Галын аюулгүй байдал хэмээх хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг маш өндөр хариуцлагатай чиглэлд бизнес эрхэлдэг Нано Импекс ХХК–ийн Гүйцэтгэх захирал Б.Хэрлэн өөрийн бизнесийн сорилт, амжилт, мөн энэ зах зээлийн онцлог, тулгамдсан асуудлын талаар өгөөжтэй яриа өрнүүллээ.
– Галын аюулгүй байдлын салбарт хүчин зүтгэх нь эмэгтэй хүнээс их тэсвэр тэвчээр шаардсан хэрэг. Та энэ ажилтай анх хэрхэн холбогдсон бэ?
– Энэ асуултыг өмнө нь олон хүн надаас асууж байсан. Манай аав ЗХУ-д Галын инженер мэргэжлээр төгсөж тухайн үедээ Гал түймэртэй тэмцэх газар буюу одоогийн Онцгой байдлын газарт бүх насаараа ажилласан, галын шинжээч, хурандаа Н.Бойрой гэдэг хүн. Улмаар “Гал” улсын үйлдвэрийн газрыг хувьчлан авч энэхүү бизнесийн маань эхлэлийг тавьж өгсөн. Улмаар намайг бизнесийн сургуулиа төгсөхөд гэр бүлийн бизнестээ эргэлт буцалтгүйгээр татагдан орсон доо.
– Танай компани ямар бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог, үнэ цэн нь юунд оршиж байна вэ?
– Манай компани анх байгуулагдсанаасаа хойш галын аюулгүй байдлын чиглэлээрээ дагнан ажилласаар ирсэн. Бид евро стандартын галын хор, ОХУ-ын хамгийн том галын хор үйлдвэрлэгч “Ярпожинвест” компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Гэтэл хэрэглэгчдэд хаанахын ямар хор гэхээс илүүтэй нэг удаагийн шалгалт ирэхэд харуулах юмтай байж байх нь илүү чухал гэх байдлаар хандаж байгаа нь харамсалтай.
“Бид бизнес эрхлэхдээ хариуцлагатай, найдвартай байдлыг гол зарчмаа болгон ажиллаж, улмаар харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг мэдрэхийг чухалчилдаг”.
Хүн бүр хөдөлмөрлөж өөрсдийн өмч хөрөнгөө бий болгодог ч түүнийгээ хамгаалахад төдийлөн анхаарч ажилладаггүй. Хэдийгээр тэрхүү шалгалтыг өнгөрөөж чадлаа ч тэд жинхэнэ эрсдэл тулгарсан үед хэрэглэх хоргүй, эсвэл хугацаа нь дууссан, чанар шаардлагад нийцэхээргүй хор авч байгаа нь тэдний өмч хөрөнгийг хамгаалж чадахгүйд хүргэдэг.
Манай ажилтнууд борлуулалт хийж явахдаа сүүлд хоёр удаа гал түймэртэй таарч унтрааж өгсөн. Тэдгээр түймэрт өртөгсөд гал унтраах хэрэгсэлгүйн улмаас илүү их хохирол амсаж болох байсан. Иймээс нэг удаагийн хоолны мөнгөөрөө бүтэн жилийн туршид амь нас, өмч хөрөнгийн аюулгүй байдлаа хамгаалаасай гэж хүсэж байна. Үүнд л манай бүтээгдэхүүний үнэ цэн нь оршиж байдаг.
– Салбартаа олон жил ажилласны хувьд галын аюулгүй байдлын чиглэлээр шинэчлэлийг цаг алдалгүй хийгээсэй гэж хүсдэг вэ?
– Сүүлийн жилүүдэд салбарын хувьд ахиц дэвшил гарч байгаа ч бид цаг алдалгүй олон улсын стандартыг нэвтрүүлж мөрдөх шаардлагатай. Өнөөдөр нэгдүгээрт, олон улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд галын аюулгүй байдлаа хамгаалж, стандартаа мөрдөж байна. Хоёрдугаарт, өөрсдийн хүч хөдөлмөрөөр босгосон, өндөр үнэлгээ бүхий барилга байгууламжаа хамгаалах зорилгоор мөрдөж байна. Иргэд томоохон галуудыг л анзаарч жижиг галыг төдийлөн ойшоогоод байдаггүй. Гэтэл улсын хэмжээнд 2-3 минут тутамд нэг гал гарч байгаа нь харамсалтай. Тиймээс дотоодын байгууллагууд аюулгүй байдлаа хангаж, түүндээ чанартай бүтээгдэхүүн ашиглаасай гэж хүсдэг.
