Энтрпренерүүдэд бусдын л нэгэн адил тогтсон амралт хэрэгтэй. Netflix үзэж нэгэн оройг өнгөрөөхөөс илүү сайхан амралт гэж юу байх вэ? Хэрвээ үзэх зүйлээ зөв сонговол буйдан дээрээ өнгөрөөсөн нэгэн орой ч урам зоригийн оч бадраахыг үгүйсгэхгүй.
Netflix-ээс доорх 7 киног үзэж амрангаа алдагдсан эрч хүчээ цэнэглээрэй.
- Файэр: Хэзээ ч болоогүй хамгийн дуулиант үдэшлэг
Netflix-ийн бүтээсэн энэхүү баримтат кино нь 2017 онд Багамын аралд хөгжмийн үдэшлэг зохион байгуулах гэсэн бүтэлгүй оролдлогын тухай өгүүлдэг. Гурван өдрийн турш болох ёстой байсан гялалзсан тансаг хөгжмийн үдэшлэг, үнэн хэрэгтээ, түүнд оролцохоор хэдэн мянган ногооноо төлсөн хүмүүсийн хувьд үзэж туулсан тэсэхийн аргагүй, олиггүй үйл явдал болон хувирсан тухай уг кинонд өгүүлдэг. Нэр алдартай хүмүүсийг оролцуулан хийсэн гял цал видео роликууд нь Файэрийн наадмын 5000 тасалбарыг борлуулж өгсөн ч, кинонд үзүүлж байгаагаар бол тэнд амласандаа хүрэх ямар нэгэн тоймтой төлөвлөгөө байхгүй байжээ.
Тус кино энтрпренерүүдэд, ялангуяа инфлүүнсэрийн маркетинг ашиглан компаниа өсгөх сонирхолтой бизнесийн эздэд чухал сургамж өгдөг. Нэр алдартай одуудаар зар сурталчилгаа хийлгэж болох ч тэд танай компанийг амжилтад хүргэхгүй. Харин баттай хүрч чадах зорилго ба хүлээлт байгаа эсэх, хэрэглэгчдэдээ хангалттай сэтгэл ханамж өгч чадах үгүйгээ шалгах нь чухал юм.
- Аз жаргалын эрэлд
Крис Гарднерын “Харцаас хаан болсон нь” нэртэй зүрх шимшрүүлсэн дурсамжийн номоос сэдэвлэсэн “Аз жаргалын эрэлд” кино амьдралын хэцүү бэрхшээл бүхний эсрэг тэмцэхийн хамт өөрийн дотоод луужиндаа үнэнч үлдэн эцэст нь ялж байгааг харуулсан. Гарднер нэг жилийн хугацаанд биржийн зуучлагчийн цалингүй дадлага хийж байхдаа орон гэргүй байсан бөгөөд жаахан хүүгээ өсгөн хүмүүжүүлж байлаа. Орлого олохын тулд ясны нягтшил хэмждэг аппарат борлуулж, метроны угаалгын өрөөнд хоног төөрүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ кино гараад хэдэн арван жил өнгөрсөн боловч одоо хэр нь утга санаа нь хүчтэй хэвээр л байна.
Бид бүгд цөхрөнгөө барсан мөчүүдтэй тулгардаг ч дийлэнх нь Гарднерын амссан шиг туйлын хэцүү нөхцөлд аргаа баран тэмцэх амьдралын бэрхшээлийг туулаагүй азтай хүмүүс. Хэчнээн муу зүйл тохиолдлоо ч урагш тэмүүлж, мөрөөдөлдөө итгэх нь чухал юм.
- За, Эрхэм ээ
За, Эрхэм ээ киноны үндсэн санаа их энгийн: Амьдралд тохиолдож буй бүхэнд за гэж хэл. Амьдрал бүхий л эмх замбараагүй байдал, аюул хийгээд зугаа цэнгэл бүгдийг багтаадаг. Уг кинонд Карл Аллен бол амьдралын бүхий л зүйлд үгүй гэж хэлдэг хүн юм. Үгүйсгэх сэтгэлгээнд тэр чигтээ гацсан Карл амьдралд тохиолдож буй аливаа зүйлд за гэж хэлэх үзэл баримтлалд тулгуурласан өөртөө туслах хуралд оролцдог.
