Жемима Мак Евоу
Уг нийтлэлээр Сэм Бэнкмен-Фрайедын криптовалютийн FTX биржийн $17 тэрбумын дампууралтай дүйцэхүйц, санхүүгийн сүйрлээс шоронгийн хаалга хүрсэн бусад томоохон тэрбумтнуудын сүйрлийг танилцуулж байна.
Өнгөрөгч долоо хоногт Сэм Бэнкмен-Фрайдын хөл доорх газар хэрхэн цөмрөхийг дэлхий дахин цочирдон харлаа. Ердөө хэдхэн өдрийн дотор 30 настай, криптовалютын FTX биржийг үүсгэн байгуулагч болон CEO, криптовалютын нөлөө бүхий хүн, Америкийн хамгийн баян 50 хүний нэгээс крипто зах зээлийн томоохон сүйрлийн гол баатар болон хувирав.
FTX-ийн охин компани болох Alamedia Research-ийн санхүүгийн талаар Coindesk-ийн гаргасан эргэлзээ бүхий тайлангаас бүх юм эхэлсэн. Alamedia-гийн багадаа $5.8 тэрбумын хөрөнгө FTX-ийн өөрийн токен болох FTT-тэй холбоотой байсан нь илэрснээр хөрөнгө оруулагчдыг биржээс санхүүжилтээ даруй буцаан татахад хүргэжээ. The Wall Street Journal болон бусад эх сурвалжийн сүүлчийн мэдээллээр Alamedia Research компани FTX-ийн харилцагчдын мөнгөнөөс 10 тэрбум ам.ам.доллароор аз туршсан нь туйлын хууль бус үйлдэл юм. Бэнкмен-Фрайед Vox-ийн сурвалжлагчтай хийсэн арилжаандаа FTX-ийн харилцагчийн хөрөнгийг хэрэглэснээ бараг хүлээн зөвшөөрчээ.
Бэнкмен-Фрайдын үнэлэгдсэн хөрөнгө хэдхэн хоногийн дотор 17 тэрбум ам.доллароос 1 тэрбум болтлоо буурав. Forbes-ын тооцоолсноор одоо тэг рүү ойртсон гэжээ. 11 дүгээр сарын 11-ний баасан гарагт Alamedia Research, FTX болон FTX U.S. компани дампуурлаа зарласан бөгөөд Бэнкмен-Фрайд тэр өдөртөө гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхисон (Тэрээр хөрөнгө оруулагчдадаа зарсан гэх хувьцаанаас эсвэл Alamedia Research-аас авсан 2.7 тэрбум ам.долларын зээлээсээ тодорхой хэмжээний бэлэн мөнгө нуусан байх магадлалтай).
FTX-ийн “дэлбэрэлтийн” үр дагавар бүрэн илрээгүй байгаа ч нэг зүйл тун тодорхой байгаа нь Бэнкмен-Фрайдын нэг адил маш хурдан юу ч үгүй болтлоо сүйрсэн хэд хэдэн тэрбумтан бий. Хэдхэн хоног, хэдхэн долоо хоногийн дотор бараг бүх хөрөнгөө алдсан хүмүүсийн дунд 2008 оны санхүүгийн хямралд өртсөн Германы тэргүүн баячуулын нэг байсан Адольф Меркле, еврейн эсрэг үзлээрээ өөрийгөө унагасан Канье Уэст нар байна.
Forbes-ын тэрбумтнуудын жагсаалтад орж байгаагүй ч асар их хэмжээний хохирол амссан хоёр баян магнат байна. Түүхэн дэх хамгийн том понзи схемийг удирдаж байсан зартай луйварчин Берни Мадофф (2021 онд нас барсан), мөн өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын компани нь бараг л нэг шөнийн дотор дампуурсан “Archegos Capital Management”-ийн Билл Хвангийн сүйрэл дэлхийн томоохон банкуудыг ойролцоогоор 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэжээ.
Сүүлийн 20-иод жилийн турш луйвар, хууран мэхлэлтээс эхлээд янз бүрийн шалтгаанаар олон сүйрэл болжээ. Эдгээр хэргээс нэлээд нь шүүхээр шийдэгдэж, эзэд нь шоронгийн хаалга татаж байна. Тэдний нэг нь саяхан хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн хэргээр 11 жил шоронд хоригдохоор яллагдсан, одоо татан буугдсан цусны шинжилгээний Theranos хэмээх хуурамч компанийн үүсгэн байгуулагч Елизабет Холмс юм. Өөр гурван хүн мөн торны цаана байгаа бөгөөд нэг нь гэрийн хорионд, нөгөө нь шүүх хурлаа хүлээж байна.