– Танай салбарын хэрэглэгчдийн хүлээлт, зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
– Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид олон газраас цуглуулахаас илүүтэй нэг байгууллагын цогц үйлчилгээг илүүд үзэх болсон. Биднээр галын аюулгүй байдлын план зургаа гаргуулан түүнийхээ дагуу гүйцэтгэлээ хийлгэж галын аюулгүй байдалдаа санаа зоволтгүй бизнесээ хийх хүсэлтэй болсон. Тиймээс ч бид нэг удаа галын хороо нийлүүлж аюулгүй байдлыг нь хангаад зогсохгүй тогтмол гэрээ хийн хугацаа нь дуусвал үйлчилгээгээ дахин үзүүлдэг. Иргэд ч ийм цогц үйлчилгээг хүсэж, бидний үйлчилгээ ч үүнд чиглэж байна.
Улсын хэмжээнд 2-3 минут тутамд нэг гал гарч байгаа нь харамсалтай.
Галын аюулгүйн ажиллагааны бизнесийн онцлог бол маш өндөр хариуцлага шаарддаг. Мөн бизнесийн амжилт гэдэг бол нэг удаагийн томоохон үйл явдал, эсвэл өндөр орлого олох бус харин тухайн салбар, бизнестээ тууштай, тогтвортой үйл ажиллагаа явуулах явдал. Тиймээс бид бизнес эрхлэхдээ хариуцлагатай, найдвартай байдлыг гол зарчмаа болгон ажиллаж, улмаар харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг мэдрэхийг чухалчилдаг.
– Дотоодын зах зээлийг жижиг хэмээн дүгнэдэг. Тэгвэл танай салбарт шинэ оролцогч зах зээлд хөлөө олох боломж хэр вэ?
– Одоогоор 10 орчим компани бидэнтэй нэг чиглэлд ажиллаж дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц байна. Гэхдээ зарим нь богино хугацаанд ашиг олох зорилгоор салбарт хөл тавьж удалгүй хаалгаа барихад хүрдэг. Салбарт шинэ өрсөлдөгч гарч ирснээр харилцагч түүнийг сонирхох, улмаар хямд үнэд нь хөтлөгдөн чанаргүй барааны сонголт хийх нь ажиглагддаг. Гэхдээ тэдгээр худалдан авагч хэсэг хугацааны дараа буюу бүтээгдэхүүнээ таниад ирэхээрээ тууштай, чанартай, тогтвортой буюу хэзээ ч ирэхэд бэлэн байдаг нийлүүлэгчдэдээ буцаад л ирдэг.
Манай галын аюулгүй байдлын салбарт мэдээж орон зай байна. Миний хувьд галын аюулгүй байдлын систем гэдэг хүний амь насыг аврахтай холбоотой учир салбарын байгууллагууд үйлчилгээгээ мэргэжлийн түвшинд хийх цаг нь болсон гэж үздэг. Ер нь ямар нэгэн бизнес шинээр эрхлэгчдэд ямагт орон зай байж л байдаг. Учир нь чиний хийж байгааг өөр хэн ч чам шиг хийхгүй. Урт хугацаандаа үнэхээр тууштай байна гэвэл харилцагчид мөнхөд байдаг гэж санагддаг.
– Та шинээр ашиглалтад орж буй орон сууцууд, барилга байгууламж галын аюулгүй байдлаа хангахад хэрхэн анхаарч ажиллаж байна гэж дүгнэдэг вэ?
– Зарим компанийн хувьд галын инженертэй эсэх нь тодорхойгүй, тэдний үүрэгт ажлыг холбооны чиглэлийн хүмүүс хийдэг нь ажиглагддаг. Уг нь бол үүн дээр галын инженер хүн ажиллаж байх ёстой. Гэтэл манайд ирж буй олон кейсээр анх байсан, одоо үйлчилгээ нь байхгүй, ажилладаг эсэхийг нь ч мэдэхгүй гэж хариулдаг. Мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй учраас нөгөөдүүл нь ямар нэгэн “датчик” тавиад л дахин ирэхгүйгээр явчихна. Гэтэл бүхий л зүйлд арчилгаа, тордлогоо зайлшгүй шаардлагатай. Мөн барилга барихад стандарт хангах шаардлагатай тулгарна. Гэтэл тэд хөөсөнцөр ихээр ашиглаж байгаа нь хэдийгээр 64-ийн ханатай ижил хэмжээний дулаахан, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч бас л эрсдэлтэй.
