Влад, Ники, Диана, Настя нар далбаат завиар зугаацаж, “Феррари” унаж, дэлхийгээр аялдаг. Тэднийг үе тэнгийнх нь фэн хүүхдүүд хайр, анхаарлаар дутаах нь үгүй.
Одоогоос гурван жилийн өмнө YouTube-д өөрийн гэсэн сувагтай Влад, Ники, Диана, Настя нар Майамид 30 метр урт далбаат завин дээр нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг сайн найзууд байв. Харин өнөөдөр тэд YouTube-д ноёрхлоо тогтоохын төлөө хоорондоо ширүүн өрсөлдөж байна. Тэднийг 10 нас ч хүрээгүй байгааг дуулгая.
Тэд бол YouTube-ийн “Vlad and Niki”, “Like Nastya”, “Kids Diana Show” сувгийн одууд юм. Нийлээд 300 сая дагагчтай, дэлхийн хамгийн алдартай хүүхдийн лайв-акшин гурван суваг. Өдгөө тэд стрим шоу нэвтрүүлгээс хальж, тус бүр нь олон арван сая долларын үнэ бүхий өөрийн гэсэн брэнд тоглоом, лицензийн гэрээг байгуулан бизнесийн цар хүрээгээ тэлж байна.
“Хаанаас ч юм гэнэт гараад ирсэн энэ хүүхдүүд Микки Маусаас ч алдар нэртэй болоод байна” хэмээн “Like Nastya” зэрэг YouTube сувгуудад стратегийн зөвлөгөө өгдөг Эйал Баумел өгүүлэв.
Эдгээр гурван сувгийн видеон дээр зохиомол арал дээрх хотод лайв-акшин байдлаар өрнөдөг үйл явдлууд гардаг. Тухайлбал, хүүхдүүд супер баатрууд шиг хувцаслаад аварга том хүнсний ногоонууд дээр мөлхөж, тоглоомон моторт машинаар давхина. Харин аав, ээж нь туслах дүрд тоглодог.
Суваг нь алдар нэртэй болох тусам хүүхдүүдийн ашигладаг тоглоом, хувцас хэрэглэл нь үнэтэй, тансаг болжээ. Нэг видео дээр л гэхэд Влад, Ники хоёр ээжийнхээ үгэнд оролгүй хөвсгөр ягаан чимэглэлтэй “Рэйнж Ровер” болон аавынхаа час улаан “Ферари”-г унаж давхидаг. “Kids Diana Show”-ийн энэ жилийн нэг дугаарт тэд гэр бүлээрээ Мальдивт амарч, шар шумбагч завиар аялж буй нь гардаг юм.
Эдгээр видеонд “хөөх”, “янзын” гэсэн хэллэг, алга ташилт голлож, тун бага яриа гардаг учир араб, испани, индонез зэрэг бусад хэл рүү орчуулахад хялбар байдаг гэнэ. Энэ жил ес болон долоон нас хүрсэн хүүхдүүдийн ээж Викториа Вашкетова “Эдгээр бичлэгийг үзээд Влад, Никигийн найзууд шиг мэдрэмж үзэгч хүүхдүүдэд төрдөг” гэж хэллээ.
Бяцхан алдартнуудаар тоглоомоо сурталчлуулахын тулд компаниуд ихээхэн мөнгө төлдөг болжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээс үзвэл тоглоом үйлдвэрлэгчид эдгээр хүүхдүүдэд 75-300 мянган доллар төлдөг аж.
YouTube-ийн одууд маань мөн өөрсдийн нэр, дүрс бүхий тусгай брэндтэй болцгоожээ. Жишээлбэл, малгай өмссөн Владын дүрс, Дианагийн гэр бүлийнхний хүүхэлдэй гэх мэт бараанууд Walmart, Target зэрэг АНУ-ын томоохон жижиглэн худалдааны дэлгүүрээс гадна Швед, Монгол зэрэг улсад зарагддаг талаар тус сувгийн төлөөлөгч мэдээлсэн юм.
БНХАУ-ын Шенжен хотод төвтөй “Zuru Toys” компани тэдэнтэй 2020 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Vlad and Niki”-гийн тоглоомын тусгай цувралыг үйлдвэрлэж эхэлжээ. Олон улсын хэмжээнд алдар нэртэй болсон учраас хөвгүүдтэй хамтран бизнес хийхээр шийдсэн хэмээн тус компанийг хамтран үүсгэн байгуулагч Ник Моубрай хэлсэн юм.
