээний зээл авч байгаа нь маш муу. Учир нь тэр мөнгө үрэгдээд дуусах болохоос биш баялаг бүтээхгүй, орлогыг чинь нэмэхгүйгээс гадна таны хэрэглэх мэдрэмжийг өсгөдөг. Хогоо шүүрдэхийн оронд лизингээр тоос соруулагч авчихдаг. Гэтэл тэрхүү тоос соруулагч нь юу ч бүтээхгүй, хэрэглэж байгаад л эвдрээд дуусна. Тоос сорогч авсан нь амьдралын түвшин дээшлээд байгаа юм шиг хуурамж мэдрэмжийг л өгнө.
Ипотекийн зээлээр байр авч байгаа айл өөрсдийн орлогынхоо 70-80 хувиар шахаж төлөх гэж хичээдэг. Тэгэхээр тэр байдал маш буруу систем болж хувирдаг. Зээлийн эргэн төлөлт орлогын 50 хувиас хэтэрч байвал санхүүгийн хямрал авчирч байна гэсэн үг. Ипотекийн зээл бол муу зээл бол биш. Гэхдээ та цагаасаа өмнө илүү зүйлд шуначихсан юм биш биз гэсэн асуулт гарч ирнэ. Уг нь нэг өрөө байр байхад болох байтал гурван өрөө рүү зүтгэчхэж байгаа юм. Санхүүгийн даацаа мэдрэхгүйгээр бид дандаа шунадаг. Шууд тансаг руу нь, эцэс рүү нь дайрдаг. Өөрсдийн түвшнээрээ явж тухайн хөрөнгө танай санхүүд хэрхэн дарамт болохыг тооцох хэрэгтэй.
Хуримтлал
Зардалд заавал дүн шинжилгээ хийлгүйгээр хамгийн түрүүнд орж ирсэн орлогоо хааш нь хийхийг маш зөв шийдэх хэрэгтэй. Хадгаламж руугаа мөнгөө хийдэг байх дүрмийг баримтал. Үлдсэн мөнгийг нь та хүргэнэ гэх зорилготой байгаа учраас тэр нь хүссэн, хүсээгүй хүрнэ гэсэн үг. Энэ бол залхуу мөртөө ухаалаг арга.
Бид их алсыг хардаг, нэг л их юм мэдээд байдаг стратегич хүмүүс шүү дээ. Бүгд алсыг хардаг, бүгд зорилго, төлөвлөгөөтэй. Гэвч хийсэн юм байхгүй, амьдрал нь яг хэвээрээ. Бүх зардлаа биччихээд хэмнэлт гаргаж чадалгүй яалт ч үгүй гаргах л зардал байна хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг.
Та санхүүгийн чадалтай болоогүй бол “хорголоо тоолох” хэрэгтэй. Харин чадалгүй байж, байгаа хэдэн төгрөгөө бусдад цацаж тараах нь буруу бөгөөд хорголоо тоолохгүй байсны төлөө чиний амьдрал сайжрахгүй. Нөгөө талаасаа чи тэр хүмүүст хорголоо тоолсон гэж хэлэгдэж байгаа шалтгаан нь тэр хүмүүс таны мөнгөтэй гэдгийг мэдчихсэн хэрэг.
Хүн эхлээд дургүй юмаа хийж байж мөнгөтэй болно. Түүнээс биш хэзээ ч дуртай юмаа хийгээд мөнгөтэй болдог нийгэм одоохондоо манайд байхгүй.
Гарцаагүй хорголоо тоолдог хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг тэгж хэлэх нь зөв. Учир нь гайгүй сайн хадгаламж эзэмшиж, орлоготой болсон хэдий ч нийгэм рүү нэг ч төгрөг гаргадаггүй, хөрөнгө оруулдаггүй, өөрөө ч хэрэглэхгүй, үр хүүхдээсээ ч харамлах сэтгэл зүйн эмгэгтэй болсон байдаг. Хадгалах нь эмгэг болоод, юунд хэрэглэх нь тодорхойгүй, хийгээд л байдаг, бүх юмыг үгүйсгэж өөрөө ч бараг хэрэглэхгүй болох төлөвт орох нь аюултай. Тийм нөхөд бол байдаг, тэрийг бол хорголоо тоолох гэж хэлж болно.
