Монгол Улс чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн тухай хуулийн төслийг баталж эхэлснээс хойш даруй 30 гаруй жилийг орхилоо. Энэхүү тогтолцооны шилжилтийг үе үеийн эрх баригчид маань жалга тойрсон үзэлдээ баригдаж, ирэх оныхоо төсвийг өөрсдийн хүссэнээрээ дур зоргоороо зарцуулах хэмээн ойлгоод байх шиг. Гавьяат багш Б.Галиндав “…Дур зоргоороо аашлахаа эрх чөлөө гэж эндүүрч, үүргээ биелүүлэхээ дарамт шахалт гэж үздэг нь энэ нийгмийн хүмүүсийн нийтлэг араншин болоод байна. Эрх чөлөө бол ёс зүйн хэм хэмжээнд захирагдаж, түүний хүрээнд үг, үйлдлээ хянаж, захирахыг хэлж байгаа юм. Түүнээс хаана, хэнд ч дур зоргоороо аашилж, хүсэл зорилго, бодол санаагаа тулган шаардах үйлдэл огт биш…” хэмээн хэлсэн нь тэдэнд хаягласан мэт.
Алдагдалтай багтлагддаг уламжлалаа алдаагүй ирэх оны төсөвт нэгэн онцлох зүйл бий. Тэр бол улсын төсвийн тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулан Монголбанкны зүгээс “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн төслийн чиглэл”-ийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулсан явдал. Эдийн засагчид, судлаачид, бизнес эрхлэгчдийн саналыг анх удаа хүлээн авч, хуулийн төсөлд тусгана хэмээн мэдэгдсэн ч тусгагдсан нь тодорхой харагдахгүй байна гэх шүүмж түгээмэл байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр оролцогчид зохион байгуулагч нарт хандан үнэн зөв мэдээлэл өгч улмаар алдагдалгүй, он гараад л тодотгол хийдэг төсөв батлахгүй байхыг сануулсан. Гэтэл тэдний сануулга чихний нь хажуугаар өнгөрч ирэх оныхоо төсвийг ДНБ-ий 37.6%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал ДНБ-ий 2.6%-тай тэнцүү байхаар өнгөрөгч баасан гарагт баталчихлаа. Сүүлийн арван жилийн долоод нь төсвийн гүйцэтгэл баталсан дүнгээсээ бага дүнтэй гарснаас үүдэлтэй орлогыг бууруулах, зарцуулалтад тодотгол хийж ирсэн. Хэдийгээр ирэх жилийн алдагдлын төсөөлөл өмнөх онуудаас буурсан үзүүлэлтэй гарсан нь сайшаалтай ч төсвийн алдагдал хоёр хувиас илүүгүй байх ёстой хуулийн заалтаа дахиад л зөрччихөж байгаа юм.
Төсвийн тэнцэл ашигтай гарах нь улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, байдлыг илэрхийлэх чухал үзүүлэлт болдог хэдий ч үүнийг хангахад төдийлөн анхаарч ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн судлаач, шинжээч гэлтгүй ард иргэдийн дунд 10 дугаар сард “Төсөв-2023” хэлэлцүүлгийг 10 хоногийн хугацаатай явуулсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр 68 гаруй иргэн цахим системд хандаж, 15 гаруй иргэн төсвийн төсөлтэй танилцан, 794 иргэн санал, хүсэлтээ өгчээ.
Улсын төсвийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын татварыг нийтийн хөрөнгө гэж хэлж болно. Иймээс төсвийг зарцуулахдаа олон нийтийн санал бодлыг сонсох, хяналт тавиулах нь зүйтэй бөгөөд тогтолцоог цаашид үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Гэхдээ мөнгөө хадгалах, зөв зарцуулах гэдэг ганцхан өдрийн дотор хэрэгжүүлчихдэг амар зүйл биш билээ.
Ихээхэн шүүмж дагуулсан сүүлийн таван жилийн улсын төсвийн алдагдлыг та бүхэнд хүргэе.
Дан ганц дотоодын эдийн засагчид, судлаачид бус олон улсын санхүүгийн байгууллагууд ч сануулга өгч, гадаад, дотоод хүчин зүйлсийн улмаас эдийн засгийн өсөлт төдийлөн ажиглагдахгүй, хямрал ирэх жил ч үргэлжлэх төлөвтэй хэмээн анхааруулсан. “Pinpoint Asset Management” байгууллага “Дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар БНХАУ-ын экспорт 0.3 хувь, импорт 0.7 хувиар буурсан нь сүүлийн хоёр жилийн хувьд агшсан анхны тохиолдол болж байна. Ийнхүү экспортын хэмжээ буурсан нь тэдний эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хандлагатай байна. Энэхүү байдал тус улстай хамаарал бүхий улс орнуудад илүүтэй ажиглагдах болно” хэмээн мэдэгдсэн. Энэ нь хөрш бидэнд хамгийн их хамаатай сануулга хэдий ч эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Ийнхүү Засгийн газарт удаа дараа анхааруулж, Монгол банкны зүгээс ч эдийн засгийн өсөлт 3.5 хувиас хэтрэхгүй төсөөлөлтэй буйгаа мэдэгдсэн ч Сангийн яамны зүгээс ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрнэ, энэ нь судалгаанд суурилсан дүн хэмээн тайлбарлалаа. Тэдний энэхүү төсөөллийг бусад байгууллагууд хэрхэн төсөөлсөн болохыг хүргэе.
Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд ирэх оны байдлыг төдийлөн сайнаар төсөөлөлгүй бүгд л эдийн засгаа хумьсан байдалтай төсөв баталцгааж байна. Үүнийг даган Монголбанкны зүгээс инфляцыг хазаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөж 12%-д хүргэлээ. Өнгөрөгч 10 дугаар сарын байдлаар инфляцын хэмжээ 14.5%-д хүрсэн нь өмнөх сарын үзүүлэлтээс 0.7 нэгж хувиар өссөн бөгөөд үүнд импортын барааны үнийн өсөлт 7.6 нэгж буюу 52.6%-ийн нөлөө үзүүлсэн байна. Гэтэл Засгийн газрын төсвийн бодлого нь мөнгөний бодлогынхоо эсрэг тэлсэн бодлого барьж улмаар урьд өмнө нь үзэгдээгүй, өмнөх жилээсээ 20.4%-ийн өссөн орлоготой, 14.3%-иар нэмэгдсэн зардалтай нүсэр төсөв өргөн барьж, батлуулчихлаа.
Үүнээс гадна ирэх оны төсөв “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх анхны төсөв, шинэ хөрөнгө оруулалтгүй, хэт үрэлгэн байдлыг хязгаарлах төсөв гэдгээрээ онцлог болж байна. Харин он дамжсан хөрөнгө оруулалтын хүрээнд төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,695,015.3 сая төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх” концессын төрөлд 279,590.4 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр төсөлд тусгасан байна. Дээрх хөрөнгө оруулалтыг тусгаснаар 103 цэцэрлэг, 36 дотуур байр, 86 сургууль, 62 эмнэлэг, Үндэсний номын сан болон хоёр аймгийн театрын барилгын ажил хийгдэж улмаар хэрэгжиж буй нийт төслийн 78 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр төслийг санхүүжүүлэхийн тулд гадаадаас авах зээлийн дээд хэмжээг 1.8 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж улмаар дөрвөн их наяд төгрөгийн зээл авч алдагдлаа нөхөх боломжтой болно. Төлөвлөсөн зээлийг задалбал, Азийн хөгжлийн банк 432 тэрбум, БНХАУ 249 тэрбум, ЕСБХБ 105 тэрбум, АНУ 341 тэрбум төгрөгийн зээл, туслалцаа үзүүлнэ хэмээн тооцоолжээ. Энэ нь УИХ төсөв батлахдаа нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг гаргасан бус зүгээр л зарлагаа бууруулж буй явдал гэж үзэж болохоор байна.
Үүнээс гадна улсын санхүүгийн байдал, эдийн засгийн нөхцөлтэй холбогдуулан жил бүр цалин хөлсийг уялдуулан нэмэгдүүлэхээ Засгийн газрын зүгээс мэдэгдэж байсан. Тиймээс цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх нь ихээхэн анхаарал татаж байлаа. Энэ жилийн хувьд инфляцын огцом өсөлт, дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хүндрэлтэй байдалтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог дараах байдлаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Үүнд:
- Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж буйтай холбогдуулан зургаан хувиар нэмэгдүүлнэ.
- Төрийн захиргааны албан хаагчийн олон жил ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.
- Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгоно.
- Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгох юм. Цалин өсөх сургаар бүхий л өргөн барааны үнэ даган нэмэгдэж, улмаар инфляц дахин нэмэгдэх эрсдэлтэй билээ.
Төсвийн орлогын төлөвлөлтийг төрөөс баримтлах татварын бодлого гэж хэлж болно. Гэтэл сүүлийн арван жилийн долоод нь төсвийн зарцуулалтад тодотгол хийж, төсвийн орлогыг бууруулах, эсвэл гүйцэтгэл нь баталсан дүнгээсээ бага дүнтэй гарсан болохыг дээр дурдсан. Энэхүү үзүүлэлт нь Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр төсөөлж, алсын хараагүй төсвийн төлөвлөлт хийдэг болохыг харагдуулж байна. Эдийн засгийн хямралтай, экспортын бүтээгдэхүүн цөөн, зах зээл нь ганцхан улсын байдлаас хамаарч байдаг манай улсын хувьд хэт өөдрөг төсөөлөлтэй байх нь илүү их эрсдэлийг дагуулах эрсдэлтэй. Мөнгөө хадгалах, зөв зарцуулах гэдэг ганц өдөрт хэрэгжүүлчихдэг амархан зүйл биш бөгөөд эдийн засгийн хямрал 2023 онд олон улсын хэмжээнд үргэлжилнэ хэмээн анхааруулсаар буй.