Өнөөдрийн байдлаар /2023-02-24/ Украин-ОХУ-ын дайн эхлээд яг нэг жил болж байна. Үүнтэй холбоотой Америкийн сэтгүүлч, The New York Times-ийн улс төрийн тоймч Томас Фридманы нийтлэлийг товчлон орчуулав.
***
АНУ тэргүүтэй Барууны эвслийн дэмжлэгтэйгээр Украины арми хамгаалан байлдаж буй энэ цаг үед дараах асуултад нэн даруй хариулт хэрэгтэй боллоо. Ихэнх америкчууд газрын зураг дээрээс 10 удаа хайгаад ч олохооргүй Украин хэмээх улсыг хөрш нь бүрэн эзлэхээс хамгаалахын тулд ОХУ-тай шууд бусаар дайтах нь манай үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж 2022 оны хоёрдугаар сарын 23-нд яагаад нэг ч америк хүн бодож үзээгүй юм бэ? Харин Владимир Путины Оростой шууд үзэлцэх эрсдэлтэй ч Украиныг зэвсэг, тусламжаар дэмжих нь зөв гэж америкчуудын дийлэнх үзэж байгааг нэг жилийн дараа санал асуулгууд харуулж байна.
Энэ бол Америкийн олон нийтийн хувьд эрс өөрчлөлт юм. Гэхдээ үүнд мэдээж АНУ-ын цэргүүд Украинд амь насаа золиослоогүй, дайны хамаг гашуун, хүндийг украинчууд үүрч байгаа бөгөөд АНУ зөвхөн зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн л эрсдэл гаргаж байгаа гэсэн баримт нөлөөлсөн байж болно.
Гэхдээ ихэнх америкчууд хараахан ойлгож амжаагүй байгаа төдийгүй ихэнх нь дургүйхэн хүлээн зөвшөөрч болох өөр нэг тайлбар бий.
Өнөөгийн бидний амьдарч буй дэлхий Америкийн хүч нөлөөний улмаас хазайсан гэдгийг тэд зарим талаараа ойлгож буй. Энэ нь бид хүч нөлөөгөө үргэлж ухаалаг ашиглаж байсан, эсвэл холбоотнуудгүйгээр амжилтад хүрнэ гэсэн утгыг огт агуулаагүй. Харин бид 1945 оноос хойш бий болгож, хамгаалсан даян дэлхийн либерал дэг журмыг эдийн засаг болон геополитикийн хувьд ихэвчлэн өөрсдийн талд ашигтайгаар эргүүлэхийн тулд өөрсдийн хүч нөлөө, холбоотнуудаа ашигласаар иржээ.
Эл дэг журмын ачаар нацист Герман, эзэн хаант Япон, орчин үеийн ОХУ, БНХАУ зэрэг автократ том гүрнүүд хөршүүдээ шуудхан залгичхаж чадахгүй байгаа юм. Чухам эл дэг журмын ачаар улам олон ардчилсан улс хөгжин цэцэглэж, чөлөөт зах зээл, нээлттэй худалдаа нь дэлхийн түүхийн аль ч үетэй харьцуулбал илүү олон хүнийг ядуурлаас гаргаж өглөө. Гэвч энэ бол төгс зүйл биш, тэгээд ч төгс гэсэн зүйл цэсэд нь байхгүй дэлхийн хувьд энэхүү дэг журам нь дэлхийг бүхэлд нь тогтворгүй болгох хэмжээний Том Гүрнүүдийн хоорондох дайнгүй 80 жилийг үүсгэсэн юм.
Эл либерал дэг журмыг хамгаалах нь “надтай гэрлэ, эсвэл би чамайг хөнөөнө” хэмээн Украин руу дайрсан Путины дайралтыг сөрөхөд нь АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Киевт яагаад тусалж буйн цаад шалтгаан болоод логик юм. Энэ бол Дэлхийн II дайнаас хойш Европын нэг улс нөгөө рүүгээ довтолсон анхны тохиолдол билээ.
Харин одоо муу мэдээ. Дайны эхний жил Америк тэргүүтэй холбоотнуудад харьцангуй амар байв. Тэд зэвсэг, тусламж, тагнуулын мэдээ илгээж, Москвад хориг тавьж харин үлдсэнийг нь буюу Путины армийг мөхөөж, Зүүн Украин руу ухраах ажлыг украинчууд хийж байлаа.
Миний бодлоор дайны хоёр дахь жил амар байхгүй.