SFB-ийн (Бэнкмен Фрайд-ын твиттерийн нэр.орч) улам хачирхалтай болсоор буй түүх хэрхэн төгсөх нь тодорхойгүй байна. Дэлхий нийт түүний болон FTX-ийн хувь заяа хэрхэн эргэж буйг харж байх зуур томоохон тэрбумтнуудын сүйрэл хийгээд тэдний одоогийн байдлыг сонирхоцгооё.
- Канье Уэст: Жүүдийн эсрэг үзлээс болж унасан гутлын хаант улс
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 2022 оны дөрөвдүгээр сард 2 тэрбум ам.ам.доллар
Одоогийн хөрөнгийн хэмжээ: 400 сая ам.доллар
Дампуурал: 2022 оны 10 дугаар сар
Канье Уэст буюу эдүгээ “Ye” хэмээх нэртэй болсон реппэр, дизайнер хуйвалдааны онол болон жүүдийн эсрэг үзэлтэй комментууд, шуугиан тарьсан авир байдлаасаа болж өөрийн нэрийн Yeezy сникерийн бизнесийн гол түнш Adidas-аас 10 дугаар сард хасагдлаа. Энэ явдал өмнөх сард хувцасны жижиглэн худалдааны компани Gap-тай байгуулсан 10 жилийн гэрээгээ цуцалсны дараа болсон бөгөөд түүнчлэн Францын Balenciaga загварын ордон, жижиглэн худалдааны Foot Locker, өөрийнх нь зуучлагч агентлаг CAA, мөн түүний банкир JPMorgan нартай холбоогоо тасалсан юм. Хэдийгээр түүний бизнесийн хаант улс нуран унасан ч тэрээр 400 сая ам.ам.долларын хөрөнгөтэй хэвээр байгаа ба тэдгээр нь түүний үл хөдлөх хөрөнгө, хөгжмийн каталоги, бэлэн мөнгө болон экс эхнэр, тэрбумтан Ким Кардашяны эхлүүлсэн 3.2 тэрбум ам.долларын дотуур хувцасны Skims брэндийн 5%-ийн хувьцааны орлого зэрэг болно.
- Нирав Моди: Үнэт эдлэлийн оргодол худалдаачин
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 2015 онд 1.8 тэрбум ам.доллар
Одоогийн хөрөнгийн хэмжээ: Тодорхойгүй
Дампуурал: 2018 он
Нэгэн цагт Кейт Уинслет, Дакота Жонсон, Приянка Чопра-Жонас зэрэг оддын дурладаг чамин үнэт эдлэлийн эзэн явсан тэрээр өдгөө Лондоны баруун өмнөд хэсэгт байрлах Вандсворт шоронд Энэтхэгт шилжүүлэн өгөхийг эсэргүүцэн тэмцсээр байна. Саяхан Лондоны Дээд шүүх түүнийг шилжүүлэн өгөх шийдвэр гаргажээ. Дэлхий даяар дэлгүүртэй, дараагийн Харри Уинстон болохоор эрмэлзэж байсан энэтхэг гаралтай очир эрдэнийн наймаачин энэ эрийг одоо дампуурсан Firestar International пүүсийнхээ өргөтгөлийг санхүүжүүлэхийн тулд төрийн өмчит Пунжабын Үндэсний банкнаас 1.8 тэрбум ам.доллар залилсан хэрэгт буруутгаж байна.
Моди хэрэг мандахын өмнөхөн Энэтхэгээс зугтаж, жилийн дараа Лондонгийн гудамжинд дээш мушгирсан сахалтай явж буй нь мэдэгдэж удалгүй баривчлагдсан байна. Энэтхэгийн эрх баригчид Модигийн эд хөрөнгийг, түүний дотор маш өндрөөр үнэлэгдсэн урлагийн цуглуулгийг хураан авч, заран түүний өрийг барагдуулж байна. Уортоны бизнесийн сургуулийг дүүргэлгүй орхисон тэрээр очир эрдэнийн наймаачдын гэр бүлд төрж, Бельгид өсчээ. Авга ахаасаа гэр бүлийн бизнесээ суралцахаар Энэтхэг рүү нүүснээсээ хойш 1999 оноос бие даан гарч иржээ.
