Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандрантай Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.
-Энэ жил Монгол Улс болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагааны 31 жилийн ой тохиож байна. АХБ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн олон талт хөгжлийн хамгийн том түнш болохын хувьд та манай улсын хөрөнгө оруулалтын орчны талаар ямар бодолтой байдаг вэ?
– Монгол бол тайван, эрч хүчтэй ардчилсан улсаас гадна шинэ тутам хөгжиж буй зах зээл юм. Мөн Монгол Улс нь уул уурхайн асар их баялагтай төдийгүй, түүх, соёл талаасаа хөрөнгө оруулагчдад ихээхэн боломж олгох давтагдашгүй олон онцлогтой орон. Гэвч Украинд болж буй дайн болоод коронавируст цар тахлаас үүдэлтэйгээр БНХАУ-тай хиллэх боомт дээр үүссэн гацаа зэрэг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө оруулалтын орчин ихээхэн сорилттой тулгараад байна. Гэхдээ Монгол Улсын хувьд өмнө дурдсан давуу талууд хэвээр байгаа тул цаашид үүнд тулгуурлан хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой гэж би харж байна. Үүнд анхаарч үзэх хэд хэдэн зүйлс бий.
Нэгдүгээрт, Монгол Улс эрдсийн түүхий эдээ экспортолж, бусад бараа бүтээгдэхүүний дийлэнхийг нь импортолдог эдийн засгийн үндсэн загвартай учраас Засгийн газар нь худалдааны хориг, хязгаарлалтыг маш бага тогтоодог. Гэхдээ макро эдийн засгийн өнцгөөс энэ бүхнийг харах нь чухал юм. Ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын урсгалаас үүдэлтэй эдийн засгийн өсөлт, уналтын байнгын мөчлөг нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй нягт уялдаж байна. Мөн ГШХО-ын урсгал ч маш тогтворгүй явж ирсэн. Иймд төсвийн болон өрийн зөв зохистой үзүүлэлт бүхий макро эдийн засгийн тогтвортой орчынг бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгдөг. Улс төрийн тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломж, хууль, зохицуулалтын орчныг чамбайруулах, тэдгээрийн хэрэгжилтийг чандлан сахих зэрэг нь Монгол Улсын хувьд уул уурхайгаас бусад салбарт ГШХО татахад асар чухал. Дэлхий болон бүс нутгийн хэмжээнд харах юм бол ГШХО-ыг татахад улс орнуудын баримталдаг арга барил нь бараг л урлагийн нэг төрөл болтлоо хөгжсөн. Иймээс Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны ил тод байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарах нь зүйтэй юм.
Монгол Улс хөрөнгийн урсгалд маш бага хязгаарлалт тавьдаг төдийгүй олон улсын төлбөр тооцоог ч хориглодоггүй. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн хөгжил нэлээд доогуур түвшинд байна. Тухайлбал, үнэт цаасны фючер болоод үүсмэл арилжаануудын боломж тун бага байдаг. Тиймээс АХБ 1990-ээд оны эхнээс төрийн өмчит Монголын хөрөнгийн биржэд зөвлөж, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хөрөнгийн бирж бол дотоодын хөрөнгийн зах зээл, багцын хөрөнгө оруулалтын зах зээлийн голлох талбар болдог хэдий ч санхүүгийн салбарын хувьд дийлэнх хувийг банкны салбар эзэлж, хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь хэмжээ тун бага байсаар байна. Тиймээс энэ нөхцөл байдал нь санхүүгийн салбарыг бэхжүүлэхэд тулгарч буй бас нэгэн сорилт юм.
Миний дурдах сүүлийн салбар бол компанийн засаглал. Хөрөнгө оруулалт татсан компаниудыг харах юм бол засаглал маш сайтай нь анзаарагдана. АХБ-ны хөрөнгө оруулсан банкууд, компаниуд ч эдгээр хэв шинжтэй байдаг. Тиймээс компанийн засаглалыг сайжруулах нь нэн чухал бөгөөд сайн удирдлагатай бөгөөд хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй компаниуд нь илүү их хөрөнгө оруулалт татах боломжтой байдаг.
– Монгол Улс олон улсад нээлттэй болж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 120 гаруй улсаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татсан байна. Гэвч энэ хугацаанд Оюу толгойгоос өөр том төсөл хэрэгжсэнгүй. Хөрөнгө оруулагчид том төсөлд хөрөнгө оруулахгүй байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?
