-Сайн байна уу? Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу.
Намайг Чиндэгсүрэн овогтой Чинбат гэдэг. Наашаа Тек ХХК-ийн үүсгэн байгуулагч ба одоогоор гүйцэтгэх захирлын албыг хашиж буй. Би Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн ангийг 2006 онд төгсөн, МУИС-ын онолын математикийн ангид сурч байсан. Удалгүй 2009 оноос Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Tokuyama Kosen болон The University of Electro-Communications сургуулиудад суралцсан. Дараа нь их сургуулиа төгсөөд Японы Brainpad компанид анхны гадаад IT инженерээр орж ажиллаж байгаад 2018 онд эх орондоо эргэн ирсэн.
-Та бидэнд Наашаа Тек ХХК-ийн талаар товч танилцуулна уу. Одоогоор ямар төрлийн үйлчилгээг Монголын болон дэлхийн хэрэглэгчдэд санал болгож байгаа вэ?
Бид 2018 онд Наашаа Тек ХХК-ийг үүсгэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар үндсэн 17 ажилтантай ба тэдний дийлэнх нь инженер мэргэжилтэй. Манай компанийн үндсэн бизнес “outsourcing” буюу “offshore development” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, манай инженерүүд болон менежерүүд гадаадын хэрэглэгчдийн технологийн төсөл дээр төвлөрөн ажилладаг гэсэн үг. Одоогоор манай баг Японы хоёр гарааны бизнес, хоёр технологийн компанитай хамтран ажиллаж буй. Хэдийгээр бид эх орондоо ямар нэгэн төсөл хараахан хэрэгжүүлээгүй байгаа ч ирээдүйд өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, гаргахыг эрмэлздэг.
-Танай компанийн үйлчилгээ бусдаас юугаараа онцлог вэ?
Миний хувьд дэлхийн бусад улстай харьцуулахад Монгол улсын мэдээллийн технологийн салбар хангалтгүй, дутмаг санагддаг. Манай компанийн онцлог буюу давуу тал бол боломжийн үнэ, хурд ба олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар гэж харж байна. Гэхдээ бид үүгээр өөрсдийгөө хязгаарлахгүй. Бид цаашид зөвхөн Наашаа Тек-ийн гэх “value” буюу “үнэ цэнэ”-ийг бүтээхээр зорин ажиллаж байна. Мэдээж хэрэг, тухайн үнэ цэнийг бүтээхийн тулд өдөр бүр бид өөрсдийгөө хөгжүүлж, өндөр үр дүнд хүрч, харилцагчдаа амжилтад хүргэн, дэлхийн түвшинд үнэлэгдэхийн төлөө ажиллацгааж байна.
Ер нь бол бид нэлээн зоригтой хамт олон. Тухайлбал, амжих эсэх нь тодорхойгүй, бүтэх эсэх нь эргэлзээтэй зүйлс дээр ч зоригтой байхыг хичээдэг. Тэр нь ч харилцагчдад маань таалагддаг. Гэхдээ эхлээд ямар эрсдэл байгааг харилцагчдадаа тайлбарлаж, ойлгуулсныхаа дараа л зоригтой алхам хийдэг гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Мөн аливаа хэвшмэл зүйлд баригдалгүй, уян хатан байхыг хичээдэг. Бидний арга барил нь “outsourcing” гэхээр excel file дээр юу хийхийг нь биччихсэн ирдэг байсан тэр цаг үеэс тэс өөр. Бид харилцагчдынхаа хамт олон дунд орж, цэвэр agile байдлаар тэдэнтэй тогтмол харилцаж, хамтдаа асуудлыг шийддэг нь онцлог юм.
-Наашаа Тек ХХК нь “наашаа” бидэн рүү ирж буй дэвшилтэт технологиудыг нутагшуулан, амьдралд өгөөжтэй шийдлүүдийг эрэлхийлэн, өнөөдрийг өчигдрөөс илүү дээр болгохыг зорьдог технологийн компани билээ. Тэгвэл, цаашид ямар дэвшилтэт технологийг нутагшуулахаар төлөвлөж байгаа вэ?
