Гарааны бизнесийг бойжуулах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг Сократус Стартап Студио ХХК-ийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт зориулсан INVESTUS 2023 арга хэмжээ “Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээг санаачлан зохион байгуулагч “Сократус Стартап Студио”-гийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцогийн ярилцлагыг хүргэж байна.
-Гарааны компаниудыг яагаад бойжуулах шаардлагатай гэж үзсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд гарааны компани гэдэг шинэ төрлийн бизнес бий болж эдгээр компаниуд асар олон тэрбум ам.долларын хөрөнгийг эргэлдүүлж байна. Харамсалтай нь эдгээр бизнесээс аравны нэг нь л амьд үлдэж, ес нь дампуурдаг, олон арван сая ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалт бүтэлгүй болдог статистик байна.
Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид гарааны бизнес хэмээх энэхүү шинэ бизнесийг нөөцөөр тэтгэж азаа үзсээр байх уу? Энд би хөрөнгө оруулалт гэдгийг зөвхөн мөнгө биш тэрхүү бизнесийг санаачилсан үүсгэн байгуулагч, хамтрагчдынх нь цаг хугацаа, мэдлэгийн нөөцийг бас оруулан хэлж байна. Яагаад гарааны компани гэх эдгээр санаачилга бүтэлгүйтээд байгаа талаар олон тооны судалгаа хийгддэг. Судалгааны дүгнэлтээр тэргүүлэх шалтгаануудад “Баг бүрдээгүй, баг болж чадаагүй, цаг үеэ олж бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаагүй, эрэлт хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргасан…” зэрэг дурдагдаж байна. Эдгээр шалтгаан гэж нэрлэж байгаа хүчин зүйлс нь мэдлэг бүтээх үе шатны “СА4” буюу бодомжийн түвшинд л танин мэдсэн шалтгаан байгаа юм.
Тэгвэл тэрхүү олон тооны судалгаагаар тодорхойлсон гарааны компанийн бүтэлгүйтлийн шалтгааныг хэв шинж, шинж тэмдгийн түвшинд судлаад үзвэл үүсгэн байгуулагч, багийн гишүүдийн сэтгэлгээний доголдол, тухайн гарааны компанийн үйл ажиллагааны цэгцгүй байдал, үйл ажиллагааны доголдол болохыг бид танин мэдсэн. Улмаар бүтэлгүйтэлд хүргээд байгаа суурь шалтгаануудыг шийдэх шийдлийг компанид нь суулгаад өгчихвөл бүтэлгүйтлийн хувийг бууруулж болох юм байна, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж болох юм байна гэсэн дүгнэлтэд үндэслэн бойжуулах хөтөлбөрөө боловсруулсан.
Танай бойжуулах хөтөлбөр та бүхний боловсруулсан шинэ шийдэл гэж ойлгох уу?
Тийм ээ, бид өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, системийн инженерчлэлийн загвар, арга зүйд тулгуурлаж гаргасан. Энгийнээр хэлбэл, тухайн компани дээр олон тооны ажил хийгдэж, тэдгээр нь нийлээд нэгэн цул үйл ажиллагаа болж байж тухайн компанийн зорилго хэрэгжиж байна л даа. Тэдгээр үйл ажиллагааг хоорондоо уялдаагүй, цэгцгүй гүйцэтгэвэл юу болох уу, бид нөөцөө шавхаад л дуусна. Ийм цэгцгүй, бидний хэлдгээр салан задгай үйл ажиллагаатай нөхөртэй хэн ч нийлэхгүй, хөрөнгө оруулахгүй шүү дээ.
Хөтөлбөрийн гол зорилго тухайн компанийн үйл ажиллагааг эхлээд хэвийн болгох юм.
Товчлоод хэлбэл” Сократусын бойжуулах хөтөлбөр энтрепренер залуусын сэтгэлгээг цэгцлэх, бизнесээ системтэйгээр удирдах арга зүйд сургах замаар хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахад чиглэсэн. Хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн мөнгө гэж дүгнэхгүйгээр танай багт орж ажиллаж, өөрийн цаг мэдлэгээр хөрөнгө оруулах гэж байгаа хүний ч эрсдэлийг бууруулах тухай юм.
Гарааны компаниуд гэлтгүй манай бизнес эрхлэгчдэд тулгардаг гол хүндрэлтэй асуудлууд юу юу байдаг вэ?
