Уриа үг гэдэг бол брэнд бүтээхэд болон түүнийг удаан хугацаанд зах зээлд амжилттай оршин тогтноход гол үндэс нь болдог чухал, нөлөөтэй зүйл юм. Энэ ч утгаараа бизнесменүүд болон маркетерууд зах зээл дээр шинээр компаниа таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо уриа үгэн дээр анхаарч, сайн уриа үгийг бүтээхийн төлөө ажилладаг.
Тэгвэл сайн уриа үг гэж юу вэ? Сайн уриа үг гэдэг бол мэдээж бүтээгдэхүүн, үйлчилгээний концепцод нийцсэн, хэрэглэгчдэд таашаагдсан, тухайн цаг үе, цаашдын ирээдүйн хандлагыг мэдэрсэн, хүнийг залхааж хэт нуршсан бус, хэл рүү чөлөөтэй хөрвүүлж болдог, цээжлэхэд амар, бүтээгдэхүүнийг сурталчилсан гэх мэт олон шалгуурыг давсан байх ёстой. Мэдээж бүх уриа үг анх бүтээгдэхдээ дээрх хүчин зүйлсийг өөртөө агуулсан байдаггүй. Учир нь энэ бол тийм амаргүй. Тиймээс сайн уриа үгийг бүтээхэд хамгийн голлох хүчин зүйл нь юу байдаг талаар өөрийн болон олон улс, дотоодод амжилттай хэрэгжсэн ажлын туршлага дээрээ үндэслэн боловсруулсан хэд хэдэн зарчмыг авч үзье.
Сайн уриа үг бүтээх 5 зарчим
Бүтээгдэхүүнээ танин мэд
Уриа үг бүтээхэд мэдээж хамгийн түрүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар маш сайн мэддэг байх ёстой. Энэ ч утгаараа таныг сайн уриа үг бүтээхэд туслах хамгийн эхний хүчин зүйл бол бүтээгдэхүүн, үйлчилгээ тань өөрөө юм. Та бусдад худалдаалж байгаа бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдэд өгөх давуу болон сул талыг мэдэж байх ёстой. Ингэснээр таны бүтээх гэж буй уриа үгэнд бүтээгдэхүүний давуу тал илүү шингэх болно.
Хэрэглэгчийн шаардлагаар сэтгэ
Мэдээж та уриа үгээ бүтээхдээ маркетер талаасаа илүү сэтгэн хардаг байх. Тэгвэл та энэ удаад зөвхөн хэрэглэгч талаасаа сэтгээд нэг үз. Өөрөөр хэлбэл, хэрвээ би энэ бүтээгдэхүүний хэрэглэгч байсан бол ямар уриа үгийг илүү хүсэх байсан талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй. Хэрвээ та хэрэглэгчийн дүрд сайн хувирч чадвал таны уриа үгэнд ямар нэгэн залхаасан, нуршсан, ой тойнд үлдэхгүй гэх мэт зүйлс огт харагдахгүй.
Бяцхан судалгаа явуул
Танд хамгийн олон санаа өгөх чухал зүйл бол судалгаа. Учир нь та ганцаараа бодож байснаас олуулаа бодсон нь илүү үр дүнтэй. Тиймээс боломжит бүх сувгаар, өөрийн нөөц бололцоонд тохируулан том, жижиг судалгаанууд хийгээд үзэх хэрэгтэй. Судалгааг дараах хэд хэдэн төрлөөр явуулна:
- Хэрэглэгч дунд судалгаа явуулах
- Олон улсын шилдэг уриа үгийг судлах
- Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний уриа үг судлах
Уриа үг бүтээхэд ашигладаг алтан зарчмыг баримтал
Энэ бол мэдээж хамгийн чухал зүйл. Учир нь маш олон бизнесмен, маркетер хэрхэн сайн уриа үг бүтээх талаар өөрийн туршлага дээр үндэслэсэн зөвлөмжүүдийг бичсэн байдаг. Тиймээс та эдгээрийг цаг зав гарган чухал хэдийг нь заавал уншиж судалж байх хэрэгтэй. Амжилттай уриа үг бүтээхэд заавал байдаг алтан зарчмыг дурдвал:
- Аль болох богино байх ба хэрэглэгчдийн ой тойнд амархан хоногшихоор
- Шударга байх ёстой буюу хэрэглэгчдэд худал амлалтыг өгдөггүй
- Бүтээгдэхүүнийг сурталчилсан эсвэл тайлбарласан байх. Гэхдээ мэдээж эхний зарчмын дагуу.
- Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс ялгарсан байх
- Бусад хэл рүү (ихэвчлэн Англи) хялбар хөрвөдөг байх.
Давтагдашгүй бай
Мөн л чухал зүйл. Учир нь таны бүтээсэн уриа үг өөр салбар дээр байдаг бол энэ ямар утгагүй зүйл болох билээ. Тиймээс уриа үгээ аль болох дахин давтагдашгүй байдлаар зохион бүтээх хэрэгтэй. Ингэж чадвал тухайн уриа үг олон зуун жилийн турш амжилттай брэндийг бий болгож чаддаг.
Дээрх таван зөвлөмж танд болон таны бизнест амжилттай уриа үг бүтээхэд тань туслах болно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд маркетингийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага байгаа бол бидэнтэй дараах хаягаар холбогдоорой.
Б.Амаржаргал (Мэркадо компанийн Гүйцэтгэх захирал)
Утас: 70177717, 88062226, 99101810
Имэйл хаяг: contact@mercadocompany.com
Цахим хуудас: www.mercadocompany.com