- Риши Шах: Залилангийн хэрэгт буруутгагдаж, шүүх хурлаа хүлээж буй
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 3.6 тэрбум ам.доллар, 2017 он
Одоогийн хөрөнгө: 0$
Дампуурал: 2018 он
Риши Шахыг коллежоо хаяж, 2017 оны тавдугаар сард дуулиан дагуулсан эрүүл мэндийн старт-ап Outcome Health-ийг байгуулан 5.6 тэрбум ам.доллароор үнэлүүлж, 600 саяыг босгосон зартай нэгэн гэдгээр нь хүмүүс мэддэг.
Хоёрхон жилийн дотор Шах тэрбумтны эгнээнд орсон ч Outcome-ийн хоёр топ менежерийн хамт компанийн санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүний амжилтаа гуйвуулан ашиглаж үйлчлүүлэгч, зээлдэгч, хөрөнгө оруулагчдын 1 тэрбум ам.долларыг завшсан хэргээр буруутгагдсан байна. 2019 онд ял тулгасан ч гурвуул буруугаа хүлээгээгүй бөгөөд 2023 онд дахин шүүгдэх ажээ.
- Жон Капур: Ялаа эдэлж буй мансууруулах бодис үйлдвэрлэгч
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 3.3 тэрбум ам.доллар, 2015 он
Одоогийн хөрөнгийн хэмжээ: Тодорхойгүй
Дампуурал: 2017 он
Эмийн салбарын энтрпренер, хөрөнгө оруулагч Жон Капур нь унтуулагч бодис үйлдвэрлэгч Insys Therapeutics-ийн үүсгэн байгууллагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нь байв. 2017 оны 10 дугаар сард хорт хавдрын өвчин намдаах зориулалттай Subsys фентанил /нийлэг аргаар гаргасан хүчтэй мансууруулах бодис. орч/ шүршигчийг өвчтөнүүдэд жороор бичүүлэх гэж эмч нарыг хахуульдсан хэргээр баривчлагдсан. Insys дампуурлаа зарлаж, 2019 оноос үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгджээ. Баривчлагдсанаасаа хойш хэдхэн сарын дараа Forbes-ын тэрбумтнуудын жагсаалтаас хасагдсан энэтхэг гаралтай энэ бизнесмен Insys-ийн өөр дөрвөн захирлын хамт рэкетийн хуйвалдаан хийсэн хэрэгт шийтгүүлсэн бөгөөд 2020 оноос 5 жил хагасын хугацаатай шоронд хоригдох ял авсан. Холбооны Засан Хүмүүжүүлэх Товчоо түүнийг 2024 оны наймдугаар сард суллагдана гэжээ.
- Елизабет Холмс: Нэгэн цагийн анагаахын магнат 11 жил шоронд хоригдох ял авав
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 4.5 тэрум ам.доллар, 2015 он
Одоогийн хөрөнгийн хэмжээ: 0$
Дампуурал: 2016 он
Theranos-ын хамтран үүсгэн байгуулагч Елизабет Холмс нэгэн цагт хүний хурууны үзүүрээс зөвхөн нэг, хоёрхон дусал цус авч цусны шинжилгээнд хувьсгал хийнэ гэж мэдэгдсэн төхөөрөмж бүтээснийхээ төлөө технологийн ертөнцийн од болж байв. Стэнфордын Их сургуулиас завсардсан тэрээр 2015 онд Америкийн хамгийн баян эмэгтэйгээр тодорч байлаа.
Нэг жилийн дараа уг төхөөрөмж найдваргүй болох нь батлагдаж компани нь Холбооны агентлагуудын удаа дараагийн мөрдлөгөд орж эхэлсний хойно Forbes түүний хөрөнгийн үнэлгээг тэг болгожээ. Цахим залилан хийсэн хэргээр тэр 2018 онд шүүхэд дуудагдаж, шүүх хурал 2021 онд болжээ. Шүүх хурлын явцад Холмс бүх бурууг экс найз залуу, Theranos-ын ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирал байсан Рамеш “Санни” Бальванид тохохыг оролдсон байна. Шүүгчид уг санаархлыг хэрэгсээгүй бөгөөд хөрөнгө оруулагчдыг залилсан 4 үндэслэлээр түүнийг яллав. Хоёр дахь хүүхдээ тээж буй тэрээр 2022 оны 11 дүгээр сард 11 жил гаруй хоригдохоор торны цаана оржээ. Бальвани ч бас цахим луйвар ба цахим луйвар хийхээр завдсан хэргээр 20 жилийн ял авахаар болж байна.
