Америкийн технологийн салбар дэлхийд хамгийн их инновац гаргадаг билээ. Тэдний хийсэн, бүтээсэн бүхнээр болон энэ салбарт өдөр бүр ажилладаг авьяаслаг, тууштай олон хүнээр би маш их бахархдаг. Гэхдээ эл салбарын зарим компани бидний хувийн мэдээллийг цуглуулж, буруугаар ашиглаж буйд, эх оронд маань экстремизм, туйлшралыг гүнзгийрүүлж, эдийн засгийн тоглоомын талбарыг гажуудуулж, эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхийн иргэний эрхийг зөрчиж, тэр байтугай хүүхдүүдийг маань эрсдэлд оруулж байгаад маш олон америк хүний нэгэн адилаар миний санаа зовж байна.
Өөрт буй хууль эрх зүйн эрх мэдлийн хүрээнд эдгээр сорилтыг шийдвэрлэхийн төлөө миний засаг захиргаа ажиллаж байгаа энэ мөчид би Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхнаас Технологийн том компаниудыг (Big Tech) хариуцлагатай ажиллахад чиглэсэн хатуу чанд хуулийг хамтдаа санал нэгдэн батлахыг уриалж байна.
Жирийн америкчуудад эдгээр компанийн учруулж буй эрсдэл тов тодорхой. Технологийн том компаниуд бидний худалдаж авч буй зүйл, зочилдог вэбсайт, аялдаг газар, хамгийн аюултай нь хүүхдүүдийн минь талаар үлэмж их өгөгдлийг цуглуулдаг. Өнгөрсөн жил Конгресст хандаж хэлсэн үгэндээ миний дурдсанчлан олон сая залуус доромжлол, хүчирхийлэл, сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна. Хүүхдүүд дээр маань хийж буй ашгийн төлөө туршилтынх нь төлөө бид нийгмийн сүлжээний компаниудад хариуцлага тооцох ёстой.
Америкчуудыг өөрсдийн платформд татахын тулд технологийн компаниуд нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашиглан хэт нэг талыг барьсан, туйлширсан агуулга руу тэднийг хөтөлж байна. Харуусам хүчирхийлэл нь онлайн хортой мэдээний цуурайнаас шалтгаалах нь хэтэрхий ихэслээ.
Нийгмийн сүлжээний болон бусад платформ нь онлайн мөшгөлт, хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, нууц мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй түгээх, аюултай эмийн хулдалдаа зэрэг доромжилсон, бүр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх эрхтэй байгаа нь бүр ч аюултай. Түүнчлэн Big Tech компаниуд нь өрхийн жижиг бизнесүүдийг платформоосоо хөөж, хүнд байдалд оруулж, хэт өндөр төлбөр ногдуулж байгаа нь тэдний өрсөлдөх, өсөхөд саад болж улмаар инновацыг боомилж байна.
Big Tech компаниудад хариуцлага хүлээлгэх хуулийг батлуулахын төлөө яагаад тэмцэж буй зарим шалтгаанаа би дөнгөж сая дурдлаа. Миний засаг захиргаа байгуулагдсан цагаас эхлэн би гурван том шинэчлэлийг эхлүүлсэн.
- Нэгдүгээрт, америкчуудын хувийн нууцыг хамгаалсан холбооны улсын томоохон хамгаалалт хэрэгтэй. Үүний тулд интернэтээр зочилсон түүх, хувийн харилцаа, байрлал, эрүүл мэнд, генийн болон биометрийн өгөгдөл зэрэг хувь хүний нууцыг компаниуд хэрхэн цуглуулах, ашиглах, хуваалцах тал дээр хязгаар тогтоох ёстой. Ямар мэдээлэл цуглуулж буйгаа компаниуд ил болгох нь хангалттай бус. Юун түрүүнд тэдгээр мэдээллийн ихэнхийг нь цуглуулах ёсгүй юм. Онлайн орчинд асуудалд харьцангуй амархан өртдөг залуусыг илүү сайн хамгаалах ёстой. Зорилтот зар сурталчилгааг хязгаарлаж, хүүхдэд зориулсан ийм сурталчилгааг бүрмөсөн хориглох нь зүйтэй.
