Хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид нь хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд байдаг бөгөөд энэ механизм хэр түвшинд ажилладагаар нь тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэмждэг. Монголд одоогоор хоёр хөрөнгө оруулалтын хоёрхон сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд удахгүй гурав дахь сан мэндлэх гэж байна. Монголын хөрөнгийн зах зээлд шинэ хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж буй “Ашид Ассет менежмент” компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Цэлмэгтэй ярилцлаа.
Та манай уншигчдад иргэдийн сайн мэдэх банкны хадгаламжаас хөрөнгө оруулалтын сангийн хуримтлал нь юугаараа ялгаатай талаар эхлээд тайлбарлаач
Хуримтлал гэдгийг хадгаламж болон ХОС гэх хоёр утгаар ойлгож болно. Хадгаламж нээснээр банкны хүүгээр мөнгөө өсгөдөг бол санд хөрөнгө оруулалт хийснээр та олон төрлөөр ашиг олох боломжтой. Монгол Улсын эдийн засгийг өргөн хүрээнд авч үзэхэд уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуйтай нягт холбоотой. Гэхдээ санхүү-эдийн засаг, санхүү-даатгалын салбар болон хөрөнгийн зах зээлийг нийлүүлээд харахад банк санхүүгийн салбарт ойролцоогоор 40 их наяд төгрөг эргэлддэгээс хөрөнгийн зах зээл 5.4 их наяд төгрөгийн багтаамжтай болж сүүлийн хоёр жилд хурдацтайгаар өссөн.
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл задарч финтек, койн гэх мэтийн арилжаанд хүмүүс ихээр оролцож эхэлсэн. Ковидын цаг үетэй холбогдуулан бүхий л төрлийн хүү буурч байна, дан ганц хадгаламж гэлтгүй зээлийн хүү ч дагаад буурлаа. Улмаар тэд хөрөнгө оруулалт гэдгийг зөвхөн аж ахуйн нэгж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид л хийдэггүй гэдгийг ойлгож мөнгөө хадгаламжаас өөр төрлийн буюу хөрөнгө оруулалтын замаар удирдах, өсгөхийг хүсэх болсон.
ХОС гэдэг бол олон хөрөнгө оруулагчаас хөрөнгө татан нийлүүлж багц сан үүсгэж СЗХ-ноос түүнийгээ зарцуулах тусгай зөвшөөрөл авсан, мэргэжлийн менежментийн багаар удирдуулдаг санхүүгийн байгууллага. Гэтэл манай хөрөнгийн зах зээл сайн хөгжиж амжаагүй учраас зарим хүмүүс үүнийг бүтээгдэхүүн мэт ойлгож хүлээн авах хандлагатай байгаа нь ажиглагдлаа.
Иргэд хөрөнгийн зах зээл гэхээр их хэмжээний мөнгөтэй хүмүүсийн л хийдэг ажил хэмээн хүлээн авч өөрсдийн мөнгө олох арга бол хадгаламж л гэж тооцоолдог. Жирийн иргэдийг хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч болгоход ямар хөшүүрэг хэрэгтэй гэж бодож байна вэ?
Бид ХОС-ын үйл ажиллагаа явуулахдаа хамгийн түрүүнд тухайн хүний санхүүгийн мэдлэг боловсрол, орлого зарлагын боломжийг нь судалж улмаар эрсдэлийг нь тодорхойлж өгдөг. ХОС гэдэг бол хамгийн зөв шийдэл бөгөөд үүнд хөрөнгө оруулалт хийснээр таны хөрөнгийг сангаас төрөлжүүлэн хөрөнгө оруулалтыг хийж өгнө. ХОС-д хөрөнгө оруулалт хийснээр өөрийнхөө мөнгөөр авч хүрэхгүй байсан санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийж улмаар таны эрсдэл буурч байгаа юм.
ХОС-д хөрөнгө оруулалт хийснээр өөрийнхөө мөнгөөр авч хүрэхгүй байсан санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийж улмаар таны эрсдэл буурч байгаа юм.
