“Ээжээ финал авъя” гэх жаахан хүүгийн нүд олон өнгийн үзэг, дэвтэр дээр тусавч, өөрт хэрэгтэй ганцыг сонгов. Харандаа, хайч, цавуу гээд аль хямдаас нь түүвэрлэн бодуулсан ч 100 гаруй мянган төгрөг болжээ. Хижээл насных болов уу даа гэмээр ээж нь хүүдээ авсан зүйлсийнхээ төлбөрийг төлөхөөр картаа худалдагчид өгөв. “Ганц дэвтэр зарахгүй шүү. Заавал харандаа шугам, баллуур гээд олноор зарна” гэж лангууных нь ойролцоо ирэх хүмүүст зааварлан зогссон худалдагч хүүхэн “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж картыг нь буцаалаа. Өнөөх жаахан хүү “Тэгвэл финалаа болъё доо” гээд 20 орчим мянган төгрөгийн үнэтэй финалыг буцааж лангуун дээр тавив. Ингээд ээж хүү хоёр өөрсдийн санхүүгийн боломжинд тааруулан хичээлийн хэрэгслээ түм бужигнасан Нарантуул захаас бэлтгэв.
Үүгээр түүгээр янз бүрийн зүйлс хайж, заримдаа мөнгө нь хүрэхгүй дутаж, өөр хямдыг нь хайж явах иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилнэ.
Хичээлийн шинэ жил дөхөж буй учир хот хөдөөгийн оюутан, сурагчид хөл хөдөлгөөнд оржээ. Энэ утгаараа Нарантуул зах хөл гишгэх зайгүй бужигнаж байна. Иргэдийн худалдан авалт оргил үедээ хүрчээ. Үүгээр түүгээр янз бүрийн зүйлс хайж, заримдаа мөнгө нь хүрэхгүй дутаж, өөр хямдыг нь хайж явах иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Хэт их урсгал дундаас эхэлж уулзсан ээж хүү хоёрын тухай энд бичье. Нэг л өрхийн алдагдалтай төсвөөр улс орны эдийн засаг гэж томдсон дүгнэлт хэдийдсэн мөнгө ярихгүйгээр, хичээлийн шинэ жил өрхийн санхүүг хэрхэн дэглэж буй дүр зургийг харуулья.
7-хон настай ч ээжийгээ их сайн ойлгож, харцаар нь хөдлөх энэ хүү авсан 80 гаруй мянган төгрөгийн хичээлийн хэрэгслээ ганцаараа хэрэглэхгүй. Учир нь эднийх гурван хүүтэй айл. Өрхийн тэргүүн тохижилт үйлчилгээний компанид ажилладаг. Сардаа гар дээр 800 гаруй мянган төгрөг авдаг. Харин ээж нь хувийн цайны газарт угаагчаар ажилладаг. Сарын цалин мөн л 700 орчим мянга. Хаа очиж эднийх зээлгүй. Хэдийгээр хоёр зэрэг ажил хийж байгаа ч таван гишүүнтэй ам бүлд авч буй цалин нь тансаг хэрэглээний илүү дутуу гоё зүйл авч хүрэлцэхгүй, зөвхөн өргөн хэрэглээний хүнсээ аваад л таардаг аж. Харин есөн сарын 1-н болох гэж буйтай холбогдуулан, найман сард хүнс хэрэглээгээ жаахан танаж, 500 мянган төгрөг илүүчилж хадгалжээ. Үүндээ мэдээж бүгдийг шинээр бэлдэхгүй, зарим дууссан, хуучирсан зүйлийг нь шинэчлээд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байв. Гэтэл барааны үнэ тэнгэрт хадсанаас болоод төлөвлөгөө нь бүтэлгүйтэв. Хүүгийн ээж, “Дэвтэр, үзэг, харандаа гээд бүгдийг багтаахад л 80 гаруй мянган төгрөг болно гэж тооцоолсон. Өнгөрсөн жил энэ хэртэй мөнгөнд л бэлдэж байлаа. Үнэ нэмэгдлээ гэхэд л хүүхдүүдийнхээ эхний улиралд хэрэглэх дэвтрийг нь ч болов авчих болов уу гэж бодсон. Гэтэл юмны үнэ арай дэндүү өсжээ. Том хүү маань “Улаанбаатар принт”-ын дэвтэр аваарай гэж захисан юм. 96 хуудастай дэвтэр нь олдсон ч үгүй. Цаасгүй учраас үйлдвэрлэгдэхгүй байгаа гэнэ. Бид хоёр сая “Улаанбаатар принт”-ын 24 хуудастай дэвтэр 750 төгрөгөөр 20 ширхэг, 36 хуудастайг нь 850 төгрөгөөр 10 ширхгийг, 60 хуудастайг нь 1100 төгрөгөөр 10 ширхгийг авлаа. Польш дэвтэр нь 96 хуудастайгаас нь 1500 төгрөгөөр 10-ыг авлаа. 9 сарын 1-н ойртох тусам дэвтэр улам л үнэтэй болох юм шиг байна. Дан ганц дэвтэр зарахгүй гэнэ. Заавал бал үзэг, харандаатай хамт зарна гэдэг болчихжээ” хэмээн учирлав.