Стримингийн томоохон компаниуд ч тэднийг видеог HBO Max, Amazon платформ дээр дуртайяа тавих болжээ. “Том студигүй мөртлөө дэлхий даяар үзэгчтэй франчайз бүтээж болно. Энэ бол үнэхээр санаанд оромгүй зүйл юм шүү” гэж “Vlad and Niki” сувгийг төлөөлж ажилладаг мөн интернэтийн олон алдартныг уламжлалт медиа суваг руу шилжихэд нь тусалж байсан “Underscore Talent” компанийн Дэн Вэйнштэйн өгүүлэв.
Цагаа олох нь чухал
Влад, Ники, Диана, Настяг хөлд орж байхад iPad нь нэг төрлийн хүүхэд саатуулагч болж байсан бөгөөд шинэ тоглоомоо хайрцагнаас нь задалж буй тэдний бичлэгүүд YouTube дэх хамгийн олон үзэлттэй хүүхдийн контент болж байв.
Хэрэглэгчдийн зан авирт нөлөөлж эхэлсэн залуу алдартны нэг нь EvanTubeHD сувгийн Эван юм. Тэрбээр таван настайгаасаа Angry Bird-ийн тоглоом бүхий бичлэгүүдээ байршуулж эхэлснээр YouTube дээр алдаршсан анхны хүүхдүүдийн нэг болсон юм. YouTube сувгийн хүүхдийн контентын хаан хэмээн нэрлэгддэг Райан Кажи гэхэд л “Thomas the Tank Engine” зэрэг алдартай тоглоомын танилцуулгыг хийж хэдэн сая долларын орлого олж байлаа. “Хөөрхөн хүүхдэд брэндийн тоглоом өгөөд, түүгээр тоглож байгаа бичлэгийг нь интернэтэд тавь” гэсэн олон сая үзэгчтай болох томьёог эдгээр алдартнууд анх гаргаж ирсэн юм.
Өмнө дурдсан гурван гэр бүл ч энэхүү томьёог ашиглан амжилтад хүрчээ.
Влад, Никигийн эцэг эх Москва дахь гэртээ анх бичлэг хийж эхэлжээ. Аав Сергей Вашкетов нь хүнсний компанид дунд түвшний менежер байсан бол Викториа гимнастикийн тамирчин байгаад зодог тайлсан юм. Орос хэлээр хийгдсэн тэдний эхний бичлэгүүд дээр Влад, Ники хоёр лаазтай Coca-cola ховдоглон ууж, M&Ms, Skittles-ийн асар том цүнхээр тоглож байгаа нь гардаг.
Настя (бүтэн нэр нь Анастасиа Радзинская) ОХУ-ын Краснодар хотод төрсөн. Эмч нар охиныг нь тархины саажилттай, хэзээ ч хэлд орохгүй гэж буруу оношилсны дараа эцэг эх нь охиноо хэрхэн ярьж байгааг нь харуулсан бичлэгийг YouTube-д байршуулж эхэлжээ. Настягийн анхны бичлэгүүд дээр Lego-гоор тоглож, Disney компанийн баатруудын зурагтай өндгөн шоколад идэж байгаа нь гардаг.
Харин Олена, Володимир Кидсюк Украины Киев хот дахь гэртээ Диана охиноо ах Ромагийн хамтаар Peppa Pig, Hot Wheels, Play-Doh зэрэг алдартай тоглоомоор тоглож байгаа бичлэгийг нь хийдэг байв.
Өдгөө ихэд алдаршсан энэ гурван суваг анх гал тогооны ширээ, хотын паркаас ухаалаг гар утас ашиглан бараг эдит хийлгүйгээр тун даруухан эхэлж байсан юм. Бичлэг нь YouTube дээр олон сая үзэгчтэй болж эхэлснээр эцэг эх нь үүн дээр тулгуурлан бизнес босгох боломжийг олж харсан тул илүү сонирхолтой, тансаг байрлал, тоглоом ашигласан илүү өндөр чанарын бичлэг хийх болжээ. Тухайн бичлэг алдартай, олон үзэгчтэй болох тусам YouTube-ийн алгоритм нь тухайн бичлэгийг хүүхдүүдэд илүүтэй санал болгож эхэлдэг юм.
