Бонд гэдэг бол эргэн төлөгдөх учиртай урт хугацааны өрийн бичиг. Тиймээс ч дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралын энэ үед бондуудын төлбөр ихээхэн хүндрэл бэрхшээлийг бидэнд дагуулж буй. Үүнийг У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл иргэдийн чихэнд уясан. Үүнээс шалтгаалан бонд гэдэг хөрөнгө оруулалтын хамгийн муу бүтээгдэхүүн, тухайн бондыг гаргасан Засгийн газар бас л хамгийн муу нь гэх ойлголт иргэдийн дунд бий болсон. Ерөнхийд нь тайлбарлавал, бонд, зээл гэдэг аль аль нь эргэн төлөгдөх учиртай, хүүтэй зээл гэдгээрээ адил. Харин тэрхүү бондыг юунд хэрхэн зарцуулсан нь л бондын эргэн төлөлтөд дарагдаад буй бидний анхаарах ёстой гол зүйл. Өгөөжгүй, өөрийгөө нөхөн төлөх боломжгүй зүйлд зарцуулсан бол мэдээж “муу бонд”. Харин та бидний амьдралд, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан бол сайн буюу үүргээ гүйцэтгэсэн бонд гэж хэлж болно.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэд хэдэн бонд гаргасны нэг бол 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан “Чингис бонд” юм. Уг бонд нь нийтдээ 1.5 тэрбум ам.долларын дүнтэй бөгөөд 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй болон таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэйгээр тус тус арилжаалагдсан. Тухайн үед манай улсын эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай, олон улсад зээлжих зэрэглэл өнөөдрийнхөөс хоёр ч зэрэглэлээр илүү байлаа. Бондыг тухайн үеийн Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргаж байна хэмээн тайлбарласан. Бага хугацаатай бондын эргэн төлөлтийг 2018 оны нэгдүгээр сард бүрэн төлж барагдуулсан бөгөөд эдгээр бондын хүүнд л гэхэд сар тутамд 70 орчим сая ам.долларыг бид төлсөн. Тэгвэл тухайн бонд манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн болохыг дүгнэж үзье.
“Чингис” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулсан хэдий ч “Самурай”, “Гэрэгэ”, “Евро”, “Century” зэрэг зургаан бондын эргэн төлөлт биднийг хүлээж байна.
Хэдийгээр 2012 оны арванхоёрдугаар сард тус бондыг гаргасан ч зургаан сарын дараа арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлжээ. Энэ нь сонгон шалгаруулалт хийж, хэрэгжүүлэх төслөө сонгоогүй байсан Засгийн газар хагас жилийн туршид зүгээр л зээлийн хүү төлсөн гэсэн үг. Улмаар 2014 оноос бондыг бүрэн ашиглаж эхэлсэн бөгөөд 63 хувийг нь төсвийн шинжтэй төслүүдэд хуваарилсан байна. Эдгээрээс онцлон сануулбал, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто зам барих, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Чойбалсан чиглэлийн 1800 км төмөр замын ажлыг үргэлжлүүлэх, Тавантолгой цахилгаан станц болон Төмөрлөгийн үйлдвэр байгуулах зэрэг ажлыг санхүүжүүлжээ. Гэхдээ бонд гэдэг бол хөрөнгө оруулалтын өгөөжөө өгөх хэдий ч өөрөө өөрийгөө буцаан төлөх ёстой санхүүжилтийн нэг хэлбэр гэдгийг тодотгоё. “Чингис” бондын өгөөж нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам олон жилийн дараа ашиглалтад орж, аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох авто замын төсөл хөтөлбөр хэрэгжиж, Буянт-Ухаа орон сууцны корпорацийн ажлыг эхлүүлэхэд гол хөшүүрэг болсон. Мөн өдгөө нийслэлийн иргэдийг хамгийн их бухимдуулж буй авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 33 уулзварыг өргөтгөх, шинэчлэх ажил хийгдсэн байдаг. Хэдийгээр өнөөг хүртэл түгжрэл буураагүй ч уг төсөл тодорхой хэмжээнд үр дүнд хүрснийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Эдгээр нь бондын эерэг тал. Ямартай ч, “Чингис” бондын хувьд нийт 540 сая ам.долларын хүү, 264 сая ам.долларын үндсэн төлбөр төлж, бусад зохицуулалтын арга хэмжээг авснаар эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуусгаж чадлаа.
Засгийн газрын тэргүүн цаг үеийн мэдээлэл хийхдээ, “Миний бие дөнгөж сая Сангийн сайдад Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээ хийх эрх олгох захирамжид гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улс өнөөдөр /2022.12.05/ “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууслаа. Мөн Хөгжлийн банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбум төгрөгт хүрч, “Самурай” бондын 223 сая ам.долларыг Монголбанканд байршуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна” хэмээн мэдэгдсэн.
“Чингис” бондын хувьд тав болон 10 жилийн хугацаатай учир дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит нөлөө үзүүлэх богино хугацаат төслүүдийг санхүүжүүлэхэд илүү өгөөжтэй байх байв. Өөрөөр хэлбэл, санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтууд нь нийгмийн халамжид бус өөрийн өгөөжийг өгч, зээлээ төлж чадах хэмжээний төслүүдэд зориулагдах учиртай байсан гэсэн үг. Гэтэл юунд зарцуулах нь тодорхой бус, өөрийгөө нөхөн төлөх хэмжээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийгдэлгүй урт хугацаат төслүүдэд зарцуулсан нь бондын дарамтыг бий болгосон. Хэрэв бондоо цагт нь төлж чадахгүй бол Засгийн газар дефолт зарлах эрсдэлд орж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах өндөр эрсдэлтэй байсан юм. Ийнхүү “Чингис” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулж дууссан хэдий ч “Самурай”, “Гэрэгэ”, “Евро”, “Century” зэрэг зургаан бондын эргэн төлөлт биднийг хүлээж байна. “Century” бондын хувьд эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж чадсан нь уртхан амьгал авах боломж өгсөн. Засгийн газраас баталгаа гаргаж, Япон улсаас авсан 30 тэрбум иений “Самурай” бондын хувьд ирэх оныы төгсгөлд эргэн төлөлт хийгдэнэ. Тухайн үедээ төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн уг бондыг анх гаргах үед 285 сая ам.доллартай тэнцэж байв. Улмаар иений ханш унасны улмаас өнөөгийн ханшаар тооцоход 225 сая ам.долларын хэмжээнд байгаа нь бидэнд нэгэн боломжийг өгч байна. Бондын эргэн төлөх мөнгийг оны эхнээс Монголбанкны дансанд байршуулж эхэлсэн бөгөөд Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын эргэн төлөлтийг эрчимжүүлснээр эргэн төлөх боломж бүрдээд байгаа юм. Бондыг ирэх оны арванхоёрдугаар сард төлөх бөгөөд өнөөгийн ханшаар 715 тэрбум орчим төгрөгт хүрч буй. Засгийн газрын баталгаатай “Чингис” бондыг бүрэн төлж, “Самурай” бондыг төлөх боломж бүрдэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээл дээр бидэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа нь дан ганц улсад бус хувийн хэвшлийн байгууллагад ч эерэг нөлөө үзүүлэх юм.