“Milkman Delivery” ХХК нь уламжлалт арга технологийн дагуу сүү сүүн бүтээгдэхүүнийг дөрвөн улирлын туршид үйлдвэрлэн нийслэлийн хэрэглэгчид хүргээд хоёр жил болж байна. Өдөр бүр шинэ өрөм, тараг, сүүг захиалагчийн гэрт хүргэж өгдөг, хольцгүй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ энэ брэнд бусдаас онцлог. Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Э.Гантөгстэй ярилцлаа.
-Бизнесийн санаагаа анх хэрхэн яаж олж байв. Компаниа үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцвал?
-Компанийн түүх гэвэл өрөмний үйлдвэрлэлээс л эхлэлтэй. Манай эхнэр жирэмсэн байхдаа шинэ өрөм идье” гээд бид фэйсбүүкээр нэлээд хайж байлаа. Тухайн үед их дэлгүүрт л цөөн тоогоор шинэ, нойтон өрөм зарагдаж байсан. Өвөл болохоор ховордчихдог юм билээ. Үндсэндээ сүү ховордоод ирэхээр нойтон өрөм олдохгүй болсон ч зах зээлийн эрэлт нь нэмэгдсээр л байв. Тодорхой хугацаанд судалсны дараа үйлдвэрлэгчийн гар дээрээс бэлэн өрөм худалдаж аваад, өөрсдийн логогоо наагаад дэлгүүрүүдээр борлуулж үзсэн. Үүнийгээ хүргэлтийн үйлчилгээтэй хослуулж, янз бүрийн аргаар л туршив. Хагас жил орчим яваад л үйл ажиллагаа тогтвортой биш болоод ирсэн. Нөгөө л хүйтэн сэрүүн орохоор сүү ховордож, өрөм тасалдах бэрхшээл ахиад л тулгарч байлаа. Өмнө нь эрэлт ихтэй бүтээгдэхүүн гэж хардаг байсан бол туршаад, оролдоод үзсэнийхээ дараа үйлдвэрлэгч өнцгөөс харж эхэлсэн. Ингээд багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж эхлэв. Өрөмний үйлдвэрлэлийг дагаад тараг, аарц, хайлмаг гээд бусад бүх сүү цагаан идээг үйлдвэрлэх процесс явагдсан. Улмаар үйлдвэрлэлээ тэлж, дараагийн шатанд гаръя гэсэн зорилгын төлөө бид ажиллаж байлаа. Энэ ч утгаараа Шарк-Танк нэвтрүүлэгт орж, Н.Мөнхнасан шаркаас хөрөнгө оруулалт авч чадсан. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлж, үйлдвэрийн байр өөр түвшинд очсон. “Milkman Delivery” компани 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дараагийн зорилго руугаа тэмүүлж ажиллаж байна.
– Компаниа яагаад “Milkman” гэж нэрлэсэн бэ?
-20-р зууны эхэн үед Америкт сүү зөөдөг хүмүүсийг “Milkman” гэж нэрийддэг байсан гэдэг. Үүнээс санаа авч нэрлэсэн.
-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Бизнесийн салбарт өмнө нь ажиллаж байв уу?
-Би МУИС-ийн Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. НҮБ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан агентлагт таван жил ажилласан. Надад бизнесийн туршлага байхгүй ч тодорхой хэмжээний үнэ цэн бүтээх, нийслэлд төдийлөн хөгжөөгүй үйлчилгээг турших гэсэн зорилго тэмүүлэл байсан болохоор огт мэдэхгүй салбар руугаа зориглоод орж билээ.
-Хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэж, зах зээлд ямар үнэ цэнэ бүтээж байгаа вэ?
