Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад старт ап бизнес хөгжих экосистем Монголд эрчимтэй тэлж байна. Үүнд том хувь үүрэгтэй оролцож буй байгууллага бол MStars HUB хурдасгуур юм. Ирээдүйд тэсрэлт авчрах боломжтой санаануудыг бизнес болгон төлөвшүүлж, хөрөнгө оруулалт авахуйц шатанд бэлдэж гаргадаг энэ хөтөлбөрийн хоёр дахь элсэлт ид явагдаж байна.
MStars HUB-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажамцтай уулзахад тэрээр эхний төгсөлтийн 11 компаниас таван компани нь хөрөнгө оруулагчтай болсон гэсэн баяртай мэдээг дуулгалаа.
Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач
Өнөөдөр би нэг хөрөнгө оруулагчтай уулзаад орж ирлээ. Манай өнгөрсөн хөтөлбөрийн гишүүн байсан барилгын салбарын Артум старт ап компани хөрөнгө оруулалтын нөхцөлүүдээ хөрөнгө оруулагчтай тохирч чадлаа. Энэ бол захиалагч, гүйцэтгэгч хоёрыг холбож ажилладаг платформ юм.
Хоёр дахь элсэлт явагдаж байна. Анхны төгсөлтөөс ямар гол үр дүнгүүд гарсан бэ?
Нэгдүгээрт, Манай хөтөлбөрийг төгссөн старт апууд хөрөнгө оруулалт авч байгаа нь мэдээж хамгийн чухал үр дүн. 11 старт апаас таван компани нь хөрөнгө оруулалт аваад гэрээ байгуулчихсан явж байна. Цаана нь 2-3 компани хэлэлцээ хийгээд явж байна.
Хоёрдугаарт эхний жилдээ дүгнэлт хийж, хөтөлбөрөө улам чамбайруулсан. Хөтөлбөрийн үндсэн хэсгүүд болох мастерклассын хэлбэрээр явагддаг менторшипын ажлууд, нетворкинг үүсгэх арга хэмжээ зэргээ эргэн сайн нягталж, аль нь хэтрээд аль нь дутагдаад байгаа дээр шинжилгээ хийсэн.
Гуравдугаарт, манай хөтөлбөрийн ментор болох хүсэлтэй бизнес эрхлэгчид, зөвлөхүүд нэлээдгүй болсон. Ийм хүсэлтүүдэд бид нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.
Дөрөвдүгээрт, үндсэн хөтөлбөрөөсөө гадна MCS группийн хүрээндээ инновацын багууд руу чиглэсэн дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Таван баг шалгарч богино хугацаанд санаануудаа сайжруулж, зарим нь хөгжүүлэлт хийгээд төгслөө.
Хөтөлбөрийг сонирхож байгаа хүмүүстээ зориулаад эхний хөтөлбөр яг ямар процессоор явагдсаныг эргээд сануулбал?
Үндсэн хөтөлбөрийн хувьд жилд нэг удаа элсэлт аваад төгсгөдөг. Есдүгээр сарын эхээр элсэлтээ авдаг бөгөөд одоо элсэлт ид явж байна. Дараа нь сонгон шалгаруулалтын үе шат хоёр долоо хоног үргэлжилдэг. Шалгарсан старт апуудаа хамруулан 10 дугаар сарын эхээр хөтөлбөр эхэлж, тэр нь 5-6 сар үргэлжлэн, дараа жилийнхээ хавар дуусдаг.