Хүн амын нягтаршил, хөдөлгөөн ихсэж байгаа болохоор галын эрсдэл дагаад ихсэж байдаг. Хүн болгон цахилгаан хэрэглэдэг. Цахилгаан хэрэглэх тутамд тэрхүү эрсдэлийн хэмжээ нэмэгдэж байдаг учир иргэд ядаж л машиндаа галын хортой байгаасай гэж боддог.
– Дөнгөж сургуулиа төгсөөд ирж байсан охинд компани удирдан авч явахад бэрхшээлтэй тулгарч байсан нь ойлгомжтой. Таны хувьд энэхүү бизнесээсээ шантрах эсвэл эрч хүч авч байсан тохиолдлуудаасаа хуваалцаач.
– Сургуулиа дөнгөж төгсөөд 23 настай байхдаа Гүйцэтгэх захирлаар томилогдож санхүүгийн хувьд маш хүнд компани босгох үүрэг ноогдсон. Зээлийн муу түүхтэй компани хүлээж авсан, туршлага мэдлэг хомс, бас жирэмсэн байсан тэр үедээ ХААН Банканд очиж зээлийн хүсэлт өгөхөд “Танай захирал хаана байна аа, чи гарын үсэг зурах юм уу” гэж асууж байсан. Гэхдээ бидэнд итгэл хүлээлгэж анхны 30 сая төгрөгийн зээл олгосон нь их боломжийг нээж өгч байлаа. Зээл төлөлтөө хоцроохгүйн тулд төрөөд удаагүй нялх хүүхдээ тэврээд хуримын бөгжөө өндөр хүүтэй ломбардад тавин байж яг хугацаандаа эргэн төлөлт хийж явсан. 24 сарын дараа банк найдвартай зээлдэгч гэж үзэн сарын хүүгээ бууруулж дахин зээл олгож байсан нь бас л их том дэмжлэг болж өгсөн.
– ХААН Банкны хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр нь та бүхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог гэж үзэж байна вэ?
– ХААН Банкны ЖДБ-ийг дэмжих төв нь олон бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагыг гярхай харсан, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл болж чадсан. Жижиг дунд бизнес эрхлэгчид өдөр тутмын тогтсон үйл ажиллагаандаа анхаарч өөрсдөө сурч боловсроход цаг бага зарцуулдаг. Улмаар бид бизнесээ эрхлээд явахад туршлага дутмаг, тулгамдаж буй асуудалдаа зөвлөгөө авах хүнгүй учраас өөрийнхөөрөө шийдчихдэг байсан. Харин энэ төвийн тусламжтай мэргэжлийн зөвлөхүүд болон бие биеэсээ суралцах, харилцан бизнесээ дэмжих боломжтой болсон.
– ХААН Банкны ЖДБДТ-ийн хөтөлбөрүүдээс чухам юу нь танд болон бизнес эрхлэгчдэд илүүтэй хүрч, дэмжлэг туслалцаа болж чаддаг гэж үздэг вэ?
– Миний хувьд хамгийн их таалагдсан хоёр сургалт байдаг. Бизнесийн цогц сургалт нь бэлэн загвар, тэмплэйттэй нь яг Монголын нөхцөл байдалд, жижиг компанид тохирч байсан. Энэ нь нэг удаагийн сургалт хийгээд зогсохгүй бизнесээ цогцоор нь харах боломжийг бидэнд олгосон. Биднийг суралцах үед цар тахал дэгдэж, хичээл онлайнаар явагдсан ч ХААН Банкны дэмжлэгтэйгээр цогцоор нь харж эхэлсэн.
Харин WCM буюу Гүрэн академийн “Дэлхийн түвшний менежерийн сургалт” нь олон улсын зөвлөхүүдийн зөвлөгөө, компаниа болон өөрийгөө дотроосоо ойлгож шийдвэр гаргахад тусалсан гэж боддог.