Шинэ дайралт хийхийн тулд дайны нэг жилийн ойгоор ойрмогхон 500 мянган шинэ цэрэг дайчилснаар Путин дайралтаа улам нэмэгдүүлэх хүсэлтэй гэдэг нь тодорхой болов. Дайнд цэргийн тоо чухал, хэдий тэдгээр цэргийн ихэнх нь хөлсний цэрэг, гэмт хэрэгтэн, туршлагагүй шинэ цэргүүд байсан ч хамаагүй.
“Би энэ дайнд ялагдах эрхгүй, алдсан бүхнээ зөвтгөхийн тулд Украинаас хэсэгхэн газар нутгийг ч болов өөрийн болгохын тулд би ямар ч үнэ төлж, ямар ч хүнд ачаа үүрэхэд бэлэн. Ингэвэл Жо чамд мөн Европын найзуудад чинь ямар байх вэ? “Либерал дэг журам”-ыг хамгаалахын тулд чи ямар ч үнэ төлж, ямар ч хүнд ачаа үүрэхэд бэлэн үү” ” хэмээн Путин Байденаас асууж байгаа нь тодорхой болов.
Ингэвэл байдал аюултай болно. Том гүрнүүдийн хооронд дайн бололгүй бараг нэг зуун өнгөрсөн учраас Том гүрнүүдийн хооронд урт удаан хугацаанд энх тайван тогтоход юу нөлөөлснийг маш олон хүн мартжээ.
Олон улсын арилжаа, худалдаа, сүлжээний үлэмж тэсрэлт нь энэхүү гайхмаар энх тайван үеийг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж 1999 онд хэвлэгдсэн “The Lexus and the Olive Tree” номдоо би дурдсанаас гадна “зах зээлийн үл үзэгдэх гар нь үл үзэгдэх нударгагүйгээр амжилтад хүрэхгүй. F-15 онгоцыг бүтээгч McDonnell Douglas байхгүй бол McDonald хөгжин цэцэглэх боломжгүй” гэж бичсэн билээ. Хэн нэг нь эмх журамтай байлгаж, дүрэм журмыг сахиулах учиртай.
Тэрхүү хэн нэг нь АНУ байсаар ирсэн бөгөөд энэхүү үүрэг хариуцлага нь одоо 1962 оны Кубын хямралаас хойших хамгийн том сорилтын өмнө тулж ирээд байна. Бид энэ үүргээ биелүүлэхэд бэлэн үү?
Энэхүү сорилтыг түүхийн илүү том хүрээнд авч үзсэн нэн чухал ном саяхан хэвлэгджээ. Сүүлийн нэгэн зууны туршид улс төрийн нээлттэй систем, нээлттэй зах зээлийг улам олон улсад улам олон арга замаар бий болоход хүргэсэн либерал дэлхийн дэг журмыг бий болгоход АНУ хүч нөлөөгөө ашиглах ёстой гэдгийг ихэнх америкчууд дэмжиж байгаа нь хөдөлшгүй нэг баримт гэж Brookings Institution-ий түүхч Роберт Каган “The Ghost at the Feast: America and the Collapse of World Order, 1900-1941” номдоо дурджээ. Энэ бүхэн нь дэлхийг Хоббесийн ширэнгэ болохоос сэргийлж чадсан юм.
Яагаад Украины дайныг бидэнтэй гэнэт учирсан зүйл бус харин нэгэн зууны турш үргэлжилж буй АНУ-ын гадаад бодлогын зайлшгүй үргэлжлэл гэж үзэж буйг нь би Каганаас лавласан. Каганы хариулт зарим хүний санааг амрааж, заримд нь таагүй сэтгэгдэл төрүүлэх боловч тус дайны хоёр дахь жил эхэлж байгаа үед энэ талаар ярилцах нь чухал юм.
“Би номдоо 1939 онд Франклин Рузвельтын Конгресст хэлсэн үгнээс эш татсан. Гитлер Польш руу дайраагүй, Франц эзлэгдэнэ гэж төсөөлөхөд ч бэрх зэргээр Америкийн аюулгүй байдалд заналхийлсэн зүйл огт байгаагүй тэр үед Рузвельт “эрэгтэйчүүдийн асуудлын хувьд тэд зөвхөн орон гэрээ төдийгүй сүм, Засгийн газар, соёл иргэншлийн суурь болсон итгэл, хүмүүнлэг чанарын зарчмыг ч мөн хамгаалахад бэлэн байх ёстой” гэж хэлсэн. Дэлхийн I, II дайн болон Хүйтэн дайны туршид америкчууд зөвхөн өөрийгөө бус өнөөдөр Украинд халдаж байгаа шиг милитарист авторитар Засгийн газруудын аюулаас либерал ертөнцийг хамгаалахын төлөө хөдөлсөн юм” гэж Каган миний асуултад хариулсан.