Дэвшилтэт технологиудыг нутагшуулна гэдэг нь зөвхөн Монголд гэсэн үг биш гэдгийг онцолмоор байна. Өдөр бүр дэлхий өнцөг булан бүрд сүүлийн үеийн шинэлэг технологиуд хэд хэдээрээ төрөн гарч байна. Гэвч, тэдгээр гайхалтай технологиудыг хүмүүсийн амьдралд эерэг нөлөө бий болгоход ашиглаж буй хэсэг нь цөөн. Ихэнх хүмүүс технологийг хэцүү, төвөгтэй, ойлгомжгүй зүйл гэж боддог юм шиг санагддаг. Тэдгээр хүмүүст хандаж бид “Огт тийм биш ээ! Технологи гэдэг чинь маш хялбархан зүйл. Та иймэрхүү байдлаар хэрэглээд л өөрсдийнхөө асуудлыг хормын дотор шийдчихэж болно шүү дээ.” гэж ойлгуулахыг хүсдэг. Товчхондоо, хүн технологи хоёрыг холбосон гүүр болохын төлөө ажиллаж байна.
Дэвшилтэт технологиудыг нутагшуулна гэдэг нь зөвхөн Монголд гэсэн үг биш гэдгийг онцолмоор байна.
Хэрэв Монголтойгоо холбоод бодвол, бидний дасан зохицох, дайчин чадвар нь тэдгээр технологиудыг номхруулан, хэрэглээ талд нь ойртуулахад дөхөмтэй санагддаг. Бид хэр баргийн зүйлийг хэцүү гэж боддоггүй, айдаггүй ба яаж ийж байгаад өөрсдөө болгочхоод байдаг болохоор тэр биз. Харин Монголдоо нутагшуулж буй технологийн хувьд хангалттай сайн ажиллаж чадаагүй л явна. Манай хамт олон сурч мэдсэн зүйлс, туршлагатаа үндэслэн эх орондоо шинэ технологи нутагшуулахыг боддог. Жишээ нь, бид япон харилцагчидтайгаа хамт нохойны царай ялгадаг системийг амжилттай нэвтрүүлээд байна. Яагаад үүний адилаар таван хошуу малыг ялгадаг систем бүтээж болохгүй гэж? Дашрамд хэлэхэд, эл систем дээр бид их сургуулиуд болон хүнс, хөдөө аж ахуйн компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаа.
-Танай хамт олон “Технологийг аль болох хүн бүрд хүртээмжтэй байлгах” гэсэн зорилт тавин ажилладаг. Энэхүү зорилтод хүрэхийн тулд ямар бэрхшээл, сорилттой тулгардаг вэ?
Технологийг хүн бүрд хүртээмжтэй болгохын тулд эхлээд өөрсдөө технологийг маш сайн эзэмших ёстой гэж би боддог. Тэгэхээр, өөрсөдтэйгөө сайн ажиллах нь хамгийн том бөгөөд эхний сорилт байх. Монголын хувьд суурь боловсролын хоцрогдол бусад улсуудтай харьцуулахад түгээмэл байдаг. Тухайлбал, Монгол хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлж сурахад нь ач холбогдол өгдөггүй. Тиймээс, өөрийн бодол, байр сууриа ойлгомжтой тайлбарлах тал дээр сул байдаг нь дараагийн нэг сорилт байж магадгүй. Энэ нь ажлын байран дээр ч ажиллагддаг. Жишээ нь гэхэд харилцагчтайгаа буруу ойлголцох байтугай хоорондоо буруу ойлголцох үе ч байна. Иймд, бид зогсолтгүй суралцахаас гадна мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, бие биедээ тус дэм болох соёлыг түлхүү дэлгэрүүлэхийг хичээн ажиллаж байна. Тэгсэн цагт л бид технологийг түгээн дэлгэрүүлдэг хамт олон болж чадна гэж итгэдэг.
-Таны бодлоор Монгол улс IT экспортлогч орон болох боломж хэр өндөртэй вэ? Түүнчлэн Монгол улс ямар төрлийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлох боломжтой вэ?
