Өрсөлдөөн, борлуулалтын ашиг гэх мэтийн нийтлэг хэллэг бизнесm дэндүү хуучирчээ. Удирдан чиглүүлэх, зохион байгуулах менежментийн ухааны гол цөм хаашаа чиглэж буйг сэргэг мэдэрч байх нь бизнесийн тренд болж. Энэ утгаараа сэтгэл хөдлөлийг үйлдвэрлэдэг креатив салбар, мэдээлэх, сурталчлах үндсэн үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарыг бизнесийн орчинд “уулзуулж”, өвөрмөц бизнес модель хөгжүүлж буй “Оргил медиа” компанийн ерөнхий захирал Б.Бат-Оргилтай ярилцлаа.
-”Оргил Медиа” компанийг байгуулах хүсэл мөрөөдөл хэзээнээс бий болсон бэ. Креатив салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийг удирдаж буй хүний хувьд, таны туршлага сонирхолтой санагдлаа.
-Медиа компанитай болох нь миний багын мөрөөдөл. Тиймээс миний сурах, ажиллах бүх л процесс үүн рүү чиглэж байлаа. Тодруулбал, боловсролын хувьд, Хүмүүнлэгийн ухааны сургуулийг англи хэлний орчуулагч, багш гэсэн мэргэжлээр төгссөн. СЭЗИС-д бизнесийн удирдлага, АНУ-д телевизийн продюсерын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцсан. Хамгийн анхны ажлын гараа маань АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Мерси-Короос хэрэгжүүлсэн хэвлэл, мэдээллийн төслийн багт зургаан жил ажилласан. Дараа нь АНУ-ын Азийн сан гээд байгууллагад Хэвлэл мэдээллийн ажилтан хийж байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагад гэвэл “Монгол HD” телевизийг байгуулах төслийн багт хоёр жил, МҮОНТ, SBN телевизийн ерөнхий захирлаар таван жил ажилласан. Дараа нь өөрийнхөө сувгийг хүртэл байгуулж үзэв. Харин маркетингийн чиглэлээр “Зоос” банк, “Эм-Си-Эс” компанид тодорхой хугацаагаар ажилласан. Ингээд маркетингийн талаарх мэдлэг, медиа зах зээлийн тухай ойлголт, ажилласан туршлага дээрээ үндэслэн 2016 онд “Оргил Медиа” компаниа байгуулж байсан түүхтэй.
-20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллажээ. Багын мөрөөдөлдөө хүрэх зорилго тань үнэхээр хөдөлшгүй бат байсан хэрэг үү?
-Өнгөрсөн 20-н жилийн хугацаанд маркетинг эсвэл B2B бизнес рүү орчхоод “Миний ажиллах салбар биш юм байна” гэж бодож байсан үе бий. Харин хэвлэл мэдээллийн салбарын хүрээнд хийж буй ажлаасаа ухрах, залхах, үзэн ядах тохиолдол гарч байгаагүй. Хамгийн чухал нь миний сонирхол, ур чадвар ажилдаа тохирсон учраас л тодорхой хэмжээгээр салбартаа татагддаг байх. Энэ салбарын хамгийн гоё зүйл нь өдөр бүр шинэ хүмүүстэй уулзаж, шинэ ажил хийдэгт оршдог гэж боддог.
– Компани байгуулахад хамгийн чухал зүйлсийн нэг нь баг бүрдүүлэлт байдаг. Та багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Манай салбарт хүний анкетаар ч юм уу, ярилцлагаар авах боломжгүй байдаг. Тиймээс ч би өмнө нь нэг багт ажиллаж байсан хамгийн шилдэг, туршлагатай хүмүүсээ дуудаж компаниа байгуулсан. Нэг удаа зам огтлолцсон хүмүүс харилцан бие биеэ мэддэг учраас баг болж ажиллахад, асуудал хүндрэл гарахгүй амар байдаг.