Цаашаа өрнөх үйл явдал нь Карлын бүх зүйлд за гэж хэлсний үр дүн байдаг, мэдээжийн хэрэг маш хөгжилтэй бөгөөд галзуу зүйлс тохиолдоно. Эцэстээ тэрээр “За” дасгалаа хэтрүүлснээ ухаарсан ч тэрээр хэдийнээ сайн тал руугаа өөрчлөгдсөн байдаг.
Уг киноны сургамж нь амьдралын өдөр бүрээ өөртөө авч үлдэж, амьдралд баярлан, хөгжил хөөртэй байж, боломж гарах бүрийд за гэж хандах юм. Хөнгөн, инээд хөөрөөр дүүрэн, урам зориг өгөх сайхан захиастай кино бөгөөд бидний амьдралд боломж тохиох үед за эсвэл үгүй гэж хэлэхийн тэнцвэрийг барьж байх ёстойг сануулдаг.
- Стивен Хокингийн Орчлон
Стивен Хокинг бол манай үеийн хамгийн гарамгай, нөлөө бүхий эрдэмтдийн нэгэн байв. Тэрээр үлгэр жишээ шинжлэх ухаанч сэтгэлгээтэйгээс гадна ер бусын хүн байсан билээ. Хокинг ALS (Лу Григийн өвчин) гэх үхлийн аюултай өвчнөө даван туулсан тэмцэгч, утга учиртай бүрэн дүүрэн амьдрал бүтээж чадсан нэгэн. 1964 онд анх энэ өвчний онош гарах үед нь түүнийг 2-3 жилээс илүү амьдарч чадахгүй гэж байсан ч өвчний явц санасныг бодвол удаан байжээ. Гэсэн ч амьдралынхаа ихэнх хугацааг тэргэнцэр дээр өнгөрөөж, бие нь муудахын хэрээр тусгай төхөөрөмжийн тусламжтай “ярьдаг” болж, бусадтай хөмсгөө хөдөлгөн харилцахаас аргагүйд хүрч байлаа.
Гол санаа: Асуулт тавихаа хэзээ ч бүү зогсоо. Хокинг амьдралдаа ямар нэгэн агуу зүйл бүтээх зорилгоосоо хэзээ ч ухарч, саатаж байгаагүй. Тэрээр мөрөөдөж зүрхэлбэл, итгэж чадвал, шаргуу хөдөлмөрлөвөл амьдрал бидэнд агуу зүйлийг өгч чадна гэдгийг дахин дахин нотолсон. Шаргуу зан, тэвчээр хатуужлын тухай гайхалтай түүхүүдэд дуртай бол энэ киног бүү алгасаарай.
- Стив Жобс
Энэ намтар киноны эхнээс л Стив Жобс анхнаасаа л амжилтын дардан зам мөрөөр ороогүй болох нь тодорхой харагдана. Уг кинонд түүний үндсэн бүтээгдэхүүнээ гаргахын яг өмнөх үе хүртэлх түүхийг цаг хугацааны гурван хэсэгт хуваан харуулсан. Киноны зургууд Жобсын мэргэжлийн замнал төдийгүй байнгын дарамттай хувийн амьдралынх нь тухай хүмүүст ойлгуулдаг. Тэрээр гайхалтай сайхан хүн байсан бөгөөд түүний хүсэл зоригийг нь хуваалцаж чадах хүмүүст татагддаг байсан хэдий ч кинонд үзүүлж буйгаар бусадтай харилцах харьцаа нь үргэлж тийм сайн байгаагүй ажээ.