- Эйки Батиста: Бразилийн хамгийн баян гэгдэж байсан нэгэн 30 жилийн ял авав
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 30 тэрбум ам.доллар, 2012 он
Одоогийн хөрөнгийн хэмжээ: Байхгүй
Дампуурал: 2013 он
Асар өндөр амбицтай, Бразилийн газрын тос, байгалийн хийн бизнесмен Эйкэ Батиста Forbes -т дэлхийн хамгийн баян хүн болно хэмээн амлаж байсан удаатай (Тэр цагаас хойш Tesla-гийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ цолыг авсан). Хэсэг хугацаанд энэ боломжтой мэт харагдаж байв. 2012 оны эхээр Батистагийн хөрөнгө 30 тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүрсэн бөгөөд учир нь түүний ЕВХ групп компанийг дагасан эрчим хүчний компаниудын хувьцаат компаниудынх нь үнэлгээ огцом өссөн юм. Гэвч жилийн дотор үйлдвэрлэл ба санхүүгийн зорилгын зөрүүгээс болж түүний эрчим хүчний хаант улс нурах замдаа оржээ. Хамгийн чухал гэгдэж байсан OGX компани газрын тосны нөөцөө хэтрүүлэн тооцсон нь тодорхой болов. OGX 2013 онд 45 тэрбум ам.долларын бондын төлбөрөө төлж чадахгүй болсныхоо дараа дампуурах өргөдлөө өгсөн нь Латин Америкийн түүхэн дэх хамгийн их өр байсан юм. Батиста 2018 онд, одоо шоронд хоригдож байгаа Рио де Жанейро мужийн захирагч Сергей Кабралыг 16.5 сая ам.доллараар хахуульдаж засгийн газартай гэрээ байгуулах гэсэн хэргийнхээ төлөө 30 жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр харшдаа гэрийн хорионд амьдарч байгаа гэх мэдээлэл байна.
- Вижя Малья: Сайхан цаг үлгэр болжээ
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 1.6 тэрбум ам.доллар, 2007 он
Одоогийн хөрөнгийн хэмжээ: тодорхойгүй
Дампуурал: 2012
Этгээд тансаг амьдралын хэв маягаараа “Сайхан амьдралын хаан” хэмээн алдаршсан Малья нь Энэтхэгийн согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгчийн нэг болох United Spirits-ийн компаниуд болон одоо татан буугдсан агаарын тээврийн Kingfisher Airlines-ийг эзэмшдэг байсан. 2005 оноос агаарын тээврийн салбарт орж ирсэн архины үйлдвэрлэлийн акул тэрээр Kingfisher Airlines-аа хэвийн эргэлтэд байлгахын тулд Энэтхэгийн олон тооны банканд 1 тэрбум гаруй ам.долларын өр тавьжээ. Нэгэнтээ Энэтхэгийн хоёр дахь том дотоодын агаарын тээвэрлэгч байсан Kingfisher төлбөрийн чадваргүй болж, 2012 онд хаагдав. Экипажийн багууд хэдэн сараар цалингаа авч чадахгүй байхад Малья хэтэрхий тансаг үдэшлэг зохион байгуулсан хэвээр гэж Forbes тухайн үед мэдээлж байжээ. Малья 2016 онд Энэтхэгийн Төв банкны зээлдүүлэгчдэд өрөө төлөлгүйгээр Англи руу оргосон бөгөөд өнөөг хүртэл тэнд амьдарч байгаа гэж үздэг. Түүнийг хэзээ нэг цагт Энэтхэгт шилжүүлэн өгөх нь гарцаагүй. Британийн шүүх өнгөрсөн долоодугаар сард Мальягийн дампуурлыг зарласан нь Энэтхэгийн банкнуудад түүний төлөгдөөгүй өрийг шаардах замыг засаж өгчээ.