Бизнес бол өдөр бүр асуудал шийдэх процесс юм. Өөрөөр хэлбэл, бизнест тулгарч буй саад бэрхшээл бүр өөрөө бизнесийн үйл явц.
-Танай компанийн оршин тогтнох үндэс суурь шалтгаан гэвэл та юу гэж хэлэх вэ?
-Аливаа компани оршин тогтнох үндэс нь зах зээлийн хэрэгцээ байдаг. Тухайн үйлчлүүлэгчийн бизнест үнэ цэн нэмж чадахгүй байгаа тохиолдолд ямар ч амжилт олохгүй. Жишээлбэл, үйлчлүүлэгч “Манай компанид ийм зүйл хэрэгтэй байна” гэхэд түүнийг нь хүссэн түвшинд хийж өгч чадах бүтээгдэхүүн байгаа тохиолдолд компани цааш тогтвортой явна. Тиймээс үүнд л гол анхаарлаа хандуулдаг.
Өмнө нь реклам сурталчилгаа хийгээд, түүнийгээ телевизүүдээр цацах эсвэл фейсбүүкт нийтлэхийг маркетингийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг байлаа. Гэтэл одоо бизнес эрхлэгчид нийгэмд үнэ цэнэ өгөх, хүндлэгдэх, хайрлагдах ёстой гэсэн зарчим руу шилжив.
Энэ жилийн маркетингийн “Канийн наадам” дээр “Бизнес бол өдөр бүр асуудал шийдэх процесс юм. Өөрөөр хэлбэл, бизнест тулгарч буй саад бэрхшээл бүр өөрөө бизнесийн үйл явц” гэсэн санааг онцолсон. “Энийг аваачээ” гэдэг бол маркетинг биш. “Энэ чихрийн шижинтэй хүмүүст зориулагдсан. Сав баглаа боодлыг нь дахин боловсруулсан, байгальд ээлтэй” гэх мэтээр хэлэх нь “Намайг хүндлээчээ” гэсэн концепц рүү бизнесийг хөтөлж байна.
Тиймээс тухайн бизнесийн салбартаа хүндлэгдэхийн тулд контентоор дамжуулан санаагаа хүргэх шаардлага урган гарч байна. Тухайн контент нь ямар байх вэ, яаж хийх вэ, хэн хийх вэ гэсэн гурван асуултад хариулахын төлөө бид ажилладаг.
-Креатив салбарт зарим тохиолдолд техник, тоног төхөөрөмжийн хангамж сайтай байж бизнес явагдана гэж үздэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Миний бодлоор техник хэрэгсэл сайтай байх нь эхний асуудал биш. Хамгийн эхэнд компанийн засаглал болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн зөв тодорхойлж байна вэ гэдэг нь чухал. Харин дараа нь компани соёлоо бүтээж буй үйл явц орно. “Өчигдөр гурван компьютертой эхэлж байсан бол өнөөдөр 20 боллоо” гээд энэ компанийн хөгжлийг илтгэхгүй. Бидний хийж байгаа ажлаар дамжуулаад үнэ цэнээ нэмэгдүүлж байгаа компанийн тоо өсөж байгаа нь хамгийн чухал. Мөн үйлчлүүлээд гарч байгаа хэрэглэгч буцаад манайхыг зорьж ирж буй нь бидний амжилтыг хэмжинэ. Компанийг хүн биш, соёл нь удирддаг.
Юу ч байхгүйгээс л дэлхийн бизнесүүд газар сайгүй боссоор байна шүү дээ. Амазон гэхэд өөрсдийн агуулахгүй мөртлөө бараа бүтээгдэхүүн түгээж, харин Uber өөрсдийн нэг ч таксигүй байж такси үйлчилгээ явуулж байна. Энэ бүхэн бидэнд “Зөв үнэ цэнийг үүсгэсэн концепц, түүнийг нээж илэрхийлэх систем бий болсон тохиолдолд бизнес өөрийн гэсэн зүй тогтлоороо үргэлжилнэ” гэдгийг хэлээд байгаа юм. Тухайлбал, гэртээ нөэтбүүк дээрээ ажиллаж буй, гоё камертай гадуур зураг аваад явж байгаа олон залуу бий. Тэднийг ажиллуулж, орон зайгаас үл хамаарч уян хатан системийг суулгаж чадвал, ямар ч компанид хүний нөөц, техник, технологийн асуудал үүсэхгүй.
