Иргэний агаарын тээвэр бол манай улсын хувьд маш чухал, стратегийн ач холбогдолтой салбар. “Аэромонголиа” авиа компани нь агаарын тээврийн салбарт шинэ стандарт, техникийн шинэчлэлтийг нутагшуулсан, салбарын хөгжлийн тод нүүр царай, тэргүүлэгч байж ирсэн.
Сорилт, бэрхшээлээ давсан, туршлага хуримтлуулсан “Аэромонголиа” компани 2022 онд 21 жилийн түүхийн хуудсаа шинэ хөлөг онгоцоор нэмж, парк шинэчлэлтээ эрчимжүүлэн, Монголыг олон улстай хөл нийлүүлсэн цоо шинэ системийг нэвтрүүлсэн нь салбартаа түүчээлэгч гэдгээ дахин баталсан юм. Ингээд “Аэромонголиа” ХХК-ийн дэд захирал Д.Амарсанаатай ярилцлаа.
-Тантай ярилцах энэ цаг хугацаанд “Аэромонголиа” компани 2021 онд шинэ хөлөг онгоцоо хүлээн авч, 2022 онд агаарын хөлгийн тоогоо дахин нэмж түүхэн шинэчлэлт хийхтэй давхцаж байна. Танай хамт олонд юуны өмнө баяр хүргэе?
-Баярлалаа. Дэлхийд агаарын хөлгийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Франц улсын “AIRBUS” хөлгийг шинээр авч, агаарын тээврийн парк шинэчлэлтэд ахиц авчирлаа. Одоо “AIRBUS A319” онгоцоо бүрэн нутагшуулж дараагийн агаарын хөлгийн төсөл дээр буюу “AIRBUS A320” агаарын хөлгийг Монгол Улсад нислэгт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн агаарын салбарт АНУ-ын “BOEING”, Франц улсын “AIRBUS” хоёр тэргүүлдэг. Үүнээс манай “Aэромонголиа” ХХК сонгон авсан. “AIRBUS” А319 агаарын хөлөг нь дундын орон зайнд хамгийн тохиромжтой. Манай үндсэн тогтмол нислэг өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хүчин чадлын онгоц юм.
-“AIRBUS” А319 хөлөг онгоц багтаамж, хүчин чадлын хувьд манай улсад хамгийн томд тооцогдох уу?
-“AIRBUS” А319 агаарын хөлөг 141 хүний суудал бүхий 871 км цагийн нислэгийн хурдтай, 6900 км-ийн алслалтад Зүүн Өмнөд Азийн орнууд буюу монголчуудын хамгийн их зорчдог БНХАУ, БНСУ, Япон, ОХУ руу нислэг хийх боломжтой агаарын хөлөг юм. Түлш зарцуулалт бага, эдийн засгийн тооцооллын хувьд тогтмол нислэгийн чиглэлүүдэд ашигтай байхаар тооцоолсон. Техник үйлчилгээний бүх ажил хийгдсэн учраас дараагийн засвар үйлчилгээ нь хол, санхүүгийн хувьд нэлээд хэмнэлт гарна. Европын холбооны улсын зохих агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын дүрэмд нийцсэн 2009 онд үйлдвэрлэгдсэн агаарын хөлөг юм. “Аэромонголиа” компани 2001 онд үүсэн байгуулагдсанаас хойш зах зээл дээр өөрийн гэсэн орон зай, байнгын зорчигч үйлчлүүлэгчтэй болж, агаарын тээврийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэн.
-Ковидын үеийн эдийн засгийн хүндрэл агаарын тээврийн салбарт багагүй нөлөөлж байх шиг байна. Хүндрэлтэй үеийг хэрхэн туулж байна вэ?
-Дэлхийн эдийн засагт ковид хүчтэй нөлөөлж, агаарын тээврийн салбарт багагүй бэрхшээл учирч байгаа нь үнэн. “Ковид-19” цар тахал хүн төрөлхтөнд багагүй сургамж өгч буй ч ковидын аюул тун удахгүй арилах нь тодорхой. Бүх зүйл эргээд хэвийн хэмжээндээ орно. Вакцин ч гарчихлаа. Хоёр болон гурван удаагийн тунгаа тариулсан иргэд зорчих хөдөлгөөнд хэвийн орж эхэллээ. Манай салбарын хувьд зогсолттой хүнд үеийг туулж буй ч бид өмнөө тавьсан зорилтынхоо дагуу бүсээ чангалаад ч болов агаарын тээврийн салбарт парк шинэчлэлтээ хийж, зорчигчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр ажиллаж байна.
Зорчигчдын тоо нэмэгдэх, хэрэгцээ шаардлагыг хангахын тулд “Аэромонголиа” ХХК нь Токио хот руу нислэгээ өргөжүүлэхээр болсон.
