“CEO бичиж байна”
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Э.Сайханжаргал
Бидний амьдарч буй цаг үеийн хөгжил минут, секундээр хэмжигдэж байна. Үүнийг хөдөлгөгч хүч нь өдгөө финтек болсон гэдэгтэй санхүү, хөрөнгө оруулалт, инженер, технологийн салбарынхан, бас хэрэглэгчид ч санал нэгдэх болов уу. Өнөөдөр ч яг л энэ жишгээр Монгол Улсад финтек өдөр бүр хөгжиж, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт цоо шинэ шанг амжилттай таталцаж байна. “Монголын финтек групп” энэ бүхний эд эс нь болж өдгөө Hipay, Sendly, Stocklab зэрэг томоохон төслийнхөө галт тэргийг амжилттай хөдөлгөж чадсан юм. Энэ бүхэнд гар бие оролцож буйн хувьд залуустаа финтекийг хөгжүүлэгчид, хэрэглэгчдэд ямар давуу тал боломжууд гарч байгааг хийж хэрэгжүүлж буй ажилдаа үндэслэн хуваалцахыг хүслээ.
Миний бие Өмнөговь аймагт төрж, өссөн. 10 жилээ математик, физик, хими, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Эрдмийн гэгээ” сургуульд суралцаж төгссөн. Манай сургуульд хүүхэд залуусын ирээдүйг чиглүүлж чадсан ачтай гавьяатай багш нар олон байсан, өдгөө ч бий. Эндээс математик, мэдээллийн технологийн чиглэлийг түлхүү сонирхож МУИС-д программ хангамжийн инженер мэргэжил эзэмшсэн юм. Банк санхүүгийн салбарынхны хувьд “Яаж хэрэглэгчдэдээ хялбар, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх вэ?” гэдэг нь чухал сорилт байдаг. Сурч эзэмшсэнээ амьдралтай уяхын тулд их сургуулиа төгсөөд шууд л банкны салбарыг сонгосон. Тухайн үеийн томоохон банк болох Зоос банканд программ хөгжүүлэгчээр ажлын гараагаа эхэлж, дараа нь Ариг банк, Төрийн банк зэргээр банкны мэдээллийн технологийн салбарт тасралтгүй 16 жил ажилласан байна.
“Мэдээлэл технологийн залуус санхүү суурьтай бизнесийн салбар руу ороод л финтек хөгжүүлэгч болчихгүй юм. Эхлээд санхүүгийн мэргэжлийн ойлголтуудыг бүрэн эзэмших шаардлага бий болно. Ингэснээр хувь хүний хөгжил болоод баг, байгууллагын хөгжилд томоохон дэвшил авчирч чадна”.
Хүн амьд явахад хоол хүнс, ус, агаар амин чухал байдаг шиг бүхий л санхүүгийн бизнесийн найдвартай, баталгаатай, урт хугацаанд орших үндэс суурь нь ерөөсөө л мэдээллийн технологиос хамаарч байгааг тухайн үед анзаарсан. Үүнийг ч дотроо төсөөлж, ирээдүйд хэрэглэгчдэд, үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад ч ямар том боломж нээгдэхийг зураглаж байсан нь одоо хийж, хэрэгжүүлж буй ажилд минь томоохон хүч болж, урагшлуулж байна.
Нийгэм, цаг үеэ дагаад үүрэн холбооны операторууд, финтек компаниудын залуучуудын чадамж эрс сайжирч, өөрсдийн гэсэн тэргүүлэх чиглэлтэй болжээ. Ингээд шинэ зүйлд хүч сорих, шинэ зүйл бүтээх эрмэлзлэлээр дүүрэн залуу хүний хувьд “Монголын финтек групп”-ын HiPay (2018 оноос эхлэлтэй) бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэхэд баг, хамт олноо удирдан ажиллаж байна. Иргэд машин зам дээр түгжирч, эсвэл банканд урт дарааллын ард зогсох нь стресс бухимдал, амьдралыг хүндрүүлэх гол шалтгаан болж байгаа нь ажиглагддаг юм. Яг үүнийг л шийдэхэд финтекчүүд бид анхаарч ажиллаж байна. Манай төлбөрийн цогц шийдэл бүхий Hipay платформ нь ерөөсөө л хүний үнэт цагийг хэмнэсэн, ашиглахад хялбархан, энгийн ойлгомжтой функцтэй, гол нь итгэл даасан гэдгээрээ бусдаас ялгарч, өдөр бүр харилцагчдын тоо нь өсөн нэмэгдэж байна. Хурдан шуурхай хялбар байх нь эргээд хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн шийдэх вэ? гэсэн асуудалтай тулгардаг. Манай залуучуудын хувьд мэдээллийн аюулгүй байдлыг шийдвэрлэх нь сорилт болохоос гадна шинэ технологи эрэлхийлэх, суралцах эрмэлзлэлийг бий болгож, тасралтгүй хөгжих хөшүүрэг болж байна. Иймээс ч залуус маань платформдоо AI болоод blockchain технологи тусгахаар зорьж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан бидний амжилтаас дурдвал, арилжааны шилдэг таван банкны болзол нөхцөлийг нь хангасан PCI-DSS стандартад нийцсэн цорын ганц финтек компани. Мөн арилжааны 12 банкаас гадна карт хүлээн авагч цорын ганц финтек компани болсон нь манай залуусын өдөр бүр зогсолтгүй урагш тэмүүлсэн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
“Манай залуучуудын хувьд мэдээллийн аюулгүй байдлыг шийдвэрлэх нь сорилт болохоос гадна шинэ технологи эрэлхийлэх, суралцах эрмэлзлэлийг бий болгож, тасралтгүй хөгжих хөшүүрэг болж байна. Иймээс ч залуус маань платформдоо AI болоод blockchain технологи тусгахаар зорьж байна”.
