Хөрөнгө оруулалт гэдэг мөнгө гэхээс илүү хамтрагчдын итгэлцэл, харилцаа байдаг. Монголд гарааны бизнест хөрөнгө оруулах соёл, экосистем хэдхэн жилийн өмнөхийг бодвол бэхэжсэн гэж болно. Харин цаашид тэлэлт хийх гэж буй бизнест хөрөнгө оруулах тогтолцоо манайд төлөвшөөгүй. Тиймээс SMS-Startup Marketing Space хэмээх бизнес портфель хөгжүүлэгч мэргэшсэн байгууллага хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх, аливаа бизнесийн үнэлгээг өсгөх, гадаад зах зээлд чиглэсэн бизнес загваруудыг хөгжүүлэхээр “SMS Investment” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, “Dreamers” нэгдлийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяатай ярилцлаа.
-Таны талаар уншиж байхад цаанаасаа олон нийтийн ажил хийх авьяастай нэгэн гэсэн ойлголт авсан.
Би тавдугаар анги хүртлээ бүрэг даруу хүүхэд байсан. Харин дараа нь гэнэт хүн задарч, ангийнхаа урлагийн үзлэг, спортын арга хэмжээг зохион байгуулах дуртай болсон. Хүмүүсийг уриалан дууддаг. Мөн төгрөгийг хурааж авдаг. Буцаагаад зарцуулалтыг нь хийдэг. Маш хариуцлагатай ханддаг байсан учраас манай багш Золоо ингээрэй, тэгээрэй гээд ангийн ажлыг их даатгадаг байлаа. Их сургуульд ороод ч янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ажилтай байлаа.
Миний мэргэжил герман хэлний багш орчуулагч шүү дээ. 15 насандаа оюутан болж байлаа. Өөрөөсөө даруй 4,5 ах, эгч хүмүүстэй харилцаанд ороод, тэдэнтэй адил сэтгэж ажиллахаас аргагүй болсон. Дараа нь ажил дээр хийж байгаа ажлууд нь нийгмийн ажил болж таарсан. Монголын маркетингийн холбооны маркетингийн менежерээр ажилд ороод салбарт өөрийнхөө гэсэн зүйлийг үлдээх ёстой юм байна гэж шийдээд, Залуу маркетерүүдийн клубийг 11 маркетер нийлж клубийг байгуулаад хоёр жилийн хугацаанд 3000 гаруй маркетерийг нэгтгэсэн. 2012 оноос нийгмийн төлөө явахын байна, бизнесийн салбарт ажилладаг залуучуудын дунд өөрийнхөө байр суурийг олж, дуу хоолой болж явахын байна гэдгээ ойлгож, үүний хийснээрээ би өөрөө аз жаргалтай байгаагаа мэдэрсэн.
21-хэн настай жаахан охиныг чи чадахгүй ш дээ, юун том мөрөөдөлтэй юм гэж олон хүн хэлдэг байсан. Алдаж оносон ч гэсэн тууштай явсан маань өнөөдрийн намайг бүтээсэн юм болов уу. Гол нь өөрөө ажилдаа би дуртай, үр дүнг нь заавал харах дуртай учраас олон нийтийн ажлыг хийж ирсэн.
Нөгөө талаасаа олон нийтийн ажлыг хийгээд явж байгаа нэг том шалтгаан нь миний ээж. Ээж хүний их эмч. Ээж маань их хүнд өвдөөд, ээждээ зориулсан хандивын аян зарлахад салбар салбараас 100 гаруй найз маань цуглаж байлаа. Тэр үед би ээжийн минь амийг аварсанд баярлалаа гэдгээ хэлэхийн тулд нийгэм рүү чиглэсэн ажлаа улам идэвхжүүлнэ гэдгээ амлаж байлаа. Ингээд төрсөн өдөр бүрээрээ нийгмийн шинжтэй төслүүд хэрэгжүүлж, заавал мөнгөөр биш, нийгэмд жаахан ч гэсэн өөрчлөлт хийх төслүүд дээр сүүлийн 10-аад жил ажиллаж байна.
-Маш олон янзын хүмүүстэй харилцаж ирсэн байх. Олон нийтийн ажил хийдэг хүмүүс эргэн тойрноосоо цэнэг авдаг. Та ямар хүмүүсээс илүү цэнэг авч байна вэ?
