Нүүрсний хулгайн дуулиант хэрэг дэгдээд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн Газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн санхүүд Олон улсын аудитын компанийн шалгалт оруулж, цаашдаа төрийн өмчит энэ том компанийг олон нийтийн болгох, IPO гаргах ажлын хэсэг гаргах талаар мэдээлэв. Гэвч энэ тийм амар ажил биш. IPO гаргах, тэр тусмаа төрийн өмчит компани IPO гаргах ямар хэцүү байдгийг Хятадын төрийн өмчит нефтийн компаниуд анх яаж дэлхийн хөрөнгийн зах зээлд гарч байснаас харж болно. Энэ тухай эрчим хүчний салбарын нэрт судлаач Даниел Ергиний “Энергийн эрэлд” номны хэсгээс орчуулан хүргэж байна.
Жихүүн салхи хавирга нэвт үлээж, утааны үнэр хамар цоргисон Бээжингийн хүйтэн шөнүүдийн нэг байлаа. 1990 он бараг шувтарч, найман эгнээтэй шинэхэн замаар машинууд урсаж дугуйтай хүмүүсийг замын хажуу руу шахна. Утааны үнэр машинуудаас биш, айлуудын хоол хийж, гэрээ дулаацуулахад хэрэглэдэг нүүрсний хуучин пийшингүүдээс гарч байв.
Урьд цагт баян худалдаачны гэр байсан ч одоо Хятадын эдийн засгийн шинэчлэлийг тавьсан Дэн Сяопины орох дуртай ресторан болсон China Club-т эхэлсэн оройн зоог дуусах янзгүй байлаа. Гудамжинд нүүрсний утаа ноёрхож байсан ч ярианы гол сэдэв нь нефть байв. Зоог дууссаны дараа Хятадын төрийн өмчит нефтийн компанийн ерөнхий захирал рестораны цэцэрлэг рүү гарч зогсов. Эдүгээ түүний баг 30 жилийн өмнө зүүдэнд ч ороогүй том ажлыг хийхээр төлөвлөжээ. Гучин жилийн өмнө тэр Хятадын баруун нутагт геологчоор ажлын гараагаа эхэлж байсан юм. Тэр одоо Мао Цэдуны төлөвлөгөөт эдийн засгийн хэрэгцээнд тохируулан бий болгосон Хятадын нефть, байгалийн хийн салбарын дийлэнх хэсгийг удирдлагадаа авч, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн шаардлагыг хангах өрсөлдөх чадвартай компани болгон өөрчлөх шаардлагатай тулгарав.
Өмнөх арга барилаа ингэж эрс өөрчлөх болсон шалтгаан нь Хятадын өсөн нэмэгдэж буй нефтийн хэрэглээ байлаа. Зочид рестораны цэцэрлэгт зогсож байх зуур ерөнхий захиралд “нээлттэй компани болох гэж зүтгэх ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт тавив. Нээлттэй компани болвол Хятадын Коммунист намын удирдлагаас гадна Нью-Йорк, Лондон, Хонконгийн олон арван шинжээчдийн өмнө компанийн стратеги, орлого, зарлага, засаглал гэх мэтээр хамаг байдгаа тоочих шаардлагатай болно. Ерөнхий захирал ийм зүйлстэй тулгарахад баяртай биш байгаа нь илт байв. Гэхдээ тэр “Бидэнд сонголт алга. Бид өөрчлөгдөхийг хүсч байвал дэлхийн чиг хандлагаас гажих ёсгүй” гэж хариулав.
384 хуудастай эрсдлийн жагсаалт
Хятадын компаниудаас хамгийн том болох PetroChina (Хятадын нефть, байгалийн хийн үндэсний корпораци буюу CNPC-гийн охин компани) хамгийн түрүүнд IPO гаргав. IPO амжилттай болсон ч бэлтгэл ажил анх төсөөлснөөс хэд дахин хэцүү болж таарав. АНУ-ын Үнэт цаас, биржийн Комиссын дүрэмд нийцэхээр санхүүгийн тайлангийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй байлаа. Үүний тулд Хятадын аварга том төрийн өмчит компанийн эмх замбараагүй, зөрчилдөөнтэй мэдээллийн санг системчлэх шаардлагатай байв. Энэ компани өмнө нь энэ мэтийн зүйлд анхаарал хандуулах, тэр тусмаа АНУ-ын Засгийн газрын агентлагийн дүрмийг харгалзах ямар ч шалтгаан байсангүй. Ингээд бүх эрсдлийг нарийн тооцоолсон төслийн материал 384 хуудас болжээ.