Киноноос авах чухал санаанууд: Стив Жобс өөрт дутаж байсан ур чадвараа алсын хараагаараа нөхөж чадсан. Тэрээр программ бичигч юм уу, маркетер, эсвэл инженерийн аль нь ч байгаагүй, гэвч түүнгүйгээр Apple оршихгүй байх байсан. Тэрээр бусдын санаанд нийцэх гэж огт хичээж байсангүй, үеэ өнгөрөөсөн загварт баригдахаас татгалзсан. Түүний хүсэж тэмүүлсэн зүйл нь бүгдэд хүртээмжтэй компьютер бий болгох байсан бөгөөд энэ зорилгодоо хүрэхэд нь ямар ч бэрхшээл түүнийг зогсоож чадаагүй.
- Салхи аргамжсан хүү
Netflix-ийн бүтээсэн энэ кино, ус цахилгаанаар хангах салхин хөдөлгүүр барьж сууринаа өлсгөлөнгөөс аварсан хүүгийн бодит түүх дээр үндэслэсэн юм. Вильям Камквамба бол ар гэр нь сургалтын төлбөрийг төлж чадаагүй учраас Малави дахь сургуулиасаа хасагдсан өсвөр насны хүү юм. Ган гачиг, ой мод устгал, үер, өлсгөлөн тосгоныг нь нэрвэж хүү энэ бүхнээс гарах гарц хайж эхэлжээ. Сурч байсан сургуулийнхаа номын сангаас ном зээлж, салхин үүсгүүрийн талаар суралцсан байна. Мөн чанартаа, энэ нь гайхалтай шинэ санаачилгын тухай түүх юм.
Энэ түүхээс юу сурах вэ: Хэрэгцээ шаардлага шинэ нээлтийг төрүүлдэг, харин мэдлэг бол хүч юм. Түүнчлэн аливаа аз туршилт зайлшгүй эрсдэл дагуулж байдаг бол эрсдэл бүр шинэ боломжийг нээдэг. Гол нь эргэлзээндээ бууж өгөхгүй байх нь чухал. Алдаанд сургамж ба цааш үргэлжлүүлэх шинэ зорилгууд үргэлж оршиж байдаг.
- Үүсэл
Энэ бол далд ухамсар бидний сэрүүн үеийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, яг үнэндээ бодит байдал гэж юу болох талаар эргэцүүлэхэд хүргэдэг тун сонирхолтой шинжлэх ухаан-уран зөгнөлт сэтгэл зүйн драмуудын нэг. Кинонд Дом Кобб нь хүмүүсийн мөрөөдөлд нэвтэрч далд ухамсраас нь корпорацын тагнуулын ертөнцөд “эрэлттэй бараа” болдог тэдний нууцыг нь хулгайлах чадвартай хулгайч юм. Түүнийг “мөрөөдлийн орон зайг хоослох” аргаар өөр хүний санаа бодлыг сонгогдсон далд ухамсарт суулгаж өгөх юм бол гэмт хэргийн түүхээ арилгах боломжийг түүнд санал болгодог. Гэсэн хэдий ч Кобб суулгасан санаа нь жинхэнэ биш бол далд ухамсар хүлээж авдаггүйг сайн мэдэж байдаг. Зохиол нь “мөрөөдлөө хуваалцах” нь бусадтай илүү гүн түвшинд холбогдож, хэн нэгний анхны үндсэн итгэл үнэмшилд хүрэх боломжтой гэсэн санааг судалдаг.
Мэргэжлийн маркетерын үзэл бодлын үүднээс авч үзвэл “Inception”-д хэдэн чухал санаа бий. Эхнийх нь, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох гэж оролдож буй старт-ап бүхэн үндсэндээ, хөрөнгө оруулагчдад тэдний өөрсдийнх нь юм шиг санагдахаар мөрөөдөл зарахыг эрмэлзэж байдаг. Мөн түүнчлэн аливаа амжилттай маркетинг зорилтот хүлээн авагчийнхаа сэтгэлд нийцсэн, сайтар боловсруулсан, жинхэнэ бодит санаан дээр суурилдаг. Зөв хийсэн “үүслийн маркетинг” нь хүлээн авагчийн сэтгэлд аяндаа үүссэн өөрийнх нь хүсэл мэт санагдахаар нарийн нөлөөллийг үзүүлж чаддаг байна.
Гоё үзсэн кино ч бна үзээгүйгээ үзнэ