Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улс орон эдийн засгийн хямралтай
нүүр тулгарч шаардлагатай шийдвэрүүдийг гарган хойшлуулшгүй арга хэмжээ авч ирсэн
билээ. Тэдний нэгэн адил Монгол Улс шат шатны цөөнгүй тогтоол шийдвэрийг гарган
хэрэгжүүлсний нэг нь залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилгоор хэрэгжүүлсэн
ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан явдал юм.
Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү зээлийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн
газар болон Монголбанк хамтран санхүүжүүлсэн. Хөтөлбөрт арилжааны банкууд хамтран
ажиллаж улмаар өнөөгийн байдлаар 109.8 мянган өрхөд нийтдээ 6.6 их наяд төгрөгийн
зээлийг олгожээ. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилт Засгийн газар, банкнуудын зээл хэдий
ч иргэдийн зээлийн эргэн төлөлт хөдөлгөх гол хүч нь болж ирсэн. Гэтэл цар тахлын
улмаас энэхүү гол хөдөлгөх хүч нь зогсонги байдалд орж, улмаар банкуудын зээл олголт
буурсан нь хөтөлбөр хэрэгжилтэд ихээхэн хүндрэлийг авчирсан. Гол шалтгаан нь цар
тахалтай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдийн нуруунд ирэх санхүүгийн
хүндрэлийг бууруулах зорилгоор зээлийн эргэн төлөлт болон хүүг хуримтлуулж
тооцолгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан явдал.
Талуудын санал зөрөлдсөн хэдий ч Засгийн газрын саналыг даган мөрдөнө.
Энэхүү шийдвэр нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж улмаар энэ оныг дуустал
буюу таван удаа сунгагдаад байсан юм. Хэдийгээр энэ нь зээлдэгчдэд ирэх дарамтыг
бууруулсан хэдий ч дараа дараагийн зээл хүсэгчдийн боломжийг хаасан шийдвэр болсон.
Үүний улмаас олон зээл хүсэгчийн материал банкнуудын ширээн дээр шийдвэрээ хүлээн
хэвтэж буй.
Зөвхөн тав дахь удаагийн эргэн төлөлтийн хугацаа сунгагдсанаар 3.4 их наяд гаруй
төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгч төлбөрөө хүүгийн хамтаар
хойшлуулжээ. Улмаар 195.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хойшлогдсоны 77.9 тэрбум
төгрөг нь үндсэн төлбөрөөс, 117.3 тэрбум төгрөг нь хүүний төлбөр болж байгаа юм.
Гэхдээ хөтөлбөрийн хэрэгжилт тэг зогсолт хийгээгүй, энэ оны эхний есөн сарын байдлаар
5.9 мянган өрхөд 494.8 тэрбум төгрөгийн зээлийг төв банк болон арилжааны банкуудын эс
үүсвэрийн дагуу олгоод буйг дурьдах нь зүйтэй.
Дүрслэл 1. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо
Зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгах эсэхийг судалж байна хэмээн ажлын
хэсэг мэдэгдсэн нь шинээр зээл хүсэгчдэд ихээхэн хүндрэл дагуулсан. Улмаар зургаа дахь
удаагаа сунгагдаж магадгүй хэмээн яригдаж байсан хөтөлбөрийн эргэн төлөлт энэ оноор
дуусгавар болж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдааны
дараа мэдэгдлээ. Тэрбээр, “Засгийн газар ипотекийн асуудлыг оруулж ирэхдээ 2023 оны
нэгдүгээр сараас зээл төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхээр тусгасан. УИХ-аас
байгуулагдсан ажлын хэсэг үүнийг судалж улмаар 2023 оны нэгдүгээр сарын нэгний
өдрөөс зээлээ төлөх шийдвэрийг Засгийн газрын зүгээс гаргасан” гэв. Энэхүү мэдэгдэл нь
банкуудын ширээн дээр хэвтэж буй олон иргэдийн хүсэлтүүд удахгүй хөдөлгөөнд орох
боломжийг бүрдүүлж байгаа юм.
Дүрслэл 2. Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)
УИХ-ын зүгээс Төрөөс мөнгөний бодлогын талаарх зарчмын тухай хуулийг батлахдаа
2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн ипотекийн зээлийн эргэн төлөлт хийхээр
баталсан. Гэвч УИХ-ын ажлын хэсэг ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах
шийдвэр гаргасан ч Засгийн газрын зүгээс ирэх оноос зээлийн эргэн төлөлтийг хийх санал
оруулжээ. Засгийн газрын энэхүү шийдвэр нь хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлж
эдийн засгийн эргэлтийг хурдасгах, зогсонги байдалд буй барилгын салбарт сэргэлт
авчрах боломжийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж болох юм.
Үүнээс гадна Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар
батлагдсан төлөвлөгөөний дагуу уг хөтөлбөрийг 2023 ондоо багтаан Монголбанкаас
Засгийн газарт үе дараатайгаар шилжүүлэхээр болсон байна. Одоогоор хөтөлбөрийн
хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуурт өөрчлөлт оруулаагүй бөгөөд
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл
ажиллагааны журам”-ын дагуу хэрэгжих юм.