Цаанаасаа л бид автоматаар хөдөлгөөн хийж сурдаг шиг цаанаасаа л мөнгө хэмнэх дадалтай болох нь чухал. Нийтэд байх ёстой дадал бол хуримтлуулдаг дадал. Тэрхүү хадгалдаг дадал заавал байх ёстой бөгөөд бий болгосон мөнгөө хянах, зөв зарцуулах системд суралцах ёстой. Хэрэв энэхүү дадлыг бий болгож чадвал өнөөгийн монголчууд хөгжилтэй орны түвшинд нийтээрээ очих боломжтой.
Хэрэв чи зөвхөн ажилдаа амжилт гаргахыг зорьж түүндээ хамаг оюун ухаанаа зориулах юм бол танай гэр бүл сална. Энэ бол гарцаагүй ойлголт. Учир нь чи гэр бүлдээ хайр халамж өгөхгүй байгаа учраас. Мөн хэрэв чи зөвхөн гэр бүлдээ л хамаг анхаарлаа хандуулбал ажил дээрээ бүтээмж гаргахгүй. Тэгэхээр энэ хоёрын балансыг ярих хэрэгтэй бөгөөд аль нь ч нөгөөгүйгээр байхад хэцүү. Иймээс олон хэрэгцээгээ хангахын тулд хадгалж буй мөнгөндөө хяналт тавих хэрэгтэй буюу хуваарилалт хийх шаардлагатай болно.
Юунд илүү хөрөнгө оруулах вэ?
Боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь ухаалаг хөрөнгө оруулалт гэж боддог ч үр шимийг нь амсаагүй байж болно. Хүн бага мөнгөөр аз жаргалтай амьдарч болно. Энэ бол ухаалаг систем хийсэн гэсэн үг. Түүнтэй адил та боловсролдоо мөнгө хадгалсан ч муу сургуульд ч юм уу эсвэл хөгийн байдлаар үрчхэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан боловсролд хөрөнгө оруулалт хийх нь муу хөрөнгө оруулалт гэж бодогдохгүй байна.
Хүүхдэдээ мөнгө хуримтлуулах нь ухаалаг бөгөөд хайрлах хамгийн том илрэл нь гэсэн үг. Учир нь тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийх нь тэдний ирээдүйн амьдралыг илүү их аз жаргалтай болгоход туслах болно.
Хүүхдэдээ мөнгө хуримтлуулах нь ухаалаг бөгөөд хайрлах хамгийн том илрэл нь гэсэн үг.
Хүн эхлээд дургүй юмаа хийж байж мөнгөтэй болно. Түүнээс биш хэзээ ч дуртай юмаа хийгээд мөнгөтэй болдог нийгэм одоохондоо манайд байхгүй. Тэгэхээр эхний ээлжид дургүй ажлаа хийгээд алдаж болох хэмжээний мөнгөтэй болох хэрэгтэй. Үүний дараа дуртай зүйлээ хийж мөнгө олох боломжийг хай.
Иргэд зугаа цэнгэлээ хэрхэн тэмдэглэхээ төсөвлөх нь зүйтэй. Би бол өөрийн ажлаасаа урамшуулалт цалин тавиад түүгээрээ баяраа тэмдэглээд л өнгөрүүлдэг. Ер нь бол төсвөө хүргэх нь чухал ёстой болохоос биш хэнд юу өгөх, тэднийг илүү гоё байлгахыг хүсвэл илүү мөнгө зарцуулна гэсэн үг.
Хандив
Буян үйлдвэл буцаж их орж ирнэ гэсэн сэтгэлгээгээр хандив өгдөг хүмүүс байдаг. Түүнийгээ бусдад сурталчилж өөртөө нэг юм авах гээд байдаг. Ерөнхийдөө бол өгснийхөө төлөө сэтгэл зүйн шагнал авахыг хүсдэг. Гэхдээ та аль болох ойрынхоо, хамаатныхаа хүнийг бус болж өгвөл байгууллага руу хандив өгөх нь илүү үр дүнтэй.
Би хэмнэлтийн горимыг дөрвөн жил хийсэн. Тэрнээс хойш миний байдал сайжирч байгаа. Миний төсөөлснөөс ч илүү сайжирсан гэсэн үг. Тэгэхээр системээ л зөв хийж үрж болох хэмжээний мөнгө үрэх чинь чухал.