Гэхдээ энэ дайнд Украиныг өмөөрөх нь яагаад бидний стратегийн сонирхол төдийгүй бидний үнэ цэнтэй нийцэж байна вэ?
“Нэг нь эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн, нөгөөх нь Америкийн эргээс цааших либерал ертөнцийг хамгаалахад чиглэсэн ашиг сонирхлын талаарх зөрчилдөөнт үзэл бодолтой эвлэрэх гэж америкчууд байнга зовдог. Эхний үзэл нь ганцаараа байж, бусад улсад хүч нөлөөгөө харуулахын тулд зардал, хариуцлага, сэтгэл санааны дарамт үүсгэхээс зайлсхийх гэсэн америкчуудын хүсэлтэй нийцдэг. Хоёр дахь нь милитарист дарангуйллын тэнгис дэх “цор ганц арал” гэж Ф.Рузвельтын нэрлэсэн шиг улс болохоос айсан либерал хүмүүсийн зовнилыг харуулж байна. Эл хоёр үзэл санааны хоорондох хэлбэлзэл нь сүүлийн нэгэн зууны турш АНУ-ын гадаад бодлогод байнга эрсдэл үүсгэсээр ирсэн” гэж Каган миний асуултад хариулав.
Тэрбээр цааш нь “Ашиг сонирхол болон үнэ цэнийг ялгаж авч үзэхийг олон улсын харилцааны онолчид заадаг. Бүх улсын ашиг сонирхол буюу аюулгүй байдал, эдийн засгийн хүчин чадал зэрэг нь үнэ цэнээс илүү дээгүүрт тавигдах ёстой гэж тэд үздэг. Гэвч бодит байдал дээр улсууд ингэдэггүй. НАТО тэлж байсан ч гэсэн Хүйтэн дайны дараа ОХУ баруун хил дээрээ түүхийнхээ ямар ч үед байгаагүй тайван, аюулгүй байдлыг мэдэрч ирсэн. Гэвч агуу гүрэн болох гэсэн Оросын түүхэн амбицыг хэрэгжүүлэх зорилгоор Оросыг тайван бус, аюултай байдалд оруулахад Путин бэлэн байжээ” гэж нэмж хэлсэн юм. Тайванийг эргүүлж авахыг Ерөнхийлөгч Ши хүсвэл мөн үүнтэй төстэй зүйл болох нь гарцаагүй.
Оросыг Зүүн Украинаас хөөн зайлуулахын тулд Дэлхийн III дайн дэгдэх эрсдэл үүсгэх үнэхээр хэрэгтэй юу гэж асуух хүн олон бий. Путинд хангалттай цохилт өгсөн учраас тэрбээр Украин руу дайрсан шиг өөр таагүй зүйл хийхгүй юм биш үү? “Бохир гэрээ” байгуулах цаг ирсэн бус уу?
2023 оны гадаад бодлогын мэтгэлцээнд энэ асуулт чухал байр суурь эзэлнэ гэж би таамаглаж байгаа учраас энэ талаар Каганаас лавласан юм.
“Оросын цэргийг Украины газар нутагт үлдээсэн ямарваа тохиролцоо нь Путины дараагийн дайралт эхлэх хүртэлх түр зуурын эвлэрэл байх болно. Дэлхийн II дайны үеэр Сталины хийсэн шиг Оросын нийгмийг бүрэн цэрэгжүүлэх процессыг Путин хэрэгжүүлж байна. Тэрбээр үүнийгээ урт удаан хугацаанд үргэлжлүүлэх бөгөөд АНУ, Барууны улсууд ийм удаан хугацааны зөрчлөөс залхана гэж тэрбээр тооцоолж буй.
АНУ заримдаа бодлогогүй, хүч нөлөөгөө буруугаар ашигладаг. Гэхдээ АНУ зөвхөн өөрийгөө л анхаардаг, дэлхийд юу болох бол гэсэн асуулттай нүүр тулж чадахгүй бол эдгээр хэцүү асуултад анхаарлаа хангалттай хандуулахгүй байна гэсэн үг юм” гэж Каган өгүүлэв.