Энэ зууны эцэс гэхэд Өмнөд Солонгосын 51 сая хүн ам хоёр дахин буурна гэж НҮБ-аас тооцоолжээ. Улс үндэстний оршин тогтнох асуудал эгзэгтэй мөч дээр байна.
***
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхийг жил гаруй “ятгасны” эцэст Чун Хён бүтэлгүйтлийнхээ гол шалтгааныг “Манай эцгийн эрхт ёс ноёрхсон соёл” –оос болж байна гэж хэлжээ. Өмнөх засгийн газраас эрчтэй буурч буй төрөлтийн тоог эргүүлэх үүрэг хүлээсэн хатагтай Чун Өмнөд Солонгост эмэгтэй хүн байх ямар бэрх болохыг өөрийн биеэр мэднэ. Тэрээр өөрийн карьераа хуримын ёслол, хүүхдээс илүүд үзсэн. Түүний нэгэн адил сая сая охид бүсгүйчүүд нийгэмд “төрөлтийн ажил хаялт” гэж нэрлэгдээд буй эх байхыг үл тоогсдын эгнээнд нэгдэж байна.
2022 оны нэгэн судалгаа эрэгтэйчүүдээс (48%) илүү эмэгтэйчүүд нь (65%) хүүхэд хүсэхгүй байгааг тогтоожээ. Тэд гэрлэлтээс зайлсхийснээрээ түүнээс үүдэлтэй ёс заншлын дарамтаас давхар чөлөөлөгддөг ажээ. Өмнөд Солонгос дахь энэ үзэгдлийн өөр нэг нэр томьёо нь “гэрлэлтийн ажил хаялт” юм.
Энэ хандлага Өмнөд Солонгосыг сандаргаж байна. Гурван жил дараалан, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд дунджаар нэгээс бага хүүхэд ноогдож байгаагаараа тус улс дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй орон болж байна. 2020 онд нас баралт нь төрөлтийн тооноос давж гарсан бөгөөд энэ нь тооцоолж байснаас бараг арваад жилээр урагшилж, улаан зураасанд хүрчээ.
Одоогийн байдлаар, тус улсын 228 хот, муж, дүүргийн тал хагас нь оршин суугчдаа олноор нь алдах эрсдэлд орсон бөгөөд цаашдаа хоосрох ч магадлалтай юм. Өдөр өнжүүлэх төв болон хүүхдийн цэцэрлэгүүдийг асрамжийн газар болгон өөрчилж байна. Төрөх эмнэлгүүд хаагдаж, оршуулгын товчоод шинээр нээгдэж байна. Гунви мужийн хөдөөгийн Сеоксан бага сургуулийн сурагчдын тоо 700-аас дөрөв болж цөөрчээ. Намайг хамгийн сүүлд очиж байх үед хүүхдүүд хөл бөмбөгийн баг ч бүрдүүлж чадахгүй байсан юм.
Солонгосын залууст хүүхэд өсгөх асар их зардал, хэт өндөр үнэтэй орон сууц, ажил карьерын маруухан төлөв, зүрх алдмаар ажлын цаг гэх мэт гэр бүл зохиохгүй байх хангалттай шалтгаан бий. Ялангуяа эмэгтэйчүүд энэ уламжлалт нийгмийн эхчүүдээс шахаж шаарддаг бүхнээс залхдаг. Тиймээс тэд зугтаадаг.
Өнгөрөгч жил сонгогдсон ерөнхийлөгч Юн Сүк Ёл феминизм нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын эрүүл харилцааг хааж буй гол буруутан гэж үзэж байна. Гэвч тэрээр хэлсэн үгнээсээ буцсан бөгөөд хүйсийн эрх тэгш байдал нь төрөлтийн тоо буурахын эсрэг шийдэл юм. Болзоо, гэрлэлт, хүүхэд төрүүлэхээс зайлсхийж буй олон солонгос бүсгүйчүүд хаа сайгүй нэвчсэн сексизмд дургүйцэж, хүч түрсэн дээрэнгүй үзлийн соёлд хилэгнэн уурсдаг. Миний харсан тэрхүү эсэргүүцлийн самбарт бичсэн “хүүхэд төрүүлэх машин” байхаас татгалзаж буй нь тэдний авсан хариу арга хэмжээ юм. “Төрөлтийн ажил хаялт” бол эмэгтэйчүүдэд байж боломгүй хүнд ачаа үүрүүлж, хүндлэлгүй ханддаг нийгмээс хариугаа авч буй бидний өшөө авалт юм” гэж хүүхэд төрүүлэхгүй байхаар шийдсэн Сөүлийн оффисын ажилтан, 30 настай Жини Ким өгүүлж байна.
Эмэгтэйчүүдийн амьдралыг илүү шударга, амар тайван болгох нь улс орны оршин тогтнолд учирч буй аюулыг бууруулахад гайхамшиг бүтээж болох хэдий ч ноён Ёны консерватив засгийн газар асуудлыг зөвхөн томруулдаг, ухарсан бодлогоо хамгаалсаар байгаа тул энэ феминист мөрөөдөл улам алсарч байна.