- Хоёрдугаарт, түгээж буй контент, ашиглаж буй алгоритмынхаа төлөө Big Tech компаниуд хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас вэбсайтад оруулсан контентынхоо төлөө технологийн компаниуд хариуцлага хүлээхийг хориглосон Харилцаа холбооны ёс зүйн хуулийн 230-р Зүйлийг эрс шинэчлэх ёстой гэж би уриалсаар ирсэн юм. Мөн ижил тэгш ур чадвартай эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхах, боломжийг нь хулгайлах, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсэн контент түгээхийг нь зогсоохын тулд Big Tech компаниудын ашигладаг алгоритмын талаар илүү ил тод байдал бидэнд хэрэгтэй.
- Гуравдугаарт, технологийн салбарт илүү их өрсөлдөөнийг бий болгох ёстой. 2021 оны долоодугаар сард миний гаргасан зарлигийн дагуу эдийн засгийн бүхий л салбарт өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр миний засаг захиргаа ихээхэн ахиц гаргаад байна. Гэвч бид илүү ихийг хийж чадна. Технологийн компаниуд хангалттай томроод ирэхээрээ өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах олон арга замтай болж, өрсөлдөгчдөө шахан зайлуулах, таагүй байдалд оруулах, эсвэл өөрийн платформ дээрээ заруулах бол өрсөлдөгчөөсөө хэт их төлбөр шаарддаг болов. Жижиг, дунд компани, өрхийн бизнес, энтрепренер гээд бүгд аварга компаниудтай ижил талбарт өрсөлдөж чаддаг байгаасай гэж улс орныхоо эдийн засгийг би төсөөлдөг. Энэхүү алсын харааг бодитой болгож, Америкийн технологийн компаниуд шинэ технологи, инновацаар дэлхийд тэргүүлдэг байхын тулд бидэнд илүү шударга дүрэм хэрэгтэй. Америкийн агуу компаниудын дараагийн үе гараанаас амжилттай гарахаасаа өмнө одоогийн хэт давамгай компаниудад багалзуурдагдах ёсгүй юм.
Одоогийн хууль эрхзүйн орчны хязгаар, бүрэн эрхийн хүрээнд эдгээр зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө сүүлийн хоёр жилд миний засаг захиргаа шаргуу ажиллаж ирлээ. Арилжааны шинж чанартай өгөгдлийг хамгаалах шинэ хуулийг бид боловсруулж байна. Алгоритмын ялгаварлан гадуурхалттай бид тэмцэж байгаа бөгөөд Засгийн газар, хувийн хэвшилд зориулж шилдэг туршлагуудыг багцлан танилцуулаад байна. Онлайн аюулгүй байдлыг тэргүүн зорилгоо болгохын тулд бид дотоодын болон олон улсын хамтрагч талуудтай ажиллаж байгаа бөгөөд саяхан монополын эсрэг хуулийг сахиулагч нарт зориулсан үлэмж хэмжээний санхүүжилтийг босгосноор тэд технологийн салбарын шинэ сорилтуудтай хөл нийлүүлэн ажиллах боломжтой боллоо.
Гэхдээ бидний одоогийн эрх мэдэл хэмжээ хязгаартай. Big Tech компаниудыг хариуцлагатай байлгахад Конгресст суудалтай хоёр намын үйлдэл хэрэгтэй. Хороо байгуулах талаар ихээхэн яриа өрнөж байгааг би сонссон. Одоо харин ярьснаа ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинэ конгресст санал зөрөлдөх бодлогын асуудал олон байх боловч бидний хувийн нууц, бидний хүүхдийг хамгаалах, ялгаварлан гадуурхалт, бэлгийн мөлжлөг, онлайн мөшгөлтөөс сэргийлэх, шударга өрсөлдөөний эсрэг үйлдлийг арилгахад чиглэсэн хоёр намын санал нь биднийг хоёр талцуулах ёсгүй юм. Нэгдмэл үнэ цэний төлөө нэгдэж, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нэгдэн ажиллаж чаддаг гэдгээ ард түмэндээ харуулцгаая.
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Байден