“Та өөрөө эргэн тойрныхоо таван хүний дундаж” гэсэн үг байдаг шүү дээ. Тэр үнэн гэж боддог. Өнөөдрийн миний хүрсэн амжилт миний эргэн тойронд байгаа хүмүүсийн ач гавьяа. Ажил, хувийн амьдралын аль алинд нь харилцаа чухал. Анхнаасаа 2008 оноос би ажил хийхэд олон нийтийн харилцаа суурьтайгаар миний бүх ажил явсан. Залуучуудын байгууллага, улс төр, нийгмийн ажлууд, залуучуудын боловсролд чиглэсэн ажлуудаас гадна маркетингийн салбарт олон жил ажилласан.
Бизнесийн салбарт гарааны эсвэл жижиг дунд бизнес эрхлэгчид, олон улсын болон төрийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид гээд оролцож болох бүх талтай хамтарч ажилладаг.
Төр хамтарч ажиллахад хэцүү. Төр хамгийн муу менежер, гарсан шийдвэрүүд нь болохгүй, бүтэхгүй гэх хандлага түгээмэл. Гэхдээ миний хувьд шийдвэр гарсны дараа шүүмжлэх биш, шийдвэр гарахаас өмнө оролцоотой байх нь чухал гэдгийг ойлгож авсан. Гарааны болон инноваци, мэдээлэл технологийн салбараа “Dreamers” гэдэг байгууллага дор нэгтгэж, төрд өөрсдийнхөө дуу хоолойг нэгдсэн байдлаар хүргэдэг байхаа ажиллаж байна. Салбарынхан нэгдсэн мөрөөдөл, зорилготой байж үүнийгээ олон нийтэд ойлгуулдаг байх нь чухал. Үр дүн нь эхнээсээ гарч байна. Зарим хуульд хувийн хэвшлээс санал болгосон заалтууд орж, төрд хүрч болдог юм байна гэдгийг харуулсан.
Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа нь тухайн салбарын ажлыг амархан ойлгуулж, зөв шийдэл гаргахад нөлөөлж, ажил хурдан явдаг. Бүх л оролцогч талыг нэгтгэх нь бидний нэгэн том зорилго.
Таны ажил “Сошиал энтрепренер” гэсэн тодорхойлолтод хамаарах байх. Ингэхэд сошиал энтрепренер гэж юу хийдэг хүн бэ гэдгийг тодруулбал?
Мэдээж бизнес эрхлэгчийн нэн тэргүүний зорилго нь ашиг олох. Харин Сошиал энтрепренер нь тухайн нийгмийнхээ асуудлыг олж хараад, тодорхой шийдэл санал болгодог. Ашиг, орлого нь үүнийхээ шагнал нь болж ирдэг. Дүн шинжилгээ, бүтээлч байдал, олон улсын чиг хандлага, тогтвортой хөгжил зэрэг энэ төрлийн ажлын гол түлхүүр ойлголтууд.
-Танайх дундын оффисын хэлбэрээр амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй старт ап бизнесийн байгууллага. Хөрөнгө оруулалт гэдэг бол мөнгө яригдаж байгаа болохоос итгэлцэл шүү дээ. Энэ бизнестээ хөрөнгө оруулагч олсон түүхээсээ хуваалцвал?
Анх 2013 оноос маркетингийн салбарт ажиллаж байхдаа энэ санааг олсон. Маркетингаас гадна хууль эрх зүй, хүний нөөцийн асуудал бизнесийнхэнд байнга тулгардаг болохыг анзаарчсан. Анх нэг давхар биш, бүтэн ордон мөрөөдөж, жил бүрийн мөрөөдлийн жагсаалтадаа оруулаад л явдаг байлаа.
2016 онд санаандгүй байж байтал хөрөнгө оруулагч маань “Надад цоо шинэ обьект байна. Би залуучуудыг дэмжмээр байна” гэлээ. Тэгэхэд Дундын оффисын ийм санаа байна, та хөрөнгө оруулаач” гэж санал тавьсан. Гэтэл намайг хоёр өдрийн дотор төслөө бичээд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь найзуудаа дуудаад 48 цагийн дотор судалгаагаа хийгээд төсөвтэй, төлөвлөгөөтэй бүрэн концепц боловсруулсан. Нийтдээ 530 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болсон. 415 мкв талбай оффисынхоо зураг төсөл, бүх зүйлээ танилцуулаад 30 минутын дотор зөвшөөрүүлж чадсан.