Манай компани контент продакшн, үйл ажиллагааны менежмент, Livestream үйлчилгээ, PR гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн болон гэрээт ажилтнууд нийлээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллах эсвэл өрсөлдөх тухайд ямар зарчим баримталдаг вэ?
-Видео, студийн чиглэлээр ажилладаг байгууллага Улаанбаатарт 300 гаруй бий. Борлуулалтын орлого, өрсөлдөөн гэдэг үг сүүлийн үеийн бизнест дэндүү хуучирсан ойлголт болсон. Тиймээс өрсөлдөх чадвар, борлуулалтын орлого гэсэн нэр томьёогоор амжилтыг хэмжихгүйгээр, үнэнч хэрэглэгчийнхээ тоогоор тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ бусдаас ялгарч, үнэ цэнтэй байж чадаж байгаа бол хэнтэй ч өрсөлдөх хэрэггүй. Өөрийнхөө бизнесийг улам сайжруулаад цааш үргэлжлүүлэх нь зөв. Үнэнч хэрэглэгчийнхээ тоог сард нэгээр нэмж байгаа тохиолдолд таны борлуулалтын орлого өнөөдөр хасахтай гарсан ч хамаагүй. Учир нь 5 жилийн дараа олон зуун үнэнч харилцагч, хэрэглэгчидтэй жинхэнэ “Брэнд” болж чадна. Жилдээ бид 200 орчим байгууллагатай хамтарч ажилладаг. Тэдний 70-80 хувь нь олон жил байнгын хамтарч ажиллаж буй газрууд.
-Удирдах түвшний хүмүүст өөрсдийн гэсэн менежментийн арга барил байдаг. Залуу хүмүүсээ тогтоон барих, туршлагатай ажилчдадаа өөр газруудад алдахгүй байхын тулд ямар бодлогоор ажилладаг вэ?
-2010 оноос хойш хүний нөөцийн баримтлах зарчим 360 градус эргэсэн. Хуучин цагт хүмүүсийг загнаж, өдөр болгон даалгавар өгөх, ажлын тодорхой нэг цагт ирэх гэх мэт илүү хүнд сурталтай системтэй байлаа. Одоо бол тухайн ажлыг хариуцаж авсан ажилтны хийсэн ажлын үр дүн дээр л хариуцлага ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл, байгууллагын захирал нь захиран тушаах гэхээсээ илүү удирдан чиглүүлэх үүрэгтэй болж хувирсан. “Чи тэдэн цагт ажилдаа ирлээ”, “Ажлынхаа ширээн дээр байхгүй, хаана яваад байгаа юм”, “Ажлын цагаар хэтэрхий их гарч тамхи татаж байна”, “Ажлын орчинд хэтэрхий чанга инээгээд байна” гэх мэтчилэн ажлын гүйцэтгэлээс бусад хувь хүний зан чанар, онцлогт менежмент хийх, зохицуулах шаардлагагүй болсон.
