Та бүхэн БНСУ-ын СЗХ-ны зөвшөөрөл бүхий хөрөнгийн зах зээлд оролцогч анхны Монгол компани болж бүртгүүлсэн. Анх ямар үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг зорьж компаниа үүсгэн байгуулж байсан бэ?
Дэлхийн ДНБ-ны 1/4-г бүрдүүлж буй АНУ тэргүүтэй тэргүүлэгч орнуудын мөнгөний бодлогоос үүдэлтэй инфляцын өндөр түвшин хэвээр байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын бодит өгөөж улс бүрт багасч байна. Гэхдээ энэ нь манай орны хувьд дотоод бус гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтын эрэлт болон өгөөжийг нэмэгдүүлж, манай хөрөнгө оруулалтын байгууллагуудын хүү өндөр учраас гадны хөрөнгө оруулалт татах боломжийг олгож байна.
Улс бүрт ажиглагдаж буй энэ ялгаатай байдалд тулгуурласан үйл ажиллагаа явуулахаар зориг шулуудаж энэхүү “Quant” PE хөрөнгө оруулалт менежментийн компаниа нээсэн. Манай бизнесийн үйл ажиллагаа B2B загвартай буюу байгууллагуудтай GP болон LP гэрээ хийж ажиллана.
БНСУ-аас дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт татах боломж ямар хэмжээнд байна? Тэд манай ямар салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг вэ?
Манай улсад хөрөнгө оруулалт хийх боломжтой бизнесийн салбарыг бусад орныхтой харьцуулахад төдийлөн олон биш байгаа нь байгууллагын бондын хүү өндөр байх шалтгаануудын нэг болж байна. Үүнээс гадна олон шалтгаан байгаа хэдий ч энэ үед улсын болон байгууллагын бонд, хувьцааны зах зээлд гадаадаас хөрөнгө оруулалт татах боломж өндөр хэвээр үргэлжилэх аястай. Манай компанийн үйл ажиллагаа хүний нөөцийн ур чадвар болон хоорондын харилцан итгэлцэл дээр явагддаг салбаруудын нэг бөгөөд үүнд манай компанийн үнэ цэнэ оршиж байдаг.
Танай үйл ажиллагааны нэг хэлбэр “Тэтгэврийн сан”-ийн тодорхой хувийг итгэмжлэн удирдах. Монгол Улсад хувийн тэтгэврийн сангууд үүсэж үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй. БНСУ-ын энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж амжсан уу, та бүхэнд ямар давуу тал байна?
БНСУ-д хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын ямар хэрэгсэл дээр удирдагдахаас хамаарч дүрмийн сан болон хүний нөөцийн чадварт нь тулгуурлан тусгай зөвшөөрлийг олгогддог. Улсын тэтгэврийн сан нь дотоод бодлогын хүрээнд мөн гаднаас хамтарч ажиллах компанийг сонгон шалгаруулж гэрээ хийн ажилладаг. Үүний үр дүнд тэдний хөрөнгийн зах зээлд солонгоржсон олон бүтээгдэхүүн бий болсон. Тиймээс бид энэ бүхнийг мэргэжлийн түвшинд судлан улмаар хөрөнгө оруулалт хийх боломжтой хэмээн үзэж улмаар дотоодын санхүүгийн байгууллагуудтай уулзан санал, солилцоод явж байна.
Улсын болон хувийн тэтгэврийн сангийн мөнгийг гадаадын хөрөнгийн зах зээлд яаралтай оруулж өсгөх хэрэгтэй.
Энэ тогтолцоог судлаж хоёр улсын тэтгэврийн хуулиудыг харьцуулахад бид энэ өөрчлөлтийг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлагатай гэж анзаарсан зүйл байна уу?
УИХ гишүүдийн ажлын хэсэг болон ХНХЯ-наас гаргасан хуулийн төслийг цаг алдалгүй батлах нь зүйтэй гэж бодож байна. Уг төсөлд харьцангуй олон улсын жишиг рүү чиглэсэн бодлого тусгагдсан байсан. Харин сангийн удирдлага болон философи болоод хуулийн арга зүйн талд манай компани БНСУ-ын судалгааг нарийн хийх боломжтой. БНСУ нь өнгөрсөн 34 жилийн хугацаанд хуримтлагдсан байдлаар 34 их наяд ам.долларыг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн байсан.
Манай улсын тэтгэврийн сан сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж байна. Энэхүү алдагдлыг бууруулах, улмаар санг ашигтай ажиллуулахын тулд ямар арга хэмжээ аваасай гэж хүсэж байна вэ?
Улсын болон хувийн тэтгэврийн сангийн мөнгийг гадаадын хөрөнгийн зах зээлд яаралтай оруулж өсгөх хэрэгтэй. БНСУ 1988 онд, Сингапур 1955 онд, Япон 2006 онд (1954 онд PMAC) тус тус улсын тэтгэврийн сангаа бодлогын хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарган удирдаж эхэлсэн. Гэхдээ тэдний гадаадын зах зээлд оролцох хувь нь дотоодын зах зээлд оролцох хувиас илүү өндөр байдаг. Учир нь дотоодын зах зээлд өндөр хувиар оролцвол хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд үнийн савлагаа үүсгэх эрсдэлтэй учир үүнээс сэргийлсэн бодлоготой холбоотой.
Монгол Улсын эдийн засгийн багтаамж бага учир санхүүгийн байгууллагууд гадаад зах зээлд гарах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Та бүхэн эдгээр байгууллагад ямар үйлчилгээ үзүүлж, хэрхэн ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх вэ?
