Г.Даваадорж, Т.Амаржаргал
Одоогоос 10 гаруй жилийн өмнө үндэсний дээл хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилго өвөртөлсөн З.Рэгзэдмаа бүсгүйг хүмүүс төдийлөн ойлгохгүй байлаа. Бичсэн төслийг нь хөрөнгө оруулагчид ч ойшоохгүй байв. Шинэ үеийн залуус дээл өмсөхгүй шүү дээ гэж гайхаж, няцаах нь элбэг байсан ч тэр мөрөөдлөө орхиогүй юм.
Түүний хувьд, залуусын дунд түгэн дэлгэрч буй трэндийг гойд мэдэрч чаддаг нэгэн. Тиймдээ ч 2009 онд “Абигейл жийнс” дэлгүүрийг нээж, бэлэн хувцас импортолдог байжээ. Хэдийгээр З.Рэгзэдмаа залуусын хүсэлд нийцсэн загвар, трэндийг ядах зүйлгүй мэдэрч, дэлгүүрээ өргөжүүлж чадах байсан ч мөнгийг хилийн чанад руу урсгах нь хайран санагдаж байсан гэдэг. Нөгөөтээгүүр залуус үндэсний хувцсаараа гоёх давлагааг эхлүүлэх нь түүний хувьд чухал зорилго нь байсан юм.
Улмаар 2016 оны эхээр ямар ч зээл тусламж, хөрөнгө оруулалтгүйгээр “Ивээл” брэндээ үүсгэн байгуулж, анхны бүтээгдэхүүнүүдээ борлуулж эхлэхэд санаанд оромгүй эрэлт бий болжээ. Гэхдээ энэ санаанд оромгүй амжилтыг тэр санаандгүй хүртчихээгүй юм. З.Рэгзэдмаа маш их судалсан. Хэдийгээр З.Рэгзэдмаа оёдлын машинаар тэгшхэн оёж чадахгүй ч судалгаа хийж төсөл бичихдээ гаргууд. Мөн чамлахааргүй сайн менежер. Чухам энэ чадвар нь түүнийг брэнд бүтээхэд хөтөлжээ.
Оёдлын машинтай бол брэнд бүтээнэ гэсэн явцуу ойлголт залуусын дунд түгээмэл байдгаас тэд алдаа гаргадаг. Тиймээс хийх зүйлийнхээ үнэ цэн, мөн чанарыг ойлгож, зах зээлээ маш сайн мэдэрч, судалж байж төсөл биеллээ олдгийг тэр онцолж байв. Түүнийг Солонгос, Туркээс бэлэн хувцас оруулж ирдэг байхад монгол дээл хувцсыг өдөр тутам өмсөх нь зохимжгүй гэсэн хандлага олон нийтийн дунд түгээмэл байсан. Голцуу “Нарантуул” ОУХТ-д нэг хэвийн загвартай дээл зарагддаг байжээ.
“Залуусын өдөр тутмын амьдралд нийцэх, өмссөн кеттэй нь зохицох дээл яагаад хийж болохгүй гэж…” хэмээн үзсэний үндсэн дээр “Ивээл” брэндээ үүсгэж, энэ төрлийн брэндүүд дундаа анхдагч болж чадсан. Гэхдээ З.Рэгзэдмаа зах залгаад дээл гэсэн үзэл баримтлалтай санал нэгддэггүй. Тиймээс дээлийн үндсэн хэв шинжийг хэт их эвдэхгүйгээр “Ивээл” брэндийнхээ хэв шинжийг бүрдүүлэхээр зорьжээ.
Мөн тэр бээр зах зээлийн судалгаан дээр багагүй хугацаа зарцуулснаас гадна материал сонголт, биед тухтай өмсгөл, суулттай байх тал дээр ихээхэн анхаарчээ. Маркетингийн шинэлэг арга хэлбэрийг ч чухалчилсан. Үүний үр дүнд 2016 онд гаргасан анхны коллекцоо ширхэг ч үлдэгдэлгүйгээр борлуулж чаджээ. Өлгүүр дээр ганцхан ширхэг үлдсэн дээлийг нь ч хүмүүс үнэ хаялцуулах нь холгүй худалдан авч байсан нь З.Рэгзэдмаагийн сэтгэлд тод дурсамж болон үлдсэн байна.
