Зохиогчийн хэлэх гэсэн санааг алдагдуулахгүйгээр номыг хураангуйлан унших, эсвэл мэргэжлийн дуу оруулагчийн хүргэснээр сонсох боломжтой Mplus-ийн “Товч ном” үйлчилгээний тухай.
***
Б.Болор
Бид дундаж хэмжээтэй нэг номыг өдөр бүр 20 минут уншихад 24 хоногийн дараа дуусна. Тэгвэл ажил гэрийн хооронд явах хугацаандаа нэг номын үндсэн санааг бүрэн ойлгож, чухал агуулгыг сонсчих боломжтой гэвэл ямар санагдаж байна вэ? Боломжгүй юм шиг санагдаж байгаа ч завгүй бидэнд хэрэг болох нэгэн үйлчилгээг ашиглаж үзсэн сэтгэгдлээ хуваалцъя.
Хэрэв та гадуур явахдаа анзаарсан бол “20 минутад нэг ном”, “100 гаруй номыг 14’900 төгрөгөөр” гэсэн үгтэй сурталчилгааны самбарыг харсан байх. Энэ бол зохиогчийн хэлэх гэсэн санааг алдагдуулахгүйгээр номыг хураангуйлан унших, эсвэл мэргэжлийн дуу оруулагчийн хүргэснээр сонсох боломжтой Mplus-ийн “Товч ном” үйлчилгээний тухай юм.
Энэ нь сэтгүүлч над шиг унших юм сан, сонсох юм сан гэсэн ч цаг гардаггүй хүмүүст зориулсан үйлчилгээ аж. Жишээ нь, би Стивен Ковын “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал”, Чарлз Дахиггийн “Зуршлын хүч” гэсэн хоёр номыг эхлүүлсэн ч дуусгаагүй орхисон. Миний хувийн ажил амьдралд тус болохоор маш чухал санаанууд эдгээр номд өгүүлдгийг нь мэдэх хэдий ч үргэлжлүүлэн уншиж чадахгүй явсан миний хувьд “Товч ном”-ийн сурталчилгааны самбарыг олзуурхан харсан хэрэг. Шууд л энэ хоёр номыг хайж олоод, дээрээс нь Ричард Коочийн “80/20-ийн зарчим”, Роберт Кийосакийн “Баян аав, ядуу аав” гэсэн хоёр номын хамт татаж аваад туршиж үзэв. Ажилдаа ирж, буцах цагаа ашиглан өглөө оройдоо гээд хоёр өдөрт дуусгачихлаа. Тун дажгүй.
Одоогоор Mplus-ийн “Товч ном”-ын санд хувь хүний хөгжил, бизнес, менежмент, хувийн санхүү, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр бичигдсэн 170 орчим бүтээлийн хураангуй хувилбар байршсан бөгөөд долоо хоног бүр нэмэгдсээр байна.
Тэд товч номыг бүтээхдээ олон улсад өндөр үнэлгээтэй, бестселлер номуудыг сонгон хураангуйлсан хувилбарыг нь албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэдэг байна.
Миний анзаарснаар “Товч ном”-ын үйлчилгээг ашиглах гурван шалтгаан бий:
- Нэгдүгээрт, бидэнд ойлгохыг эсвэл уншихыг хүссэн ном сэдэв маш их байна. 300 нүүртэй дундаж номыг уншихад 7-10 хоног, сонсоход 8-10 цагийг зарцуулдаг гэвэл тэр бүр бүгдийг нь дуусгах боломжгүй. Харин хураангуйлан хүргэх “Товч ном”-ын хэлбэрээр тухайн номын агуулгыг ойлгоход 20-30 минут хангалттай.
- Хоёрдугаарт, дээрх 170 орчим номын хураангуйг сонсох долоо хоногийн төлбөр нь 4,900₮ төгрөг, сарын төлбөр нь 14,900₮ төгрөг байгаа нь аудио болон цахим номыг татаж авч унших мөнгөнөөс ч бага юм. Ийм байдлаар үнэ цэнтэй мэдлэг товч номын үйлчилгээгээр дамжин улам хүртээмжтэй болж байна.
- Гуравдугаарт, “Товч ном” нь ямар ном унших, тухайн номыг бүрэн эхээр нь унших эсэхийг шийдэхэд бидний цагийг хэмнэх боломжтой. Ямар ном уншихаа сонгох нь заримдаа яг л Netflix-ээс юу үзэхээ хайхтай адил. Найзууд, ажлынхан санал болгосон ч зарим номыг дуусгасны дараа цагийн гарз байсныг ойлгодог биз дээ.
“Товч ном”-ыг над шиг ажил, гэрийн хооронд алхахдаа эсвэл дасгал хийх, гэрээ цэвэрлэх, хоол хийх зэрэг гар завгүй үеийг ашиглаад хаана ч сонсчих боломжтой. Замын түгжрэл, ажлын завсарлага, оочир дараалалд зогсох, таксигаар зорчих гэх мэт сул цагаа ашиглаад шинэ санаа, агуулгаар өөрийгөө баясгаад явах боломжтой юм.