Би бол өндөр боломжтой гэж харж байгаа. Бидэн шиг IT экспортлогч компани илүү олон болоосой гэж бид хүсдэг. Харамсалтай нь, Монгол улс томоохон төсөл дээр ажиллах боломж бололцоо бага болов уу даа. Учир нь хүн ам цөөн, багаар ажиллах тал дээр сул төдийгүй IT-гийн мэргэжлээр сурдаг хүний тоо ч харьцангуй хомс. Гэхдээ, дээр дурдсанчлан бидэнд давуу талууд бас бий гэдгийг санах хэрэгтэй. Миний бодлоор, монголчууд харьцангуй дасан зохицох чадвартай, мэдрэмж сайтай хүмүүс шиг санагддаг. Энэ нь монголчууд бид ямар ч улсын хүмүүстэй харьцаж, ойлголцож чадах юм гэсэн итгэл төрүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрд тархан суурьшсан Монголчууд маань итали хүмүүстэй итали хүн шиг, япон хүнтэй япон хүн шиг харьцаж чадвал энэ маань том давуу тал болох болов уу.
Харин ажил гүйцэтгэх тал дээр бид аливаа зүйлийг 70 хувь хүртэл нь маш хурдан, сайн хийдэг. Гэвч, 90 эсвэл 100 хувь хүргэхдээ тааруухан гэхэд хилсдэхгүй. Тиймээс, бусад улстай хамтарч ажиллавал тохирох юм болов уу гэж би боддог. Жишээлбэл, хүн ам ихтэй, суурин соёлтой, нарийн зүйлс дээр төвлөрөх чадвар сайтай Ази тивийн оронтой хамтарч ажиллаж болох юм. Түүнчлэн IT-гаас гадна гэвэл бид сансрын технологийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.
-Монгол улс IT экспортлогч орон болсноор нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?
Ерөнхийдөө, экспортын төрөлжилт нь эдийн засгийн тогтвортой байдалд эергээр нөлөө үзүүлэх болов уу. Интернэт, компьютер гэх мэт зүйлс нь бидэнд хязгааргүй эрх чөлөөг бий болгож буй учраас Монгол улс газар зүйн байршлын сул талаа үүгээр нөхөх боломжтой.
Харин нийгэмд үзүүлэх нөлөө нь харьцангуй хязгаарлагдмал байх болов уу гэж бодож байна. Бид аль хэдийн дэлхийн сүүлийн үеийн гайхалтай технологиудыг ашигласан үйлчилгээнүүдийг авч байна. Тухайлбал, хөдөө ч гэсэн бид интернэт ашиглаж, ухаалаг утсан дээрээ хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системийг суулган, нарны зайн хураагуураа ашиглан компьютероо цэнэглэж, шинэ технологийн талаар уншиж судлах боломж бүрэн бий.
Манай компанийн хувьд цахим уулзалтынхаа дараа бие биедээ өөрсдийн ажиллаж буй орчин, ойр хавийнхаа байгалийг харуулдаг. Энэ үед л бид үнэхээр шинэ эринд амьдарч буйгаа мэдэрдэг. Би хувьдаа оюутан залуусын хараанд технологийн салбар илүү өртөж, илүү тэр чиглэлээр суралцаасай гэж хүсдэг.
-Монгол улсыг IT экспортлогч орон болгон хөгжүүлэхийн тулд хууль эрх зүй, татвар, боловсролын хувьд төрөөс ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?
Одоогоор бидэнд том саад байхгүй нь сайшаалтай. Тиймээс, энэ чигээрээ байгаасай ч гэж хүсэж байна. Мэдээж хэрэг, төрийн бодлогоор энэ салбарт залуусыг уриалж татах, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авч болох юм. Заримдаа 20 настай залуусыг өндөр нийгмийн даатгал, татвар төлж буйг хараад, мөн тэтгэвэр тогтоолгох жилийг нь бодохоор цалинг нь нэмчихмээр санагддаг. Мөн бид IT экспортлогч болохын тулд боловсролын салбарыг чанаржуулах хэрэгтэй. Урт хугацааны арга хэмжээ гэдгийг нь эс тооцвол хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсрол.