Ингээд тэд Украин, ОХУ-аас Дубай, Тайланд руу нүүснээр жилийн турш бичлэг хийх боломжтой болжээ. Дөрвөн жилийн өмнө гурван гэр бүл Майамид уулзсанаар нөхөрлөл нь эхэлсэн гэж В.Вашкетова дурсав. Тодруулбал, Настя төрсөн өдөртөө Влад, Ники, Дианаг урьсан аж. Түүнээс хойш тэд хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг хэд хэдэн удаа хамт тэмдэглэж, төрсөн өдрийн азтан нь уул овоо шиг их шинэ тоглоомоо задалж байгаа зэрэг бичлэгийг хийх болжээ. Төрсөн өдрийн бичлэг YouTube дээр өндөр хандалт авдаг гэж С.Вашкетов өгүүлэв.
Хүүхдийн паркаар аялж, амралтанд амарч байгаа бичлэгүүд ч мөн бий. Тэд гэр бүлээрээ Тайланд, Итали, Хавай, Франц дахь Альпын нуруунаас бичлэг хийж, пост оруулж байжээ.
“Аз, цаг хугацааны тохирооноос гадна аналитик код их чухал нөлөө үзүүлсэн”хэмээн Вашкетовын гэр бүлийнхэн шиг дижитал контент бүтээгч нарт сүүлийн 10 гаруй жил зөвлөгөө өгч буй Д.Вейнштейн өгүүлэв.
Бичлэг нь хэр олон хүнд хүрч байгааг задлан шинжлэх, контентын төлөвлөгөө гаргахад нь тусладаг өгөгдөлд суурилсан арга хэрэгслээр YouTube нь контент бүтээгчдийг хангаж өгснөөр үзэгчдийн тоогоо нэмэх боломжийг олгодог. Тэдгээр арга хэрэгсэл нь үзэгч нар ямар контент хайж байна, тухайн сувгийн үзэгчид өөр ямар контент сонирхож байна, хэзээ YouTube орж байна, үзэгчдийн хамгийн их сонирхдог өөр ямар сувгууд байна вэ болон бусад өгөгдлөөр хангадаг байна. Энэ нь контент бүтээгч нарт тест хийх, сувгийн ялгаатай танилцуулга нь үзэгч нарт хэрхэн нөлөөлж болох, тухайлбал, өнгөний сонголт, бичлэгийн нэр, тэр бүү хэл тамбнэйл зураг нь үзэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг шийдэхэд тусладаг юм.
“YouTube, контент бүтээх аргыг Сергей, Виктория ухаан сэхээгүй судалдаг” гэж Д.Вейнштейн тодорхойлов.
Эдүгээ тэд тайзны ард ажилладаг туслахуудтай болжээ. Жишээлбэл, “Vlad and Niki” суваг нь байрлал хайдаг скаут, зураглаач, тоноглол хариуцсан хүн гээд тав хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Мөн бичлэгийг гадаад хэл рүү орчуулах, мобайл тоглоомын аппликэйшн болгож хөрвүүлэх дизайны баг, нийгмийн сүлжээг хариуцсан мэргэжилтэнтэй хамтардаг байна.
YouTube сувагтай хүүхдүүд, гэр бүлд сувагтаа тулгуурлан франчайз бүтээх, тухайлбал, нэмэлт брэндинг болон мерчиндайзын боломжийг ашиглах, өргөн хэрэглээний бараа болгох, мобайл тоглоом хийх, нэмэлт контент хөгжүүлэх, лиценз борлуулах зэрэгт нь тусалдаг pocket.watch компанитай Кидисюкийн гэр бүл гэрээ байгуулжээ. Уг компани нь Райан Кажи тэргүүтэй 30 гаруй хүүхдүүд, гэр бүлтэй хамтран ажилладаг юм.