Манай бизнес эрхлэгчид, гарааны компани үүсгэн байгуулагчид нийтлэгээрээ хөрөнгө оруулалт, мөнгө олдохгүй байна гэж үздэг. Яагаад надад хөрөнгө оруулалт, мөнгө олдохгүй байна вэ? Хөрөнгө оруулагчид яагаад надад хөрөнгө оруулахаас айгаад байна вэ гэсэн асуултыг өөртөө тавьж хариултаа олох нь чухал байна. Хөрөнгө оруулагчид нийтлэгээр юунаас айгаад байгаа вэ гэхээр энэ нөхөр тууштай явж чадах болов уу, ирээдүйд тулгарах саад, бэрхшээл, асуудлаа урьдчилан тооцож байна уу, ирээдүйд учрах саад бэрхшээлээ даван туулах шийдэл санал болгож байна уу, компанийн хэв шинжийг хангаж бизнесээ удирдах гэж байна уу эсвэл өрхийн аж ахуй шиг удирдах гэж байна уу, зорилгоо хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай багийг бүрдүүлсэн байна уу гэдгээс айж байгаа юм. Эндээс харахад гол хүндрэл нь мөнгө биш байгаа биз.
Бүтээгдэхүүнийхээ борлуулалт, маркетингаа хийж чаддаггүй юм биш үү?
Энд би судалгаануудын дүгнэлтийг онцолъё. IDEALAB гэх инкубаторыг үүсгэн байгуулагч Билл Гросс гэж эрхэм амжилттай ажилласан стартапууд дээр амжилтын хүчин зүйл нь юу байсныг судалсан байдаг. Амжилтад хүрсэн стартапуудын 42% нь оновчтой цаг үедээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргасан, 32% нь оновчтой багийг бүрдүүлж чадсан, 28% нь бизнес санаа оновчтой байсан, 24% нь бизнес моделио оновчтой тодорхойлсн, 14% нь санхүүжилтээ оновчтой бүрдүүлж чадсан гэж байна.
Эргээд бүтэлгүйтлийн шалтгаан гэж дурдсан гаднын судалгаануудыг аваад үзэхээр эрэлт хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргасан, мөнгө дууссан, баг бүрдүүлж чадаагүй гэсэн шалтгаанууд тэргүүлэх байрыг эзэлж байна. Эндээс оновчгүй цаг үед эрэлт хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн гаргаад байна гэдэг нь шийдэл бүтээхдээ судалгаа шинжилгээ дутуу хийсэнд л байгаа юм.
Маркетинг, борлуулалтаа хийж чадахгүй байгаа нь багаа бүрдүүлж чадахгүйтэй шууд холбогддог. Саяхан манай нэг хөрөнгө оруулалттай гарааны компани дээр Монголын томоохон компанид удирдах албан тушаал хашдаг залуу өөрөө хайж ирээд уулзсан. Та бүхний хийж байгаа ажил, та бүхний зорилго, нийгэмд үзүүлэх нөлөөлөл надад таалагдаж байна. Энэ зорилгын төлөө би өндөр цалин хангамжаасаа татгалзаад танай багт оръё, би үнэ цэнийг бүтээмээр байна гээд. Тэгэхээр багийг бүрдүүлэхэд үүсгэн байгуулагчийн оновчтой тодорхойлсон алсын хараа, эрхэм зорилго, бизнес загвар чухал гэдэг нь харагдаж байгаа биз.
Гарааны бизнес эрхлэгчид танай хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ, ямар шалгуур тавьдаг вэ?
Бид улирал тутамд сонгон шалгаруулалт буюу PITCH DAY зарладаг. Тухайн бизнесийг санаачлагч төслийнхөө талаарх мэдээллийг илгээнэ. Бид гурван үе шаттай шалгаруулалтыг явуулах замаар гарааны бизнесийн хэв шинжийг хангаж байна уу гэдгийг нь үнэлдэг.
“Гарааны бизнес гэдэг бол инновацыг хөгжүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх, тогтвортой ажиллах системийг төлөвшүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа” гэж бид ойлгодог.
Тухайн гарааны бизнесийн бий болгох гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд инновац байна уу, хэрэглэгчдэд хүртээмжтэй буюу өргөжин тэлэх боломж байна уу, үнэ цэн бүтээх харьцангуй давуу тал байна уу, тогтвортой ажиллах системийг төлөвшүүлэх зорилготой баг бүрэлдсэн байна уу гэх зэргээр үнэлдэг гэж ойлгож болно.
Та бойжуулах хөтөлбөрийнхөө талаар танилцуулбал?
