Монгол Улсад тохиогоод буй өргөн хэрэглээний барааны үнийн огцом өсөлт иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсээр л. Үүнтэй холбогдуулан дотоодын болон олон улсын эдийн засаг судлаачид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон ойрын жилүүдэд учирч болох эрсдэл, түүнээс хэрхэн сэргийлэх, инфляцын өсөлтийг бууруулах талаар өөр өөрсдийн дүн шинжилгээг танилцуулсан. Олон улсын судалгааны “Economist Intelligence Unit” байгууллагаас санхүүгийн байдал энэ хэвээр үргэлжилбэл ойрын 3-4 жилийн хугацаанд Монгол Улсыг дефолт зарлах эрсдэлтэй хэмээн анхааруулсан юм. Тэдний гаргасан энэхүү мэдэгдлийн дараахан Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улс ойрын хоёр жилдээ дефолт зарлах эрсдэлгүй” хэмээн хариу мэдэгдсэн. Уг мэдэгдэлдээ хоёр жил гэсэн нь Олон улсын судалгааны байгууллагын мэдэгдсэнтэй хугацаа ойролцоо, 2024 оны сонгуулийн дараачаас бид эдийн засгийн хүндрэлд орох эрсдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч буй мэт. Гэхдээ Сангийн сайд үүнээс гадна энэхүү мэдээллийг мэдээлэлд ойр буй зарим улстөрч ашиг олох зорилгоор зориуд гаргаж буйг тойруу утгаар мэдэгдсэн. Өнөөгийн байдлаар дотоодын зах зээлд валютын ханш өмнөх оныхоос 10 хувиар чангарсан нь ирэх жил санхүүгийн хүндрэлд орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Мөн үүнээс гадна 2023 онд бид хоёр ч бондын төлбөрийг төлөх ёстой. Үүний нэг “Самурай” бонд нь Засгийн газрын баталгаатай бөгөөд ирэх оны 12 дугаар сарын төгсгөлөөр төлөгдөх 30 тэрбум иенийн өр юм. Харин Хөгжлийн банкнаас гаргасан 500 сая ам.долларын Евро бондыг есдүгээр сарын 25-нд төлөх бөгөөд энэхүү бондод Засгийн газрын зүгээс ямар нэгэн баталгаа гаргаж өгөөгүй гэдгээрээ ялгаатай. Засгийн газрын зүгээс баталгаа гаргаж өгсөн “Самурай” бондыг банкны зүгээс бүрэн барагдуулах боломж бүрдээд буй. Учир нь тус банкнаас хамгийн өндөр хэмжээний зээл авсан компаниуд эрх баригчдын мэдэгдлийн дараачаас эргэн төлөлтөө эрчимжүүлснээр одоогийн байдлаар 480 орчим тэрбум төгрөгийн буцаан төлөлт хийгдээд байна. Тус бондын 30 тэрбум иенийг төгрөгт шилжүүлбэл өнөөгийн ханшаар 720 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Одоогоор тус бондын эргэн төлөлт гуравны хоёртоо хүрээд байгаа бөгөөд ойрын хугацаанд үлдсэн хэмжээний мөнгөний эргэн төлөлт хийгдэх боломжтой хэмээн судлаачид үзжээ.
Гэхдээ Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдал одоогоор хүндхэн байгаа хэдий ч өнгөрөгч 2021 онд нэг тэрбум ам.долларын “Сенчири” төслийг хэрэгжүүлж бид энэхүү төслийнхөө эргэн төлөлтийг нэг жилийн өмнө төлж чадсан нь сайшаалтай. Хэрэв энэхүү төслийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлсөн бол төв банкны валютын нөөцөд илүү их дарамт ирж хасах үзүүлэлттэй болох эрсдэлтэй байсан юм. Үүнээс гадна төслийн эргэн төлөлтийг цагаас нь өмнө хийснээр олон улсын нэр хүндтэй байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байна гэж дүгнэхэд хүргэсэн эерэг талтайгаас гадна өмнө нь дурьдсан олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтэд хүрэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж болох юм.