“Бизнес эхлэх гэсэн чинь ажиллах хүн олдохгүй байна” гэж яриад байдагт их гайхдаг. Хамтран ажиллах хүмүүсээ олоогүй тохиолдолд бизнес хийнэ гэдэг хамгийн буруу. Бизнесийн орчинд хүнийг удирдах хамгийн зөв зарчим бол тухайн ажилтантай зөвхөн ажлын гүйцэтгэл ярих. Тухайлбал, ажиллах цагийн хувьд уян хатан нөхцөл, сайн хийх тусмаа өндөр цалин авдаг үнэлгээний систем, тухайн ажилтан энэ компанид ажилласнаар ирээдүй байгаа гэдгийг ойлгуулж, харуулах гэдэг нь удирдлагын үүрэг юм. Энд л удирдлагаар хангах асуудал яригдана. Компанийг хүн удирддаггүй. Тухайн компанийн соёл удирддаг. Ажилтнаасаа энэ компанид ажиллахын юу нь гоё вэ гээд асуугаад үз. Цаг нь уян хатан байдаг нь, хүн болгон өдөр бүр ирээд чи юу хийж байна гээд шалгаагаад байдаггүй нь, цалингаа цаг тухайд нь өгдөг нь, тогтсон цалиндаа илүү ажил хийлгэх гэж зүтгэдэггүй нь гэж хариулна. Манай зарим компанид эдгээр хандлагууд түгээмэл байдаг. Компаниуд дээрх асуудлыг соёлоосоо авч хаяагүй тохиолдолд хүн ажиллах боломжгүй.
Бидний хийж байгаа ажлаар дамжуулаад үнэ цэнээ нэмэгдүүлж байгаа компанийн тоо өсөж байгаа нь хамгийн чухал.
-Шинэ хүн ажилд авах их хэцүү, ажил хийх хүн байхгүй гэж хүний нөөцийнхөн их ярьдаг шүү дээ. Тэгэхээр компанийн соёлд л гол асуудал байдаг байх нь.
-Манай салбарын хувьд шинэ ажилтныг анкет бөглүүлэхгүйгээр шууд ороод ирэхэд нь нэг сарын хугацаатай ажиллуулаад эхэлдэг. Тухайн сард нь цалинг нь тооцож өгнө. Ажилдаа дуртай, хамт олон нь таалагдаж байвал анкетаа бөглөөд, үндсэн ажилтныхаа гэрээг хийгээрэй гэж хэлдэг. Хүн ажлаа хийж чадаж байвал ямар сургууль төгссөн, гурван үеийн намтар, хаана хэнтэйгээ амьдардаг, ээж аав нь юу хийдэг гэсэн асуултын хариултууд компанид ямар ч хамаагүй. Ийм мэдээлэл компанид шаардлагагүй гэж үздэг.
-Ажлын байран дээр үе хоорондын ялгаа гардаг. Энэ дээр та ямар менежмент хийдэг вэ?
-Манай үеийнхэн тийм, бидний үед ингэдэг байсан гэсэн үзэл хандлагыг би үзэн яддаг. Үе үеийн онцлог гэж бий. Ялангуяа 2000 оноос хойших хүүхдүүд төрөхдөө интернэттэй орчинд төрсөн улс. Төрөлхийн дижитал хүмүүс. Ийм хүмүүстэй харилцаа үүсгэж байгаа бол маш товч тодорхой байх хэрэгтэй. Тухайлбал, “Чи ийм ажлыг энэ хугацаанд хийж чадах уу, тэгвэл цалин чинь … ингэж тооцогдоно” гэж хэлэх ёстой. Бусдаар өмсөж байгаа хувцас, өөр онцлог, зан араншин чинь ямар нэг хүний гадуурхсан өнгө аясаар хандуулахгүй, аюулгүй байлгана гэдгээ илэрхийлж байж хамт олны уур амьсгал бүрдэнэ. Багт орж ирэхээр тэдний ярихгүй байх, биеийн хэлэмж, эсвэл сонин содон юм хэлдэг байдал зэрэгт нь зөрүү гардаг ч бид тэднийг сонсож, хэлсэн санааг нь ажилдаа ашиглахгүй бол хамгийн том алдаа болно. Үе хоорондын зөрүү, хүмүүсийн ялгаатай байдал дээр нь ямар нэгэн зөрчил гаргахыг эрс эсэргүүцдэг.
-Бизнесийг тэр чигт нэг хүний манлайлал, багийн үйл ажиллагаа гэж хардаг. Тэгэхээр манлайлж буй хүний ур чадвар ямар байх вэ?