– Эдийн засгийн төрөлжилт үүнд нэн чухал. Гэхдээ Монголын тухайд энэ нь олборлох буюу уул уурхайн салбараас бүрмөсөн татгалзана гэсэн үг биш юм. Учир нь ирэх жилүүдэд ч уул уурхайн салбар нь өндөр ач холбогдолтой хэвээр байх болно. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн томоохон ордууд ашиглалтад орж эхэлсэн 2011 оноос ГШХО тус салбар руу чиглэж эхэлсэн бөгөөд энэ дүр зураг цаашид улам бүр нэмэгдэх болов уу. Оюу толгойн гүний уурхай ирэх жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр уул уурхайн хамаарал багасахгүй, харин ч нэмэгдэнэ. Тиймээс анхаарахад зүйтэй гэж бодож буй хоёр санааг хэлье.
Нэгдүгээрт, уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээхэд анхаарах хэрэгтэй. Уул уурхайн салбар нь өөрөө хөрөнгө ихээхэн шаарддаг салбар хэдий ч үйлчилгээ болоод хөдөө аж ахуйн салбартай харьцуулбал илүү бага ажлын байр бий болгодог. Иймд дотооддоо уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулахад анхаарч, уул уурхайн салбарын үнэ цэний уялдаа холбоог бэхжүүлэх нь нэн чухал юм. Түүнчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон дотоодын компаниудын хоорондын харилцааг бэхжүүлэх асуудлыг ч мөн чухалчлах хэрэгтэй. Уул уурхайн бус салбарын хувьд экспортын сагсыг төрөлжүүлэхэд тун чухал үүрэгтэй хэдий ч тус салбарын хувьд ГШХО татах, тэр дундаа үр ашгийг чухалчилдаг ГШХО татах нь өөрөө нэлээдгүй сорилттой тулгардаг. Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор, мах, сүүн бүтээгдэхүүн болон ноолууран бүтээгдэхүүний дунд шатны (тээвэр, хадгалалт, борлуулалт) болон эцсийн шатны (боловсруулсан бүтээгдэхүүн) үйлдвэрлэлд анхаарлаа хандуулснаар салбарын хүрээнд уялдаа холбоог нэмэгдүүлэх, ажлын байрыг ч мөн бий болгох боломжтой.
Хоёрдугаарт, макро эдийн засгийн тогтвортой байдлын асуудал. Эдийн засгийн өсөлтийн хэтийн төсөөлөл болон төлөв нь Засгийн газар төсвийн зарлагын үр ашигтай шинэчлэл хийх замаар хуримтлагдсан өрийг (ялангуяа өнөөгийн хямрал намжиж эхлэх үед) дарахын тулд төсвийн нэгдмэл байдалд үргэлжлүүлэн анхаарч байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Монгол Улсын хувьд дунд хугацааны өсөлтийн төсөөлөл нь хувийн хэрэглээний өсөлт болоод уул уурхай, үйлдвэрлэлийн салбар дахь тогтмол хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ихээхэн эерэг дүр зурагтай байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт татахад улс төрийн тогтвортой байдал хэр нөлөөлдөг талаар илүү тодорхой мэдээлэл өгнө үү?
– Түүхийн туршид хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдал болон улс төрийн залгамж халааг ихэд чухалчилсаар ирсэн. Монгол Улсын хувьд Засгийн газрын өөрчлөлтийг дагасан улс төрийн маш их хувирамтгай, тогтворгүй байдал гарч байлаа. Харамсалтай нь үүнээс үүдээд бодлого маш их өөрчлөгдөх, бодлогын залгамж халаа алдагдах, бодлогыг гэнэтийн цочмог байдлаар хэрэгжүүлэх явдал гардаг. Тиймээс хэлсэндээ хүрдэг байхыг л хөрөнгө оруулагчид хүсдэг гэж би боддог. Хэрэгжүүлнэ гэсэн бодлогоо хэрэгжүүлж, баталсан дүрэм журмаа мөрдүүлж, асуудлыг шийдэх гэж эхлүүлсэн шинэчлэл хийхийг хэлж байгаа юм.
Монгол Улс хүнсний хангамжийн индексээр Ази тивд 15-р байрт багтдаг ч эл салбарт ашиглаагүй маш их боломж бий.
Энэ талаас нь авч үзвэл одоогийн Засгийн газар дөрвөн жил эрх барих учир одоогоор тун сайн суурь тавигдаад байна. Засгийн газрын хувьд хувийн салбар, бизнесменүүдтэй хамтран ажиллах, гадаадын хөрөнгө оруулалт татах чин хүсэл эрмэлзлээ илэрхийлж, манлайлал үзүүлж байна. Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д багтсан олон төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэдгээр төслийг зөвхөн төр хэрэгжүүлэх боломжгүй учраас дэд бүтэц болоод ногоон хөгжилтэй холбоотой зарим төслийг хэрэгжүүлэхэд төр ба хувийн хэвшлийн түншлэл хэрэгтэй гэдгийг Засгийн газар маш тодорхой илэрхийлсэн.