Гэхдээ бондын эргэн төлөлтөөс харахад Засгийн газрын баталгаатай бондын төлбөрийг хийх боломж бидэнд байгаа мэт боловчиг өөр нэгэн хүндрэлийг бидэнд дагуулж байна. Учир нь жилийн өмнөхөн 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бид өдгөө 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Ерөнхийдөө олон улсын судалгаанаас харахад зээлийн эргэн төлөлт хийсэн улс орны валютын нөөц огцом буурсан үзүүлэлттэй гардаг. Хэрэв улсынхаа нэрийг бодож хамаг нөөцөө шавхан бондын эргэн төлөлтийг хийх юм бол бид илүү их эрсдэлтэй учрах магадлалтай. Тиймээс бондын эргэн төлөлтийг дахин зээл авч төлөх буюу хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхийн үлгэрээр төлж магадгүй. Хэрэв ийм байдлаар эргэн төлөлт хийнэ гэж үзвэл валютын нөөцийн үүднээс бодлогогүй шийдвэр болж байгаа юм. Эндээс бид яагаад ийм нөхцөлд хүрчхэв гэх асуулт урган гарч ирнэ. Энэхүү байдалд орох болсон гол шалтгаан бол үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өдий хэмжээний зээлийг үйлдвэрлэгчдэд олгосон ч үйлдвэрлэгч бус худалдан авагч улс хэвээр байгаад шалтгаан нь оршиж байна. Бидний гадаад зах зээлд гаргаж буй эцсийн бүтээгдэхүүнийн тоо нэмэгдэлгүй, цөөн тооны түүхий эдээ боловсруулалгүй экспортолж байгаатай холбоотой.
Жилийн өмнөхөн 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бид өдгөө 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй болсон.
Өөр нэгэн шалтгаан бол эдийн засгийн 98 орчим хувь нь түүхий эдийн зах зээлийн ханштай шууд холбоотой байгаад байгаа юм. Ам.долларыг бидэнд хамгийн ихээр авчирч буй түүхий нүүрс болон зэсийн баяжмалын үнийг улсын төсөв батлахдаа хэт өндөр үнээр тусган оруулсантай зэрэгцэн өндөр зардал гаргадаг нь эдийн засгийн хүндрэлд орж буй бас нэгэн шалтгаан болж байна. Өнгөрсөн оны төгсгөлд 2022 оны төсвийг батлахдаа 36.7 сая тонн нүүрс экспортолно хэмээн хэт өөдрөгөөр тооцоолж байсан бол тодотгол хийхдээ 18 сая тонн болгон бууруулсан. Энэхүү үзүүлэлт буурсан нь БНХАУ-тай холбоотой бөгөөд тус улсын зүгээс нүүрсний импортоо хязгаарлаж долоодугаар сарын байдлаар 23.5 сая тонн болгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1%-иар буурсан дүнтэй болж байгаа юм. Хэдийгээр импортын хэмжээ нь буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байсантай холбоотойгоор 2.3 тэрбум ам.долларын ашиг олсон. Энэ нь эхний хагас жилдээ бид тус салбараас олсон өнгөрсөн жилийнхээ орлогыг олчихлоо гэсэн үг юм. Үүнээс гадна Ерөнхий сайд нүүрсний хулгайн талаар хөндөж, анхаарал хандуулахаа ч мэдэгдсэн нь нүүрсний салбараас олох ашиг илүү ихээр нэмэгдэх магадлалтай.
Харин зэсийн баяжмалаа олон улсын зах зээлийн ханшаас 2000 ам.доллароор илүү үнээр тооцож төсөвтөө оруулсан нь хүндрэл үүсэх шалтгаан болж байгаа хэдий ч эхний хагас жилийн байдлаар төлөвлөснөөсөө 25%-иар илүү хэмжээний экспорт хийсэн нь эрсдэлийг бууруулж байна.
Гэхдээ инфляцын өсөлт дан ганц бидэнд тохиож буй хүндрэл биш бөгөөд Европ болон Америкт есөн хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн 40 орчим жилд тохиогоогүй өсөлт. Энэхүү огцом өсөлтийн эсрэг АНУ яаралтай тэмцсэнээрээ өнгөрөгч долоодугаар сард 8.5% болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Бидний гол экспортлогч өмнөд хөршид л гэхэд инфляц долоодугаар сарын байдлаар 2.7%-тай болсон нь сүүлийн хоёр жилийн хувьд хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байгаа юм.
