Жижиг дунд бизнес эрхлэх нь макро эдийн засгийн хүндрэл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, татварын дарамт зэрэг олон бэрхшээлийг сөрж зогсож буй хэрэг юм. Үүнийг баатарлагаар даван туулж, 10-н жилийн хугацаанд компаниа амжилттай авч явсан бизнес хатагтайн түүхийг энд бичье.
Тэг цэгээс эхэлсэн ч нийгэмд тодорхой хэмжээний үнэ цэн бүтээж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тод төлөөлөл бол “AppleMoon” компанийг үүсгэн байгуулагч Н.Дулмаа юм. Түүний бизнесийн орц найрлагыг ёс зүй, шударга зан, тууштай байдал гэж тодорхойлж болно. Тэрбээр 1997 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлийг эзэмшин, “НИК” компаниас ажлын гараагаа эхэлжээ. Улмаар 1999 оноос “Бамбууш” компанид тооцооны нягтлан бодогчоор ажилд орж, ерөнхий нягтлан бодогч, борлуулалтын албаны дарга, гүйцэтгэх захирал хүртлээ дэвшин ажиллав. Жижиг, дунд компанид олон жил ажилласан туршлага, мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олонч хандлага, бусдыг удирдах онцгой менежментийг өөрийн болгож чадсанаар тэрбээр 2012 онд “AppleMoon” компанийг байгуулсан түүхтэй.
Н.Дулмаа захирал хэлэхдээ, “2012 онд “Бамбууш” компаниас гарч, өөрийн бизнесээ эхлүүлж байх үед өөр компани болон бизнес төслүүдэд ажиллах зэрэг цөөнгүй санал ирж билээ. Миний хувьд урт хугацааны аажмаар өсдөг, ёс зүйтэй бизнес эхлэхээр нэгэнт шийдсэн байсан учраас тэдгээр саналаас татгалзсан. Түргэн түүхий зүйл хийгээд хурдхан мөнгө олъё гэж бодсон удаа байхгүй. Тиймээс ч эхнээсээ татвар, нийгмийн даатгалд зэрэгт бүртгүүлж, ном журмын дагуу компаниа албан ёсоор бүртгүүлсэн. Компани маань 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь эхнээсээ зөв хөрс сууриар явж ирсэнтэй холбоотой болов уу” хэмээв.
Н.Дулмаа захирал өөрийн 20 гаруй жилийн бизнесийн туршлагаа, бусдад хуваалцан “Ахимсай/AHIMSA” гэх санхүүгийн зөвлөх үйлчилгээг нээжээ.
Н.Дулмаа захирлын хувьд, СЭЗИС-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд одоо Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд бизнесийн удирдлагын докторантоор суралцаж буй. Тэрбээр, Үндэсний зөвлөх, Менежментийн зөвлөх, сайн дурын ментор, сургагч багш зэргээр давхар суралцаж, хөтөлбөр, сургалтад тогтмол хамрагддаг. Мэргэжлийн ур чадвараа өсөн нэмэгдүүлэх гэсэн чин хүсэл эрмэлзэл нь түүнийг ийнхүү мөнхийн суралцагч болгов. Санхүү менежментийн чиглэлээр илүү мэргэшиж учраас л компаниа олон жил тогтвортой, санхүүгийн сахилга баттай авч явжээ. Мөн нөгөө талаасаа, Н.Дулмаа захирал их сургуулиа төгссөнөөс эхлээд хувийн компани байгуулах хүртлээ зөвхөн цалингийн орлогоосоо санхүүгийн бүх асуудлаа шийдэж, сурсан учраас мөнгийг үр ашигтай зарцуулах менежментийн ухааныг эзэмшин, өөрийн бизнест хэрэгжүүлсэн нь энэ. Тиймээс ч тэрбээр өөрийн туршлага мэдлэгээ бусдад хуваалцаж, туулж ирсэн зам мөрөөр нь явж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүү, менежментийн зөвлөгөө өгч буй. Өөрөөр хэлбэл, 20 гаруй жилийн бизнесийн туршлага дээрээ үндэслэн, бусдад туслах гэсэн сэтгэлээр “Ахимсай/AHIMSA” гэх санхүүгийн зөвлөх үйлчилгээг нээжээ.
Компани байгуулсан эхний таван жилдээ Н.Дулмаа захирал өдрийн 15-16 цаг ажилладаг байжээ. Тухайн үед түүний хань нь өөр зүйл хийхийг санал болгодог байв. Гэвч тэрбээр тууштай зүтгэж, хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр “Алиман сар” брэнд нь өөрийн өвөрмөц жор, органик орц найрлага, хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдал зэргээрээ хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон компаниудыг нэхэн гүйцэж, өдгөө нэг эгнээнд зогсож байна. Бичил бизнес томорсоор жижиг болж, жижиг бизнес өссөөр дунд болдгийн жишээ энэ билээ. Үүнд тууштай хөдөлмөр, шударга зарчим нь шаардагдах аж. Одоо “Алиман сар” нь гэр бүлийн эзэмшилтэй төдийгүй Н.Дулмаа захирал болон түүний нөхөр хамтад хичээн компаниа томруулах дараагийн таван жилийн төлөвлөгөөндөө орон ажиллаж буй.