Хөрөнгө оруулагч “Олон жил хамт явсан баг, тууштай ажилласан байдал, мөрөөдөл чинь байгаа учраас та хоёрыг хийж чадна гэдэгт итгэж байна” гэсэн. Ингээд зургаан сарын турш оффисоо засварлаад наймдугаар сард нээлтээ хийсэн. Гурван сарын хугацаанд өдөр бүр арга хэмжээ зохион байгуулаад, олон нийтэд түгээсэн. Гурван сарын дараа хөрөнгө оруулагч маань “Үнэхээр сайн ажилласан байна, би энэ компанийн 50 хувийг авна гээд яахав, би хамгийн бага үнээр оффисоо түрээсэлье, компаниа өөрсдөө аваад яваарай, амжилт хүсье” гэж хэлсэн.
Өнөөдөр таван жилийн дараа гэхэд Монгол улсад гарааны бизнесийн эко систем хөгжихөд томоохон хувь нэмэр болсондоо бид баяртай байна.
-Таван жилийн хугацаанд ямар ажлууд амжуулав?
Анх 2017 онд “SMS-Startup Marketing Space” хамтын оффисын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн үед залуус бизнесээ эхлүүлэхэд хүний нөөц, менежмент гээд олон зүйл дээр хувийн болон мэргэжлийн ур чадвар дутагддаг байсан. Тэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авахад хүндрэлтэй, мөн хаанаас авахаа ч сайн мэдэхгүй байдаг байлаа. Иймээс “Хамтын оффис”-оор дамжуулан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг нэг дор цуглуулж бие биедээ мэргэжлийн туслалцаа үзүүлэх “бизнесийн нэг цэгийн үйлчилгээ” бий болгохоор зорин эхэлж байсан.
Бид таван жилийн турш 21 аймаг 9 дүүрэгт хүрч ажилласан. Орон нутагт салбараа байгуулж эхэлж байна. Дорнод аймагт эхний фрайчезаа байгуулаад, одоо таван аймагт байгуулах гэж байна.
Тэгш боломжийг олгохын тулд улс даяар тойрч сургалтуудаа хийсэн. Нийтдээ 150 мянга хүнд хүрч ажилласан. Бизнесээ хийгээд эхэлсэн, өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, дэлхий рүү гаръя гэсэн залуус байна. Олон төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 800 гаруй ажлын байр бий болгосон.
Төр хамгийн муу менежер, хэрэгжддэггүй гэх хандлага түгээмэл. Гэхдээ шийдвэр гарсны дараа шүүмжлэх биш, шийдвэр гарахаас өмнө оролцоотой байх нь чухал.
Олон улсад гарааны бизнесийн чиглэлд дагнаж ажилладаг Seedstars байгууллагатай хамтарч байна. Энэ бол дэлхийн 95 улсад салбартай, технологийн бизнесүүдэд хөрөнгө оруулдаг байгууллага бөгөөд 250 мянга гаруй энтрпенерүүдийн нэгдэл дэлхий даяар бий болгосон. Бид энэ байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр сүүлийн дөрвөн жил ажиллаж байна.
Монголоосоо гурван технологийн компанийг олон улсын тэмцээнд сойгоод дэлхийн 5000 гаруй старт-апуудтай өрсөлдүүлээд эхний 44-т багтсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менторуудаас зөвлөгөө авах боломжийг олгосон. Сурагчдад зориулсан төсөл, залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүллээ.
Энгийнээр хэлбэл танайх жижиг бизнес “үйлдвэрлэдэг” газар. Гарааны бизнес бойжуулна гэдэг шинэ ойлголтыг нийгэмд таниулж, хүлээн зөвшөөрөгдөхөд ямар бэрхшээлүүд байв?
