– Business.MN сэтгүүлийн 2023 оны 03 сарын дугаар (№52) -т хэвлэгдсэн нийтлэл –
Хотын төвд, А бүсэд сүндэрлээд удаагүй Central Park тауэрын долоон давхарт төвхнөсөн RE/MAX 100% брокер оффисын захирал Д.Алтантуяагийн албан өрөөнд ормогц хана дагуулан тавьсан хэвлэгч машин, баглаа цэцэг нүдэнд тусав. Энэ бэлгийг түүний удирдлагад ажилладаг 35 агентын нэг талархсан сэтгэлээ илэрхийлэн бэлэглэжээ. Ер нь түүнийг агентууд нь сургалтаар “бөмбөгддөг”, сурсан мэдсэнээ хуваалцаж, харамгүй зааж зөвлөж, дэмждэг төдийгүй аливааг бодитоор үнэлж дүгнэж чаддаг, алсын хараатай бизнес эрхлэгч эмэгтэй хэмээн тодорхойлох нь цөөнгүй. Д.Алтантуяагийн эзэмшдэг RE/MAX 100% брокер оффис бүсийн хэмжээнд сүүлийн гурван жил борлуулалтаараа топ гуравт шалгарсан бол нэгж агентын бүтээмжээрээ мөн л RE/MAX Mongolia бүсийн өнгөрсөн гурван жилийн турш тэргүүлж буй. Өөрөөр хэлбэл, эднийх агентын тоогоор цөөн ч, агент бүр нь бусдаас илүү олон борлуулалт хийж, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг нь тэдний амжилтын гол үндэс гэж томъёолж болно.
“Хүмүүс нэг өдөр, хоёр өдөр хичээж чаддаг. Харин нэг сар, зургаан сар, бүтэн жил тууштай, тогтвортой хичээж ажиллах нь огт өөр асуудал”.
“Би агентууддаа бусдаас ялгаатай шаардлага тавьдаг. Жишээлбэл, энд ажиллаж л байгаа бол заавал борлуулалт хий. Сард багадаа хоёр сая төгрөгийн орлоготой бай гэхийн оронд бизнес гэж юу болохыг ойлгодог, өөрийгөө хөгжүүлдэг, зорилготой, түүнийхээ төлөө тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж чаддаг, тэр үйл явцаа хянадаг соёлыг төлөвшүүлэхийн тулд хүн бүрийг чиглүүлж ажиллаж байна. Манай агентууд хамтын ажиллагаа сайтай, бие биедээ тусч, эелдэг, хамт олноо гэсэн сэтгэлтэй. Энэ бүхэн агент бүр маань өндөр борлуулалттай ажиллахад эерэгээр нөлөөлдөг” хэмээн Д.Алтантуяа хэлж байна.
Долоон жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн зах зээлд санаандгүй байдлаар хөл тавихаасаа өмнө тэрбээр интерьер дизайны чиглэлээр гэр бүлийн хүрээнд хувийн бизнес эрхэлж байжээ. Ингэж ажиллах явцдаа олон улсын RE/MAX франчайзыг Монголд оруулж ирж буй компанийн үүсгэн байгуулагчидтай танилцаж, анхны загвар оффисынх нь зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн аж. Өмнө нь үл хөдлөхийн салбарыг огт анзаарч, сонирхож байгаагүй түүнд энэ зах зээл сонирхолтой, ирээдүйтэй, бас боломж ихтэй санагдаж, эхний ээлжинд агентаар ажиллаж үзэхээр шийдсэн байна. Харин үүнээс хоёр жилийн дараа тэрбээр RE/MAX -ийн франчайз эзэмшигч болж, өөрийн гэсэн салбарыг үүсгэн байгуулах шийдэлд хүрчээ. “Энэ зах зээлд аль болох эрт орох нь зөв гэж үзсэн. Эргээд харахад RE/MAX надад хөгжих маш их боломжийг олгосон байна. Учир нь олон хүнтэй хамтарч ажиллахын зэрэгцээ тэднийг хөгжүүлэх үүрэг надад оногдсон нь шаггүй сорилт болсон ч тэр хэрээрээ өөрөө хөгжиж чадсан гэж боддог” гэлээ.