-Сүү цагаан идээг малчид түлхүү үйлдвэрлэж, нийслэл рүү нийлүүлдэг. Өвөл болохоор сүү ховордоод өрөм, тараг, ааруул нийслэлийн дэлгүүрүүдэд харагддаггүй. Тиймээс манай компани Улаанбаатарт байхгүй үйлчилгээг л нэвтрүүлж байгаа юм. Шинэхэн өрөм, тараг, ааруул, ээзгий, хайлмаг, шар тос гээд 20 гаруй бүтээгдэхүүнийг гэрийнхээ үүдэнд хүргүүлээд авах боломжийг хэрэглэгчдэд олгож буй. Манай бүтээгдэхүүн гашлаад муудах тохиолдолд энэ нь нэг талдаа хадгалалт түгээлтийн явцад алдаа гарснаас болсон ч нөгөө талаараа ямар ч хольцгүй органик чанартай гэдгийн баталгаа юм. Үйлчилгээний хувьд бид хэрэглэгчидтэй шууд харьцаж санал хүсэлт, гомдлоо сонсож аль болох зөв харилцааг эрхэмлэдэг. Хамгийн сүүлд гэхэд л хэрэглэгчдийн зүгээс “Бүтээгдэхүүн гоё байна. Гэхдээ хүргэлт удаан байна” гэсэн гомдлыг ирүүлэв. Манайх хүргэлтийн хоёр машинаараа өдөрт 40-50, ачаалал ихтэй үед 80-100 удаа хүргэлт хийдэг. Тэгэхээр хүргэлт удаан байх нь аргагүй. Бид үүнд илүү ач холбогдол өгч, Pickpack компанитай хамтран түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж ажиллахаар болж байгаа.
-Монголчууд ааруулаа гэрийнхээ гадаа нар салхид тавьж хатаадаг уламжлалт аргатай шүү дээ. Үүнийг үйлдвэрлэлийн процесс руу шилжүүлэхээр амт чанарын хувьд өөрчлөлт гарах уу?
-Эхэн үедээ их төвөгтэй асуудлын нэг нь энэ байлаа. Цагаан идээ бол яах аргагүй байгалийн нөлөөгөөр амт чанартай болдог. Тэгэхээр шууд хатаагч машин ашиглаад ч юм уу, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хэрэглэхээр амт өөрчлөгдөнө. Тиймээс бид ямар нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмж ашиглахгүй, уламжлалт арга буюу гараар бүх бүтээгдэхүүнээ хийдэг. Маш их хөдөлмөр зарцуулна. Ааруул үйлдвэрлэх процесс гэхэд нэг нэгээр нь зүсэж, задгай тавж хатаана. Зүсэгч, хатаагч машин хэрэглэхгүй. Тиймээс хөдөө агаарт хатсанаас төдийлөн ялгаа багатай бүтээгдэхүүн гарч байгаа. Бүтээгдэхүүний амт чанар түүхий эдээсээ л шууд хамаардаг юм билээ. Өөрөөр хэлбэл, сүүний тослог, найрлагаас амт шууд шалтгаална. Монгол үнээний сүү, фермийн сүү, сарлагын сүү гээд ялгаатай амттай. Манайх сүүгээ Ар гүнт, Партизаны сангийн аж ахуй, Батсүмбэр гээд газруудаас авч байгаа.
-Борлуулалт гаргасан өрөм тухайн өдөртөө борлуулагдахгүй бол яах вэ?
-Өдөр бүр нэн тэргүүнд борлуулах ёстой бүтээгдэхүүн бол сүү, тараг, өрөм. Энэ гурав тухайн өдрөө борлуулагдахгүй тохиолдолд дараагийн бүтээгдэхүүн рүүгээ шилжүүлнэ. Жишээлбэл, өрөмнөөс хайлмаг, тарагнаас аарц, сүүнээс бяслаг, ээзгий гаргаж авна. Хурдан мууддаг ч гэсэн системийг нь зөв зохиовол хаягдал гарахгүй. Дараагийн бүтээгдэхүүнээс дараагийн бүтээгдэхүүн гэсээр байгаад шар тос ч юм уу удаан хадгалах боломжтой бүтээгдэхүүн бий болдог. 1.5 тонн түүхийн сүү боловсруулж бүх бүтээгдэхүүнээ гар аргаар үйлдвэрлэн гаргадаг. 120 орчим тооны нойтон өрөм, 800 гаруй литр сүү хөөрүүлж, энэ хэмжээний тараг үйлдвэрлэдэг. Өрөм бол бусад бүтээгдэхүүнийг бодвол харьцангуй борлуулалт өндөртэй.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад тань өөр ямар бэрхшээлүүд тулгарч байв. Тэдгээрийг хэрхэн даван туулсан бэ?