“Алиман сар” компанийнхан нэр төртэй, ёс зүйтэй ажиллах нь нэгдүгээрт гэж үздэг. Тиймээс бүтээгдэхүүний орц найрлагад хүнсний нэмэлт өнгө амт оруулагч болон хугацаа уртасгагч зэргийг хийдэггүй.
Түүнд шантрах үе олон байсан ч тэрбээр “Миний хамгийн сайн мэддэг, чаддаг ажил минь энэ. Ингээд болих бол яах гэж эхэлсэн билээ дээ” хэмээн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, илүү сайн хичээж ажиллах урам хүч өөртөө өгдөг” байснаа хуваалцлаа. Мөн “Өнөөдөр сайн байя. Энэ л орон зай, цаг хугацаандаа хичээгээд сайн ажиллая. Тэгвэл маргаашийн ажил зурайгаад л явчихна” гэх зарчмыг баримталж, амьдралдаа хэрэгжүүлдэг байна. Энэ ч утгаараа тэрбээр ажилчдадаа үргэлж урамшуулж, өнөөдөр юуг, яаж хийхийг нь заадаг биш, энэ ажлыг сайн хийснээр ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг нь хэлж өгдөг аж. Тус компани нь өдгөө 20 орчим ажилчинтай. Мөн тэрбээр, “Би 20-н хүн ажиллуулаад цалин өгч байгаа биш. Харин бид хамтарч ажиллаж, нэг нэгнээ цалинжуулдаг” хэмээн хэлдэг.
Талх, нарийн боовны бейкерид 18-22 насныхан түр хугацаагаар ажиллах тохиолдол их. Тэд зуны амралтаараа эсвэл өөр ажилд орох хүртэл хугацаандаа ажилладаг байна. Хүний нөөцийн хувьд, ажилтан орж, гарах нь хөнгөн үйлдвэрийн салбарт байдаг л үзэгдэл. Тиймээс Н.Дулмаа захирал ажилчдадаа боломж зав гарган сургалт ордог. Тэрбээр, ““Алиман сар”-д ямар хугацаанд ажиллах нь хамаагүй. Энд ажиллаж байхдаа хүнтэй сайхан мэндлэх, гараа угаах, гутлаа арчих, хүний өөдөөс инээмсэглээд харьцах, унагаасан хаягдлаа өөрөө цэвэрлэх, хогоо ангилан ялган гэх мэт зүйлийг сурах шаардлагатайг ажилчдадаа хэлдэг. Би ч заримдаа захирал биш, ээж хүн шиг явж байдаг юм. Гэхдээ нэг сар ажиллаад явахдаа нэг ч болтугай зүйл сураасай гэж боддог доо” гэлээ. Энэ ч утгаараа “Алиман сар”-д ажиллаж байгаад өөр ажилд орсон ч одоог хүртэл “Н.Дулмаа захирлаа би таниас .. зүйл сурсан шүү. Баярлалаа” гэж түүнд талархлаа илэрхийлдэг байна.
Хүнсний үйлдвэрлэлд гадаад хүчин зүйлийн нөлөө их. Жишээлбэл, гурилын үнэ өссөнөөр үйлдвэрлэгчид 10 тонн гурилыг 17 сая төгрөгөөр авдаг болжээ. Өмнө нь 10 тонн гурилыг 10 сая төгрөгөөр авдаг байв. Тиймээс үйлдвэрлэж буй нэгж бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн үндсэн бүтээгдэхүүний 90 хувийг монголын хөрсөнд ургуулсан улаан буудайн гурил эзэлдэг. Харьцангуй сайн гурил, масло хэрэглэж байгаа учраас бүтээгдэхүүн төдийлөн хямд байх боломжгүй. Одоогоор “Алиман сар” брэнд нь 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд талх, нарийн боовыг Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрээр борлуулахын зэрэгцээ бизнесийн байгууллага, цэргийн анги, цэцэрлэг зэрэг 500 гаруй харилцагчтай.
Тус компанийнхан нэр төртэй, ёс зүйтэй ажиллах нь нэгдүгээрт гэж үздэг. Тиймээс бүтээгдэхүүний орц найрлагад хүнсний нэмэлт өнгө амт оруулагч болон хугацаа уртасгагч зэргийг хийдэггүй. Аливаа бүтээгдэхүүн 72 цагийн дотор борлуулагдаагүй бол дэлгүүрийн лангуун дээрээс амьтдын хоол болдог байна. Тиймдээ ч бага ашиг, өндөр зардалтайгаар өнөөдрийг хүрсэн аж. Гэхдээ үүний цаана шударга, ёс зүйтэй бизнес хийж буйдаа тэд сэтгэл өег ажилладаг гэнэ.
Эзэмшсэн мэргэжил, сонгосон салбартаа үнэнчээр зүтгэж, нийгэмдээ өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээсээр буй эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд Н.Дулмаа захирал бий. Бусдын төлөө гэх сайхан сэтгэл, өндөр хэмжээнд баримталдаг ёс зүйн зарчмууд нь өнөөдрийн түүнийг бүтээжээ.