Тэрээр хүмүүсийн юу хүсэж буйг мэдэрч, монгол дээлийг өдөр тутмын хэрэглээнд ойртуулсан. Харин өнөөдөр энэ төрлийн брэнд харьцангуй олон болсон. Гэхдээ брэнд хувцас урлагчид бие биеэ өрсөлдөгч гэж харахаас илүүтэй үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хамтдаа нэгдэн нийлж урагшлах хангалттай орон зай бий гэдгийг З.Рэгзэдмаа онцолж байв.
Манай улсын хувьд, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын бэлэн хувцасны хэрэглээний гурван хувийг ч үйлдвэрлэж чаддаггүй. Гагцхүү үйлдвэрлэгч тал бизнес моделио оновчтой тодорхойлох шаардлагатай бол төр засгийн зүгээс татварын дэмжлэг үзүүлэх зэргээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатайг тэрээр хэлж байсан юм.
“Үйлдвэрлэгч байх тун сонирхолтой. Зураг, түүхий эд байхаас хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүхий л үйл явцыг мэдэрнэ гэдэг гайхалтай. Басхүү бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэхээс хамгийн жаргалтай мэдрэмжийг олж авдаг” гэж З.Рэгзэдмаа тодотгож байв.
Ивээлийнхэн цар тахлын хугацаанд “Ээлтэй ивээл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь цаг үеэ мэдэрсэн чухал алхам байв. Учир нь хувцас үйлдвэрлэл нь эрчимжихийн хэрээр асар их хог хаягдал гарч байсан нь З.Рэгзэдмаагийн хувьд эмзэглэх зүйл нь болж хувирчээ. Тиймээс даавууны өөдөс, хаягдал материалаараа ахин бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна буйдангийн үйлдвэрлэлд чихээс материал болгох зэргээр дахин ашиглах болжээ. Ингэснээр ивээлийнхэн экологид илүү ээлтэй үйлдвэрлэл явуулах болсон байна.
Мөн З.Рэгзэдмаагийн үүсгэн байгуулсан “Ивээл” брэнд өргөжин хөгжихөд түүний боловсруулсан бизнес модель томоохон түлхэц үзүүлжээ. Энэ нь ганцаар бүх зүйлийг чадах бус, зөв хүмүүсээр чаддаг зүйлийг нь хийлгэж, тэдний үйл ажиллагааг нэг үнэ цэний дор зангидан уялдуулах кластерийн үйлдвэрлэлийн хэлбэр юм.
Ирээдүй кластерын үйлдвэрлэлд ээлтэй байх болно
Бизнесийн салбарт, тэр дундаа хувцас үйлдвэрлэлийн талбарт олзыг олуулаа хүртэж, хамтдаа хөгжих хамгийн төгс шийдэл бол кластерын үйлдвэрлэл юм. Түүхий эд татахаас эхлүүлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүнээ хүргэх хүртэлх бүхий л үйл явцыг нэг үйлдвэрийн дээвэр дор зохион байгуулж, ганц үйлдвэр дангаараа данхайх нь хуучны арга барил. Шинэ үеийн бизнес эрхлэгчид кластерын үйлдвэрлэлийн чухлыг ойлгож, тэр зүгт тэмүүлж байна. Ойрын ирээдүй ч кластерын үйлдвэрлэлд ээлтэй байна гэдгийг З.Рэгзэдмаа эргэлзэлгүй хэлж байсан.
“Ивээл” брэндийн тухайд, цар тахлын сорилтоос олж авсан хамгийн чухал зүйл нь бизнесийн моделоо шинэчлэн тодорхойлсон явдал юм. Цар тахлын оргил үед дагуул үйлдвэрүүдээ хөгжүүлэхэд анхаарсны үр дүнд 22 дагуул үйлдвэртэй болж өргөжжээ. Брэндийн үнэ цэнээ улам бататгахын тулд дагуул үйлдвэрүүдийнхээ бүтээмж, чадварт онцгойлон анхаарч шалгаруулснаар массын үйлдвэрлэлд хамгийн сайн эсгүүр, хамгийн цэвэрхэн оёдлыг нэвтрүүлж чадсан байна. Энэ нь цаг хугацаанд хэмнэлттэйгээс гадна брэнд бүтээж буй хүмүүс илүү мэргэшсэн байх боломжийг бүрдүүлдэг аж. Мөн энэ хэрээр илүү олон ажлын байр бий болно. “Ивээл” харьцангуй залуу брэнд гэхэд тус компанийн үндсэн үйлдвэрт 40 орчим хүн ажиллаж байна. Харин дагуул үйлдвэрүүдтэйгээ нийлбэл 100 гаруй хүн тус брэндийг урлаж байна.
