Сингапурчуудыг тодорхойлдог, тэдний үндэсний үнэт зүйл гэж хэлж болохоор зүйл бол хөдөлмөрч зан юм. “Сингапур үйлчилгээ” гэдэг бол хүн, технологи, төрийн ухаалаг манлайлал гурваас бүрдсэн, бараг ямар ч алдаагүй, яг л щвейцарь цаг шиг ажилладаг систем юм.
Усан заяат улс
Сингапурын гайхамшиг нь гоё барилгууд гэхээс илүү усны хэрэглээ нь юм. Энэ улсын усны бодлого үнэхээр гайхалтай. Магадгүй ус бол оршихуйн асуудал, тусгаар тогтнолын үндэс гэдгийг Сингапурчуудаас илүү ойлгож мэдэрсэн ард түмэн байхгүй байх.
Сингапурт өөрийн гэсэн байгалийн цэвэр усны эх үүсвэр гэж үндсэндээ байхгүй. 50 гаруй жилийн өмнө усаа картаар авдаг, Сингапур гол гэж авахын байхгүй, өмхий үнэртсэн, элдвийн ялгадсаар дүүрсэн, загас ч амьдрах боломжгүй байв. Тэгэхээр нь Засгийн газрын шийдвэрээр голын эрэг дагуух хэдэн зуун гахайн болон галууны фирм, олон мянган оршин суугчдыг нүүлгэж, голыг 10 орчим жил цэвэрлэжээ. Үр дүнд нь өнөөдөр энэ голын уснаас хутгаад уух боломжтой болсон.
Өнөөдөр Сингапур улс гаднаас ус импортлох, хурын ус цуглуулах зэргээр усныхаа ихэнх хэрэглээг хангаж байна. Малайзаас ус импортлоод түүнийг нь цэвэршүүлсний дараа эргээд Малайзад үнийг нь өсгөн борлуулдаг.
Усан хангамжаас гадна хотын уур амьсгалыг зөөллөж, ногоон байлгадаг 20 шахуу усан сантай бөгөөд бидний зургаа авахуулсан алдарт Марина Бэй бол тавд ордог.
Сингапур улс усны дусал болгоны үнэ цэнийг сайн мэднэ. Голоо бохирдуулахгүй гэсэндээ жуулчдыг зугаацуулдаг завь нь хүртэл цахилгаан мотортой.
“Автомашины тэг өсөлт” бодлого
“Жаргалтай айлуудын жаргах нь ижилхэн, харин зовлон нь өөр өөр” гэсэн Л.Толсойн үг байдаг. ДНБ, өндөр орлого, технологийн хөгжил гээд улс орон бүрийн сайн тал нь ижилхэн ч зовлонтой тал нь харилцан адилгүй.
Сингапурчуудын хувьд газар нутгийн хэмжээ нь олон зүйлээс татгалзахад хүргэдэг. Ердөө 733 хавтгай дөрвөлжин км газар нутагтай нь манай Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс тав дахин бага гэсэн үг. Гэхдээ энэ жижигхэн газар дээр Монголоос бараг хоёр дахин их буюу 5.8 сая хүн амьдардаг. Тиймээс алга дарам газрыг ч үр ашигтай ашигладаг бөгөөд дэд бүтцийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг.
Гэхдээ хүмүүсийн орлого дээшилснээр Сингапурын нэг толгойны өвчин нь автомашин болжээ. Тус улс бараг нэг сая орчим тээврийн хэрэгсэлтэй болсон нь газар ашиглалтад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Хэдийгээр оргил цагаар манайх шиг түгжрэхгүй ч бусад цагийг бодвол хотын хөдөлгөөн удааширна. Тиймээс Сингапур машины тал дээр маш хатуу бодлоготой. Жишээ нь, 1000 машин импортоллоо гэхэд эргээд 1000 машин хотын гудамнаас хасагдах ёстой.
Сингапур машины тал дээр маш хатуу бодлоготой. Жишээ нь, 1000 машин импортоллоо гэхэд эргээд 1000 машин хотын гудамнаас хасагдах ёстой.