АНУ, Их Британи, түүгээр барахгүй Хятадтай хөрш орших Сингапур, Хонконг дахь олон улсын хөрөнгө оруулагчид дээрх IPO-г тоож харахгүй байв. Тэд Хятадын улс төрийн тогтолцоо, эдийн засгийн өсөлттэй холбоотой тодорхойгүй төлөв байдлаас болгоомжилж байлаа. Тэгээд ч эдийн засгийн «шинэ эрин», доткомуудын тэсрэлтийн үед Хятадад нефтийн бизнес эрхлэх нь зогсонги, сонирхолгүй, бага үнэ болон илүүдэл хүчин чадлаас болж уналтад орсон хуучин эдийн засгийн нөхцөлд ашиггүй гэж үздэг байв.
Иймээс IPO-гийн цар хүрээг багасгахаас аргагүй болов. Эцэст нь 2000 оны дөрөвдүгээр сард хувьцаа хамгийн доод үнээр хөрөнгийн зах зээлд гарав. PetroChina нь CNPC-д хяналтын багцтай, олон улсын хөрөнгө оруулагчид хэсэгчлэн эзэмшдэг нээлттэй компани болов.
Анхны IPO гарснаас хойш 10 жилийн дотор PetroChina-гийн зах зээлийн үнэлгээ 100 дахин өсч 100 жилийн түүхтэй Royal Dutch Shell болон Walmart гэсэн компаниудыг гүйцэд түрүүлж дэлхийд гуравт эрэмбэлэгдэв.
Нэг жилийн дараа Sinopec (Хятадын нефть, химийн корпораци) болон CNOOC (Хятадын Тэнгисийн нефть олборлогч үндэсний компани) гэсэн хоёр компани IPO гаргалаа. Хөрөнгө оруулагчдын хандлага бас л хүйтэн хөндий байв. Гэвч хэдхэн жилийн дараа тэдний хандлага эрс өөрчлөгдсөн юм. Анхны IPO гарснаас хойш 10 жилийн дотор PetroChina-гийн зах зээлийн үнэлгээ 100 дахин өсч 100 жилийн түүхтэй Royal Dutch Shell болон Walmart гэсэн компаниудыг гүйцэд түрүүлж дэлхийд гуравт эрэмбэлэгдэв.
Энэхүү өсөлт дэлхийн эдийн засаг дахь Хятадын ач холбогдлыг харуулав. 1979 онд эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн ачаар 2013 он гэхэд 600 сая хятад иргэн ядуу амьдралаас салж, 300 сая хүн дунд орлоготой давхаргад шилжив. Энэ хугацаанд Хятадын эдийн засаг 15 дахин тэлж 2010 он гэхэд Японыг ардаа орхиж дэлхийн хоёр дахь том эдийн засаг болов.
Хятад улс дэлхийн хамгийн том хэрэглэгч болж эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, цаашлаад нефт болон бусад олон төрлийн түүхийн эдийн үнэд нөлөөлж эхлэв. 2004 он болтол АНУ, Европын автомашины эзэд гэрийнх нь хажуудах ШТС-аас авч буй бензинийх нь үнэ нефтийг түлхүү хэрэглэх болсон Хятадын нүүрсний нийлүүлэлт, цахилгааны гачигдлаас хамаарна гэж зүүдэлж ч байсангүй. Хамгийн «америк маягийн» гэгддэг General Motors компанийн захиралын хувьд хэдхэн жилийн дараа Хятадад зарагдах шинэ машины тоо АНУ-аас их болно гэж санаж явсангүй.