-Ямар нэгэн хүний манлайлал байхгүй тохиолдолд бизнес урагшлахгүй. Зарим тохиолдолд бүр ухрах ч эрсдэлтэй. Бизнес гэдэг бол асуудал шийдэх процессын шинж чанартай. Бизнесийн менежмент мэдэхгүй хүн авч явахад хүнд. Хүний нөөц, харилцааны чадваргүй бол бас л хэцүү. Миний л бодол шүү. Жишээлбэл, би контент продакшн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийг удирдаж байгаа гэхэд зураг тийм ч сайн дарж, эвлүүлэг хийж, зохиол бичиж ч чадахгүй. Эдгээрийг чаддаг байлаа гээд хүмүүсээ сайн удирдана, компанийг авч явна гэсэн үг биш.
Манай компани контент бүтээдэг учраас хэвлэл мэдээллийн салбарт харьяалагдана. Гэвч тэрхүү контентыг бүтээхэд креатив сэтгэлгээ шаарддаг учраас тус салбарт ч мөн хамаарна. Сэтгүүлч, продюсер, эвлүүлэгч, зураглаач гээд бүгд өөр өөрийн гэсэн онцлог, зан араншинтай. Ийм хүмүүсийг цуглуулаад нэг баг болгоно гэвэл харилцааны ур чадвар шаарддаг. Мөн креатив бизнесийн нэг онцлог нь бүх ажлыг багаар хийдэг. Тиймээс манлайлж буй хүн бусдыг захирдаггүй удирддаг, өөрийгөө ойлгуулдаг, хүмүүсийг ойлгодог байх хэрэгтэй.
-Танай компанийн баримталдаг менежментийн бодлогуудаас хуваалцвал?
–Бид чадахаасаа илүү их ачаалал аваад, цагийг нь тулгаад, ажлаа амжихгүй болох вий гэдгээс айж, зугтдаг. Хуучирсан арга байх л даа. Бид цагаан самбар ашигладаг. Самбар дээр амжина гэж ярилцсан зүйлсээ л бичээд, цаг хугацаанд нь хийдэг. Манайх ажиллах цагийн хувьд уян хатан нөхцөлтэй, өглөө гурван янзын цагт ирж болно. Харин ирсэн цагаасаа хойш ажлын найман цаг ажиллаад тарах хэрэгтэй. Үнэхээр сунаж ажиллахаар болбол дараа нь ажлын өдөр байсан ч нөхөж амардаг. Үүнийг компаниуд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
Мөн удирдлагуудын буруу хандлагуудын нэг нь ажлаас болоод тухайн хүний амьдралынх нь цагийг хулгайлдаг. Хагас сайн өдөр болохоор байгууллагаараа мод тарина, урлагийн үзлэг, спортын тэмцээн гээд янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулаад эхэлдэг. Байгууллагыг нэгтгэж, дотоод уур амьсгалыг сайжруулахад энэ мэт зүйлс нь ач холбогдолтой гэж үзвэл үүнийг ажлын дараа биш ажлын цагаар зохицуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ байгууллагынхаа төлөө хийж буй ажил шүү дээ. Манай байгууллагын хувьд бид спорт заал авахаар болбол ажлын цагаар л авдаг. Ер нь бусад үйл ажиллагааг ажлын цагаар л хийдэг. Хүний гэртээ үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх, гадуур найзуудтайгаа уулзах, гэр бүлдээ туслах гэх мэтийн амьдралын цагийг нь хулгайлж, түүнийг нь ажилд зарцуулж огт болохгүй. Учир нь тухайн хүний өнгөрүүлсэн тэр цаг хугацаа ахиад олдохгүй.
Хэрвээ бусдаас ялгарч, үнэ цэнтэй байж чадаж байгаа бол хэнтэй ч өрсөлдөх хэрэггүй.
-Таныхаар манлайлагчийн гол ур чадвар юу вэ?