-2020 онд дөнгөж дэлгүүрүүдээр өрөм зараад эхэлж байхад, “Ковид-19” гарч, хөл хорионд орсон. Тухайн үед хүнсний үйлдвэрлэлийн борлуулалт өсөж, учиргүй дампуурчихгүй даваад гарч билээ. Дараа нь 2021 оны нэг, хоёрдугаар сараас бага хэмжээгээр үйлдвэрлэлээ явуулж эхэлтэл их амархан байв. Харин их хэмжээгээр үйлдвэрлэхэд сүү гашилгахгүй байх гэх мэт процессийн хувьд их ажилтай болчихов. Түүхий эдээ авна, зөв хадгална, боловсруулна, эцсийн бүтээгдэхүүн болгоод, зөв савлах гэх мэт. Тэр бүр тусдаа стандартай. Хүний нөөц, маркетингийн хувьд байнга ажиллах шаардлагатай болж байгаа юм. Одоо ч асуудал их байгаа. Хамгийн чухал зүйл нь анх эхэлж байхдаа баримталж байсан зарчмынхаа дагуу л тууштай явах юм билээ. Бид бизнесээ эхлэхдээ, мөнгө олно, ашигтай ажилна гэхээс илүүтэй цэвэр үнэ цэнэтэй, хүмүүст хэрэгтэй үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн зарчмыг л баримталсан.
-Хэрэглэгчдийн хувьд, ямар хүмүүс ихэвчлэн захиалж байгаа вэ?
-Органик хөдөөний амтыг өдөр тутамдаа амтлахыг хүссэн, баталгаатай газраас чанартай үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүс ихэвчлэн авдаг. Үүнийгэ дагаад үнэ өртэй арай өндөр. Шилтэй бүтээгдэхүүнүүд арай илүү үнэтэй. Жишээ нь, нэг литр шилтэй сүүг 6900 төгрөгөөр борлуулж байгаа. Гэтэл үйлдвэрийн сүү 4000, задгай зарж байгаа сүү 2000 үйлдвэрлэгчийн гар дээрээс үүнээс ч хямдаар авна.
-Сав баглаа боодлоо хаанаас авдаг вэ?
-Шилийг БНХАУ-аас захиалж авч байгаа. Бусад савлагааны хувьд, Улаанбаатар хотоос худалдаж авдаг. Шил дуусаад урдаас авчрах гэхээр нэг талдаа валютын урсгал, нөгөө талдаа хог хаягдал үүсээд байна. Тиймээс бид үүнд илүү анхаарч, хэрэглэгчид маань шилээ буцааж, өгөөд дахин ашигладаг технологи руу шилжүүлж байна. Задгайгаар борлуулалт хийгээд шилээ худалдаж авахад 10-15 хувийг нь буцаадаг. Манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчид маань шилээ 100 хувь буцаадаг болгох тал дээр ажиллаж байгаа. Тиймээс байнгын үйлчлүүлэгч нартаа гишүүнчлэл санал болгож буй. Шиллтэй сүү нэг ширхэгээрээ 6900 төгрөгөөр зарагдаж байгаа бол, гишүүнчлэлийн эрхтэй үйлчлүүлэгчид маань шилээ буцаагаад 2900 төгрөгөөр авч болно. Харьцангуй өөр үнэ цэнэ, үйлчилгээ яваад байгаа юм. Одоогоор 80 орчим гишүүн хэрэглэгчидтэй болсон. Борлуулж байгаа зургаан дэлгүүрээс авч байгаа хэрэглэгчид бол асар их.
-Бизнесийнхээ холын зорилгыг юу гэж харж байна вэ?
-”Хүмүүст танигдах, зах зээлд тодорхой хэмжээнд байр сууриа олох” гэсэн анхны зорилгодоо бид хүрлээ. Одоохондоо Старт-ап түвшнээсээ хараахан гараагүй байгаа. Масс үйлдвэрлэл явуулаад эхнийхээ зуныг үдээд дууслаа. Цаашдаа олон нийтийн компани байхыг илүүд үзэж байгаа. Компани хөгжихийн тулд IPO хийх нь чухал байх. Энэ нь зах зээлд тогтвортой урт хугацаанд оршин тогтноход чухал нөлөөтэй болов уу.
Ярилцсанд баярлалаа.