Манай “Ашид Арвижих сан” зөвшөөрөл хүссэн өргөдлөө СЗХ-д өгсөн. Энэ сан бол хамтын сан бөгөөд олон нийтэд нээлттэй сан. Энэ сангийн нэгж хувьцааг авсан бол хүссэн үедээ буцаан зарах эрхтэй бөгөөд богино хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн ч сангийн үнэлгээ өссөн байвал та ашиг хүртэх боломжтой гэсэн үг. Харин та банканд хугацаагүй хадгаламж нээлгэсэн байлаа гэхэд ковидын үед харилцах данс тань хүүгүй болсон, хугацаатай хадгаламжийн хүү бага болсон зэрэг эрсдэлтэй учирна. Харин сан хөрөнгийн зах зээлд шууд оролцож байгаа гэдэг утгаараа илүү өндөр өгөөжтэй.
“Ашид Ассет менежмент” компанийн гол философи нь юу вэ? Мөн өөрсдийн алсын харааг юу гэж тодорхойлсон вэ?
Нэн түрүүнд нөлөөллийн хөрөнгө оруулалтыг нь авч үзнэ. Бид Хямд, Хялбар, Хүртээмжтэй гэсэн зарчмыг баримтлан сангийнхаа хэмжээг өргөжүүлж, хурдан явахдаа бус хүртээмжтэй байхад анхаарах болно. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй орон нутгийн иргэдэд ХОС-аа танилцуулж, улмаар хувийн тэтгэврийн сан байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна хувь хүний санхүүгийн боловсролд түлхүү анхаарч ажиллах юм. Энэ салбарын хөгжил дөнгөж эхэлж байгаа учир бид анхнаас нь үйл ажиллагаа зөв явуулна.
Өмнө нь хэлсэн хямд гэдэг нь бид үйлчилгээний хураамжийг аль болох багаар тогтоох, хялбар гэдэг нь өнөөгийн цаг үетэйгээ холбож өөрсдийн платформоо хөгжүүлнэ. Харин хүртээмжтэй гэдэг нь хадгаламжаас илүү өгөөжтэй байх тал дээр судалгаа хийж олон нийтэд санал болгох зарчим баримтална.
Таны ярианд хувийн тэтгэврийн сан хэмээн дурдагдлаа. Уг нь бол бидэнд байгаа гол хуримтлал бол тэтгэврийн санд өгч байгаа шимтгэл. Эв хамтын тогтолцооны нөхцөлд тэтгэврийн шимтгэл төлөхөд иргэд дургүй болсон. Энэ тогтолцоо өгөөжгүй болсон учраас хувийн тэтгэврийн сан, хосолсон тогтолцоо гээд олон янзын хуримтлал бий болж байна. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
Бид хувийн тэтгэврийн сан байгуулах зорилттой ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд өрнөж буй тэтгэврийн реформ хөдөлгөөнийг дэмждэг. Хувийн тэтгэврийн сан бол хувь хүн өөрийн санаачилгаараа л дэмжинэ гэсэн үг. Зарим аж ахуйн нэгжид ийм хуримтлал үүсэж улмаар өөрөө хөгжөөд явах ёстой байтал мөнгө нь хадгаламж хэлбэрээр байршиж, тэтгэвэрт гарч байгаа мөнгөн дүн нь амьдралд хүрэлцдэггүй, халамжийн сан шиг байдаг. Улсын мэдлийн сангууд байх ёстой, гэхдээ мэргэжлийн байгууллагаар удирдуулж баялгийн сангийн зарчмаар хөгжих ёстой гэж боддог.
Улсын мэдлийн сангууд байх ёстой, гэхдээ мэргэжлийн байгууллагаар удирдуулж баялгийн сангийн зарчмаар хөгжих ёстой гэж боддог.
Манай улсад уул уурхай эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл болсон ч түүнээс олсон орлого нь халамж руугаа л чиглэдэг. Иймээс тэрхүү баялгийн сан нь хөгжиж улс орноо тэжээгээд аваад явах хэмжээнд хүрч чадахгүй байна. Мөн жижиг гэлтгүй бүхий л компаниуд дэргэдээ сан үүсгэн хөгжүүлж, улмаар ирээдүйд аж ахуйн нэгж болон хувь хүндээ өгөөжтэй байлгах хэрэгтэй.
Үүнээс гадна хувийн тэтгэврийн сан байгуулсан бол ажилтан ажлаа сольсон ч сангаа аваад явах боломжтой нөхцөл байдал үүсгэх шаардлагатай байгаа юм. Тэтгэврийн тогтолцоо урт хугацааны бодлого баримтлах хэрэгтэй. Үүнийг дагаад даатгалын салбар ч хөгжих учиртай.