Манай “Quant” PE компани БНСУ-ын хөрөнгийн зах зээл, түүний дотор хувьцааны зах зээлд хөрөнгөө манайхаар итгэмжлэн удирдуулж өсгөх үйлчилгээг Монголын санхүүгийн байгууллагуудад санал болгож байна. Бид Солонгос хамтрагч байгууллагуудынхаа хөрөнгө оруулалтын бодлогоос хамаарч зөв чиглэлд, боломжтой байгууллагад хөрөнгө оруулалт татах боломжтой.
Бид хагас дамжуулагч, дэлгэц, тээвэр, робот, машин үйлдвэрлэл, сансар огторгуй гэх мэт олон бизнесийн салбарын 2,500 гаруй компанийн хувьцаа нээлттэй арилжаалагддаг БНСУ-ын KOSPI, KOSDAQ, KONEX зэрэг хөрөнгийн зах зээлд стратегийн хөрөнгө оруулалт хийхийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. Бид энэ үйлчилгээг нэвтрүүлснээр инфляц шингэсэн, бодит өгөөж бага дотоодын зах зээлд бус харьцангуй өндөр ашиг олох боломжтой гадны зах зээлд тоглох боломжийг бий болгож байгаа юм. Үүнээс гадна харилцагч байгууллагын хөрөнгө оруулалтын бодлогоос шалтгаалж дан ганц хувьцаа гэлтгүй улсын болон байгууллагын бонд, үл хөдлөх зэрэг бусад хөрөнгө оруулалтын төрлөөр солонгоржих боломжтой.
Та Монгол санхүүгийн байгууллагуудын чөлөөт хөрөнгийг БНСУ-д итгэмжлэн удирдах зорилготой гэж хэллээ. Ерөнхийдөө Солонгосын зах зээл Монголын бизнес эрхлэгчдийг хэрхэн хүлээж авах хандлагатай байдаг вэ?
Тэдний бизнесийн гол философи нь харилцан ашигтай байх гэж хэлж болно. Ер нь тухайн улсуудын бизнесийн орчны ялгаатай байдлын талаар сайн мэдэрч чадвал зөв хөрөнгө оруулалтын хэрэгсэл аль ч оронд байдаг. Бидний өөрсдийн үндсэн зах зээлийг Зүүн Өмнөд Ази хэмээн тодорхойлсон. Манай сангийн удирдлага үйл ажиллагаагаа “Quant” PE Зүүн Өмнөд Азийн санхүүгийн фирмүүдтэй түлхүү хамтарч ажиллаж эхлэх бодлого барьж байгаа.
Солонгосын зах зээлд нэвтрэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ? Бизнес эрхлэгчид үүнийг даван туулахад та бүхэн ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой вэ?
Эхлээд хэл, дараа нь бизнес ёс зүй дээр асуудал үүсдэг нь харагдсан. Дан ганц Солонгос гэлтгүй Ази хүмүүс барууныхантай харьцуулахад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, үүнд далд боловсрол нь ч нөлөөлдөг байх. Гэхдээ манай компани нь БНСУ-д суралцаж, ажиллаж амьдраад арав гаруй жилийг өнгөрөөсөн Монгол залуус болон бизнесийн салбартаа хориос илүү жил ажилласан Солонгос хамтрагч нартай тул дээрх хүндрэлүүд байдаггүй. Бид ямар ч бизнесийн салбарт энэ багаараа ороход амжилт гаргана гэж боддог.
Танай компанийн танилцуулгаас харахад “Гарааны бизнес”-т хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гэсэн байсан. Ямар салбаруудад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна вэ?
Бид сангийн удирдлагаар эхэлж жил бүрийн цэвэр ашгийн тодорхой хувийг хуримтлуулсны дараа Монгол болон Зүүн Өмнөд Азиас гаралтай гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх бодлоготой ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг боловсрол, энтертайнмент, үл хөдлөх хөрөнгө болон хөдөө аж ахуй зэрэг өсөлттэй бүхий л салбарт чиглүүлэхээр судалж байна.
Та бүхэн хөрөнгийн биржийн зах зээлээс хуримтлуулсан өөрсдийн туршлагад үндэслэн харахад Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн харж байна?
Биржийн хөгжилд бол үүсмэл үнэт цаас (futures, option)-ны арилжаанууд идэвхитэй хийгддэг болох нь чухал. Хөрөнгийн зах зээл, тэр дотроо хувьцаа гэвэл БНСУ нь үйлдвэрлэгч болон экспортлогч орон тул 2.7 их наяд ам.долларын үнэлгээ бүхий гурван зах зээл дээр 2,500 гаруй компанийн хувьцаа нээлттэй хэлбэрээр арилжаалагдаж олон улсын бизнес салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Харин манай хөрөнгийн зах зээл таван их наядийн төгрөгийн үнэлгээтэй, 160 гаран компанийн хувьцааг арилжаалж байна. Тиймээс хөрөнгийн биржийг томруулах шаардлагатай. Компанийн удирдагч тал болон хөрөнгө оруулагч талуудын хувьд бизнесийн салбар солонгорч, нээлттэй компани болох процесс бодлогын хүрээнд таатай болж байж манай зах зээл тэлэх болов уу гэж харж байна.
Үүнээс гадна 2023 оны 9 дүгээр сараас эхлэн манай орны хөрөнгийн зах зээл FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) ангилалд орох болсонд баяр хүргэе.