Харин Монгол Улсын хувьд инфляц зургаадугаар сарын сүүлийн байдлаар 16 орчим хувийн өсөлттэй гарсан нь нэлээн өндөр үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны төгсгөлөөс гурав орчим хувиар өссөн инфляцын өсөлтийн 57.2% нь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа юм. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан дотоодын хүнсний ногоо, төрөл бүрийн өөх тос, гурилан болон сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ гээд бүгд өссөн дүнтэй ч хамгийн ихээр үнийн өсөлтөд өртсөн салбарыг тээврийн салбар тэргүүлж байна. Тээврийн салбарын өсөлтөд түүхий нефтийг хямд үнээр урагш гаргаж, зөвхөн хойд хөршөөсөө эцсийн бүтээгдэхүүн худалдан авах явдал хамгийн ихээр нөлөөлсөн.
Инфляцын өсөлтийн 57.2% нь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд 3.2%-ийн өсөлттэй байсан тус салбар энэ оны тухайн үеийн байдлаар 25.6%д хүрсэн нь бусад салбар, бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөр тэргүүлжээ. Харин энэхүү хугацаанд үнийн хувьд хамгийн бага өсөлт үзүүлсэн салбараар боловсролын салбар тодорсон байна. Энэхүү салбарын өсөлт дээрх хугацаанд 2.6%-ийн өсөлттэй гарсан нь боловсролын салбар ерөнхийдөө төрөөс шууд хараат байдлаар хөгжиж буйтай холбоотой.
Үүнээс гадна төрөөс шууд хамааралтай байдагтай холбогдуулан үүргээ бие даан гүйцэтгэж чадахгүй байгаа байгууллага бол Монголбанк. Тэдний зүгээс инфляцыг тогтмол нэг оронтой тоонд байлгахыг эрмэлздэг. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд тэдэнд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй. Гэвч төрийн зүгээс төсвийн хэт тэлэлтийг бий болгосноор тэдний мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь хааж, улмаар өөрсдийн хараат байдалд оруулдаг. Инфляц өсөхтэй холбогдуулан өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол банкийг бодлогын хүүгээ зургаан хувиас нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн судлаачид сануулж байсан. Гэсэн хэдий ч сануулгыг үл тоон явсаар долоон сарын дараачаас бодлогын хүүгээ богино хугацаанд удаа дараа нэмэгдүүлсээр өдгөө 10%-д хүргээд байна. Сануулсаар байтал хайхрамжгүй хандаж цаг хугацаа алдсантай холбогдуулан хүндрэлээс төдийлөн хурдан гарах нөхцөлийг үгүй болгочхож байгаа юм. Зайлшгүй нөхцөлд бодлогын хүүгээ өсгөхөөс гадна эрх баригчид төсвийн бодлогоо уялдуулж, балансыг нь тэнцвэртэй байлгах шаардлагатай. Ингэж гэмээ нь төсөв, мөнгөний бодлого хоёрыг тэнцвэржиж эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэх юм. Инфляцын өсөлтийг багасгах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөлийг харгалзан үзэж нэгдүгээр сарын төгсгөлд бодлогын хүүг 2.5%-иар өсгөсөн. Ийнхүү огцом нэмэгдүүлж байгаа нь дотоодын зах зээлд дохио өгч, үндэсний мөнгөн тэмдэгтийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Ийнхүү хүүг огцом нэмэгдүүлснээр өсөх хандлагатай байсан инфляцын өсөлт удааширч, тогтворжилт бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд наймдугаар сар гарснаас хойш ганцхан долоо хоногийн дотор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын мөн үеэс 3.9%, өмнөх долоо хоногийн ханшаас 1.9%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ дэлхий дахиныг хамарсан энэхүү санхүүгийн хүндрэл нь эдгээр бүтээгдэхүүний үнийг унагах магадлалтайг тооцоолж үзэх зайлшгүй шаардлагатай.
Мөн энэ үед Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг удаа дараа хойшлуулж, экспортоос олсон мөнгөний ихэнхийг халамжид хуваарилж байгаа нь инфляцын өсөлтийг нэмэгдүүлэх болон санхүүгийн тогтвортой бус байдалд оруулж байгааг тодотгох нь зүйтэй. Гэсэн хэдий ч Монгол Улс өрийн дээд хязгаараа тогтоосон, өр төлбөрөө зохицуулах санхүүгийн олон механизмтай, экспортолж буй бүтээгдэхүүний үнэ болон гаргаж буй хэмжээний өсөлт нь биднийг дэлхий дахинаа дефолтоо зарлах шаардлагагүй улс гэдгийг тодхон харуулж байна.