Бид хөрөнгө оруулна, хамтран ажиллана гэхээр тухайн бизнесээс хувьцаа эзэмшдэг. Зээл олгодоггүй. Хөрөнгө оруулж байна гэдэг утгаараа тухайн бизнесийн эрсдэлийг нь хамт үүрэлцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор манайх хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Эхнийх нь Socratus bizStep-Up хөтөлбөр. Таны бий болгосон гарааны бизнест бид өөрсдөдөө байгаа мөнгөний, мэдлэгийн болон цагийн нөөцөөрөө хөрөнгө оруулж хамтран үнэ цэнийг бүтээе гэсэн концепц юм. Дараагийнх нь Socratus iStep-Up хөтөлбөр. Бид бизнес хийх гээд байна, тодорхой хэмжээний нөөцийг бэлдчихлээ, та зөвхөн бизнес санаагаа авч ирээд бидэнтэй хамтраад тэрхүү нөөцийг ашиглаад үнэ цэнийг бүтээе гэсэн концепц юм. Санаа тээчихсэн яваа, өөрийн бизнесийг эхлүүлэх зорилготой хэн нэгний хувьд өөр хаана ч байхгүй хөтөлбөр шүү.
-Танай хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талыг бий болгох вэ?
-Манай хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгждэг. Хөтөлбөрийн эхний жилд гарааны бизнесүүд “Системийн стратегийн суурь тогтолцоог суурилуулан бэхжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ төгөлдөржүүлэх, ажилчдынхаа мэдлэг ур чадварыг хөгжүүлэх замаар компанийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилгын дор ажилладаг бол хоёр дахь жилдээ “Системийн гүнзгийрүүлсэн тогтолцоог суурилуулан бэхжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ төгөлдөржүүлэх, органик өсөлтийг бий болгох замаар компанийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилгыг хэрэгжүүлдэг.
Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхдээ бизнесийн системийг бий болгох алгоритмын дагуу ажилладаг. Бид гарааны бизнесүүдэд нэг амлалтыг өгч чадна. Тэр маань хөтөлбөрт хамрагдсанаар тухайн бизнес өөрийгөө төлөвлөж чаддаг, төлөвлөлтөө хэрэгжүүлэх буюу зайлшгүй гүйцэтгэх үүргүүдэд хуваарилж чаддаг, үүргээ хэмжиж чаддаг, үр дүнгээ хэмжиж чаддаг, мониторингоо хийж чаддаг, гол нь өөрийгөө оношилж чаддаг болно. Оношилгоо гэдэг бол системийн хамгийн том дархлаа.
Мэдээж бизнес бүр л төлөвлөдөг, хэмждэг, үнэлдэг, дүгнэдэг гэж магадгүй л дээ. Тийм, гэхдээ бидний давуу тал нь энэ бүгдийг хооронд нь хатуу логикоор уялдуулсан шийдлүүдийг бий болгосонд байгаа юм. Манайхан асуудал үүсэхээр би, чи гээд л эцэс төгсгөлгүй маргалддаг даа. Магадгүй танай ажил дээр ч ийм тохиолдол гардаг байх. Системийн шийдэлд ийм маргаан гардаггүй, асуудлыг үүсгэсэн шалтгааныг эрэлхийлээд явчихдаг, системд шийдэл нь дутуу байна уу гээд л, системд шийдэл дутуу бол дахин ийм доголдол гарахгүй байх шийдлийг нь угсардаг.
Бүх хэмжүүрийг тоогоор илэрхийлдэг шийдлийг бий болгосон. Хүн төрөлхтний нийтээр хэрэглэдэг Америк нь байна уу, Индиан нь байна уу, Африк нь байна уу үл харгалзан нэг л утгаар ойлгож чадах хэл бол тооны хэл. Иймээс үр дүнгээ тоогоор илэрхийлчихээр маргах газаргүй болж байгаа юм.
-Эдгээрийг хэрэгжүүлснээр бизнесийн систем боллоо гэж үзэж болох уу?
-Тийм. Танай байгууллага систем болж уу үгүй юу гэдгийг дор нь шалгаж болно. Тангүйгээр таны бизнес ажиллаж чадаж байгаа эсэхийг л шалга. Хэрэв тангүйгээр ажиллаж байвал систем угсрагдаж байна гэж ойлгож болно. Систем бий болоход суурь таван дэд тогтолцоо бүрдэх хэрэгтэй. Үүргийн тогтолцоо буюу зайлшгүй биелүүлэх үүргүүдээс бүрдэх, Зорилгын тогтолцоо буюу нэгдмэл зорилгын хэв шинжийг хангасан үзэл баримтлал бий болох, Хэмжүүр үзүүлэлтийн тогтолцоо буюу үүрэг, үр дүнгийн биелэлтийг нэг утгаар ойлгох хэмжүүрээр хэмжих, Эргэх холбооны тогтолцоо буюу үр дүндээ шинжилгээ, оношилгоо хийж, өөрийгөө сайжруулах, хэвийн үйл ажиллагаагаа хангах, Мэдээллийн урсгалын тогтолцоо буюу байгууллагын доторх мэдээлэл хүртээмжтэй, шуурхай түгээгдэх, мэдээлэл нь нотлогдох бодит фактаар илэрхийлэгдэг байх юм.