Хятад маягийн коммунизм
Ням гарагийн нэлээд оройн цагаар Бээжин дэх China World нэртэй тансаг буудлын дээд давхарт нэгэн хүн зогсоод найман эгнээ замтай “Чан ань” өргөн чөлөөнөөс хамгийн их ачаалалтай Гуравдугаар тойрог зам руу шилжин урсах машинуудын гэрлийг ширтэж байв.
CNPC-ийн ерөнхий эдийн засагч Жоу Цинзу гэгдэх энэ хүн тэртээ 1952 онд нефтийн салбарт геологчоор ажиллаж эхлэхдээ ийм дүр зургийг төсөөлж байсангүй. Тэр үед Хятадын нийт олборлолт ердөө өдрийн 3500 баррель байв. Цинзу нь нефть хэмээх бүрхэг ирээдүйтэй салбартай хувь заяагаа холбосон цөөн геологчдын нэг байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг, улс төр, цэргийн хүч чадлаа нэмэхэд нефть чухал гэдэгтэй хэн ч маргахгүй байв. Хятадын коммунист намынханд энэ чиглэлд туслах улс байсан нь нефтийн томоохон үйлдвэрлэгч ЗХУ байлаа. Оросуудын тусламжтай хятадууд Манжуурт нефтийн том орд газар илрүүлэв. Орд газар Дацин гэдэг нэртэй байв.
Угаас олборлолт явуулахад төвөгтэй байсан орд газар дээрх ажил ЗХУ, Хятад хоёр коммунист ертөнцөд байр сууриа булаацалдах болсноор бүр ч төвөгтэй болж ирэв. Москва тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдээ буцаан татаж өрөө төлөхийг Хятадаас шаардав. Хариуд нь Мао Цэдун оросуудыг “урвагчид, хулчгарууд, хоёр нүүртэн, имперализмыг аялдан дагагчид” хэмээн цоллов.
Ингээд Хятад орчин үеийн технологигүйгээр, ойролцоо ямар ч томоохон суурингүйгээр, Дацингийн нүцгэн талд өөрөө олборлолт хийх хэрэгтэй болов. Энэ газар луу толгойн цэргийн адил мянга мянган ажилчдыг нүүлгэн авчирлаа. Хүйтэн байсан ч тэд майхан, овоохой, газар гэр, тэр ч байтугай гадаа хонож, гэрэл гаргах, дулаацахын тулд лаа, түүдэг асааж, хүнсэндээ ашиглах гэж тэр нутгийн идэж болох зэрлэг ургамлыг түүж дуусгажээ.
Нэмэр дээр нэрмээс болж оросууд нефть нийлүүлэхээ зогсоов. Хятадын армийн нэгэн том дарга “хэрэв нефтийн импорт зогсвол манай иргэний болон цэргийн онгоцууд газраас хөндийрч чадахгүй учраас цаашдаа импортоос хамааралтай байж болохгүй” гэж хэлж байв. Тэр цагаас хойш “Дацингийн давалгаа”-наар түрэгдсэн өөрийгөө хангах, шийдэмгийн байх зарчим Хятадын нефтийн салбарын уриа болов.
Нефтийн салбарын домогт сайд, хожим нь орлогч сайд болсон Кан Шиэний удирдлага дор Дацингаас гадна хэд хэдэн орд газарт түргэвчилсэн хэмнэлээр олборлолт хийж эхлэв. Ийнхүү “Хятадын ардын сонин”-д бичсэнээр Хятад улс нефтээр өөрийгөө хангах болж Хятад нефтээр ядмаг гэсэн яриаг няцаажээ.