Мөн ГШХО-ыг татахын тулд нэгэнт бий болгосон олон хүчин зүйлс байна. Тухайлбал, ГШХО татахад чиглэсэн агентлаг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдлаа. Мөн цахим худалдаа, финтек, банк зэрэг олон салбарт дижитал шинэчлэл хийх зорилгоор хөрөнгө оруулалт татах боломж бий учир Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсан нь чухал алхам болсон гэж үзэж байна. Түүнчлэн бүртгэлийн систем, хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээ зэрэг бусад арга хэрэгслийг Монгол Улс үр дүнтэй ашиглах нь зүйтэй. Энэ мэтээр ГШХО-ыг татах, сонирхлыг нь төрүүлэх олон зүйлийг хэрэгжүүлэх боломжтой.
– Цар тахлын энэ амаргүй үед бид хэрхэн гадаадын хөрөнгө оруулалт татах вэ? Бидний давуу болон сул талууд юу байна вэ?
– Харамсалтай нь Монгол Улс Украины дайн болон БНХАУ-тай хиллэдэг боомтууд хаагдсан зэрэг давхар гадаад цочролд ороод байна. Дайнаас үүдээд худалдаа, ханган нийлүүлэлт тасалдалд ороод байгаа бол өмнөд хилийн боомтууд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хаагдаад буй нь худалдаа, орлогод шууд нөлөөж байна. Далайд гарцгүй, худалдаанаас ихээхэн хамааралтай эдийн засагт энэ нь бүр хүчтэй цохилт болж, хямралыг даван туулахад амаргүй болголоо.
Миний бодлоор Монгол Улс эн тэргүүнд макро эдийн засгийн болон төсвийн удирдлагаа оновчтой болгох хэрэгтэй. 2017-2020 онд Монгол Улс макро эдийн засгийн нөхцөл байдлаа маш сайн удирдаж чадсан. Гадаад өрөө бууруулж, валютын нөөцөө нэмэгдүүлж, төсөв хүртэл ашигтай гарч байлаа. Энэ удаагийн хямрал намжиж эхлэнгүүт Монгол Улс нэн тэргүүнд төсвийн алдагдал, хуримтлагдсан өрийг бууруулах, нийгмийн зардлуудыг илүү зорилтот бүлгүүдэд хандуулах, мөнгөний бодлогыг зөөллөх чиглэлд ажиллавал инфляцын дарамт багасаж, эргээд зах зээлд эерэг дохио болж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ.
Монголын хувьд жуулчдыг ихээр авчирч, бусад улстай тоогоор өрсөлдөх боломжгүй учир зорилтот зах зээлд төвлөрч, цөөн тооны чанартай жуулчдыг татахад анхаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт, эдийн засгийн өрсөлдөх чадвар. Боомтууд дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хатуу болон зөөлөн дэд бүтцийн зардал, худалдаа эрхлэхэд шаардлагатай зөвшөөрөл, гаалийн үйл ажиллагаа, цахилгаан болон дулааны зардал ачаалал болж, улмаар хөрөнгө оруулалт татах чадамжид нөлөөлж байдаг. АХБ-ны судалгаанаас харахад хил дээрх ачааг ачиж буулгах, зөвшөөрөл олгоход зарцуулж буй хугацааг 10 хувиар бууруулахад худалдаа эрчимжиж, ДНБ-д худалдааны салбарын эзлэх хувь 0.65 пунктаар нэмэгдэхээр байна. Тиймээс хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь гадаад худалдаанд маш ихээр нөлөөлнө. АХБ нь бичиг баримтын хэт их хамаарлыг бууруулах, гаалийн зөвшөөрлийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем (CAIS) байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Эдгээр нь эцэстээ гадаад валютын орох урсгал сайжрахад тун ач холбогдолтой юм.
АХБ олон жилийн турш худалдааны талбарт бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. Энэ чиглэлээр бид Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC) хэрэгжүүлдэг бөгөөд хоёр улсын хилийн боомтууд дахь гаалийн болон халдвар хамгааллын үйл ажиллагааг уялдуулах нь худалдааны урсгалд мэдэгдэхүйц ахиц гарч болох нь харагдаж байна. Жишээлбэл, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд бид бичиг цаасны ажил, нэмэлт зөвшөөрөл, бүрдүүлэлтийг бууруулахад туслах нэг цонхны системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн АХБ нь худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилгоор хэд хэдэн голлох хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулахад анхаарч байна.
– Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг аль салбартаа илүү татахыг хичээх ёстой гэж АХБ үзэж байна вэ? Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
– Дөрвөн салбарыг онцолъё гэж бодож байна. Нэгдүгээрт, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл. Монгол Улс хүнсний хангамжийн индексээр Ази тивд 15-р байрт багтдаг ч эл салбарт ашиглаагүй маш их боломж бий. Монгол Улс дотооддоо махаар бүрэн хангадаг хэдий ч хүнсний ногооны 45 гаруй хувийг импортолж байна. Үнэ цэний сүлжээний дунд шатны (тээвэр, хадгалалт, борлуулалт) болон эцсийн шат (боловсруулсан бүтээгдэхүүн)-тай холбоотойн хувьд мах боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах нөөц арвин байдаг. Монгол Улс жилд 550 мянга орчим тонн мах бэлтгэдэг ч ердөө таван хувийг нь махны үйлдвэрүүдэд боловсруулдаг. Тиймээс мах, ноолуур, сүүн бүтээгдэхүүний салбарууд нь тун чухал юм.
Анхаарах ёстой хоёр дахь салбар бол ногоон хөгжил юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилснаар “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцсон. Эдгээр нь зөвхөн мод тарих хүрээний ажил биш бөгөөд тогтвортой ойн аж ахуй, газар болоод усны нөөцийн менежментийг хамарч, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийг оролцуулан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа өргөн хүрээний ажил юм. Ер нь ногоон санхүүжилтийн хүрээнд маш олон ажлууд хийгдэж эхлээд байна. Тухайлбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс ногоон санхүүжилтийн ангилал зүйг боловсруулан баталсан, мөн Монголын ногоон санхүүжилтийн корпорац Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авч, үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүн амын 60-аас илүү хувь байнга интернэт ашиглаж, гар утасны хэрэглээ асар өндөр болсон хэдий ч хүн амын 25 хүрэхгүй хувь нь онлайн худалдааг ашиглаж байгаа нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад тун бага үзүүлэлт.
АХБ-ны хувьд ч гэсэн ногоон хөрөнгө оруулалтын орчныг бий болгох чиглэлд идэвхийлэн ажиллаж байна. Тухайлбал, бид сэргээгдэх эрчим хүчний олон төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах чиглэлд түлхүү анхаарч байна. Үүний нэг болох Цэнэг хураагуурын системийн төсөл одоо хэрэгжиж байгаа бөгөөд 2025 оны ажлын төлөвлөгөөнд шахуурга бүхий усан цахилгаан станц байгуулах төслийн ажил багтаж байгаа. Цэнэг хураагуурын системийн төсөл маань одоогоор хязгаарлагдмал байгаа сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх бол усан цахилгаан станцын төсөл нь нүүрснээс хямд өртөгтэй, 1.3 ГВт-ын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг бий болгох юм.
Мөн АХБ нь Уур амьсгалын ногоон сан болон Европын Холбоотой хамтраад аймаг, сумдын хөгжилд чиглэсэн, орон даяар бэлчээрийн менежментийг сайжруулах зорилго бүхий томоохон хөтөлбөр батлахаар ажиллаж байна. Дүгнээд хэлбэл, нийгэм, байгаль орчинд үр өгөөжтэй төслүүдэд мэргэшсэн хөрөнгө оруулагчид, тэр дундаа зөвхөн арилжааны хөрөнгө оруулагчид бус тэтгэврийн сан, даатгалын компаниуд зэргийг оролцуулан ногоон санхүүжилт татах боломж Монгол Улсад маш их байна.
Миний нэрлэх гурав дахь салбар бол аялал жуулчлал, тэр дундаа эко аялал жуулчлал, адал явдалт аялал зэрэг тусгайлсан аялал жуулчлал юм. Монголын хувьд жуулчдыг ихээр авчирч, бусад улстай тоогоор өрсөлдөх боломжгүй учир зорилтот зах зээлд төвлөрч, цөөн тооны чанартай жуулчдыг татахад анхаарах хэрэгтэй. АХБ нь аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд дунд хугацааны хөтөлбөрүүдийг баримталж байгаа бөгөөд бидний зүгээс олон нийтийн оролцоо болон байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг Монголын баруун болон зүүн бүсэд хөгжүүлэхээр ажиллаж байна.
Сүүлийн салбар бол цахим худалдаа. Монгол Улсын хувьд ухаалаг гар утасны хэрэглээ өндөр байгаа, мөн финтекэд суурилсан төлбөрийн шийдлүүд аль хэдийн нэвтэрсэн зэргээр үндсэн суурь нөхцөлүүд нэгэнт тавигдсан учир цахим худалдаа хөгжих бүрэн боломжтой. Хүн амын 60-аас илүү хувь байнга интернэт ашиглаж, гар утасны хэрэглээ асар өндөр болсон хэдий ч хүн амын 25 хүрэхгүй хувь нь онлайн худалдааг ашиглаж байгаа нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад тун бага үзүүлэлт. Иймд энэ салбар нь гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засагт өсөлт авчрах бас нэг талбар болж болох юм.
Эх сурвалж: mongolianeconomy.mn