Кластераар үйлдвэрлэл эрхлэхэд илүү олон хүний амьдралд тус нэмэртэй. Чаддаг чаддаг зүйлээрээ мэргэшээд явах нь брэнд бүтээх гол зарчим. Түүнчлэн чаддаг хүмүүсийг уялдуулж, нэг зорилгын дор нэгтгэж ажиллах нь кластерын үйлдвэрлэлийг түүчээлэх залуу манлайлагчдын хамгийн гол ур чадвар байх болно гэдгийг З.Рэгзэдмаа онцолж байсан юм.
Харилцан ивээлтэй байх зарчим
Хувцас үйлдвэрлэлийн салбарт хамтдаа хөгжих шинэ арга хэлбэрийг нутагшуулахаар зорьж буй түүний хувьд олон хүнийг нэг зорилгын төлөө нэгтгэж ажиллахад үргэлж суралцах шаардлага тулгардаг. Мөн байгууллагын соёл, уур амьсгалд ихээхэн анхаарал хандуулдаг. Түүний ажилчдадаа үргэлж хэлдэг зүйл бол эерэг байх тухай зарчим юм. Тиймдээ ч хүний нөөцөө бүрдүүлэхдээ хандлагыг чухалчилдаг. Өөрөө ч хамт олонтойгоо илэн далангүй байж, сайн ярилцаж сонсохыг эрмэлздэг.
Өөрөөр хэлбэл, ажилтан болон ажил олгогч харилцан ивээлтэй ажиллах ёстой гэсэн үзэл баримтлал түүний бизнесийн үндсэн зарчмуудын нэг юм. “Би ашиг олж, үнэтэй байшин авахад яарахгүй. Харин манай брэндийн үнэ цэнийг тодорхойлж буй хүмүүс явах нь миний хувьд санаа зовох зүйл байх болно” гэж тэр хэлж байсан.
Мөн З.Рэгзэдмаа ярилцлагын үеэр “Цасан бөмбөлгийн онол”-ын талаар ч дурдаж байлаа. Өнхрөх тусам илүү томорно. Тиймээс аливаа сөрөг уур амьсгалыг маргаашт тээж очихгүй байхыг ажилчдадаа зөвлөдөг. Мөн бие биеийнхээ ажлыг харилцан хүндэлж, ямар үнэ цэн бүтээж буйг мэддэг байх нь уялдаа холбоотой ажиллахын хамгийн гол үндэс гэдгийг ч тодотгож байлаа.
“Манай үйлдвэрт чухал биш ганц ч хүн байхгүй. Тиймээс бие биеийнхээ юу хүсэж буйг ойлгож, чин сэтгэлээсээ ярилцдаг байх хэрэгтэй” гэж тэр хамт олондоо хэлдэг байна.
Сорилт, сургамж
“Ивээл” брэндийн үүсгэн байгуулагч З.Рэгзэдмаа хувцас үйлдвэрлэлийн салбарт хөл тавиад зургаан жил болж байгаа ч цар тахлын сүүдэрт багагүй хугацааг өнгөрүүлсэн. Бүх зүйл судалгаа, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байсан ч гэнэтхэн л тааварлашгүй байдалд орж, хурдтайгаар шийдвэр гаргаж дасан зохицохыг шаардах болов. Түүний хувьд аливаа чухал алхамд нарийн судалгаатай ханддаг байсан бол цар тахлын үед үйлдвэрүүд нь хаагдахад, шинэ туршлага хуримтлуулсан байна.