-Таныг Япон улсад суралцаж мөн ажиллаж байсан гэж сонссон. Таны бодлоор Япон улсын технологийн салбарын ямар сайн туршлагаас Монгол улсад хэрэгжүүлж болох вэ?
Намайг Японд технологийн коллежид суралцаж байхад онол заахаас гадна үйлдвэрлэл, инженерчлэл хийх талаар заадаг байв. Энэ нь ажлын байранд гарч, үнэ цэн бүтээхэд шаардлагатай туршлагуудыг онолоо үзэх үедээ хамт суралцдаг гэдгээрээ давуу талтай. Эл сургалтын тогтолцоо нь маш чухал ач холбогдолтой санагдсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улсыг сэргээн босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн ч гэж ярьдаг юм байна лээ. Иймд, Японд коллеж төгссөн монголчууд маань Япон улстай хамтран дээрх сургалтыг багтаасан сургуулиудыг Монголдоо амжилттай үүсгэн байгуулаад буй.
Монгол хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлж сурахад нь ач холбогдол өгдөггүй. Тиймээс, өөрийн бодол, байр сууриа ойлгомжтой тайлбарлах тал дээр сул байдаг нь дараагийн нэг сорилт байж магадгүй.
Түүнээс гадна, би их сургуульдаа үйлдвэрлэлийн менежмент, чанарын удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Хэрхэн чанартай бараа бүтээгдэхүүнийг аюулгүй бөгөөд бага зардлаар тогтвортой, чанартай үйлдвэрлэх вэ гэдгийг судалдаг байсан гэсэн үг. Эдгээр нь ажил дээр их хэрэг болно. Япон улс үйлдвэрлэлийн менежмент, чанарт анхаарахдаа нэлээд гаргуун. Жишээ нь л гэхэд Toyota компанийн алдартай Total Quality Management-ийг дурдаж болно.
Дээрх туршлагыг Монголдоо илүү нэвтрүүлбэл тохиромжтой гэж бодож байна. Энэ салбар бидний хувьд цоо шинэ зүйл бас биш. Социалист нийгмийн үед Монгол дахь үйлдвэрүүдэд дээрх төрлийн мэргэжилтнүүд байсан гэдэг. Аливаа бараа бүтээгдэхүүнийг бусад улс руу экспортлохын тулд зөвxөн гүйцэтгэлээс гадна эл төрлийн ажлын байранд ач холбогдол өгч, тодорхой стандартыг ямагт баримтлах шаардлагатай. Учир нь хэрвээ бид 10 хос эсгий улавч хийхдээ 20 өөр төрлийн эсгий улавч үйлдвэрлээд байвал гадаадын хэрэглэгчид худалдаж авахгүй шүү дээ. Энэ нь мэдээллийн технологийн бидний хувьд ч адил.
-Бидний ярилцлага өндөрлөхөөс өмнө та технологийн салбарт хөл тавихаар зэхэж буй оюутан залууст хандаж юу гэж хэлэх вэ?
Юуны өмнө үнэт цагаа тус ярилцлагыг уншихад зарцуулсан та бүхэнд баярлалаа. Монголынхоо оюутан залууст хандаж англи, хятад гэм мэт ямар нэгэн гадаад хэлийг заавал эзэмшээрэй гэж захимаар байна. Өнөө үед технологийн талаар шинэ мэдээлэл тогтмол авахын тулд гадаад хэл зайлшгүй шаардлагатай. Бидний эх хэл дээрх мэдээлэл хэтэрхий цөөн бөгөөд удаан хугацааны дараа орчуулагдан гарах сул талтай. Мөн аливаа гадаад хэлийг сураад зогсохгүй соёлыг нь ч бас хамт сурахыг хичээгээрэй.
Харин “hard skill” буюу технологийн мэдлэгийн хувьд өөрөө өөртөө цаг гарган мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой. Тэгэхээр өөрийгөө урамшуулах аргаа эртхэн олж аваарай гэж зөвлөе. “Дургүйд хүчгүй” гэдэг шиг дургүй зүйлс дээр хүн өөрийгөө удаан хүчилж чадахгүй учраас өөрт тохирсон, сонирхолтой суралцах арга барилаа хайж олоорой.
Yun lagiin. Goyo ah Chinbaa