Тогтолцоонуудаа угсраад тавьчихаар хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулсан бизнесээ үнэлж дүгнэх өгөгдлийн самбартай болчихлоо л гэсэн үг.
-Хөрөнгө оруулалт татахаар санал тавих үед хөрөнгө оруулагчид бизнесийнх нь хяналтын багцыг эзэмших сонирхолтой байдаг гэж миний өмнө уулзсан бизнес эрхлэгчдээс цөөнгүй нь ярьж байсан. Танай хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесээс хэдэн хувийг нь эзэмшдэг вэ?
–BizStep-Up хөтөлбөрийн хувьд бид гарааны бизнесийн хяналтын багцыг эзэмшихгүй байх зарчимтай. Бид тухайн гарааны бизнест ямар үнэ цэнийг бий болгож чадаж байгаагаас хамаарч хувь хэмжээ яригддаг. iStep-Up хөтөлбөрийн хувьд бизнес санаачлагч хамтран эхлүүлж байгаа бизнестээ ямар үнэ цэнийг бий болгож байгаагаас хамаарч хувь нь өсдөг.
Бид гарааны бизнест оруулж байгаа мөнгөн хөрөнгө оруулалтаа тухайн бизнест оруулсан том үнэ цэнд тооцдоггүй. Бизнест санхүүжилтийг босгох олон хувилбар байгаагийн нэг нь л хөрөнгө оруулалт шүү дээ.
Гарааны бизнесийн хөрөнгө оруулалт татах үе шатууд байдаг. Angel, seed, series A, B, C round гээд. Бид бол angel, seed түвшний хөрөнгө оруулалтыг хийдэг ба дараагийн шатны хөрөнгө оруулалттай холбож, босгоход нь туслах үүрэгтэй. Series A, B, C хөрөнгө оруулалтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд хийдэг. Амархан ажил биш. Манайд хандаж байгаа гарааны бизнесүүд, бизнес эрхлэгч нарт ажиглагдаж байгаа нэг алдаа байна. Тэр нь хөрөнгө оруулалтуудын үе шатаа ялгахгүй байна. Надад ийм санаа байна, ийм загвар, шийдэл гаргачихлаа, хэдэн зуун сая төгрөг, хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих гэж ханддаг. Тэр хэдэн зуун сая, хэдэн тэрбумыг чинь дээр хэлсэн хөрөнгө оруулалтын сан, мэргэжлийн нөхөд хийдэг. Тэд түүхий бизнест хөрөнгө оруулдаггүй. Тэдэнд хүрэх замыг хамт бий болгох нь Сократусын гол зорилго юм. Эхлээд хоёулаа бизнесийн систем болчихъё, дараа нь нөхөд дээр очно.
-Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн компанийг бойжуулсан бэ? Хөтөлбөрийн төгсөгчдийнхөө амжилтаас дурдвал?
-Нийт 400 гаруй гарааны компаниуд сонгон шалгаруулалтад орж, тэдгээрээс 19 компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Манай хөтөлбөрийг төгсөөд гарсан гарааны компаниудиас дурдвал хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Янзтай” брэндийн ясны шөл үйлдвэрлэгч Эс Ти Эс Фүүдс ХХК, цахим сургалтын платформ Melearn, хиймэл оюунд суурилсан бизнесийн ухаалаг туслахыг бүтээх зорилготой chatbot.mn зэрэг компаниуд байна.
-Танай байгууллагын нэг талд бойжигч компани, нөгөө талд хөрөнгө оруулагчид байна. Дундын тоглогчийн хувьд танайх хөрөнгө оруулагч талд баталгаа, бойжигч талд эрсдэлийг хамт үүрэгч болж таарлаа?
Бид хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээнд эрсдэл нь буурсан, компани болж төлөвшсөн бизнесүүдийг бэлдэж өгч байна гэж ойлгож болно. Хөрөнгө оруулагчдын хувьд манай хөтөлбөрийг төгссөн бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийгээд стратегийн хөрөнгө оруулагч болох, хөтөлбөрт хамрагдсан гарааны компаниудад хамтран хөрөнгө оруулалт хийх замаар бидэнтэй хамтран ажиллах боломжтой.
Арга хэмжээнд бүртгүүлэх холбоос: https://form.jotform.com/
Үргэлж уншиж судалж мэдлэгээ тэлдэг дээ Сократусаасаа. Баярлалаа