Дэлхий дахин цар тахалтай нүүр тулж улмаар гэртээ суусан монголчууд санхүүгийн хямралд орж өнөөдрийг хүртэл бүрэн сэргэж чадаагүй л явна. Энэхүү нөхцөл байдал, иргэдийн санхүүгийн мэдлэг мэдээлэл дулимаг байдлыг ашиглан криптовалютын зах зээлийн тоглогчид ахархан хугацаатай, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтуудыг санал болгож шуналыг нь гижигдсэн.
Хууртагдсан иргэдийн их хэмжээний валют криптовалютын зах зээлд нэвтэрснээр өнөөдөр улсын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж буйг холбогдох байгууллагуудын тайлангуудаас харж болно. Өнгөрсөн долоо хоногт нэгэн бүсгүй IHC-д хийсэн 142 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь 71 дахин багасаад буй болохыг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн нь ихээхэн шуугиан тарьж, олон олон хохирогчийг дуугарахад хүргэсэн. Үүний нөлөөгөөр өдгөө IHC-г үүсгэн байгуулж, зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, шүүхээс хилийн хориг тавиад байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар ганц ч улс орон койныг зохицуулсан хууль батлаагүй бөгөөд харин 80 гаруй улс бидэнтэй адил эрхзүйн зохицуулалтыг ашиглаж байна. Манай улсад “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль 2021 оны төгсгөлөөр батлагдсан. Мөрдөгдөж эхлээд ганц жил ч болоогүй уг хууль нь ямар нэгэн виртуал хөрөнгийг зохицуулсан бус, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх явдлыг хянан шалгах харилцааг л зохицуулсан хууль. Энэ хууль батлагдсанаар арилжааны бус замаар иргэдээс хувийнхаа дансанд хөрөнгө оруулалт татах явдлыг зогсоож чадсан. Ингэж бичиж буй шалтгаан бол хууль батлагдахаас өмнө 64 койн олон нийтээс хөрөнгө оруулалт татсан бол батлагдсанаас нь хойш нэг ч койн зах зээлд гарч ирээгүй. ФАТФ-аас гаргасан зөвлөмжид улс орнууд виртуал хөрөнгийг бүртгэлжүүлэх, зохицуулалт хийхийг тусгасан. Үүний дагуу хууль батлагдаж, СЗХ болон цагдаагийн байгууллагаас олон удаагийн анхааруулга, сануулга өгч байгаа нь хохирогчдын тоог бууруулахад томоохон түлхэц болж өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар ганц ч улс орон койныг зохицуулсан хууль батлаагүй бөгөөд 80 гаруй улс бидэнтэй адил эрхзүйн зохицуулалтыг ашигладаг.
Аливаа хөрөнгө оруулалт ашгаас гадна эрсдэлийг байнга дагуулж явдаг. Танд богино хугацааны, өндөр ашигтай хөрөнгө оруулалтыг санал болгож буй байгууллага, хувь хүнээ эхлээд судлах хэрэгтэй. Учир нь өндөр ашиг өндөр алдагдлыг дагуулдаг. Монголчууд бид бүхий л хөрөнгө оруулалтаа өөрсдийн найз нөхөд, ажлын хамт олныхоо ятгалгаар шийдчих гээд байдаг сул талтай. Нэгэн найз тань ямар нэгэн сүлжээнд орж, улмаар өөрийнхөө дараа оруулахыг ятгаж буй бол сайн судал. Зөв голдирлоороо явж буй ямар ч бизнес бүтэн жилийн туршид 15-20 хувийн ашгийг л өгөх боломжтой хэмээн судлаачид анхааруулдаг. Үүнээс илүү өгөөжтэй бизнесийг танд санал болгож буй бол эрсдэл илүү өндөр байгаа болохыг санаж шийдвэрээ гаргаарай. Хэрэв эрсдэл өндөртэй ч яалт ч үгүй таны сонирхлыг татаж байвал бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгээрэй. Учир нь эрсдэл учирлаа гэхэд та бага хэмжээгээр хохирно гэсэн үг. Иймээс судлаачдын зөвлөгөөнөөс тав дахин их ашгийг ганцхан сарын дотор өгөх санал тавигч ихээхэн эрсдэлийг танд санал болгож буй хэмээн хүлээн аваарай.
“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль батлагдсанаас хойш ганц ч койн нэмж гараагүй.
Дотоодын крипто зах зээлд өрнөж буй үйл явц гаднын улс орнуудад ч мөн явагдаж байгааг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлхийн гурав дахь том крипто бирж FTX дампуурлаа зарласан нь тус зах зээлийн тоглогчдод ихээхэн болгоомжлолыг үүсгэсэн. Үүнтэй холбогдуулан Crypto.com, Huobi зэрэг криптовалютын бирж боловсон хүчнийхээ 20 хүртэлх хувийг цомхотгосон. Харин дэлхийн хамгийн том бирж Binance-н үйлчлүүлэгчдийн хөрөнгийг дэмжих нөөцийн санд асуудал үүсэж, хоёр хоногийн дотор тэд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа татсан юм. Энэхүү болгоомжлол хамгийн өндөр үнэлгээтэй Bitcoin-ий ханшид сөргөөр нөлөөлж жилийн өмнө 69,044 ам.долларт хүрч байсан бол 75 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. Гэхдээ огцом уналтыг үзүүлж байсан энэхүү ханш өнгөрөгч нэгдүгээр сард тогтворжиж, өнөөдөр 25 гаран хувиар өссөн дүнтэй байгаа нь эерэг үзүүлэлт болж байгаа юм.
Тэдний ханшийн хэлбэлзэл манай дотоодын зах зээлд удахгүй мэдрэгдэж хэн нь хэн бэ гэдгийг бидэнд харуулж өгнө. Хэрэв үнэхээр хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа бол та танилынхаа үгийг бус багахан төлбөрийг нь төлж мэргэжлийн тоглогч, байгууллагаас зөвлөгөө авч шийдвэрээ гаргаарай. Тэгээд ч боломж бололцоо, эрсдэлийг нь зөв тооцоолж чадвал хөрөнгө оруулалт хийх боломж хэзээ ч, хэнд ч нээлттэй байдаг. Үүгээр танд криптовалютын зах зээл өндөр эрсдэлтэй болохыг бус богино хугацааны хэт өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтыг сайн судалж үзэх шаардлагатайг сануулъя.