Товч ном бол батлагдсан арга
Нийгэм, цаг үе, мэдээлэл хүлээж авах технологи зэргээс үл хамаарч хүний оюуны хэрэгцээгээ хангах, сэтгэлгээний хувьд хөгжих үндсэн нэг арга нь номтой нөхөрлөх юм. Гэвч орчин үеийн амьдралын хэмнэл хурдлуулсан бичлэгтэй адил болж хүнд төвлөрөх, эргэцүүлэх хугацаа бага болж, зарим үед “ганцаардах ч” зав гарахгүй байна. Ийм байхад зузаан ном тэвэрч суугаад шимтэн унших нь нэг ёсны тансаглал гэлтэй. Тийм тухтай цаг зав танд хэр гарч байна вэ.
Нөгөө талаасаа, суралцах, чанартай боловсрол эзэмших, тэр хэрээрээ нийгэмд өрсөлдөх чадвартай болох хэрэгцээ нь улам ихэссээр. Унших боломж тэр бүр гарахгүй байгаа амьдралын энэ хэв маягт мэдлэг, мэдээлэл авах оновчтой шийдлийн нэг нь “сонсох” болж хувираад байна. Гудамжаар алхах залуучууд бүгд шахуу чихэвч зүүснийг харахад тодорхой.
Цар тахлын нөлөөгөөр сонсдог контент, тэр дундаа аудио номын хэрэглээ өссөөр байна. 2022 оны 11 дүгээр сард ResearchAndMarkets.com-с гаргасан судалгааны тайлангаас харахад сонсдог номын дэлхийн зах зээл жил бүр 26.4 хувь өсөж 2030 он гэхэд 35.05 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ дотроо уран зохиолын номын сегмент нийт ашгийн 65 орчим хувийг эзэлж байгаа ч цаашдаа хувь хүний хөгжил, бизнес менежмент зэрэг номын төрөл (non-fiction) улам хүчээ авах хандлагатай байгааг дээрх тайланд дурджээ.
Аудио ном нь төрөл жанраас гадна форматын хувьд ч төрөлжин хөгжиж байгаагийн нэг жишээ нь товч ном (book summary) болж байна. Энэ нь дээр хэлсэнчлэн хүмүүсийн завгүй амьдралын хэв маягт тохируулж номыг бүтнээр нь уншихаас илүүтэй гол хэсгийг нь хураангуйлсан хувилбаруудыг уншиж, сонсдог хэлбэр юм.
Энэ төрлийн үйлчилгээгээр Blinkist, GetAbstract зэрэг тоглогчид олон улсад танигдсан бол Амазоны охин компани Audible ч бас товч номыг санал болгож байна. 2021 оны байдлаар Blinkist л гэхэд 5,000 гаруй хураангуй номын сан, 18 сая хэрэглэгчтэй болж 36 сая гаруй ам.долларын орлого олжээ.
“Товч ном” бүтээгчдийн нэг том зорилго нь олон нийтэд ном унших, сонсох дадлыг түгээх юм. Тэдний тооцооллоор манай улсад Англи болон бусад гадаад хэлээр уншиж, мэдлэг, мэдээлэл авах боломжтой нь нийт хүн амын ердөө 20 орчим хувийг эзэлдэг байна. Гэхдээ энэ нь нэлээн өөдрөг төсөөлөл гэдгийг Mplus-ийн Бизнес хөгжлийн захирал Ө.Очбаяр хэллээ. Тэгэхээр “Товч ном”-ын үйлчилгээ нь төрөлх монгол хэлээрээ олон улсад тренд болж буй номуудыг уншиж, өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлэх хэрэгцээтэй үлдсэн 80 хувьд нь зориулагдсан гэсэн үг.
Том зургаар нь харвал монголчууд ном уншдаг ч энэ нь нийтийн дунд түгсэн зуршил болох хэмжээнд очоогүй байна. Орчин үеийн “сайн” номуудыг төрөлх хэлээрээ унших, сонгох боломж ч тун хязгаарлагдмал. Тиймээс олон нийтийн, ялангуяа залуусын ном унших дадал, хандлагыг дэмжих нь Mplus-ийн том зорилго гэдгийг Ө.Очбаяр нэмж хэлсэн юм. Хүн бүр магистр, докторт сурах боломжгүй ч хүн бүр ном унших замаар сурах, хөгжих, орчин үеийн нийгэмтэйгээ хөл нийлүүлж, оюун санааны хувьд идэвхтэй амьдрах шаардлагатай. Тиймээс “Товч ном”-ын хувьд энэ орон зайг ойртуулан богино хугацаанд, бага зардлаар, хүртээмжтэй болгож байгаа учир нийгмийн ач холбогдол нь өндөр юм.