Нефтийн аваргууд төрсөн нь
Дэн Сяопины 1970-аад оны сүүлээр эхлүүлсэн “Нээлттэй хаалганы бодлого”-ын хүрээнд нефтийн салбарыг чухалчлан хөгжүүлснээр 1993 он гэхэд Хятадын нефтийн олборлолт түргэн өсч буй эдийн засгийн хэрэглээг гүйцэхээ болив. Ингээд Хятад нефтийн экспортоос татгалзаж эсрэгээрээ импортолж эхэллээ. Хэдийгээр энэ өөрчлөлт дэлхий дахинд мэдрэгдээгүй ч Хятад улс гүн шокыг давж гарсан юм. Хятадын нефтийн нэгэн мэргэжилтний хэлснээр нефть хүрэлцэхээ байсныг Засгийн газар сүйрэл мэтээр хүлээн авч, мэргэжилтнүүд импортоо нэмэгдүүлэхийг зөвлөж байв.
Энэ нь нефтийн аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх шаардлагатай болсныг харуулж байв. Үүний үндэс суурь 1980-аад онд тавигдсан байлаа. Ингээд Нефтийн яамнаас Хятадын нефть, байгалийн хийн үндэсний корпораци (CNPC), Хятадын нефть, химийн корпораци (Sinopec), Хятадын Тэнгисийн нефть олборлогч үндэсний компани (CNOOC) гэсэн гурван компани төрөн гарчээ. Улмаар 1990-иэд онд тэднийг илүү орчин үеийн, технологижсон, хараат бус болгохын тулд бүтцийн маш том өөрчлөлтийг хийжээ. Нефтийн салбарын домог болсон Жоу Цинзу “эдгээр компани өөрөө өөрсдийгөө тэжээх хэрэгтэй” гэж хэлж байв. Удалгүй энэ гурван компани дэлхийн зах зээлд IPO гаргаж олон улсын хөрөнгө оруулагчид хэсэгчлэн эзэмших болсон юм. CNPC-ийн нээлттэй болсон охин компани PetroChina гэдэг шинэ нэртэй болов. Харин Sinopec, CNOOC хоёр нээлттэй охин компаниуддаа хуучин нэрээ ашиглаж байна. Тэдний бизнесийн соёл эрс өөрчлөгдөж жинхэнэ ёсоор дэлхийд өрсөлдөх түүх ингэж эхэлсэн билээ.
Хятадын газрын тосны үйлдвэрлэл. 1960-2015 он
Нам ба наймаа
Эргэлзээтэй IPO гаргаснаас хойш арав гаруй жилийн дараа Хятадын компаниуд дэлхийн нефтийн зах зээлийн нөлөөтэй тоглогч болж хувирав. Эдгээр компанийн олон улсын зах зээлд ажиллаж буй сэдэл мэргэжилтнүүдийн дунд том маргаан өрнүүлдэг. Мэдээж зарим зорилгыг хяналтын багцыг эзэмшиж буй Хятадын Засгийн газар, ХКН тодорхойлно. Томоохон компаниудын захирал Засгийн газарт орлогч сайдын алба хашдаг, ХКН-д өндөр албан тушаалтай. Гэхдээ Хятадын нефтийн компаниуд бусад олон улсын компаниудын адил цэвэр арилжаа, өрсөлдөөний зарчмаар ажилладаг. Хөрөнгө оруулагчид тэднийг бусад компанитай харьцуулж байдгийг тэд сайн мэдэх учраас тэдний сонирхлыг харгалзахаас өөр аргагүй. Тэгээд бас олон улсын стандарт, зохицуулалтын хүрээнд ажилладаг. Мөн жил бүр тэлсээр байгаа олон улсын аварга том компаниудын нарийн төвөгтэй бизнесийн ажиллагааг удирддаг хүмүүс. Товчоор хэлбэл, Хятадын нефтийн компаниуд нь уламжлалт олон улсын компани болон төрийн өмчит компаниудын хосолсон хэлбэр юм.
Тэгвэл тэнцвэртэй байдлыг яах вэ? Заримдаа Хятадын компаниуд төрийн “хэрэгсэл” мэт харагддаг. Гэхдээ олон улсын байгууллагуудын судалгаагаар Хятадын компаниудын гол хөдөлгөгч хүчин бол арилжааны сэдэл бөгөөд төрөөс хараат бус ажилладаг гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд бичсэнээр эдгээр компани төрд хяналтын багцтай ч төрөөр удирдуулдаггүй аж.