Шинэ бизнес алхам тутамдаа мөс хагалж, бэрхшээл тулгарч байгаа. Ингээд болохгүй бол тэгээд үзье гэдэг. Тухайн үед ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүд гарч ирж байсан. Одоо цөөн хэд нь үлдсэн. Би багаасаа юмыг санаачилдаг, бүтээлчээр сэтгэдэг хүүхэд байсан. Тэр нь нөлөөлсөн байх. Миний хувьд баг хамт олон гэдэг хамгийн чухал. Хамтрагч маань эрсдлийг тооцоолохдоо сайн. Дэлхийн хэмжээнд бүтээнэ, сэтгэнэ гэсэн итгэл үнэмшил бол хэзээ ч сулраагүй. Тэр нь миний шантрахгүй байх бас нэг шалтгаан юм.
Бэрхшээл олон гарна. Бид багаараа шийдээд, салбарын оролцогч талуудтайгаа хамтарч чадсанд гол хөшүүрэг бий гэж боддог. Өнөөдөр бидэнд мөнгө гэхээс илүү салбар бүртээ өөдрөг, нэгдмэл байх хэрэгцээ хамгийн чухал болж байна. Энэ үүднээс бид өөрсдийн ажилладаг чиглэлд илүү өөдрөг, эв найрамдалтай community үүсгэж чадсан гэж боддог.
Амжилттай хэрэгжиж буй төслүүд цаанаа шинжлэх ухааны ямар нэг үндэстэй, өөрийн нөү хау-тай байдаг. Гарааны бизнес бойжуулдаг танай гол нөү хау юу байна?
Гарааны бизнес бойжуулдаг олон хөтөлбөр байдаг. Дэлхийд Apple, Facebook зэрэг компаниудын ашигладаг, гарааны компанийг санаа байхаас нь эхлээд бодит бизнес хүртэл нь угсарч бий болгодог арга технологийг эхэндээ баримталсан. Одоо бид өөрсдийн хөтөлбөртэй болсон. Таван жилийн ойн босгон дээрээ дараах гурван зүйлийг хийхээр төлөвлөсөн:
- Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гарааны бизнес хөгжүүлдэг компани болох зорилготой өсөлтийн дараагийн шатандаа орох гэж байгаа гарааны бизнес болон экспортын чиг баримжаатай ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын “SMS investment” платформоо байгуулсан. Өнгөрсөн таван жилд ажиллахдаа ирээдүйд олон улсад гарах бизнес санаа байвч, хөрөнгө оруулалтын харилцаа, хөрөнгө оруулалт авсаны дараах үйл ажиллагаа гэх мэт олон асуудал гарч байгааг анзаарсан. Хөрөнгө оруулагчдын хувьд ямар бизнест хөрөнгө оруулах, бизнесийн ямар загвар сонгохоо сайн мэдэхгүй байдаг. Энэ дунд бид мэргэжлийн байгууллага болж ажилласнаар хөрөнгө оруулалтын харилцааны гүүр болж, илүү сонирхолтой, нийгмийн хариуцлагын тал дээр илүү том ач холбогдолтой хэлбэрээр ажиллах зорилготой.
- Энэ төслийг бид хэрэгжүүлснээр 2026 он гэхэд нэг тэрбум ам.доллараас дээш орлоготой буюу Монголын анхны Unicorn компанийг төрүүлэх алсын хараатай. Бид “Business Growt HUB” гэсэн концепцоор ажиллана. Энэ нь бизнесийг дараагийн шатанд нь гаргахад HUB буюу зангилаа цэг болж, менежментээр хангана гэсэн үг. Анхан шатны гарааны санааг нь хөгжүүлэх биш, бизнесийн дараагийн шатанд гарахад мэргэжлийн ямар ур чадвар хэрэгтэй вэ, ямар харилцааг хөгжүүлэх ёстой вэ, олон улсад яаж ажиллах вэ, хөрөнгө оруулагчтайгаа яаж харилцах вэ, яаж шийдвэрээ хурдан гаргаж, санхүүгээ сахилга баттай төлөвлөх вэ гэх мэтээр бизнесийг хөгжлийн дараагийн шатанд гаргах ажлыг хийж байгаа юм.
- Дэлхий даяар ковид, дайн дажин, инфляц, ханшийн өсөлт гэх зэрэг олон хүндрэл гарч байгаа нөхцөлд импортын биш экспортын чиглэлийн бизнес зөв явбал амжилттай хэрэгжих магадлал байгаа. Экспортын чиг баримжаатай глобал төслийг мэргэжлийн хүмүүстэй хамтарч хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагч талдаа өсөлттэй, хөрөнгө оруулалт авсан бизнес нь олон улсад өсөх боломжтой.