Цар тахлын улмаас бараа, материалын татан авалт удааширсан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд багагүй саад учруулж байлаа. Турк, Солонгос, Хятадаас биечлэн очиж, 7-10 хоногт материалаа татдаг байсан бол цар тахлын үед өмнөх нийлүүлэгчидтэйгээ цэвэр итгэлцэл дээр тулгуурлан харилцаж байв. Гараараа имэрч сонгодог материалаа и-мэйлээр захиална гэдэг амаргүй. Мөн захиалсан материал нь хоёр сар ирэхгүй байх ч энүүхэнд. Өмнө нь загвараа тодорхойлж төлөвлөсний дараа материалаа сонгодог байсан бол байгаа материалдаа түшиглэн залуусын трэндийг алдалгүйгээр брэндээ урлахад түүнд олон шинэ чадварууд туршлага болон хуримтлагджээ.
“Ивээл” брэндийн хувьд, нийт хэрэглэгчдийнх нь 50-60 хувийг 18-25 насны эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймдээ ч тэдний юу хүсэж буйг мэдэхийн судалгааг хэдэн сарын өмнөөс эхлүүлж, залуусын чиг хандлагыг соргогоор мэдрэхэд анхаардаг. Гэтэл цар тахлын үед хязгаарлагдмал нөхцөлд трэндээс хоцрохгүй байна гэдэг том сорилтыг дагуулж байжээ.
Мөн цар тахлын үед “Ивээл” брэндийн цахим захиалгын үйл явц илүү боловсронгуй болсон байна. Одоогоор нийт борлуулалтынх нь 20 орчим хувь нь цахим захиалгаар үйлчлүүлэгчдийн гарт хүрч байгаа аж. Цахим захиалга цар тахлын үед эрчимжиж, зарим үед өдрийн 400 шахам захиалга ирж байсан ч хэрэглэгчид бүтээгдэхүүнийг нь буцаах тохиолдол ч цөөнгүй байжээ.
Энэ бүхнээс сургамж авч, урласан хувцсаа биед тухтай, таарсан суулттай байхаар төлөвлөж, размерыг нь хүртэл хувцасны төрөл, материалын бүтцээс хамааруулан нарийн тооцож үйлдвэрлэх болжээ. Алдаанаасаа сургамж авч хөгждөг учир алдаандаа хайртай гэж З.Рэгзэдмаа хэлж байсан. Хамгийн гол нь цар тахлаас сургамж авч, бүтээгдэхүүнээ улам хөгжүүлж чадсан нь түүний хувьд хамгийн том ололтуудынх нь нэг байжээ.
Одоогоор ивээл брэндийг худалдан авагчдын тал хувь нь тус брэндийг ахин сонгодог бол 20 гаруй хувь нь дахин үйлчлүүлэхдээ өөр нэг шинэ үйлчлүүлэгчийг дагуулж ирдэг байна. Энэ бол “Ивээл брэнд хэрэглэгчдийнхээ итгэлийг алдалгүй урагшилж байгаагийн тод илрэл юм.
Дэлхийг дээлээр гоёно
Ивээлийнхэн цаашид дэлхийг дээлээр гоёх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Гэхдээ эн тэргүүнд дотоодын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх зорилготой. Тэдний хувьд, ирээдүйгээ тун гэгээлгээр төсөөлдөг. Таван жилийн дараа дотоодын зах зээлийн таван хувийг хангахаар зорьж байгаа бол 10 дахь жилдээ зах зээлийн 10 хувийг эзэлж чадна гэсэн итгэлтэйгээр урагшилж байна.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас экспорт хийхэд хүндрэлтэй байсан ч цаашид хилийн чанад дахь монгол туургатнуудад брэндээ хүргэхэд анхаарч байгаа аж. Гэхдээ хилийн чанадад дэлгүүр нээхэд харьцангуй төвөгтэй учраас тухайн улсад нь ажиллаж амьдардаг монголчуудтайгаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа ярилцлагын үеэр илэрхийлж байсан юм.
“Монгол дээл үнэхээр аугаа. Амьдралын хэв маягт хамгийн таатай хувцас. Тиймээс дэлхийг дээлээр гоёход анхаараад зогсохгүй бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхэд ихээхэн анхаарч байна” гэж мөн тэр онцолсон. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш “Ивээл” брэнд бүтэн жилийн хугацаанд 750 загвар гаргасан. “Цаашид судалгаан дээр үндэслэн загвараа улам баяжуулна. Одоо ч шинэ төсөл дээр ажиллаж байна” гэж Ивээл брэндийн үүсгэн байгуулагч З.Рэгзэдмаа онцолж байсан юм.