Сүүлийн үеийн хагас дамжуулагчтай болох Хятадын боломжийг хаах зорилгоор экспортын хяналт тогтоох шийдвэрийг Ерөнхийлөгч Байден гаргасан нь цаг хугацааны айхтар мөчлөгтэй таарав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Коммунист намын ХХ их хурал болсон.
Намынх нь нүүрэн дээр алгадаад авсан шиг Америкийн эл ширүүн байдалд Хятад үл тоомсорлох зангаар хариу барив. Коммунист намын хурлаар үндэсний амин чухал үзлийг чухалчилж, эдийн засаг бус аюулгүй байдалд илүү ач холбогдол өгч, геополитикийн эрс өөрчлөлт, технологийн дайн, цар тахал зэрэг айсуй аюулд илүүтэй анхаарал хандуулав.
Улсаа гурав дахь удаагаа удирдах эрхтэй болсон эл хуралд тавьсан илтгэлдээ Ши Жинпин “технологи” гэсэн үгийг 40 удаа дурдаж, “гол технологийн талбарт хийж буй дайнд ялах”-аа амлаж, инновац, технологийн тал дээр бүрэн бие даахын чухлыг онцолсон.
Шинэлэг технологийн талбарт АНУ-ыг гүйцэж түрүүлэхээр БНХАУ сүүлийн жилүүдэд маш их хичээж байгаа бөгөөд автоматжуулалт, микрочип, автомат жолоодлоготой машины салбарт өрсөлдөхөд нь компаниудаа чиглүүлэхийн тулд 2015 онд өндөр амбицтай “Made in China” хөтөлбөрийг санаачилсан.
АНУ-тай өрсөлдөж, зөрчилдөх болсноор Хятадад техно-национализм бий болов. Huawei зэрэг компанид Ерөнхийлөгч Д.Трамп хориг тавьсан нь Хятадад техно-национализмын эхний давлагааг эхлүүлсэн бол хориотой компаниудын жагсаалтад өөр олон хятад компанийг Байден нэмсэн нь технологийн хүч чадлаар Америктай ойртох хятадуудын хүслийг улам өрджээ.
Коммунист намын хурлаар хэлэлцэх гол асуудлуудын тоонд анх удаа “кэ жиао шин гуо” буюу технологи, шинжлэх ухаан, боловсролд тулгуурласан агуу улс гэсэн утга санаа орж иржээ.
Өдгөө Хятадын хөгжлийн цөм нь шинжлэх ухаан, технологи болж, өөрийгөө хангасан бие даасан улс болох нь үндэсний амин чухал асуудал болов.
Экспортын хяналт тогтоох тухай Байденыг зарласнаас хэдхэн өдрийн дараа Хятадын технологийн гол хааб болох Шенжен мужийн захиргаа хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэх томоохон төлөвлөгөө танилцуулжээ. Уг төлөвлөгөөг дэмжих санхүүгийн хөнгөлөлт, татварын таатай бодлого, судалгаа хөгжүүлэлтэд өгөх татаас, экосистемд багтсан компаниудад зориулсан авьяаслаг ажилтныг татах хөтөлбөр дагаж батлагдсан байна.
Чипний дизайн гаргагчид, чип үйлдвэрлэдэг том үйлдвэрүүд зэрэг хагас дамжуулагчийн олон компанид хүнд цохилт өгсөн Байдены шийдвэр нь дэвшилтэт чип ашигладаг автомат жолоодлоготой машин, хиймэл оюун зэрэг бусад салбарт ч нөлөөлнө.
Америкийн хагас дамжуулагчийн үйлдвэрүүд орлогынхоо 30 хувийг Хятадаас олдог. Тус улс 2021 онд Америкаас 400 тэрбумын үнэ бүхий чип худалдаж авчээ. 2025 он гэхэд зах зээлийн эрэлтийн 70 орчим хувийг хангах хүлээлттэй дотоодын чип үйлдвэрлэгч нартаа Хятад найдахаас өөр аргагүй болж байна.
Эл сорилтыг давахын тулд Хятад техно-национализмын хамгийн хүчирхэг хэлбэр болох жугуо тижи буюу “бүх улсаараа” гэсэн арга барилыг ашиглана. Өөрөөр хэлбэл, стратегийн зорилгодоо хүрэхийн тулд улсын бүх эх үүсвэрийг дайчлах юм. Өмнө нь ийм аргыг Олимпын наадмаас алт авахад ашиглаж байсан бол өдгөө квант мэдээлэл, биотехнологи зэрэг цөм технологийн талбарт хэрэглэх боллоо.
Өнөө маргаашгүй үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт тавилгүйгээр Хятад томоохон бооцоо тавьж буй. Технологийн гол салбарууддаа тус улс асар их мөнгө хаяж байна.
Тухайлбал, Хятад Улс 2009-2011 оны хооронд квант компьютер хөгжүүлэхэд 11 тэрбум доллар зарцуулсан бол энэ хугацаанд АНУ дөнгөж гурван тэрбумыг зориулсан.
Засгийн газрын дэмжлэгтэй хагас дамжуулагчийн Big Fund нь нэг их наяд орчим юанийг (одоогийн ханшаар 137 тэрбум доллар) тус салбарын хувийн болон улсын санхүүжилтэд зориулан гаргасан.
Төв банк нь хүртэл тусгай, хэт бага хүүтэй 200 тэрбум юаний (30 тэрбум доллар) зээлийг өндөр технологийн компаниудад олгожээ. Сүүлийн үеийн судалгаа хийдэг олон зуун үндэсний лабораториуд байгуулж анхан шатны судалгааг дэмжиж байна. Технологийн дайны үеэр бүр олныг нэмж байгуулах болов уу.
Аж үйлдвэрийн салбарт үр дүн авчирсан төрийн оролцоотой арга барил нь инновацын салбарт ч мөн адил үр дүн өгөх үү? Улсаас дэд бүтцийг байгуулж, нийлүүлэлтийн сүлжээг зохицуулж өгч чадах ч технологийн ялагчдыг төрүүлж чадах уу?
Одоогоор төрийн оролцоотой технологийн инновац нь амжилт авчирч буй ч асар их өртөгтэй байна. Квантын чиглэлээр БНХАУ өдгөө Америктай зэрэгцэж, хэд хэдэн салбарт аль хэдийн илүү гарчээ. Хятадын хамгийн том чип үйлдвэрлэгч Semiconductor Manufacturing International Corporation Америкийн хоригийг үл тоон долоон нанометрийн чип борлуулж эхэлсэн, төрийн өмчит мемори чип үйлдвэрлэгч Yangtze Memory Technologies Corporation АНУ-ын хоригоос өмнө Apple-ийн iPhone утсанд зориулж эд анги нийлүүлэхэд бэлэн болоод байв. Хоёул төрөөс өгсөн олон тэрбум долларын санхүүжилт, дэмжлэгийн буяныг хүртсэн.
Өнгөрсөн сард зарласан шинэ төлөвлөгөөний дагуу жугуо системд бага зэрэг өөрчлөлт оруулж, хувийн сектор болон зах зээлийн механизмын хүчийг ашигласан илүү тооцоотой, ухаалаг стратеги хэрэглэхээр болов. Ингэснээр урт хугацааны, цогц, тодорхойгүй хөрөнгө оруулалт хийх үүргийг төр үүрсээр байх боловч ямар технологийг бүтээх, хэрхэн хийх, ямар эх үүсвэр ашиглахыг шийдэх ёстой этгээд нь зах зээл, компаниуд болж байгаа юм.
Шенжен зэрэг мужийн засаг захиргаа ирээдүйтэй компанудад саад бэрхшээл учрахаас сэргийлэх, IPO хийх дүрэм журмыг шуурхайлах, мужаас санхүүгийн тусламж үзүүлэх, гэр бүлийн гишүүдийг нь ажлаар хангах зэрэг үүрэг хүлээх болов. Гэхдээ эл оролцоонд хязгаар (эзэмших хувь эзэмшлийн хэмжээ, санхүүгийн тусламжийн хэмжээ гэх мэт) тогтоож өгч буй нь илүү зардал, авлига, давхардлыг бууруулах зорилготой.
Нэн чухал технологийг эзэмшихийн шагнал нь зах зээл, мөнгө, авьяаслаг ажилтнууд юм. Хэрэглэгчид нь мэдлэгтэй, илүү сайн чанарыг шаарддаг учраас Хятадын зах зээл нь инновацын том тэсрэлтэд нэгэнт бэлэн болсон. Зөвхөн сайн технологи эзэмшсэн компани л тулаанд ялж чадна.