Сингапурт машинтай байна гэдэг худалдаж авахаасаа хэцүү. Хувийн авто машины тоог хязгаарлах зорилготой СОЕ хэмээх 10 жилийн хугацаатай олгодог тусгай гэрчилгээ нь 15 000 синга доллар буюу бараг 36 сая төгрөг болдог. Гэрчилгээний хугацаа дуусвал машины эзэн эрхээ сунгуулна, эсвэл экспортлох юмуу төмөрт өгнө. Энд хүний эрх энэ тэр огтхон ч хамаагүй. Мөн Засгийн газраас СОЕ гэрчилгээнд квот тогтоодог бөгөөд заримдаа гэрчилгээг дуудлагаар худалдахад үнэ нь 96 000 синга доллар буюу 230 орчим сая төгрөг болно. Дээр нь машины үнийн дүнгээс боддог төрөл бүрийн татвар хураамж нь нэлээд өндөр.
Ийм байдлаар Сингапур “Автомашины тэг өсөлт” бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнтэй зэрэгцэн нийтийн тээвэртээ маш их хөрөнгө оруулж, нийтийн тээврийг “Номер нэг сонголт” болгох аж.
Хогны инновацийн төв
Миний оролцож буй арга хэмжээний хөтөлбөрийг ирүүлэхдээ оройн хоолонд хамт явах эсэхийг нягталж, илүү хоол бэлдүүлэхгүй байхыг хүсэж байна гэж бичсэн байв. Харин энд ирсэн хоёр дахь орой гурван цагийн турш маш их хоолыг ээлж дараалан өгөхдөө илүү гарсан хоолыг савлаад өгөх үү гэж асууж байв. Эндээс ер нь Сингапурын энэ их хог хаашаа явдаг юм бол гэсэн бодол төрөв.
Эдийн засаг хурдацтай өссөн нь маш их хог хаягдал бий болгосон бөгөөд арлын энэ улсад харамсалтай нь хогоо хаях газар байхгүй. Гэтэл Сингапурт жилд бараг 8 сая тонн хог бий болдог. 2030 онд энэ тоо 12 саяыг давахаар байгаа. Ингээд Засгийн газар хогны гайхамшгийг бодож олжээ. Энэ гайхамшиггүйгээр Сингапур зүгээр л хогондоо живэхээр байв.
Сингапур нийт хогныхоо 60 гаруй хувийг дахин боловсруулж, 37 хувийг нь шатааж, зөвхөн хоёр хувийг нь газарт булдаг. Удахгүй 70 хувийг боловсруулдаг болох аж. Барилгын хог, металлыг бүр юу ч үлдээхгүй боловсруулна.
Боловсруулах боломжгүй хогийг тусгай заводуудад шатаана. Хог шатаахад бий болсон дулаанаар нь 2600 МВт буюу ТЭЦ-4 өөс ч их эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэр эрчим хүч нь үйлдвэрүүд болоод Баянгол дүүргийн нийт өрхтэй тэнцүү тооны өрхийг цахилгаанаар хангадаг. Тэгээд болоогүй хог шатаахдаа маш нарийн технологи ашигладаг учраас утаа биш бараг зүгээр агаар ялгардаг гэхэд болно.
Харин хог шатаагаад үлдсэн үнс болон шатдаггүй хог хаягдлыг Семакуа хэмээх арал руу хүргэж далайгаас тусгаарласан усанд санд хийнэ. Усны түвшин дээшлэхээр усыг нь цэвэршүүлээд далай руу юүлж, дүүрсэн хогийг хөрсөөр хучиж нөхөн сэргээнэ. Ийм байдлаар Сингапурын цорын ганц хогийн цэг бөгөөд хогоор бүтээсэн хиймэл арал бий болжээ.
Гэхдээ тэр нь хогийн цэг гэхээсээ илүү амралтын газар юм. Хог нь үзэсгэлэнтэй харагддаг орон бол Сингапур. Бас хогийн цэг дээр жуулчид зургаа авахуулдаг, оршин суугчид хогийн цэгийн ойролцоо усанд сэлж, загас барихаар ирдэг газар бас Сингапур. Энэ утгаараа Семакуа нь хогноос гадна доллар цуглуулдаг болжээ.
Сингапур өдөрт 20 мянган тонн хог ялгаруулдаг ч хогны машин барагтай үзэгдэхгүй. Оршин суугчид гэрт нь суурилуулсан тусгай хоолойнууд руу хогоо хаяж, тэр нь газар доогуурх трубагаар хог цугларах цэгт хүргэгдэнэ. Хог газар доогуур “урсдаг” учраас гудамжинд ямар ч эвгүй үнэргүй.
Ингэж Сингапур хэдийнээ “Хогны инновацийн төв” болжээ. Ирээдүйд олон хогны их сургууль байгуулагдах ч юм билүү.