- Аллен Стэнфорд: Понзи ханхүү
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 2.2 тэрбум ам.доллар, 2008 он
Одоогийн хөрөнгө: 0$
Дампуурал: 2009 он
Берни Мадофын луйврын мөнгийг нийлүүлж байсан луйварчин Стэнфорд нь Антигуад төвтэй оффшор банк болох Stanford Financial Group-ээрээ дамжуулан 7 тэрбум ам.долларын Понзи схемийг хэрэгжүүлсэн хэргээр 2012 онд ял сонссон. Тэрбумтан байсан энэ хүн 20 жилийн турш луйврын шинж бүхий өндөр ашигтай хадгаламжийн сертификат зарж мөнгийг жинхэнэ ууталсан бөгөөд олсон мөнгөө учир битүүлэг хөрөнгө оруулалт, өөрийн хэтэрхий үрэлгэн, задгай цамаан амьдралын хэв маягаа тэтгэхэд зардаг байсан гэж прокурорын мэдэгдэлд дурджээ. 2012 онд тэрбээр 110 жилийн ял сонссон бөгөөд одоо Флорида мужийн чанга дэглэмтэй Колеманы шоронд хоригдож байна. Стэнфордын схемийн хохирогчид Мадофын хохирогчдоос илүү удаанаар мөнгөө эргүүлэн авч байгаа бөгөөд дөнгөж 1 тэрбум ам.доллар буцаагджээ. 2022 оны нэгдүгээр сард Техасын шүүхээс луйварчинд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, дэмжиж байсан гэх Стэнфордын хэсэг хөрөнгө оруулагч нарын эсрэг 4 тэрбум ам.доллар нэхэмжлэл шүүхэд өгсөн 5 банк ч бас өөрсдөө шүүгдэх ёстой гэж тогтоожээ. Банкууд шаардлагыг эсэргүүцсэн ч хуулийн хариуцлагаас зайлж чадаагүй юм.
- Адольф Меркле: Санхүүгийн хямралын хохирогч
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 12.8 тэрбум ам.доллар, 2007 он
Одоогийн хөрөнгө: тодорхойгүй
Дампуурал: 2008
Меркле бол 2008 оны санхүүгийн хямралд маш их хөрөнгө оруулалтаа салхинд хийсгэсэн Германы аж үйлдвэрийн бизнес эрхлэгч юм. Тэрээр Volkswagen AG-гийн эсрэг азаа туршсан нь нөхцөл байдлыг улам дордуулсан. Учир нь тэр жил Европын авто салбарын аварга Porsche компани Volkswagen AG-ийг худалдаж авахаар өрсөлдөж буй нь тодорхой болж, Volkswagen AG-гийн хувьцаа огцом өссөн. Меркле нь өөрийн VEM Vermoegensverwaltung компанийн бий болгосон шархыг нөхөхийн тулд 1 тэрбум ам.долларын өндөр хүүтэй, богино хугацааны зээл авсан нь түүний бүрэн унах замыг шулуутгажээ. Түүний эзэнт улс нуран унахын даваан дээр тэрбээр 2009 онд Германы Blaubeuren дэх гэрийнхээ ойролцоо галт тэрэгний зам руу үсэрч амиа хорложээ. Адольфын үхлийн дараа түүний хүү Людвиг намагт зоогдсон гэр бүлийнхээ хувь тавиланг эргүүлсэн бөгөөд хөрөнгөө хэсэг хэсгээр нь зарсан ч эцэст нь буцан сэргэжээ.
- Михайл Ходоровский: Путины унагаасан Оросын хамгийн баян эр
Хөрөнгийн хамгийн өндөр үнэлгээ: 15 тэрбум ам.доллар, 2004 он
Одоогийн хөрөнгийн хэмжээ: Тодорхойгүй
Дампуурал: 2006
Оросын газрын тос, байгалийн хийн аварга компани ЮКОС-ийн тэргүүн байсан Ходоровский 2004 онд баялгийнхаа хамгийн оргил үед 15 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Оросын хамгийн баян эр байв. Гэвч олон нийтийн өмнө В.Путинтай засгийн газрын авлигын асуудлаар маргалдсаны дараа Ходоровский баривчлагдаж, татвараас зайлсхийсэн, хууль бус аргаар мөнгө олсон, луйвар залилан хийсэн хэргээр шоронгийн хаалга юм. Тэрбээр түүнд тулгасан хэргүүдийг няцааж, улс төрийн зорилготой гэж мэдэгдсэн. Нэгэнтээ Оросын хамгийн том газрын тосны компани байсан ЮКОС задран унаж, 2006 онд дампуурааа зарласан. Ихэнхи хөрөнгө нь улсын мэдлийн Роснефть газрын тосны компанид шингэжээ. Ходоровский 2013 онд өршөөлд хамрагдаж, тэр цагаас хойш Лондонд шилжин суурьшсан бөгөөд өнөөг хүртэл Путиныг хатуу шүүмжилсээр байна. “Путин засгийн эрхэнд байгаа цагт дэлхий аюулгүй газар байж чадахгүй” гэж тавдугаар сард Милкен Институтын жил тутмын бага хурал дээр хэлжээ.