Д.Алтантуяа өөрийгөө хөгжүүлэхээс гадна хамт олноо ч тасралтгүй хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэдэг. Тиймээс хувь хүний хөгжилд чиглэсэн болон үл хөдлөх хөрөнгийн борлуулагчид байвал зохих ур чадварууд олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь хамт олныхоо талархлыг хүлээжээ. Тэрбээр хувь хүний хөгжлийн сургалтдаа алсын хараа, зохион байгуулалт, харилцаа, хандлага зэрэг сэдвийг багтааж, агентуудаа бүх талаар хөгжүүлэхийг зорьдог бол салбарын ур чадвар олгох сургалтдаа үл хөдлөхийн борлуулагчид байх ёстой чадварууд, суурь мэдлэг, мэдээллийг өгөхийг хичээдэг. Ингэж долоо хоног бүр хувь хүний хөгжлийн болон борлуулалтын сургалтуудыг хослуулан орохдоо танхимын болон хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, суралцагчид бие биеэсээ туршлага судлах боломж бүрдүүлэхийг зорьдог аж. Агентууд бие биеэсээ суралцах нь маш чухал учраас ийм төрлийн сургалтыг аль болох сонирхолтой, өгөөжтэй байдлаар зохион байгуулах шаардлагатай байдаг. Тиймээс RE/MAX 100% оффис энэ төрлийн сургалтыг хэлэлцүүлэг, зочин агентын зөвөлгөө, парламентын мэтгэлцээн, Quiz night гэх мэт олон төрлөөр зохион байгуулж, улирал тутам сургалтын арга хэлбэрээ өөрчилж, сонирхолтой байлгахыг хичээдэг нь агентуудад үр өгөөжтэй, бодитой мэдлэг болж чаддагийг онцолж байна.
“RE/MAX надад хөгжих маш их боломжийг олгосон”.
Д.Алтантуяа яагаад агентуудаа сургалтаар “бөмбөгддөг” талаараа “Агентууд бол цалинтай ажилтан биш, бизнес эрхлэгч. Тиймээс бизнес эрхлэгч хүн бүх талаараа хөгжиж, чадвартай болж байж бизнес нь амжилттай, ашиг орлоготой байна. Энэ утгаараа бид агентуудаа манай харилцагч, бас бие даасан бизнес эрхлэгч хэмээн үзэж байнга хөгжүүлж, дэмжихийг чухалчилдаг. Өнгөрсөн хугацаанд амжилттай яваа борлуулагчдаа харахад алсын хараагаа зөв тодорхойлж, зах зээлээ сайтар ойлгосны зэрэгцээ тогтвортой, тууштай, шаргуу ажиллаж чадсан хүмүүс байдаг. Системтэй сургалт, тодорхой арга техникийн дагуу цэгцтэй суралцаж, тууштай ажиллаж чадвал ямар ч хүн борлуулагч болох боломжтой” хэмээн тайлбарласан юм. Нөгөө талаар нэгэнт тодорхой туршлагатай болчихсон агентууд борлуулалт хийхээс гадна зохих түвшинд өөрийгөө хөгжүүлэх, баг удирдах, бүтээмжээ нэмэх шаардлага үүсдэг. Энэ утгаараа Д.Алтантуяа өөрөө ч хөгжиж, өрөөлийг ч хөгжүүлэхийг хүсчээ.
Тухайн хийж буй зүйлдээ бүрэн төвлөрснөөр нэг цаг, хоёр өдөр, долоо хоног зарцуулсан ажил гараас гардаг. Төвлөрөл бол амжилтын үндэс гэж би үздэг.
Ковид-19 цар тахлын үеэр хөл хорио тогтооход тэрбээр зүгээр суухыг хүссэнгүй. Тиймээс энэ чөлөөг ашиглан үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон борлуулагчийн талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор менторшип хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдахаас гадна тодорхой хэмжээнд дадлагажих боломжийг олгодог энэхүү менторшип хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 160 гаруй хүн хамрагдсан байна. 14 хоногийн хугацаатай уг менторшип хөтөлбөрийн хүрээнд RE/MAX 100% -ийн шилдэг агентууд өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг тул ямар нэг компани, бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлахаас илүү үл хөдлөхийн зах зээлд ажиллаж буй хүмүүс ямар боломжийг олж харж, өөрийгөө хэрхэн өөрчилж ажиллаж байна, хувь хүн өөрийн онцлог ур чадвараа хэрхэн гаргаж урагшилж байна гэдгийг шууд суралцах боломжтой амьдралд ойр сургалтууд болж чаддаг.