Өмнөд Солонгосын хүн амзүйн хямрал нэгэн цагт тун санаанд оромгүй бэрх байсан үе бий. 1960-аад оны сүүлчээр нэг эмэгтэйд дунджаар 6 хүүхэд оногдож байжээ. Гэвч засгийн газар зөвхөн эдийн засгийн хөгжлөө зорьж хүн амын өсөлтийг хянах түрэмгий бодлого явуулсан байдаг. Хориод жилийн дотор нэг эхэд ноогдох нөхөн сэргэлтэд шаардлагатай хүүхдийн тоо 2.1-ээс бага болж, энэ тоо үргэлжлэн буурчээ. Солонгосын статистикийн агентлагаас гаргасан хамгийн сүүлчийн тоо баримтаар 2021 онд төрөлтийн түвшин 0.81, 2022 оны гуравдугаар хагаст 0.79 байна.
Одоогийн засгийн газар харваас тэг рүү дөхөж яваа энэ тооноос үнэндээ цочирдож байна. 16 жилийн хугацаанд 280 их наяд вон (буюу 210 тэрбум ам.доллар)-ыг шинээр төрсөн хүүхдийн эцэг эхэд сар бүрийн тэтгэмж олгох гэх мэтээр үр удмын өсөлтийг дэмжих хөтөлбөрүүдэд зарцуулсан байна.
Гэсэн хэдий ч олон эмэгтэйчүүд татгалзсан хэвээр. Гайхах зүйлгүй. Жирэмсний хяналтад, төрөх дөхсөн байлаа гээд ч нөхөртөө цэвэр дотуур хувцсыг нь бэлтгэж өгөх эсвэл Чусокийн ургацын баяр зэрэг олон өдөр дараалсан баярын үеэрх гал тогооны хүнд хүчир ажил зэрэг зөвхөн эмэгтэйчүүд л хийх ёстой бачуурмаар үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх өчүүхэн ч боломж байдаггүй. Гэрлэсэн эмэгтэйчүүдийн галзуу арслан зайдалсан мэт гэрийн ажил, үр хүүхдээ асрах үүрэг нь олон залуу эзэгтэйд хүндхэн тусдаг бөгөөд мэргэжлийн хүсэл зоригоо гаргуунд гаргахаас аргагүй болдог байна. Хоёул зэрэг орлоготой гэр бүлд ч эхнэрүүд гэр орны ажилд өдөрт гурваас илүү цаг зарцуулдаг байхад нөхрүүд 54 минут л зарцуулдаг аж.
Ажил олгогчдын зүгээс ажиллаж буй эхчүүдийг ялгаварлан гадуурхах нь ч гайхмаар хэвийн үзэгдэл болсон аж. Нэгэн хэл ам дагуулсан хэрэг дээр тус улсын томоохон хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрлэгч эмэгтэй ажилчдаа жирэмсэн болсных нь дараа ажлаасаа гарахыг шаардаж, дарамт үзүүлдэг гэж буруутгагджээ.
Мөн хүйсэд суурилсан хүчирхийлэл “гайхалтай өргөн тархсан” гэж хүний эрхийн ажиглагч мэдэгджээ. 2021 онд Өмнөд Солонгосын “Women’s Hotline” гэх байгууллагад ирсэн дуудлагаар 1.4 хоног ба түүнээс бага хугацаанд нэг эмэгтэй амь насаа алдсан, эсвэл аллагын бай болж байна. Эмэгтэйчүүд харгис хариу үйлдэлд хүргэлгүйгээр харилцаагаа таслахыг “аюулгүй салалт” гэж нэрлэдэг.
Энэ зууны эцэс гэхэд Өмнөд Солонгосын 51 сая хүн ам хоёр дахин буурна гэж НҮБ-аас тооцоолжээ. Улс үндэстний оршин тогтнох асуудал эгзэгтэй мөч дээр байна.
Гэвч эмэгтэйчүүд эрчүүдийн хорон чанарыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрөөд суугаад байдаггүй. Тэд чанга дуугаар тэмцдэг. Азид хамгийн алдартай #MeToo хөдөлгөөнөөс эхлээд “Дөрвөн NO (болзохгүй, сексгүй, гэрлэхгүй, хүүхэд өсгөхгүй – no dating, no sex, no marriage and no child-rearing) гэж хөрвүүлдэг “4B” гэх бүлгийг хүртэл зохион байгуулсан. Улс орон дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд үр хөндөлтийг гэмт хэрэг биш болгож, ихээр тархсан порно-тагнуулын камертай холбоотой гэмт хэргийн шийтгэлийг чангатгаж чаджээ.