Ийм гурван моделийг хэрэгжүүлнэ гэсэн таван жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хөрөнгө оруулагчид санал болгож хэлэхээр танайд юу юу байна?
Бид хамгийн түрүүнд найдвартай, итгэлтэй байдлыг санал болгоно. Энэ салбарт аль хэдийн өөрсдийн гэсэн байр сууриа эзэлчихсэн. Бидэнтэй хамтарч ажиллана гэсэн олон төсөл байгаа нь давуу тал. Бизнес хийж байгаа залуучууд мөнгөтэй болгонтой хамтарч ажилладаггүй болсон. Хөрөнгө оруулагчаа сонгодог болсон цаг үе.
Мэргэжлийн гэдэг үүднээсээ энэ салбарт олон талт хамтын ажиллагаа, тогтвортой баг байна. Хөрөнгө оруулагч мөнгөө өгөөд хөрөнгө оруулалтаа хийгээд явахад л ямар ч эрсдэлгүй байх болно гэдгийг би ам бардам хэлэх болно. Бидэнд жилийн дотор бизнесийн үнэлгээг 3-6 дахин өсгөж чадсан кэйс байгаа.
Монголд хөрөнгө оруулалтын соёл гэдэг зүйл хэр төлөвшиж байгаа талаар?
Уламжлалт хөрөнгө оруулагчид бол гартаа бүх зүйлийг авъя, 51 хувийг эзэмшээд, санхүү дээр нь хяналт тавья гэдэг байсан. Одоо бол заавал өндөр хувь эзэмшээд хэрэггүй юм байна, тухайн бизнесийн санааг гаргасан, санаачилсан, үүсгэн байгуулагч нь хөдлөх хүчин, авч явах хүмүүс нь юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Эзэмших сэтгэлгээ нь хуваалцах сэтгэлгээ болж хувирсан. Банканд хадгалах нь тийм ч сайн хөрөнгө оруулалт биш гэдгийг ойлгосон байна.
Гарааны бизнесийн экосистем гэж ярьдаг. Манай экосистем хэр үржил шимтэй байна? Юу дутагдаад байна?
Экосистемд хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, ур чадвар, хүн, дэд бүтэц, ажиллах орчин гэх мэт олон зүйл хамаардаг. Саяхан Монголын гарааны бизнесийн судалгаа гарсан. Голлох үүрэгтэй ажиллаж байгаа компаниуд судалгаанд хамрагдсан. Энтрэпренершип соёл маш сайн түгж байгаа нь харагдсан. Хууль эрх зүйн хувьд сайжирсан зүйлс байгаа. УИХ-д Инновацын байнгын хороотой болоод, тэр хороонд нь би бизнес эрхлэгчдээ төлөөлөөд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Бизнесүүдээсээ саналыг нь аваад уламжилдаг.
Бизнес хийж байгаа залуучууд мөнгөтэй болгонтой хамтарч ажилладаггүй болсон. Хөрөнгө оруулагчаа сонгодог болсон цаг үе.
Одоо тулгамдаж байгаа гол асуудал бол хүний нөөц. Хэчнээн гоё санаа, бизнес байгаад баггүй, хүний нөөцийн дутагдалтай бол гацсаар байх болно. Баг бүрдүүлэх нь хөрөнгө оруулагч олохоос илүү чухал байдаг. Хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа ч сайн ажилтнуудыг бий болгох, удирдагч хүнийг бэлдэх, нэг үгээр хүний нөөцийг маш сайн бэлдэх олон төрлийн хөтөлбөрүүд зайлшгүй шаардлагатай байгаа.
Та хүний нөөцийн дутагдал гэж ярилаа. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд танайхаас хэр их зөвлөгөө авч байна?
Эрэлт хэрэгцээ асар их байгаа. Компаниуд болоод төрийнхөн тухайн ажлыг чаддаг хүнд нь даатгах нь цаг хугацаа, мөнгө ч хэмнэнэ гэдгийг ойлгодог болж байна. Хүмүүсээ сургая, өөрөө суръя, зөвлөгөө авья гэсэн хандлага нь нэмэгдсэн. Манайх шиг байгууллага олон байх хэрэгтэй гэж боддог.