Манай хөтөлбөрт элсэх хүсэлтүүдээс сонгосны дараа шалгарсан старт апуудтай бид зарим нөхцөл тохирч, хэлцэл байгуулдаг. Үндсэн хөтөлбөр дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эхний сард бид старт апуудынхаа бизнесийн санааг нь үнэлж, үнэхээр бизнес болж чадах эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
Хоёр дахь хэсэгт борлуулалт хийх, аппликэйшн, брэнд, зах зээлээ хөгжүүлэх багийг чадавхжуулах зэргээр гүйцэтгэлийг хангадаг. Гурав дахь хэсэгт хөрөнгө оруулагчидтай харилцах, тэдний хэлээр ярих, ойлголцох, найраагаа хэрхэн зөв хийх зэрэгт суралцаж, эдгээрт чиглэсэн мастеркласс сургалтууд явагдана. Хамгийн сүүлийн оргил үе шат бол Demo Day арга хэмжээ бөгөөд старт апууд өөрсдийн бизнесээ танилцуулна. Энэ арга хэмжээнд манай үндсэн хөрөнгө оруулагч MSC Ventures компаниас гадна Монголд ажилладаг хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид, томоохон бизнес эрхлэгчид, компаниуд гэх мэтчилэн сонирхсон бүх талуудыг нээлттэйгээр урьдаг.
Хар үгээр яривал та бүхэн жижигхэн бизнесүүдийг “үйлдвэрлэдэг” системийг ажиллуулж байна. Энэ хөтөлбөр бизнесийн сайн санаанд хөрөнгө оруулах сонирхолтой мөнгөтэй хүмүүст ямар ач холбогдолтой гэж харж байна?
Эхний хөтөлбөрөөр 100 гаруй хүсэлт ирснээс долоон хувийг нь л бид шалгаруулж авсан. Өөрөөр хэлбэл, нэлээн өндөр шалгуураар орж ирдэг. Тэгэхээр муу санаанууд шалгардаггүй, шалгарсан санаанууд улам сайжраад гардаг болохоор Demo Day арга хэмжээн дээр хөрөнгө оруулагчдын өмнө өсөлтийн шатанд дөнгөж гараад байгаа, цааш нь хөгжүүлээд, тэлээд аваад явахад бэлэн стар апууд найраагаа хийдэг гэсэн үг.
Demo Day арга хэмжээн дээр хөрөнгө оруулагчдын өмнө өсөлтийн шатанд дөнгөж гараад байгаа, цааш нь хөгжүүлээд, тэлээд аваад явахад бэлэн стар апууд найраагаа хийдэг.
Түүнээс гадна манай хөтөлбөрийн менторууд, бизнесийн үүсгэн байгуулагчид өөрсдийн шалгарсан арга туршлага, алдаа оноог харамгүй заадаг болохоор эрсдэл тэр хэрээр багасна. Энэ нь хөрөнгө оруулагчдад их таалагддаг.
Хоёр дахь элсэлтээс ямар хүлээлттэй байна вэ?
Саяхан бид Идеатон гэдэг форматаар бизнесийн санаанууд шалгаруулах уралдаан зохион байгуулсан. Эндээс харахад хоёр дахь элсэлтээр гадаад зах зээлд чиглэсэн старт апын санаанууд орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Хөтөлбөр илүү чамбайрсан учраас хоёр дахь хөтөлбөрөөс сайн үр дүн хүлээж байгаа. Өнгөрсөн хөтөлбөр дээр старт апууд өөрсдийн санаан дээр сайн сууж боловсруулах хугацаа багадаж, мастер класс сургалтууд жаахан ихэдсэн тал бий. Тиймээс сургалтуудаа илүү оновчтой болгож байгаа. Хоёрдугаарт, менторууд болон хөрөнгө оруулагчдын сүлжээ тэлж байна.
Шалгуурын хувьд гэвэл технологийн салбарт ажиллаж буй старт апуудыг сонгоно гэсэн үндсэн шалгууртай.
Энд старт ап, гарааны бизнес гэсэн хоёр ойлголтын ялгааг хэлж өгөх хэрэгтэй болов уу. Старт ап бизнес бол тодорхойгүй нөхцөлд шинэ үнэ цэн бүтээж буй бизнес буюу хүмүүсийн нэгдэл гэж олон улсад тодорхойлдог. Хүмүүсийн нэгдэл нь голдуу компани юм уу эсвэл баг байдаг. Старт ап нь том корпорацын инновацын нэгж хэлбэрээр ч бий болдог.
Старт ап бизнес бол тодорхойгүй нөхцөлд шинэ үнэ цэн бүтээж буй бизнес буюу хүмүүсийн нэгдэл.
Гарааны бизнесийн хувьд голдуу өрсөлдөгч олонтой уламжлалт зах зээлд ажилладаг бол старт апууд өрсөлдөөнгүй зах зээлд шинэ зүйл бий болгодог. Старт апууд ирээдүйд тэсрэлттэй өсөх потенциал агуулдаг. Орчин үед тийм тэсрэлт авчрахад хамгийн боломжтой чиглэл бол технологийн салбар.
Танай хөтөлбөрийг төгсөөд хөрөнгө оруулалт аваад гарсан компаниудтай харилцаагаа цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?
Төгсөгчидтэй байнгын холбоотой байна. Хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар байнга мэдээлнэ, гадна, дотнын боломжит хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцах арга хэмжээнүүд зохион байгуулна. Байнгын холбоо, харилцаатай байлгах бусад арга хэмжээг ч тогтмол явуулна. Амжилттай яваа старт апууд дундаас цаашдаа менторууд, хөрөнгө оруулагчид төрөх магадлал ч өндөр.
MStars HUB гэх байгууллагын алсын хараа, зорилгын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх?
Авьяас, ур чадвар бол дэлхий даяар жигд тархсан гэж эрдэмтэд үздэг. Нью-Йорк, Улаанбаатар хоёрт ирээдүйд тэсрэлт хийх бизнесүүд төрж болно. Харин авьяасыг илрүүлж хөгжүүлэх дэд бүтэц улс орон болгонд харилцан адилгүй. Тиймээс хөгжингүй орнуудын хөрөнгө оруулагчид дэлхий даяар урилга илгээж, сайн санаануудыг “олборлодог”.
Бидний хувьд сайн санаануудыг заавал гаднын хөрөнгө оруулалтаар хөгжүүлэх биш, өөрсдөө хөрөнгө оруулан хөгжүүлж үнэ цэн нэмээд, өөрөөр хэлбэл, бизнес болсон хойно нь гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож болно гэж үзсэн. Ийм маягаар бид Монголдоо экосистемээ хөгжүүлэхийг зорьж байна. Бид оюуны зах зээлийг хөгжүүлж, уул уурхайн бус экспортыг тэлэхэд хувь нэмрээ оруулах алсын хараатай.
Манай үндсэн хөрөнгө оруулагч бол MSC Ventures. Энэ байгууллага нь зах зээлээ олчихсон, өөрийн бүтээгдэхүүнтэй, өсөлт хийхэд хүний, санхүүгийн гэх мэт төрөл бүрийн нөөц хэрэгтэй байгаа старт апуудад хөрөнгө оруулдаг. Харин тэр шатанд хүрч чадаагүй старт апуудыг гаргаж ирэх нь манай хурдасгуур хөтөлбөрийн зорилго юм.
***
MStars Hub-ийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдах:
https://mstars.mn/apply/ (Заавал компани болсон байх шаардлагагүй)
09 сарын 09ны 23:59 минутад бүртгэл хаагдана.
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/MStarsHub
Веб сайт: https://mstars.mn/
Утас: 7777 2838
Эхний хөтөлбөрт шалгарч төгссөн старт апууд:
100ail.mn. Барилгын материалын цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээтэй цогц платформ
Uparking. Зогсоолын ашиглалт болон хүртээмжийг нэмэгдүүлэх дижитал шийдэл
Blindcare. Сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ
Easycook. Бүх төрлийн урьдчилж савлан бэлтгэсэн бүтээгдэхүүн.
Momade. Виртуал туслах
Qmenu. Ресторан удирдлагын цогц систем.
LingoS. Энтертайнментаар гадаад хэл сургана.
Khangal Systems. СӨХ-ийн программ
Ger Smart. Автоматжуулалт
Monarty. Монголын дүрслэх урлагийн нэгдсэн суваг
ARTUM. Барилгын салбарын хүний нөөц, захиалагч нарыг холбосон систем