Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 9-р сарын 30-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүлжээ. Уг албан тоотод Монголын хөрөнгийн зах зээлийг тус группийн зүгээс “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны есдүгээр сараас тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн болохыг мэдэгдсэн байна.
МХБ-ийн хувьд анх 2012 онд тус группийн зүгээс гаргадаг Хөгжиж буй зах зээл ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орсон хэдий ч 2015 онд арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим буюу Т+2 болон төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэлгүй захиалагч арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, олон улсын кастодиан банкгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд тус ангилалаас хасагдаж байсан юм. Тухайн үед FTSE группийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдс-ээс ирүүлсэн мэдэгдэлд FTSE группийн Засаглалын зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн “Ажиглалтын жагсаалт”-аас хассанд харамсаж байгаагаа илэрхийлж, хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтанд дахин орох боломжтой болохыг мэдэгдэж байсан билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд онцгойлон анхаарч Сангийн яам болон зах зээлд оролцогчидтой энэ чиглэлээр хамтран ажиллаж, группийн зүгээс тавьсан зарчмыг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан.
“Хөгжиж буй зах зээл” ангилалд Монгол Улс орсноороо манай хөрөнгийн зах зээлийг олон улсад хүлээн зөвшөөрч, багцын удирдлага хийдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх зэрэг олон ач холбогдолтой
Үүний хүрээнд Сангийн сайд болон СЗХ-ны даргын 2020 оны 35/47 дугаар хамтарсан тушаалын дагуу системийн хэмжээнд дээрх горимд өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний өдөр амжилттай шилжсэн. Ийнхүү үнэт цаасны төлбөр тооцооны горимд амжилттай шилжиж чадсан нь олон улсын жишигт нийцсэнээс гадна цаг үеэ олсон шийдвэр болсон юм. Мөн СЗХ-оос үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдыг дэмжиж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах чиглэлээр бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улс ангилал ахих боломж нэмэгдсэн. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлийн зэрэглэлд хүргэх зорилго тавьж төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар FTSE Russell группд улирал тутамд танилцуулсаар ирсэн.
Үүний үр дүнд 2021 оны есдүгээр сард FTSE Russell группээс Монгол Улсыг Хөгжиж буй зах зээл (Frontier market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д буцаж орсон талаар албан ёсоор мэдэгдэж байсан. Уг ажиглалтын хугацаа дуусч тавьсан шаардлагыг бүрэн хангаж чадсантай холбогдуулан дээрх мэдэгдлээс нэг жилийн дараа буюу 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр FTSE Russell группийн зүгээс манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нэг шат ахиулж “Ажиглалтын жагсаалт”-аас Хөгжиж буй зах зээл (Frontier Market)-ийн ангилалд орсон болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү зөвшөөрлийг олгож буй FTSE(Financial Times Stock Exchange) нь Лондоны хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээний 80 орчим хувийг бүрдүүлж буй компаниудыг нэгтгэдэг, улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар шалгаж үнэлгээ өгдөг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн групп юм. Тэдний гаргасан индексийг 1984 оноос эхлэн ашиглаж эхэлсэн бөгөөд 2000-аад оны интернетийн хэрэгцээний өсөлтийн үеэр эрчимжиж байсан. Уг индекст Их Британийн хөрөнгийн зах зээл дээрх нөхцөл байдлыг тусгасан боловч индекст багтсан зарим компани нь Английнх биш тул тэднийг цэвэр Английн индекс гэж үзэх боломжгүй. Өдгөө тус индексийн өгөгдлүүд 15 секунд тутамд шинэчлэгдэж байдаг бөгөөд бүртгэлтэй компаниудын ашиг орлого нь ихэнхдээ гадны улс орноос орж ирдэг. Группийн зүгээс мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу улс орнуудын зах зээлийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг. Энэхүү үнэлгээг хийхэд арилжаа, төлбөр тооцоо, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Зах зээлийн ангиллын Зөвлөлийн хороо болон олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулсан Бодлогын Зөвлөлийн хороо хуралдаж шийдвэрийг гаргана. Бидний багтсан “Хөгжиж буй зах зээл”-ийн ангилалд өнөөгийн байдлаар Латви, Литва, Болгар, Вьетнам, Эстони, Казахстан зэрэг 29 улс багтаж байна.
Тус группээс гаргасан “Хөгжиж буй зах зээл” ангилалд Монгол Улс орсноороо манай хөрөнгийн зах зээлийг олон улсад хүлээн зөвшөөрч, багцын удирдлага хийдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх зэрэг олон ач холбогдолтой юм.