Банкны реформ явагдаж гаднын банкны салбарыг нээхээс илүүтэйгээр кастедион банк гаднаас орж ирэхэд илүүтэй анхаарах ёстой. Энэ банкны гол үүрэг тухайн хүний мөнгийг тусад нь найдвартай хамгаалахад л оршдог. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтын сангийн үйлчилгээнд кастедион банк заавал оролцож байдаг юм. Менежментийн хувьд гэрээ, итгэлцэл, хариуцлагын дагуу хөрөнгө оруулалт хийгдэж, мөнгө нь заавал кастедион банкаараа дамжин хөрөнгө оруулагчдаас босгосон дүн нь харагдаж байх ёстой.
Монголын банкны салбарт реформ явагдсанаар одоогийн байдлаар гурван кастедион банк үйл ажиллагаагаа явуулж байгаа ч гаднаас кастедион банк орж ирэх ёстой гэж үзэж байна. Энэ жилээс хувийн аж ахуйн нэгжүүд эхнээсээ хуримтлалын сантай болж, тэдгээрийн хөрөнгийг эргэлтэд оруулах сонирхолтой болох чиг ажиглагдаж эхэллээ.
Монголын “Топ-100” ААН-ийн жагсаалтад багтсан компаниудаас хөрөнгийн биржид бүртгэлтэй компани цөөхөн байна. Харин тэдгээрийн охин компаниуд үнэт цаас гаргаж хөрөнгийн биржид бүртгүүлдэг бол гаднын компаниудын толгой компани нь өөрийн нэрээр хувьцаагаа гаргаж арилжаалдаг. Манай томоохон ХХК-иуд яагаад хөрөнгийн зах зээлд орох сонирхолгүй байна вэ?
Монгол Улсад 1990 онд их хувьчлал явагдаж гол секторууд нь хувьд шилжсэнээр түүн дээрээ дөрөөлж тэд корпорац үүсгээд явж байна. Ер нь бол тухайн компани нээлттэй компани болох эсэх нь өөрсдийнх нь сонирхол, шийдвэр. Манай зарим корпорац хөрөнгийн зах зээлд бүтнээрээ орж ирнэ гэдэг дэндүү томдсон асуудал. Манай хөрөнгийн бирж, зах зээл өөрсдийг нь шингээх багтаамжгүй. Харин гаднын биржүүд дээр гарах бүрэн боломжтой.
Банкны сектор хувьчлалд орж байгаа нь зөв алхам. Жижиг зах зээлд олон банк, даатгалын салбарт ч гэсэн олон даатгалын компани байдаг. Банкны хувьчлалыг нээлттэй явуулж тодорхой хувийг нь олон нийтэд санал болгох нь чухал биш, харин энэ алхам хийгдсэнээрээ өндөр хариуцлагатай, хяналттай болно гэсэн үг. Банкнууд нээлттэй болсноороо ард иргэд, МХБ, СЗХ гэсэн олон хянагчтай болж олон нийтийн өмнө хүлээх хариуцлага нь өндөрсөн мэдээллээ тогтмол тайлагнадаг болно. Үүнийгээ дагаад томоохон банкнууд хувьцаа эзэмшигчдийнхээ төвлөрлийг бууруулах шаардлагатай болж байгаа юм.
Таван банкны хувьчлалыг дагаж хувийн компаниуд бонд гаргах, хувьчлал хийх зэрэг өөрчлөлтүүд гарах байх.
Хөрөнгийн зах зээл одоо 5.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй байгаа бол нөлөө бүхий таван банк хувьцаагаа арилжаалснаар дотоодын хөрөнгийн зах зээл хамгийн багадаа 15 хувиар өсөхөөр харагдаж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн багтаамжаа харж байгаа гэсэн үг. Таван банкны хувьчлалыг дагаж хувийн компаниуд бонд гаргах, хувьчлал хийх зэрэг өөрчлөлтүүд гарах байх. Одоогоор хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 50 гаруй хувьтай байхад Дэлхийн банкны индексийн хөрвөх чадвар 90 гаран хувьтай байна.