Ямартай ч олон солонгос залуус өөрсдийгөө эмэгтэйчүүдийн хөдөлгөөний золиос болсон гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Ён энэ дургүйцлийг дулдуйдан өнгөрсөн жил засгийн эрхэнд гарч чадсан. Тэрээр эрэгтэйчүүдийн эрхийн өмгөөлөгчдийн үгийг давтаж, Өмнөд Солонгост архагшсан хүйсийн ялгаварлан гадуурхалт байхгүй хэмээн зарлаж, бэлгийн хүчирхийллийн талаар худал мэдээлсэн хүмүүст илүү хатуу шийтгэл ногдуулна гэжээ.
Ноён Ёны засаг захиргаа сургуулийн сурах бичгээс “хүйсийн тэгш байдал” гэх нэр томъёог хасаж, өдөр тутмын сексизмтэй тэмцэх хөтөлбөрүүдийн санхүүжилтийг цуцалжээ. “Хэрвээ чи хүйсийн тэгш байдал, феминизмыг ихээхэн чухал гэж үзэх юм бол өөрийн мөнгө, цагаа зориулан үүнийг хийж болно” гэж түүний намын нэгэн хууль тогтоогч хэлсэн байна.
“Дөрвөн NO (болзохгүй, сексгүй, гэрлэхгүй, хүүхэд өсгөхгүй – no dating, no sex, no marriage and no child-rearing) гэж хөрвүүлдэг “4B” гэх бүлгийг хүртэл зохион байгуулсан.
Засгийн газар Жендерийн тэгш байдлын яамыг татан буулгахаар ажиллаж байна. 2001 онд байгуулагдсан энэ байгууллага нь эцгүүдэд хүүхдээ асрах чөлөөний нормыг тогтоож, олон эмэгтэйчүүдийг ажлын байран дээрээ ажилласан жилийн нэмэгдэл эрх, хангамж эдлэх боломжтой болгосон зэрэг эрс өөрчлөлтийн шинжтэй алхмуудыг хэрэгжүүлжээ.
Ёны засгийн газрын дэргэдэх Жендерийн тэгш байдлын яамны сайдын тайлбарууд эмэгтэйчүүдийг илт орхигдуулж байгааг илтгэдэг. Есдүгээр сард Ким Хён Сук Сөүл хотын метроны ажилтан, хамт ажилладаг эмэгтэйгээ олон жилийн турш мөрдөн мөшгөсний эцэст метроны угаалгын өрөөнд хутгалж амийг нь хөнөөсөн хэргийг гэрлэлтийг үзэн ядах ба эсэргүүцсэнээс улбаатай гэх санааг няцаасан. Мөн хатагтай Ким өнгөрсөн зургаадугаар сард оюутны хотхонд коллежийн оюутныг хүчирхийлж, хөнөөсөн нь эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг биш бөгөөд үүнийг “хүйсийн зөрчилдөөнийг” өөгшүүлэхэд ашиглаж болохгүй гэж анхнаас нь мэдэгдэж байв.
Одоогийн байдлаар үе үеийн засгийн газруудын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн аль нь ч гэрлэлт ба хүүхэд төрүүлэх хандлагыг өөрчилж чадаагүй байна. Хамгийн таагүй нь одоогийн засгийн газар эмэгтэйчүүдэд итгэл найдвар авчирч байсан хүчин чармайлтуудыг эрчимтэйгээр үгүй хийж байна. “Энэ бол түүхэн ухралт” гэж 2017-2018 онд Жендерийн тэгш байдлын яамны сайд асан хатагтай Чун хэлж байна. Мөн тэрээр энэ нийгэм эмэгтэйчүүдийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр “Төрөлтийн ажил хаялт”-ыг зогсоож чадахгүй хэмээв.
Япон, АНУ зэрэг хүүхэд асаргааны үүрэг жигд бус хуваарилагдсан буюу эцэг эхэд нь улсаас цалинтай чөлөө олгодоггүй улс орнуудад төрөлтийн түвшин буурч байгаа нь тодорхой харагдаж байна. Хятадад ч мөн адил, эмэгтэйчүүд Өмнөд Солонгосоос санаа аван өөрсдийн “Дөрвөн NO ” хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд энэ сарын засгийн газрын мэдээллээс үзэхэд хүн ам бас буурч байгаа үзүүлэлттэй гарчээ.
Гэвч Швед гэх мэт гэр бүлийн үүрэгт хамтран оролцдог эцэгтэй, гэр бүлийн сайн бодлоготой, эсвэл гэр бүлийн олон төрлийг хүлээн зөвшөөрдөг Франц зэрэг орнууд төрөлтийг тогтворжуулах, бүр өсгөх тал дээр илүү амжилттай байдаг.
Энэ зууны эцэс гэхэд Өмнөд Солонгосын 51 сая хүн ам хоёр дахин буурна гэж НҮБ-аас тооцоолжээ. Улс үндэстний оршин тогтнох асуудал эгзэгтэй мөч дээр байна.