Яагаад гэвэл, хогны асуудал цаашдаа дэлхийн нийтийн жинхэнэ толгойны өвчин болно. Хогны үндсэн эх сурвалж нь бидний амьдралын хэв маяг, хэрэглээний нийгэм, тэр дотроо тансаглал байдаг.
Хамгийн хортой тансаглалуудын нэг нь хоол хүнс. Британиар жишээ авахад жилд 7 сая тонн хүнсний хаягдал гардаг. Гэтэл түүний талыг нь идэх боломжтой. Зөвхөн Лондонд гэхэд 2.6 сая ширхэг хэрчим талх зүгээр л хаягддаг. Гэтэл англичуудын хогийг хүлээн авч боловсруулдаг Бангладеш улсад сургуулийн хүүхдүүд өдөржин хогийн цэг дээр өдрийн хоёр гуравхан фунт стирлингийн хөлсөөр ажилладаг хачин үзэгдэл бий. Тиймээс зарим улсад “жаахан үнэртэй” хүнсийг дахин дэлгүүрийн лангуун дээр тавьж, хямд үнээр зардаг практик бий болжээ.
Хүнсний хаягдал их гардаг хэд хэдэн шалтгаан байдаг аж. Британи шиг хөгжингүй орнуудад хүмүүсийн 74 хувь нь худалдаж авах хүнсний жагсаалт гаргадаггүй, 35 хувь нь хоол ундаа төлөвлөдөггүй, 24 хувь нь супермаркет руу явахаасаа өмнө хөргөгчинд юу үлдсэнийг шалгадаггүй. Тийм л учраас Сингапурт ирэхээс маань өмнө оройн хоолонд ирэх эсэхийг нягталж асуусан хэрэг.
Сингапурын үндэсний брэнд нь хөдөлмөрч зан
Яг л метрог хашрааж, хаашаа ч хамаагүй тэндэг дээрээ Сингапураас явах хугацаа боллоо. Явахаасаа нэг хоногийн өмнө шөнийн шоппинг хийж, нэгэн том худалдааны төвөөр хэсэв. Буудлаасаа чек-аут хийсний дараа Монголд ярилцлага авахдаа танилцсан, их сургуулийн багш, судлаач ажилтай сингапур танилынхаа урилгаар Сингапурын уламжлалт нэгэн хоолны гудманд хятад-малайз ресторанд үдийн хоол идлээ. Монгол, Сингапурын нийгэм, эдийн засгийн сэдвээр удаан гэгчийн яриа дэлгэв.
Зургаа хоносон хугацаанд аргагүйн эрхэнд бишрүүлж, хүндэтгэх сэтгэл төрүүлж байсан нь Сингапурын үйлчилгээ, тодруулбал, сингапурчуудын ажилдаа хандаж буй хандлага нь байв.
Гэвч өнгөрсөн зууны дундуур энэ улс анх тусгаар тогтноход “сингапурчууд” гэж чухам хэнийг хэлэх вэ гэдэг тун ээдрээтэй байв. 30 гаруйхан жилийн дотор Сингапурыг загасчдын тосгоноос Азийн бар болгосон Ли Куан Ю нэгэнтээ “Би та бүхэнд хүн болгон байр сууриа шударгаар бүтээж болдог, ялгаварлан алагчилдаггүй, олон үндэстэн зэрэгцэн эв найртай оршдог эрүүл тэгш улсыг бүтээж өгнө, тайван бай, битгий уйл. Сингапур жишиг улс болно” гэж хэлж байжээ.
Сингапурт төрийн байгууллагад ажиллах нь үндэсний мөрөөдөл байдаг.
Өнөөдөр энэ улсад хятад, малайз, энэтхэгчүүд голлосон хэд хэдэн үндэстэн ястнууд эв найртай амьдарч байна. Үе солигдох тутам “сингапурчууд” гэсэн өөрийн онцлог, менталитат, зан төлөвтэй нэгдмэл ард түмэн бий болж байна. Магадгүй 500 жилийн дараа сингапурчууд хэмээх угсаатны хүн төрөлхтний нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар түүхчид ярих байх.
Гэхдээ сингапурчуудыг тодорхойлдог, тэдний үндэсний үнэт зүйл гэж хэлж болохоор зүйл бол хөдөлмөрч зан юм. “Сингапур үйлчилгээ” гэдэг бол хүн, технологи, төрийн ухаалаг манлайлал гурваас бүрдсэн, бараг ямар ч алдаагүй, яг л щвейцарь цаг шиг ажилладаг систем юм. Нэг үгээр, Сингапур хэмээх төгс ажилладаг үйлдлийн систем гэж хэлж болно. Магадгүй хүний хөдөлмөрийг хамгийн шударга үнэлж чаддаг орнуудын нэг бол Сингапур. Энд хүн бүр хэрхэн хөдөлмөрлөхөөс хэрхэн амьдрах нь шууд хамаарахыг сайн мэднэ.