Тэдний амжилтыг Холливудын студиуд хүртэл анзаарчээ. Настягийн баг л гэхэд жүжигчин Вилл Смитийн “Westbrook” компанитай хамтран анимэйшн цуврал бүтээж эхэлсэн. Мөн Netflix компани уг цувралыг сонирхож, гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа аж.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “HBO Max” компани “Vlad and Niki” сувгийн контентыг өөрийн стриминг сувагт багтаахын тулд долоон оронтой тоо бүхий үнийн дүнтэй гэрээ байгуулсан агаад хоёр хөвгүүнтэй холбоотой хүүхэлдэйн цуврал кино бүхий хоёр ч шоу хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Харин Диана, Рома хоёр “Paramount”-ийн “Paw Patrol” киноны сурталчилгаанд тоглосон агаад бичлэгүүд нь Amazon Prime, Roku дээр тавигдаж байлаа. Ах дүүс YouTube дээр Дианагийн зохиомол дүр болох Princess of Play болон түүний дайсан Boris the Baron of Boredom нарын тухай хүүхэлдэйн кино цувралыг гаргадаг юм.
Өрсөлдөөн
Маш өндөр үнийн дүн бүхий сурталчилгааны гэрээ байгуулах боломжууд гарч ирснээр сүүлийн жилүүдэд сувгуудын хоорондох өрсөлдөөн ширүүсэж, гурван гэр бүлийн харилцаа хөндийрсөн аж.
Нэн ялангуяа охидын анхаарлыг татах ёстой Диана, Настягийн хоорондох өрсөлдөөн маш ширүүн болж байгаа. Тэр хоёр YouTube дээр дагагчдын тоогоор эн тэнцүү өрсөлдөж байгаа бөгөөд Настя 102 сая, Диана 104 сая дагагчтай болжээ.
Настя, эсвэл Дианагийн бичлэг хэр олон үзэгчид хүрч байгааг заримдаа сонирхдог гэж Влад, Никигийн ээж өгүүлэв. Гэхдээ өрсөлдөөн байдаг гэдгийг В.Вашкетова үгүйсгэж, “Эцэг эхчүүд хоорондоо энгийн харилцаатай байгаа, хүүхдүүд маань ч хамтдаа тоглох дуртай” гэлээ.
Энэ гуван гэр бүлийг амаргүй сонголт, сорилт хүлээж буй. Хүүхдүүд нь удахгүй өсвөр насанд хүрч, сургуулийн өмнөх насныханд зориулсан бичлэг хийхэд хэтэрхий “хөгшдөнө”.
Влад аль хэдийн ирээдүйгээ төлөвлөөд эхэлсэн агаад төрөл бүрийн тэмцээн, сорилтын бичлэгийг сувагтаа оруулдаг YouTube-ийн хамгийн алдартай контент бүтээгч MrBeast шиг болохыг мөрөөддөгөө дурдсан юм. Түүнээс гадна Владыг ахын хамтаар хөгжмийн бизнест хөл тавихад нь Д.Вейнштейн тусалж байна. Тэрбээр Жастин Бибер, Селена Гомес зэрэг дуучидтай ажиллаж байсан продюсер, ая зохиогч нарыг хөлслөн хөвгүүдэд зориулсан дуу хийлгэж байгаа юм.
Харин одоогоор Вашкетовынхон Майамид суурьшиж, хүүхдүүддээ сайн боловсрол олгохохд нь анхаарч байна. Тэд саяхан Golden Beach дэх баячуудын дүүрэгт 12.5 сая доллароор найман унтлагын өрөөтэй харш худалдаж авчээ.
Гэхдээ хүүхдүүд нь хүссэн үедээ бичлэг хийхээ больж болно гэж эцэг эх нь үзэж байгаа юм. “Бидний хүсэл тэмүүлэл, шийдвэр Влад, Никигийн сонирхлоос бүрэн шалтгаална. Хэрэв тэдний дургүй, хүсэхгүй зүйлийг хийхийг оролдвол олигтой бичлэг гарахгүй нь тодорхой” гэж Сергей өгүүлэв.
Влад том болж байгаа учир гурван настай дүү Кристиан нь ахыгаа залгамжилж магадгүй юм. Кристиан хэд хэдэн бичлэгт оролцсон ч тэд бага хүүдээ зориулж тусдаа суваг гаргах бодолгүй байгаа гэнэ. Мөн есдүгээр сард төрсөн охиноо ч YouTube-ийн бичлэгт оруулах бодолгүй гэж В.Вашкетова хэлсэн юм.
The Wall Street Journal. Р.Т Уатсон