Ингээд ээж, хүү хоёр цэнхэр торыг дулимагхан дүүргэж гэртээ харилаа. Хүү авсан зүйлээ ганцаараа хэрэглэхгүй хоёр ахтайгаа хуваалцах юм байна.
Хоёр дахь өдөр хүү мөн л ээжийгээ дагаж захаар гарав. Энэ удаад ээж нь 200 орчим мянган төгрөгтэй. Ээжийгээ дагаж гарч буй ганц шалтгаан нь нэгдүгээр ангид шинээр орох тул дүрэмт хувцсаа өмсөж, тааруулж авахын тулд юм. Тэр хоёр дотооддын үйлдвэрлэлийн дүрэмт хувцас сонирхон “Баялаг-Ундраа” дэлгүүрийн хоёр давхраар явлаа. “Өүлэн” үйлдвэрийн бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас хүрэм, өмд, цамц, зангиа гээд нийлээд 164 мянган төгрөг. Харин урдаас оруулж ирж буй дүрэмт хувцаснууд бүгд 100 орчим мянга болж байна. Эцэст нь хүү 110 мянгаар дүрэмт хувцсаа Нарантуул захаас тааруулж авав. Илүү гарсан мөнгөндөө арван нэгдүгээр ангийн том ахдаа дотооддын үйлдвэрлэлийн цамц 38000 мянган төгрөгөөр, наймдугаар ангийн ахдаа 60000 мянган төгрөгийн өмд авлаа. Хүүгийн ээж, “Том хоёр хүүдээ дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцаснаас сонгож авлаа. Арай удаан өмсөх байлгүй. Мөн том ангийн хүүхдүүд учраас хямдыг нь арай голж магадгүй. Харин бага хүүдээ хямдаас нь сонгож авсан. Учир нь 1-2 жил болоод л багадаад хуучраад эхэлнэ. Тэр үед нь авч болох байлгүй дээ” гэж хэлэв.
Эднийх хэмнэж бас дахин хэмнэж 300 орчим мянган төгрөгөнд хичээлийн шинэ жилийн дутуу зүйлсээ нөхөж авлаа. Гэхдээ л пүүз, биеийн тамирын хувцас, цүнх гээд өөр бусад бэлдэх зүйлс их байгаа тул үлдсэн 200 мянган төгрөг нь хаанаа ч хүрэхгүй нь илт. Тиймээс 500 мянган төгрөг танилаасаа зээлэв. Ингээд “чү ай” урд хормойгоо ард хормойгооро нөхөн байж, нэг сая орчим төгрөгөнд хичээлийн шинэ жилдээ бэлдэж байна.
Зөвхөн нэн шаардлагатайг нь юун түрүүнд авч өгөх бор амьдралын үнэн ийм байна. Нарантуул захын лангуунаас лангуу хоорондын нарийн гармаар хоорондоо зөрж багталцахгүй хүмүүс холхилдоно. Тэдний хэдийнх нь ард ийм тооцоо, бодит байдал явж байгаа бол?