Манай улс гуравдагч, дөрөвдөгч улс руу оюуны экспорт хийх боломж байгаа юм. Өнгөрсөн таван жилд “SMS Marketing Space” байгууллага маань гарааны бизнесийн гол тоглогч, хөгжүүлэгч болж чадлаа. Дараагийн таван жилдээ “SMS Updated 2.0” хувилбараараа 2026 он хүртэл оюуны экспортыг дэмжсэн ажлууд хэрэгжүүлнэ. Энэ төлөвлгөөг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч нар нэгдээд, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Хэтэрхий том мөрөөдөл гэж болох ч олуулаа хамтарвал биелүүлэх боломжтой.
“SMS Updated 2.0” ирэх 2-3 жилд нэн түрүүнд бид хөрөнгө оруулагч нараа нэгтгээд, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажиллана. Сангаараа, хөтөлбөрүүдээрээ дамжуулаад бизнесүүдийг олон улсын зах зээлд гаргана.
Ямар алсын хараатай, эрхэм зорилготой хөрөнгө оруулагч танайд тохирох вэ?
2-4 жилийн хугацаанд харж хөрөнгө оруулалт хийх хэмжээний тийм хөрөнгө оруулагчид хамтарч болно. Бизнесүүд эндээс хөрөнгө оруулалт авснаар бизнесээ илүү менежменттэй явуулж, богино хугацаанд үнэлгээгээ өсгөх, олон улсад гарах шаанс нь нэмэгдэнэ. Бид анхан шатны санаан дээр ажиллахгүй гэсэн үг.
Та хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлнэ гэж ярилаа. Үүнийгээ тодруулж ярьвал, харилцааны яг ямар асуудлыг хөндөх вэ?
Манайх өнгөрсөн таван жилийн хугацаанд 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зуучилсан. Анзаараад байхад бизнесүүд эзэн, хөрөнгө оруулагчаа мэдээллэхгүй байх, санхүүгийн сахилга батгүй байх, гэрээгээ мөрдөхгүй байх гэсэн асуудал түгээмэл гардаг. Бид таван бүлэг, 13 жижиг асуудал байгааг дүн шинжилгээ хийн гаргаж ирээд, тэдгээрийг яаж шийдэх вэ гэсэн гарцуудыг боловсруулсан. Эдгээр 13 асуудал бараг бүгдээрээ харилцаатай холбоотой.
Бизнесийн үнэлгээг өсгөх аргачлалыг боловсруулсан гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
Жижиг дунд болон гарааны бизнес өсөхгүй байгаа шалтгааныг судалгаагаар гаргасан. Энэ нь зөвхөн орлого, зарлагад үндэслэсэн үнэлгээ гаргадагтай холбоотой. Харин алсын хараа, зорилгод суурилсан үнэлгээг гаргадаггүй, огт мэддэггүй гэж хэлж болно.
Хөрөнгө оруулагчийн гол зорилго нь оруулсан мөнгөө өсгөж авах. Гэхдээ дийлэнх бизнес оруулсан мөнгийг нь өгч чадахгүй байна. Харин тухайн бизнесийн зах зээл дээрх үнэлгээг нь өсгөдөг системийг хөгжүүлснээр энэ байдал өөрчлөгдөнө.
Баг бүрдүүлэх, удирдах амаргүй. Танай багийг тогтоон барьдаг гол соёл нь юу вэ?
Би сүүлийн 15 жил ажил хийснээс хойш баг удирдаж үзсэн. Миний анхнаасаа баримталдаг зарчим бол багийн оролцоог хангадаг, багаа сайн сонсдог. Тэндээсээ шийдвэр гаргах нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Тухайн ажлыг илүү сайн хийж чаддаг, зорилго нэгтэй, хоорондоо “долгион нийлэх” тийм хүмүүсээр багаа бүрдүүлэхийг хичээдэг. Багийнхаа гишүүн бүртэ тусад нь уулзаж, карьераа хэрхэн төлөвлөж байна, баг дотроо яаж ахиж хөгжмөөр байна, ямар төсөл дээр ажилламаар байна, хоорондын эв зүй ямар байна гээд асуудаг байсан. Тэр хамгийн үр дүнтэй байсан.