Бидний сүүлд хэрэгжүүлж буй ажлаас энд дурдвал, Монголбанкны карт хүлээн авах тусгай зөвшөөрөл болоод хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг хэтэвчдээ байршуулахтай холбоотой. Энэ чиглэлд цахим мөнгөний тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байна. Уг тусгай зөвшөөрлүүд нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны тусгайлсан дүрэм журмуудтай бизнес, технологийн үйл ажиллагаагаа нийцүүлэх шаардлагатай болдог. Тиймээс манай баг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ цаг тутам сайжруулж, хөгжүүлж ажиллаж байна. Бизнесийн үнэт зарчим бол олж чадаж байгаа бол бусдад өгч чаддаг байх ёстой. Яг энэ суурь зарчмаа мөрдөж, бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл, 21 аймагт агаарын чанар хэмжигч 55 төхөөрөмжийг өөрсдийн санхүүжилтээр суурилуулж эхэлсэн. Бидний оруулж ирсэн, Европын нэр хүндтэй Airly компанийн агаарын чанар хэмжигч төхөөрөмж нь долоон үзүүлэлттэй. Тэр дундаа огт анзаарч, тусгайлан хэмждэггүй PM 1.0 тоосонцорыг хүртэл хэмждэг. Дээрх төхөөрөмжийг суурилуулсан байршлуудын агаарын чанарын талаарх мэдээллийг иргэд HiPay аппликейшнээс авах боломжтой бөгөөд агаарын чанарын индексийг дэлхийн стандартын дагуу, монгол тайлбартай, энгийн ойлгомжтой байдлаар оруулсан. Мөн улсын хэмжээнд ажилладаг агаарын чанар хэмжигч 40 суурин харуулын мэдээллийг ч нэгтгэсэн тул иргэд нийт 90 байршил, тэдгээрийн ойр орчмын агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар хүлээх авах боломжтой болж байна. Ингэж агаарын чанар хэмжигч төхөөрөмжийг суурилуулж байгаа нь иргэдэд агаарын бохирдлын талаар мэдлэг олгох, мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилготой юм. Ингэснээр бид хэдэн цагт агаар илүү бохирдолтой байна, хаана агаар цэвэрхэн байна гэх мэтээр өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалдаг болно. Харин улс орны түвшинд агаарын чанарын асуудлаар томоохон дата мэдээлэл үүсэх давуу талтай.
“Бизнесийн үнэт зарчим бол олж чадаж байгаа бол бусдад өгч чаддаг байх ёстой”.
Мэдээлэл технологийн залуус санхүү суурьтай бизнесийн салбар руу ороод л финтек хөгжүүлэгч болчихгүй юм. Тэд эхлээд санхүүгийн мэргэжлийн ойлголтуудыг бүрэн эзэмших шаардлага бий болно. Ингэснээр хувь хүнийх нь хөгжил болоод баг, байгууллагын хөгжилд томоохон дэвшил авчирч чадна. Үүнийгээ дагаад магадгүй тэс өөр салбарт хүч сорих, шинэ бизнес бий болгох гэх мэт олон боломж гарч ирнэ гэж хардаг.
Ирээдүйн бизнес бүхэн мэдээллийн технологиос хамаарч хөгжинө. Энэ нь уламжлалт томоохон корпориацуудаас эхлээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хувь хүнд хүртэл мэдэгдэж, мэдрэгддэг болж. Иймд бүгд энэ төрлийн бизнесийг сонирхож анхаарлаа хандуулж байна. Хэдий тийм ч гэлээ дэлхий нийтээрээ энэ чиглэлийн боловсон хүчний хомсдолын асуудалтай тулгарч эхэллээ. Үүнийгээ дагаад ч тэр үү ФИНТЕК гэсэн ойлголтыг ТЕКФИН (технологи, санхүү) ч гэж нэрлэж болохуйц ч ухагдахуун гарсан байна. Ирээдүйд мэргэжлээ сонгох, мөн энэ чиглэлээр суралцаж, сонирхож буй хэн бүхэнд ФИНТЕК → ТЕКФИН нь асар ирээдүйтэй, үр өгөөжтэй салбар байх нь гарцаагүй.