-Нэг төсөл байлаа гэхэд түүнийг хэн хэнд хуваарилж өгөх вэ гэсэн сонголтыг зөв хийх нь манлайллын чухал ур чадварын нэг юм. Ажлыг хийж чаддаг хүнд нь тодорхой цаг хугацаанд өгөөд, гүйцэтгэх явцад туслаад явах нь удирдлагын үүрэг. Үүнийг манлайллын эхний алхам гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, манлайллын хамгийн том зүйл нь хийж чадах хүнд нь ажлыг хуваарилах юм. Манайхан өдөр шөнөгүй бүх зүйлээ өөрөө хийгээд, суугаад байхыг манлайлж байна гэж ойлгоод байдаг. Жишээлбэл, бялууны цехийн дарга өөрөө сайн бялуу хийдэгтээ биш, бялууны гурилыг хэнээр зууруулах вэ, чимэглэлийг хэнээр хийлгэх вэ гэдгийг зөв хуваарилах нь түүний хэр сайн удирдлага гэдгийг тодорхойлно.
-Одоо салбарын хөгжилтэй холбогдуулж асууя. Креатив салбар Монголд ямар түвшинд байгаа вэ?
-Контентын технологи өдрөөр, сараар, секундээр өөрсдийнхөө хөгжлийг хэмжиж, хиймэл оюун ухааны технологийг ашиглаж байна. VR, AR технологийг реклам сурталчилгаанд ашиглаад, контент дээр туршилт хийгээд явж байна. Одоохондоо виртуал тайз хийгээд livestream хийх түвшинд л байна. Видео контент нь маркетингийн зах зээлийг 70 хувийг эзэлдэг. Хүний сонирхлыг татсаар байгаа учраас тухайн чиглэл рүү судалгаа их хийгдэж байгаа. Креатив салбарын бизнесүүд өөрсдөө жинхэнэ бизнес болох тэр шатан дээрээ яваа.
Зах зээлийн шинэ хандлагаар бол бизнесүүд өдөр бүхэн суралцах ёстой. Үргэлж, өөрсдийгөө хүүхэд юм байна, шинэ юм байна, бид нар юу ч чадахгүй байгаа гэсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Өөрсдөдөө хэт ач холбогдол өгөөд, шилдэг хамт олон гээд шагнаж ярих нь бизнесийн эсрэг зарчим. Бид үйлчлүүлэгчийн хүсэж буй зүйлийг стандартын түвшинд хийгээд, дээр нь нэг жижигхэн гэнэтийн бэлэг барьчих юм сан гэж бодож, хоорондоо ярилцаж ажилладаг. Тэр нь манай үйлчлүүлэгчид их таалагддаг болов уу. “Wow, ямар гоё юм бэ, Оргил медиаг ийм л юм хийх болов уу гэсэн чинь нэг илүү юм хийчихсэн байна шүү дээ” гээд сэтгэл ханамжийг авдаг.
-Танай сайт, page хөтлөлт, танилцуулга гээд бүх л зүйл чинь англи хэл дээр байсан. Цаашдын зорилго, амбиц дэлхийн зах зээл рүү чиглэж байна уу?
-Дээл оёж байгаа хүн ч өөрийнхөө бүтээлийг дэлхийд гаргана гэж үзнэ. Бид ч гэсэн зөвхөн Монголдоо контент продакшн байгуулж видео, livestream, үйл ажиллагаа, ПР хийгээд байх сонирхол бага. Дэлхий хэмжээнд ажиллах, бусад улс оронд салбар компаниудаа байгуулах амбицтай. Гаднын маркетингийн агентлагуудтай холбоо тогтоох, хамтарч ажиллах, контент хийх гээд янз бүрийн оролдлого хийдэг. Европын зарим орны кино продакшнуудтай хамтарч ажилладаг. Тэднээс суралцаад, бизнесээ өргөжүүлж, тухайн улсад нь салбараа байгуулна гэсэн алсын зорилго бий.
-Хамтарч ажиллаж байсан хамгийн том олон улсын төслөөсөө хуваалцвал?