Багаа байнга хөгжүүлэхийг хичээдэг. Олон улсын чиг хандлагатай уялдуулж ажлын хамгийн бүтээлч аргуудыг нэвтрүүлэхийг зорьж, зөөлөн ур чадварууд эзэмшүүлэх сургалтуудыг байнга авдаг. Улирал тутам багаараа гарч, хоорондын уур амьсгалаа сайжруулахын тулд шоуддаг. Заримдаа сарын бүтээлч аян хүртэл зарладаг. Шинэ ажилтандаа дасан зохицох хугацаа өгдөг. Ажлаас гарсан хүмүүс ч буцаад жилийн дараа хүрээд ирдэг. Одоогийн багийн гишүүд надтай 10-15 жил ажиллаж байгаа.
Танай багт байж байгаад өөр газар ажилд орсон хүн ямар давуу тал, чадвартай байх вэ?
Манай багт ажилласан хүн олон төрлийн чадварыг эзэмшдэг. Юмыг өөр өнцгөөс харах, хайрцагнаас гадуур сэтгэгдэхдээ мундаг. Олон ажлыг нэгэн зэрэг хийх чадвар суудаг. Мөн тухайн салбартаа олон хүн таньдаг, ажил хэргийн сүлжээ сайтай.
Ж.Золзаяа гэдэг хүний үнэт зүйлсийг эрэмбэлвэл?
Нэг талаасаа шинийг эрэлхийлэгч, хэрэгжүүлэгч. Тууштай, ямар ч ажлын ард гарч байж салдаг. Нийгэмд хувь нэмэр оруулж чадаж байгаагаа мэдрэхэд жаргалтай байдаг. Маш олон хүн “Зөгий Золоо” гэж нэрлэдэг.
Хувь хүн болоод багийн түвшинд бүтээмжтэй ажиллахад ямар дадал зуршил байдаг вэ?
Бид цахим хэлбэр, горимоор ажиллаж сурсан. Нэг үгээр цаасан хэрэглээг халсан. Хоёрдугаарт ажиллавал ажлаад, амарвал амарна гэсэн зарчимтай. Амрах ёстой бол маш сайн амардаг. Энэ нь маш сайн ажиллахын эхлэл.
Ж.Золзаяа гэх хувь хүний хувьд байнга шинэ хүмүүстэй уулзаж, өөр өөр зүйлийг туршиж үздэг. Би үндсэн бизнесээсээ гадна 10 гаруй сонгуульт ажил хийж байна. Бүгдэд хүртээмжтэй ажиллаж, цагаа оновчтой хуваарилахыг хичээдэг. Би “80/2”0-ийн зарчим баримталдаг. 80 хувь нь уулзалт, ярилцлага хийх зэргээр хүмүүстэй ажиллаж, 20 хувь дээрээ утсаа унтрааж байгаад төвлөрч ажилладаг.
Ж.Золоо гэдэг хүний хамгийн том мөрөөдөл нь юу вэ?
Багаасаа хэзээ ч биелэхгүй юм мөрөөддөг байсан. Одоо хэмжигдэхүйц мөрөөддөг болсон. Энэ салбартм орж ирсэний хувьд Монголын анхны Unicorn компанийг бий болгоно гэсэн маш том мөрөөдөл байна.
Таныг хөгжүүлэхэд хамгийн их тусалсан ганц хоёр номыг нэрлэвэл?
Хамгийн түрүүнд Монгол Улс хаашаа явах гээд байгаа вэ гэдэг чухал. Тиймээс “Алсын Хараа-2050” номыг авсан. Хоёр дахь ном бол надад амьдралын чухал зүйлийг өгсөн “Дижитал минимализм” гэдэг ном. Урьд нь бүх арга хэмжээнд оролцоод, олон нийтийн сүлжээ хэрэглээд явж байсан. Одоо үнэ цэнэтэй хүмүүстэй харилцах, зөвхөн шаардлагатай арга хэмжээнүүдэд оролцдог болсон. Ингэснээр тайван бөгөөд, зөв шийдвэрийг гаргадаг болсон. “Ухаалаг хөрөнгө оруулагч” гэх номыг хамгийн сүүлд уншсан.