Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтэд уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого хамгийн ихээр жин дарж байгаа хэдий ч бид түүнийг эцсийн бүтээгдэхүүн болголгүй экспортод гаргасаар ирсэн. Үүнтэй холбогдуулан Монголбанк болон МҮХАҮТ-ын хооронд уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлэх зорилго бүхий хамтран ажиллах зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Одоогийн байдлаар батлагдаж амжаагүй хэдий ч өргөн бариад буй хуулийн хүрээнд уул уурхайн салбар ирэх оны улсын нэгдсэн төсвийн ¼-ийг бүрдүүлэх буюу ойролцоогоор 4.9 их наяд төгрөгийн орлого олно. Сангийн яамны тооцоолсноор энэхүү орлогынхоо 2.5 их наяд төгрөг буюу талаас илүүг нь Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийн орлого(АМНАТ)-оос, 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалаас, 927.1 тэрбумыг нь нүүрсээс, 165 тэрбум орчим төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрүүлэх аж. Энэ нь зэсийн баяжмал болон түүхий нүүрс, алт бол төсвийн орлогын гол хөдөлгөгч хүч болохыг харуулж байгаа бөгөөд нүүрсний экспортын хэмжээ 36.5 сая тонн, зэсийн баяжмалын хэмжээ 1.4 сая тонн, алтны хэмжээ 17 тонны хэмжээнд хүрнэ хэмээн тооцоолжээ. Бидний хувьд энэ оны төгсгөлд 1.2 сая орчим тонн зэсийн баяжмал экспортлох бол ирэх онд үүний хэмжээ огцом нэмэгдэж байгаа нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт ирэх оны хоёрдугаар хагасаас эхэлнэ хэмээн төлөвлөж буйтай холбоотой. Үүнээс гадна төсвийн бүрдүүлэлтийн нэг их наяд төгрөгийг тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвараас, 566 тэрбум төгрөгийг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашгаас татан төвлөрүүлэх юм. Ийнхүү төсөвлөхдөө орлогын дийлэнхийг бүрдүүлж буй зэсийн баяжмалыг тонн тутамд 8.400 ам.доллар, нүүрсээ тонн тутамд 144 ам.доллар, алтыг унци тутамд нь 1830 ам.доллараар үнэлж тооцоолжээ.
Уул уурхайн бус экспортыг дэмжин санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх уг санамж бичиг нь 2028 он хүртэл хэрэгжиж, дан ганц уул уурхайгаас бус эдийн засгийн солонгожсон хувилбарыг хөгжүүлэхэд чиглэх юм. Мөн энэ үеэр экспортын бүтээгдэхүүний боловсруулалт болон хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл солилцож, экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад хамтран ажиллахаар тохиролцжээ.
Үүнээс гадна бусад салбарын экспортын талаарх статистик, тоон мэдээллийн чанар хүртээмжийг эрс сайжруулах, уялдааг хангахад хамтран ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспорт эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл, хязгаарлаж буй хүчин зүйлсийг нарийвчлалтай тодорхойлох зорилгын хүрээнд судалгааг үргэлжлүүлэх юм. Хоёр тал бодлогын шийдвэр судалгаа шинжилгээнд тулгуурлаж гарснаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг бодитойгоор нэмэгдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлж, цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг богино хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтод хүрэхэд томоохон суурь болно хэмээн үзэж байгаа аж.
МҮХАҮТ-аас явуулсан Цар тахлын дараа бизнесийн орчны нөхцөл байдлын судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 21 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байна хэмээн хариулсан байна. Тэдгээр сэргэлт авч чадахгүй байгаа байгууллагууд нь ерөнхийдөө гадаад дотоод худалдаа, аялал жуулчлал, уул уурхай, барилгын салбарт хамаарч байгаа юм.