Манай улсын иргэд хөрөнгө оруулалтын зах зээлээс богино хугацаанд өндөр ашиг олох хүсэлтэй байдаг нь ажиглагддаг. Ер нь бол хувьцаа эзэмшиж ашиг хүртээд явах хүсэлтэй иргэдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Одоогийн байдалд манайд буй тэтгэврийн сан улсаас татаас авдаг, хөгжлийн хувьд тун их хоцрогдолтойн улмаас өгөөжтэй байж тухайн хүнийхээ амьдралын шаардлагыг хангаж чаддаггүй. Харин манай сангийн тэтгэврийн санд хамрагдсанаараа хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарахад тань сангаас таныг тэдэн төгрөгтэй болсон, сард тэдэн төгрөг авна, эсвэл энэ мөнгөө та цагаас нь өмнө авч болно эсвэл хугацааны эцэст бүхлээр нь авч болох юм. Мөн та ажлаа сольсон ч тэтгэврийн сан нь өөрчлөгдөхгүй хэвээрээ л байх болно. Удахгүй батлагдах хуульд энэхүү зохицуулалт нь суусан бөгөөд нэг сангаас нөгөө санд шилжихэд танд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Гэхдээ энэ салбар нь хувийн секторт шилжиж байгаа учир урт хугацаа шаардахгүй хурдан хөгжих бүрэн боломжтой.
Та өөрөө хөрөнгийн зах зээлд анх хэрхэн хөл тавьж ямар хөрөнгө оруулалт хийж байсан талаарх түүхээсээ хуваалцаач?
Би өөрөө хөрөнгийн зах зээл дээр тийм ч идэвхтэй биш ч бага хэмжээний хөрөнгө оруулалтууд бий. Миний хувьд дунд сургуулиа төгсөөд Ирландад очиж дээд боловсрол эзэмшиж, олон улсын мэргэшсэн нягтлан бодохын зэрэг авч тэндээ нэгэн ХОС-д ажилласан. Дараа нь АНУ-ын JP Morgan-ы нэг сангаас эхлээд зэрэг хэд хэдэн байгууллагад ажиллаж улмаар 2018 оны эцсээр эх орондоо ирсэн. Ингээд Хас банкны удирдлага, санхүүгийн албанд ажиллаж байгаад өнгөрсөн жилээс “Ашид Ассет менежмент” байгууллагадаа ажиллаж эхэлсэн. Энэхүү ХОС-аа анхнаас нь зөв голдирлоор явуулах зорилготой ажиллаж байна.
Биднийх мөртөө биднийх юм шиг мэдрэгддэггүй Баялгийн сан, Ирээдүйн өв сан гээд мөнгөтэй газрууд байна. Төрийн хяналтад буй сангууд хэрхэн ажиллах ёстой гэж үздэг вэ?
Ер нь бол ХОС өөрөө алсын хараатай байх ёстой. Удирдлагууд нь чадвартай хүмүүс байх шаардлагатай. Хэрэв ийм хүмүүс байхгүй бол том сангуудыг босгосон гаднын хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Сангууд эрсдэл багатай буюу олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулалт хийх ёстой болохоос дотроо эргэлдээд хэрэггүй. ХОС бол “хөдлөх” буюу хөрөнгө оруулалтаа л хийж байх ёстой. Хөрөнгө оруулалт хийх гэдэг нь тарааж хишгээ хүртээх биш. Бүгд адилхан бүсээ чангалж байгаад сангаа бага багаар ч болтугай өсгөөд явах хэрэгтэй. Түүнээс биш төрж амжаагүй байхад нь хоослоод байдаг асуудал байж болохгүй.
Танай сан ямар салбарт илүү хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна вэ?
Манай сан биржийн бус зах зээл рүү яалт ч үгүй орно. Биржийн бус зах зээл гэдэг бол ерөнхийдөө зуучлал гэсэн үг бөгөөд мэргэжлийн гэх ойлголттой хүмүүст нээлттэй, цөөн тооны тоглогчтой гэсэн үг. Нэг байгууллага бүтээгдэхүүн гаргалаа гэхэд тэрхүү төсөл босгож байгаа байгууллагын өөрсдийнх нь үнэлгээ ямар байна гэдгийг хамгийн эхэнд шалгаж бодитой байх эсэхийг нь тогтооно. Сүүлийн хоёр жилд зээл гаргалт хумигдаж, гаднын хөрөнгө оруулалт татарч, өөрсдөө эдийн засгаа хамгаалж эхэлсэн үед ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орох ёстой. Тэгэхээр хөрөнгө эргэлдэж л байх ёстой юм. Мөн барилгын секторыг дэмжинэ. Дараагийн алхамдаа үл хөдлөхийн салбарт сан босгох талаар судалж байна. Ер нь бол бид олон төрлийн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилготой.