Ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өөрийгөө чанга дуугаар зарлаж буй “Nolur” брэнд есдүгээр сарын 3-нд “INFINITY 2022” нэртэй анхныхаа загварын шоуг “Sky resort”-ын байгалийн сайханд явагдлаа.
Шоуны зохион байгуулалтад өөлөх зүйл байсангүй. Арга хэмжээг эхлүүлж Богд хан уулын ар энгэрт “Уяхан замбуутивийн наран” дуу эгшиглэв. Харин шоуны явцад уламжлал болон орчин үеийн элементүүдийг хослуулсан хөгжмийн бүтээлүүд нь загвар өмсөгч бүсгүйчүүдийн ганхан алхаа, тэдний өмссөн ноолууран хувцаснуудтай төгс хосолжээ.
“Nolur” брэндийг 30-аад жил найзалж нөхөрлөж буй Б.Пунсалдулам, Г.Энхдэлгэрэх, Т.Хүрэлчимэг, У.Уранзаяа гэх дөрвөн найз бүсгүйн үүсгэн байгуулжээ. Энэхүү шоунд танилцуулсан 70 гаруй загвар нь тэдний өнгөрсөн гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Дөрвөн найз амьдралын зорилго, үнэт зүйлсээрээ нэгдэж, анх нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд өөрсдийн боломжоороо тусалдаг хүмүүнлэг үйлс зохион байгуулдаг байв. Олонд зарлаж байгаагүй ч маш олон хүүхдэд тусалж баярлуулжээ.
“Nolur” брэндийнхээ философийг тодорхойлохдоо тэд “байгальд ээлтэй” байх зарчмыг үндэс болгож, алсын хараагаа “Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд тав тух, гоозүй, цэвэр байгалийн байдлаараа танигдсан тогтвортой монгол ноолуурын брэнд болно” гэж томьёолжээ. Тиймээс байгальд зохион байгуулсан, дотоод гадаадын 250 гаруй зочин оролцсон тэдний анхны загварын шоу арга хэмжээнээс байгалиа энэрэх сэтгэл, гоо үзэсгэлэнгийн агуулга, уур амьсгал мэдрэгдэж байв. Өөрөөр хэлбэл, энэ шоун дээр байгалийн сайхан, хувцасны сайхан, хүний сайхан гурав төгс хоршжээ гэж хэлж болно.
Энэ шоун дээр байгалийн сайхан, хувцасны сайхан, хүний сайхан гурав төгс хоршжээ.
Тэд өөрсдийн бүтээлээр дамжуулж хүн хүнээ, хүн байгалиа хайрлах сэтгэлийг илэрхийлэхийг хүсдэг гэж ярьж байлаа. Энэ утгаараа Нолур брэнд бол зүгээр нэг ноолууран хувцас биш, шоунд оролцсон нэгэн зочны бичсэнээр Нолур бол өгөхийн хүсэл шингээж урласан тансаг бүтээгдэхүүн ажээ.
Энэ тансаг брэндийг дөрвөн найз анхнаасаа гаднын зах зээлд зориулж бүтээсэн байна. Гэвч цар тахал тэдний төлөвлөгөөг нураасан учраас 2020 онд “Sky resort”-д Асем Клабхауст анхны дэлгүүрээ нээх шийдвэрийг үүсгэн байгуулагчид гаргажээ. Хэдийгээр цагийн хуваарийн хязгаарлалтаас болж хаалттай өдрүүд олон байсан ч тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд цар тахлын жилүүдэд ч олон тооны байнгын буюу үнэнч хэрэглэгчтэй болсон байна. Улмаар тэдний бүтээгдэхүүнийг хотын төвөөс авах гэсэн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хоёр дахь дэлгүүрээ Шангри-Ла Молл-д нээжээ.
Дотоодын зах зээлд байр сууриа нэгэнт бэхжүүлсэн “Nolur” брэндээ дөрвөн найз бүсгүй цаашдаа дэлхийд гаргах үндсэн зорилго, амбицаа өвөртлөн ажиллаж байна. Үүний хүрээнд анхны алхам болгож гадаадын худалдан авагчдад зориулаад www.nolur.online платформыг ажиллуулж эхэлжээ. Эдүгээ “Nolur” брэнд нь нийт 300 гаруй загвартай болсон бөгөөд ноолууран хуримын даашинз урласан анхны кашемир брэнд болсон гэдгээрээ ялгардаг. Түүнчлэн хувцаснууд нь ямааны шигшмэл хольцгүй цэвэр ноолууран болон торгоны хольцтой гэсэн 2 төрлийн утсаар сүлжигддэг ажээ. Торгон ноолуураар хийсэн хувцас хөнгөн, нимгэн, гоёмсог бөгөөд түүгээр оффиссын болон гоёлын загваруудыг хийхэд тохиромжтой байдаг юм байна. Нолур брэндийн хувцаснууд өмсөхөд эвтэй, загварууд нь ховор давтагддаг, цөөхөн тоогоор үйлдвэрлэгддэг онцлогтой аж.
Ийнхүү Нолур брэнд нь энэ дөрвөн бүсгүйн удаан жилийн нөхөрлөл, хязгааргүй хүсэл мөрөөдөл нь улс орны нэрийн хуудас болсон дэлхийд танигдсан “шилдэг ноолуурын брэнд ” болоход тун ойрхон байгаа нь дээрх шоунаас харагдлаа. Шоуныхаа нэрийг “Infinity” гэж нэрлэсэн нь тэдний алсын хүсэл мөрөөдөл, алсын хараа нь эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй хязгааргүй гэсэн утгыг илэрхийлсэн аж.
Онлайн дэлгүүр: nolur.online
Утас: 7777 2177