Агаарын тээврийн салбар нь дэлхийн худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн салбарт оруулж буй хувь нэмэр гээд тоочвол маш өргөн хүрээнд хэмжигдэх салбар. 2020-2022 онуудад ковидын үе байсан ч бидний хувьд ололт амжилтаа тэмдэглэсэн түүхт 20 жилийн ойн дээрээ буюу 2021 онд “AIRBUS A319” хөлгөө хүлээн авсан. Бид өнгөрсөн 2018 онд “EMBRAER ERJ145” маягийн 50 хүний суудал бүхий тийрэлтэт агаарын шинэ хөлөг онгоц авч, парк шинэчлэл хийж байсан. Мөн хоёр дахь “EMBRAER ERJ145” агаарын хөлгийг 2019 онд шинээр авсан. Энэ нь хос агаарын хөлгийг ашиглах найдвартай ажиллагааг хангах үүднээс парк шинэчлэл хийсэн. Мөн цаашлаад 2022 ондоо А320 агаарын хөлгөөр парк шинэчлэлийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.
Манай компани өнөөдрийн байдлаар орон нутгийн 7 чиглэл, олон улсын 3 чиглэлд тогтмол нислэгийг гурван агаарын хөлгөөр хийж, 190 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Агаарын хөлгийн парк шинэчлэлийг цаг ямагт хийж найдвартай аюулгүй ажиллагааг хангах үүднээс дэлхийн нэр хүндтэй агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа аль болох тасралтгүй нэвтрүүлэхээр хичээн ажилласаар байна.
-Либералчлалын бодлогын хүрээнд төрөөс авиа компаниудад шинэ нислэг үйлдэх зөвшөөрлийг олгож эхэлсэн. Танай компани аль чиглэлд нислэг үйлдэх вэ?
-Монголын авиа компаниуд олон улс руу гарц нээх эрмэлзэл дор ажиллаж ирсэн. Иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлогын хүрээнд хэрэглэгчдэд аль болох хямд үнийн тариф, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаадаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд либералчлах бодлого баримтлан төрөөс хэрэгжүүлэхээр эхний шийдлээ гаргасан. Энэ нь агаарын тээврийн монопол давуу эрхийг тодорхой хэмжээнд задлан өрсөлдөөнийг бий болгох, зах зээлийн нээлттэй сонгон шалгаруулалтын бодлогыг хэрэгжүүлэхээр болж байна.
Агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар эхнээсээ бий болгож эхэлснийг зөв алхам гэж харж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнгөрсөн 2019 онд манай “Аэромонголиа” компанид Японы Токио руу тогтмол нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Ингэснээр “Аэромонголиа” ХХК, “МИАТ” ТӨХК хамтран Токио хот руу нислэг хийх боломжтой болсон. Агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар эхнээсээ бий болгож эхэлснийг зөв алхам гэж харж байна.
Манай компани “AIRBUS” А319 агаарын хөлгөөрөө 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн Токио руу шинэ чиглэл нээж нисэж байна. Эхний чартер нислэгийг 2021 оны 10 дугаар сард гүйцэтгэсэн. Япон улс руу зорчигчдын тоо жилээс жилд өсөж байгаа. Хоёр орны хооронд зөвхөн 2019 онд 120 гаруй мянган зорчигч явсан тоон үзүүлэлт бий. Япон улсын иргэдэд өөрсдийн авиа компанийн зүгээс Монгол Улсыг таниулах болсондоо баяртай байгаа. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад ажиллах хүчин, боловсон хүчнийг Монгол Улсаас авахаар болж, 5 жилийн хугацаанд 30 мянган хүнийг авах шийдвэрийг Япон улсын Засгийн газраас хэлэлцэж хоёр улсын Засгийн газрын хооронд яриа шийдэлдээ явж байна. Зорчигчдын тоо нэмэгдэх, хэрэгцээ шаардлагыг хангахын тулд “Аэромонголиа” ХХК нь Токио хот руу нислэгээ өргөжүүлэхээр болсон. Ийм ч учраас манай шинэ чиглэл нь хамгийн зөв цэгт эрэлт хэрэгцээгээ олсон нислэг болох байх аа. Мөн монгол иргэдийн хамгийн их зорчдог БНСУ-ын хэмжээнд ч Японы зорчигчдын тоо нэмэгдэх хандлага, нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж шинэ чиглэлээр сонгон нэмэгдүүлж байгаа юм.
Мөн энэ жил аялал жуулчлалын компаниудтайгаа хамтран Туркийн Анталья хот руу 10 дугаар сарыг дуустал чартер нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэж байна. Энэхүү нислэгийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлж амжилттайгаар нэг жилийн турш нислэг хийгээд байна. Цаашлаад 03 дугаар сарын 24-ны өдрөөс Вьетнам улсын Ханой хот руу Пүрэв гариг бүр захиалгат нислэгийг гүйцэтгэж байна.
-Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьдаг ч онгоцны тийзний үнэ өндөр байгаагаас хамаардаг. Тийзний үнийг бууруулах шийдэл, боломжоос ярихгүй юу?
-Монголын ууган агаарын авиа компанийн хувьд өөрсдийн давуу тал болох үйлчилгээний чанар, тийзийн үнэ гэсэн хоёр үндсэн бодлогоор бусад агаарын тээвэрлэгчээс ялгагдах онцлогийг бий болгох томоохон зорилтын хүрээнд аль болох тийзний үнийн талд бууруулах боломжийг эрэлхийлдэг. Агаарын тээвэр нь хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог учраас өөрөө маш өндөр хариуцлага, үүргийг хүлээдэг.
Бид тийз борлуулалтын талаар Онлайн платформыг улам хөгжүүлж зах зээл дээр хамгийн хямд үнийг зорчигчдод санал болгохоор зорьж байна. Өөрийн нислэгийн хуваарь, цагийг эрт төлөвлөвөл зуны ид ачааллын үеийн тийзийг хамаагүй хямдаар урьдчилж захиалж авах боломжийг бий болгоно.
-”Аэромонголиа” компани Монголдоо анхлан олон улсын жишигт нийцсэн цогц системийг нэвтрүүлж байна. Зорчигчдод хандсан нэвтрүүлж буй шинэлэг үйлчилгээнээс танилцуулаач?
-Дэлхийн томоохон агаарын тээвэрлэгч нарын ашигладаг билет борлуулалтын цөөн хэдхэн цогц системийн нэг нь “Sabre”, “Amadeus”, “Travelsky” юм. Сүүлийн үед Зүүн өмнөд Азийн шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй агаарын тээвэрлэгчид “Sabre” системийг ашигладаг. Энэ системээр олон улсын чиглэлийн нислэгт зорчигчдын мэдээллийг тухайн орны хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад автоматаар илгээж байх шаардлага тавигддаг. Зорчигчдыг нэг нисэх буудлаас нөгөө нисэх буудал буюу point to point гэдэг зарчмаас илүү point to multipoint гэсэн зарчмаар зорчигчдын эрх ашигт нийцэх байдлаар давуу талыг олгодог. Өөрөөр хэлбэл, зорчигч цаашаагаа дамжих нислэгүүдэд илүү хямд үнээр дамжин сууж дэлхийн бусад орнууд руу ямар нэгэн саадгүй зорчих боломжоор хангах давуу талыг манай компани бий болгохоор системийг нэвтрүүлж байна.
Олон улсын түвшинд хөл нийлсэн системийг суурилуулах ажлыг 2022 онд хийж дуусгахаар ажиллаж байна. Энэ систем нь зөвхөн билет борлуулах төдий биш зорчигч бүртгэл, нислэгийн даацын тооцоо, зорчин очих нисэх буудал руу мэдээлэл автоматаар солилцох, зорчигч үйлчилгээг сайжруулах юм. Мөн онлайн борлуулалтыг хийж чадах цогц систем юм.
Эцэст нь хэлэхэд бид Монголын агаарын тээврийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны чанар стандартыг чанд мөрдөн ажиллаж, зорчигчдын тав тухтай, найрсаг, шуурхай үйлчилгээтэй өндөр зэрэглэлийн шилдэг тээвэрлэгч байх зорилго тавин ажилладаг. Үүний ард манай “Аэромонголиа” ХХК-ийн хамт олны хүч хөдөлмөр үргэлж байдаг. Агаарын тээврийн компани бол цэвэр багийн тоглолт шаарддаг. Багаараа системтэй, жигд хөдөлж байж амжилт гаргана.
Манай компани нь шинэ боловсон эрч хүчтэй залуучуудаар баг хамт олноо бүрдүүлэн түүхт 20 жилээ үдэж байна. Цааш цаашдаа Монгол Улсынхаа нэр хүндийн илэрхийлэл байж “Монгол эндээс эхэлнэ” гэсэн уриа үгний дор хамтдаа хөдөлмөрлөж хөгжихөөр зорьж байгаа билээ.
Манай улсын эдийн засгийн нэг тулгуур болох агаарын тээврийн салбар маань цаашдаа эдийн засгийн шинэчлэл, үсрэнгүй хөгжиж, Монголын иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны стандарт шинэчлэгдэж хөгжсөөр байх болно.
Олон жил тасралтгүй нислэгийн аюулгүй найдвартай ажиллагааг хангаж шинэ агаарын хөлгийн парк шинэчлэлтэд хөрөнгө оруулалт тасралтгүй хийж байгаа хувьцаа эзэмшигч Моннис грүпп-ийн удирдлагууд хамт олондоо энэхүү завшааныг ашиглан талархсанаа илэрхийлж энэхүү ярилцлагаа өндөрлүүлж байна.
Манай компанийг сонгон үйлчлүүлсэн зорчигч та бүхэнд баярлалаа.
Чех рүү бгаа юу