Зоригтой, эрч хүчтэй, тууштай гэх үгсийн утга багадаж, хүч хүрэхгүй нь. Үнэндээ түүнийг тодорхойлоход тун хэцүү юм. Гэхдээ хөдөлмөр зүтгэлээр өөрсдийгөө “гоёсон” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тод төлөөлөл гэж хэлж болно. Мөн эзэмшсэн мэргэжилдээ дэндүү чадварлаг төдийгүй сонгосон салбартаа өдгөө 18 жил тууштай зүтгэж яваа энэ бүсгүй бол “D’ODNO Dental Vip Clinic”-ийг үүсгэн байгуулагч Нүүр ам, согог заслын ахлах зэргийн их эмч, докторант Д.Одончимэг юм.
Тэрбээр АШУҮИС-ийг нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн дариудаа хувийн эмнэлэг байгуулжээ. Түүний нөхөр Н.Мөнхчулуун мөн нүүр амны мэс заслын их эмч мэргэжилтэй, ахлах зэрэгтэй эмч байдаг. Тэд 2005 онд “Оддын хэлхээ” компаниа байгуулж, жижиг эмнэлэг түрээсэлж, үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл өдгөө Одноо эмчийн “D’ODNO Dental Vip Clinic” нь шүдний салбарын сүүлийн үеийн бүхий л дэвшилтэт үйлчилгээг өндөр чанартайгаар хийдэг, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй хэдийн танил эмнэлэг болжээ. Мөн тэд хамтдаа 2007 онд өөрсдийн хоёр дахь хувийн эмнэлэг болох “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийг үүсгэн байгуулж, өдгөө нөхөр нь удирдаж буй. Одноо эмчийн аав, ээж нь хоёул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бөгөөд улсын байгууллагад олон жил тууштай ажиллажээ. Тодруулбал, түүний аав Л.Давааням нь анагаах ухааны доктор, Профессор, Монгол Улсын зөвлөх эмч, АШУҮИС-ийн нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгч, багш, Нэгдүгээр эмнэлэг, Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв зэрэг байгууллагад зөвлөх эмчээр уригдан ажиллаж байсан гарамгай мэс засалч байв. Тэрбээр энэ тухайд, “Гэр бүлээрээ эмч байсан болохоор зоригтойгоор 23-хан насандаа хувийн эмнэлэг байгуулж чадсан байх. Гэхдээ клиникийн хүндрэл гаргаж, тэднээсээ тусламж хүсэж байгаагүй. Тухайн үед хоёр талын аав, ээж маань айдастай, чадах болов уу гэсэн эргэлзээтэй байлаа. Тэднийхээ итгэлийг алдаагүй өнөөг хүрсэндээ үнэхээр баярладаг. Багаасаа л аав, ээж маань “Охиноо эмч болгоно” гэж ярьдаг байсан болохоор эмчийн мэргэжлээс өөрийг бодож үзээгүй ээ. Ажиллах тусам улам л мэргэжилдээ дурлаж, илүү чадварлаг болж, бусдын тэр бүр чаддаггүй ажилбаруудыг хийхийг эрмэлздэг болсон” гэлээ.
Хувийн эмнэлгээ байгуулаад, хүнээ хүлээгээд суудаг байсан үе ч түүнд бий. Бас оочерт дарагдан, нуруугаа чилтэл ажиллаж буй цаг хугацаа ч түүнийх. Одноо эмч ажлын гараагаа төгсөх курсээсээ эхэлсэн юм. Тухайн үед Монголын анхны хувийн эмнэлгүүдийн нэгт ажиллан, туршлагатай эмч нараас суралцаж шүдний эмчилгээнд гаршжээ. Сургуулиа төгсөөгүй байхдаа ч мэргэжлийн хичээлүүд дээрээ дэндүү сайн оюутан байсан тул, хичээлийн хажуугаар хувийн эмнэлэгт ажилласан нь энэ.
Одоо түүний брэнд үйлчилгээ нь “Холливуд смайл”, шүдний гоо заслын эмчилгээнүүд, мөн сувгийн эмчилгээ, ломбо. Эмнэлэг анх нээгдэх үед эмчилгээ хийлгэж байсан үйлчлүүлэгчдийнх нь шүдний ломбо өнөө хэр нь унаагүй бөгөөд тэд байнгын эргэх холбоотой байдаг аж. Аливааг эхнээс нь зөв сурсан Одноо эмчийн чадвар ажлынх нь бүхий л цаг үед ийнхүү мэдрэгдэж, түүнийг илүү чимдэг байна.
“D’ODNO Dental Vip Clinic” эмнэлгийн үйлчилгээний үнэ өртгөө сүүлийн таван жил нэмээгүй бөгөөд сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмж, үнэтэй аппарат, эмчилгээний материалууд бий. Тэд холливуд смайл, имплант, шүдний сувгийн эмчилгээ, паалан, нүүрэвч, циркон бүрээс, хиймэл шүдэлбэрүүд гэх зэрэг гаднын улс орнуудын чанартай эмнэлгүүдэд хийдэг бүхий л эмчилгээ, үйлчилгээг явуулж байна. Өнгөрсөн онд тус эмнэлэг нь Олон Улсын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн. Чанарын менежментийн тогтолцоог эмнэлэгтээ нэвтрүүлснээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, үйлчилгээндээ шинэчлэлийг хийж, түүнд бэлтгэгдэн дасан зохицох чадвартай, зах зээлд байр сууриа хадгалж, улам хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Одноо эмч амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чин хүсэлтэй. Цэцэрлэгийн насанд нь оо, сойзтой танилцуулж, шүдээ угаах хэвшилд сургаагүйгээс хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл маш их байгаад тэрбээр санаагаа чилээдэг юм. Энэ асуудлыг удаа дараа хөндөн, холбогдох хүмүүст хандсан ч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Тиймээс бусад шүдний эмнэлгүүдтэй хамтран “Таван Ухаан“ Хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоог байгуулан, цэцэрлэг, сургууль болон хөдөө орон нутагт хоёр жилийн турш шүд, амны хөндийн үнэгүй үзлэг хийжээ. Урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийх нь өндөр хувьтай байгаа өвчлөлийн эрсдэлийг 20-30 хувиар бууруулах боломжтойг тэрбээр энэхүү хамтарсан үзлэгийн үр дүнд нотолсон байна. Энэ ч утгаараа өөрийн цаг заваа гарган, үнэгүй үзлэгийг тогтмол хийхийг хичээж байгаа билээ.
Мөн тэрбээр “Эрүүл, бүтэн шүдтэй үйлчлүүлэгч холливуд смайл хийлгэх хүсэлтэй ирэхэд нь нэг ч болтугай шүдээ эрүүл бүтнээр нь хадгалж үлдэх хэрэгтэйг ойлгуулаад гаргана. Зарим нь өөр эмнэлэгт очоод холливуд смайл хийлгэчихнэ. Хүний эрүүл шүд болон эд эрхтэнийг мөнгө гэж харсан бол би хэдэн төгрөгийг нь бодоод шууд л хийнэ. Гэвч анхнаасаа би мөнгө олъё, ашигтай бизнес гэж эхлээгүй. Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлье, бусдад туслая гэсэн сэтгэлээр хандаж, ажилладаг” гэв. Хувийн эмнэлэг гэдэг нь бусдын хувьд, ашигтай бизнес байж болох ч түүнийхээр эрүүл мэндийн байгууллага юм. Хөдөлмөрлөж байгаагийнхаа хувьд түүний хүртэж буй хувь нь цалингаа цагт нь өгөх, улсдаа татвараа төлөх, бусад хэрэглээ болон зээлээ төлөөд таардаг аж. Үүнийг тэр ашиг хэмээн тодорхойлж байна.
Нөгөө талаасаа, шүдний эмч бол маш хүнд мэргэжлийн нэг. Нуруу өвдөх, хөл гар хөших, нүдний хараа муудах гэх мэтийн эрсдэл энэ мэргэжлийг дагаж явна. Одноо эмчийн нэг хүнийг үзэх дундаж хугацаа нь 4-5 цаг. Мөн нэг минут, нэг секунд ч анхааралгүй байж болохгүй тийм л нарийн ур чадвар шаарддаг мэргэжил. Иймээс ч тэрбээр, “Олон жил ажилласан ч хамаг зүйл гарт орсон гэж бардаж болдоггүй онцлогтой салбар. Учир нь хүний эрүүл мэнд, эд эрхтэн гарт орно гэж байдаггүй. Тиймээс маш болгоомжгүй харьцаж, ерөөсөө хайнга хандаж болохгүй юм” гэж залуу эмч нартаа байнга захиж, сануулдаг.
“Шүдний эмч хүний хамгийн сайхан зүйл нь уйлаад, өвдөөд орж ирж буй хүнийг нүдэн дээр нь эдгээгээд гаргах юм. Баярлалаа эмчээ гээд гарах чинь гоё шүү дээ” гэж тэрбээр инээмсэглэн өгүүлнэ. Мөн цааш нь “Аав маань Монголын эрүү нүүрний мэс заслын нэгдүгээрт бичигдэх маш чадвартай, алтан гартай эмч байсан төдийгүй зуун зуун шавьтай эрхэм багш, мөн маш олон хүнийг ( ойролцоогоор 80-100 мянган хүнийг) эмчилсэн байдаг. Би одоогоор 30-40 мянган орчим хүнийг эмчилсэн юм болов уу” хэмээн үргэлжлүүлэв. Аавынхаа нэрийг үргэлж дурсаж явахын тулд эмнэлгийн нэрэндээ эхний үсгийг оруулан D’ODNO гэх нэр үүссэн байна.
Тэрбээр аавынхаа зэрэгт хүрэхийн тулд хичээн, цаашлаад хэвтэн эмчлүүлэх тасагтай олон давхар эмнэлэгтэй болох мөрөөдөлтэйгээр тасралтгүй урагш зүтгэж байна. Одноо эмчийн үйлчлүүлэгчид нь түүнд “Шүдний дагина” нэрийг хайрласныг энд дурдъя.