Хамгийн сонирхолтой нь Сингапурт төрийн байгууллагад ажиллах нь үндэсний мөрөөдөл байдаг. Яагаад гэвэл төрийн албан тушаалтны цалин дэлхийд хамгийн өндөр юм. Гэхдээ цалингийн түвшин өндөр ч, авлигын түвшин бараг тэг гэж болно. Ли Куан Ю-гийн хүчирхэг төрийн удирдлага бий болгож чадсан нэг хөшүүрэг бол авлигыг арилгаж чадсан явдал. Тэр “Хэрэв авлигагүй Засгийн газартай болъё гэвэл эхлээд хэдэн хамаатнаа шоронд хийх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.
Энд хүн, технологи хоёр үнэхээр гайхалтай хоршиж ажилладаг. Хүмүүс нь урдах ажлаа яаж хийх ёстой яг л түүгээр нь тултал гүйцэтгэнэ. Харин технологи нь амьдралын бүх л чиглэлд ажлыг хөнгөвчилнө. Энд ариун цэврийн өрөөний тосгуураас эхлээд хүний оролцоогүй гаалийн систем гээд автоматаар ажилладаггүй зүйл ховор.
Ийм тав тухтай, өндөр орлоготой нийгэмд амьдардаг хүмүүсийн зовлон гэж ер нь юу байдаг бол гэж бодоод сингапур найзаасаа “Сингапурчуудын хамгийн том сорилт нь юу вэ” гэж асуулаа. Тэрээр “Хүн ам насжиж байгаа нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ирэх татварын ачааллыг улам нэмж байна. Тиймээс манай засгийн газар Сингапурт татвар төлж, бизнес эрхлэх боломжийг улам сайжруулах зорилготой байгаа” гэж хэлэв. Энэ байтугайг хийсэн ард түмэн энийг ч адилхан хийчих байхаа гэж би хэллээ.
Магадгүй Сингапурт над шиг анх удаа очиж буй хүн бүхэнд “Манайд ийм байдаг ч болоосой” гэдэг бодол төрдөг байх. Гэхдээ бодоод байхад биднээс хэдийнээ түрүүлээд явчихсан технологийн хөгжил гэхээс илүү сингапур хүн яаж хариуцлагатайгаар ажлаа хийж чаддагаас суралцах хэрэгтэй гэсэн дүгнэлт хиймээр байв.
Хэдийгээр аюулгүй, тав тухтай байлаа ч, хэдийгээр Сингапурт татвараа төлж амьдраач гээд мөнгө өгсөн ч энд удаан амьдрах хүсэл яагаад ч юм надад төрөхгүй юм шиг санагдав. Яагаад гэвэл хэдийнээ асуудлаа шийдсэн газар амьдрахаас илүү тав тухгүй ч гэсэн асуудал ихтэй Монголдоо амьдарч, тэдгээр асуудлыг шийдэхийн төлөө амьдрах нь илүү сонирхолтой юм шиг санагдав. Миний хувьд Сингапурт хэсэг хугацаагаар амьдарч болох том шалтгаан бол боловсрол эзэмших.
Өндөр хөгжилтэй улсаас буцаж ирээд Монголд онгоцны буудалд буугаад замын түгжээ рүү ороход “Иш чааваас” гэж бодох үе бий. Гэхдээ л Монголд амьдрах илүү сонирхолтой, илүү потенциальтай, илүү өгөгдөлтэй юм байна гэсэн бодлуудаар Сингапурын аяны богцоо дүүргээд мордов.
Ер нь хэдий болтол бид өөрсдийнхөө амьдралыг хөндлөнгийн хүн шиг шүүмжилж, дооглох вэ дээ? Хэдий болтол бид өөрсдийнхөө амьдралын үзэгчийн суудлаас харж, хэдий болтол бид айлд ирсэн хулгайч хоноц шиг нэг нэгнээ луйвардаж, дахиад энэ улсдаа амьдрахгүй юм шиг аашилж явах вэ дээ! Зүгээр л жирийн нэгэн сингапур хүн шиг дор бүрнээ урдах ажлаа хариуцлагатай хийгээд явахад болох юм биш үү.
Bayralalaa, tun sonhirholtoi