-Олон улсын байгууллагууд, томоохон групп компаниудтай бүгдтэй нь л ажилладаг. Бидний ажил үйлдвэрлэлийн шат дамжлагатай төстэй. Маш олон жижиг ажлыг өдөр тутам хийж байдаг. Мөн бид энэ ажлыг хийсэн гээд зарлаж өөрсдийнхөө сувгаар түгээж болохгүй. Учир нь бид ажлыг нь нэгэнт хийсэн бол бүтээл нь захиалсан компанийн өмч байдаг. Тухайн газраас зөвшөөрөл авсан тохиолдолд зарим жижиг видеог өөрсдийнхөө сувгаар дамжуулах зүйл байдаг. Түүнээс биш бид энийг хийсэн, тэрийг хийлээ гэж өөрсдийгөө дөвийлгөдөггүй. Нөгөө хамгийн муу ПР-чин би энэний ПР-ийг хийсэн гэж ярьдаг гэдэг шиг л.
Мөн компанийн системээр ажиллаж буй продакшнтай хамтарч ажиллах нь давуу талтай. Жишээлбэл, “Гурван жилийн өмнө бид ийм зүйл хийлгэж байсан, зураг бичлэг нь байна уу” гэхэд бид архиваас гаргаад л өгдөг.
-Энгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өөрийн өртөг, ашгийн хувь хэмжээг тооцоолж болдог. Харин креатив салбарт үнийн бодлого ямар байдаг вэ?
-Үнийн асуудал энэ салбарын өмнө тулгамдаж буй хамгийн хэцүү зүйл. Тооны машинд хийх тогтсон үнэ гэж байхгүй. Жишээлбэл, нарийн боов хийлээ гэхэд гурил, масло гэх мэтчилэн түүхий эд, ажиллах цаг, ашиглах тоног төхөөрөмжийн зардал гээд тооцно. Харин тухайн бүтээгдэхүүний зургийг аваад, зар сурталчилгааны постер хийлээ гэж бодоход түүнийг яаж үнэлэх вэ? Ширээн дээр тавиад зураг авах, байгальд гараад зураг авах хоёрын хооронд зардлын их ялгаа бий. Видео ч мөн ижилхэн. Хаана зураг авах вэ, хэдэн хүн оролцох вэ, зохиол нь юу вэ, ямар хувцас өмсөх вэ гэх мэт. Бүх сценари тодорхой гарч байж хамгийн сүүлд үнийн санал гардаг. Энэ бол креатив бизнесийн бэрхшээлтэй зүйлсийн нэг.
-Креатив салбарт ажиллаж буй багийн гишүүн юу анхаарах хэрэгтэй вэ?
-Креатив салбар нь хувь хүнээс “зөөлөн ур чадварыг” шаарддаг. Креатив хүмүүс баг болж ажиллахын тулд ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлсон байдаг. “Үзгийн реклам хийлээ” гэхэд өмнөх бүх рекламыг нь үзэх шаардлагатай. Дараа нь судалгааны шат буюу орчин үед хүмүүс ямар реклам, видеог түлхүү үзэж байгаа вэ гэсэн трэндийг мэдэх хэрэгтэй. Гуравдугаарт, багаараа ярилцаж бүтээлийн төлөвлөгөө гаргана. Тухайн хүн хэдий чинээ багийн нэгж болж ажиллаж чадна, төдий чинээ өөрөө амжилт олдог дүрэмтэй. Энд гурван зүйлийг нэмж хэлье.
Нэгдүгээрт, тухайн ажилдаа шаардагдах программыг сайн эзэмшиж, ажлын ур чадварын хувьд сайн байх.
Хоёрдугаарт, багийн сайн гишүүн байж, хүмүүсийн юу хүсээд байгааг ойлгодог байх.
Гуравдугаарт, салбарынхаа чиг хандлагыг судалдаг байх хэрэгтэй.
Миний хувьд энэ салбарын маш өчүүхэн хэсэг. Бусадтай л адил өдөр бүр суралцаж, алдаж оносоор л явна. Уншсан хүн авах гээхийн ухаанаар хандана биз. Юутай ч урьж ярилцсанд баярлалаа.