Эдийн засаг нь эрийн цээнд хүрснээр Хятадын компаниуд “доор ургасан жимснүүдээ” дуусгаж, илүү өндөр ашигтай ч илүү тодорхойгүй салбарууд руу санхүүгийн эх үүсвэрээ чиглүүлэх болов. Тиймээс олон улсад хамгийн хурдтай томорч буй хагас дамжуулагчийн 20 компанийн 19 нь Хятадынх, дотоодын хагас дамжуулагчийн салбарынх нь орлого 157 тэрбум долларт хүрсэн нь тохиолдлын хэрэг биш юм.
Гэхдээ авьяаслаг сайн ажилтан, үндсэн судалгаа нь Хятадын сул тал хэвээр байна. 2025 он гэхэд эл салбарт 300 мянган мэргэжилтэн дутагдана гэж Хятадын хагас дамжуулагчийн холбоо тооцоолжээ. Өнгөрсөн жил цалингийн өсөлт хамгийн их ажиглагдсан салбар нь хагас дамжуулагчийнх байв. Дээд зэргийн технологийн үндэс суурь болсон үндсэн судалгаа нь бусад улсаас илт хоцорч байна. Тиймээс шинжлэх ухаанд зориулах улсын төсвийн хэмжээг Хятад ихэд нэмэх боллоо.
Дэлхийн өөр ямар ч улсад байхгүй төр, хувийн хэвшлийн хүчийг жугуо систем ашиглаж байгаа ч өртөг зардал нь чухал биш тохиолдолд л илүү үр дүнтэй байна. Ийм арга буюу хэд дахин өндөр өртгөөр юм бүтээх нь сансрын хөтөлбөр хэрэгжүүлэхэд нэн чухал, том хэмжээний цогц төхөөрөм хийхэд тустай байж болно. Ийм арга нь Хятадыг олон улсын технологоос таслагдаж, чадамжгүй болсон үед аврах боловч хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүнийг үнийн хувьд өрсөлдөхүйц байдлаар их хэмжээгээр үйлдвэрлэхэд тийм ч тохиромжтой биш. Энэ тал дээр Хятад нь АНУ-аас арваад жилээр хоцорч байгаа гэж дүгнэж болно. Техно-национализм нь дуурайх, ойртоход тус болж чадах ч хурдан галт тэрэгтэй ойртоход хэрэг болохгүй. Цөм технологийг хөгжүүлэхийн тулд цаг хугацаа болон олон жилийн сургалт, мэдлэг шаардлагатай.
“Бөхийнгөө давамгайлах” буюу бусад улс илт давуу талгүй зүйл дээр илүү гарах гэсэн уриа Хятадад байдаг. Герман машин үйлдвэрлэхдээ гаргуун бол Хятад улс цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, шинэ материалын тал дээр ихээхэн ахиц гаргасан. Мөн хагас дамжуулагч хэмээх шинэ чиглэлд том мөрий тавиад байна. Дэвшилтэт сав баглаа боодлын арга нь сул гүйцэтгэлтэй чипийг өндөр гүйцэтгэлтэй чип шиг ажиллуулдаг. Мөн цахиур зэрэг чипний материалыг өөр зүйлээр орлуулж болохоор байна.
Коммунист намын таван жилийн төлөвлөгөө нь үйлдвэрлэл, чанарыг сайжруулахад чиглэжээ. Америк маягийн санхүүжилт, үйлчилгээ төвтэй эдийн засаг нь үндэсний хүч чадал, аюулгүй байдлыг нь хангахад тохирохгүй гэж Хятадын удирдагчид үздэг. Хятад улс харин аж үйлдвэрийн том хүчин чадалтай, хиймэл оюуныг ашигладаг, шинэ үеийн харилцаа, робот судлал бүхий илүү том, илүү ухаалаг Герман шиг улс болохыг хүсэж байна.
Хятад улсын жугуо систем өдгөө сорилтын өмнө ирсэн. Тус систем нь технологийн талбарт эзэрхэхийн төлөөх уралдаанаас гадна тэс өөр хоёр системийн хоорондох өрсөлдөөн болж хувирчээ.
Кэюү Жин. The New York Times