RE/MAX 100% -ийн агентууд өөрсдийн оффис байрлах Central Park тауэрын оффис дүүргэлтийн ажлыг хариуцаж амжилттай гүйцэтгэсэн бөгөөд өдгөө хотын өнцөг булан бүрт байршилтай барилгын төсөл, хотхонуудын борлуулалтыг хариуцан ажиллаж байна. Статистикаас үзэхэд Монголд 300 мянган үл хөдлөхийн нэгж гэрчилгээтэй байгаагаас 15 хувь нь шилжих хөдөлгөөнд ордог гэх мэдээлэл бий. Жилд дунджаар 70-75 мянган үл хөдлөх гэрчилгээ авч шилждэгээс 20 хувьд нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд ажилладаг аж. Эдгээр мэдээллийг хуваалцсан Д.Алтантуяа “Үл хөдлөхийн зах зээлд өрсөлдөөн гэхээс илүү боломж их бий. Маш том зах зээл. Салбар нь ч өөрөө шинэ байна. Монголд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд шинээр байгуулагдаж, зуучлагчид ч шинээр хөгжиж байна. Үүнийг дагаад хүмүүс зуучлалын байгууллагаар үйлчлүүлэх нь бага багаар нэмэгдэж эхэлсэн” хэмээлээ.
2022 онд нийт 64.4 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан RE/MAX 100% брокер оффисын хамт олон Pipedrive CRM системийг хагас жилийн өмнөөс системтэйгээр нэвтрүүлж, илүү хурдтай, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбарыг хүмүүс янз бүрээр хүлээн авч, үнэлж үзэх хандлага байдаг ч RE/MAX 100% брокер оффист хандаж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Нэг талаар, үл хөдлөх хөрөнгө хүний анхдагч хэрэгцээ учраас зуучлах, түрээслэх, борлуулах хэрэгцээ ямагт үүсэж байдаг гэдэг утгаар энэ төрлийн бизнес улам өргөжин тэлсээр байгаа юм. “Өндөр үнийн дүн бүхий хөрөнгө эргэлдэж байдаг салбарт борлуулалтаас орлого олно гэдэг том боломж. Үл хөдлөхийн агентууд нэг өрөө байрнаас эхлээд бүтэн барилга, төсөл, газар гэх мэт хэдэн зуун саяас хэдэн арван тэрбумын томоохон хөрөнгүүдийг хөдөлгөж ажилладаг” гэдгийг RE/MAX 100% брокер оффисын захирал онцолж байна. 2022 онд тэд нийт 64.4 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ. Харин агентуудынх нь сарын дундаж орлого 3-4 сая орчим төгрөг бөгөөд амжилттай ажиллаж буй агентуудынх 22 сая төгрөг байдаг байна. Өнгөрсөн оны зургадугаар сард гэхэд л нэгэн агент нь 36 сая төгрөгийн орлоготой ажилласан тохиолдол ч бий.
“Агентуудынхаа бүтээмжийг нэмж, илүү орлого олдог байлгахыг хүсэж байгаа. Хийж буй ажлаа илүү системчилж, бүртгэлжүүлж, алдаа оноогоо харж хянаж, дүгнэж эхэлбэл агентуудын маань орлого 3-5 дахин нэмэгдэх бүрэн боломжтой.
Харин Д.Алтантуяагийн дараагийн амбиц агентуудаа илүү мэргэжлийн болгоход чиглэж буй. “Өмнөхтэйгөө адил цагаар ажилласан ч илүү орлого олдог байлгахыг хүсэж байгаа. Хийж буй ажлаа илүү системчилж, бүртгэлжүүлж, алдаа оноогоо харж хянаж, дүгнэж эхэлбэл агентуудын маань орлого 3-5 дахин нэмэгдэх бүрэн боломжтой. Үүний тулд Pipedrive CRM системийг хагас жилийн өмнөөс системтэйгээр нэвтрүүлж байна. CRM нэвтрүүлнэ гэдэг урт хугацааны нарийн үе шаттай амаргүй ажил. Бидний хувьд нэлээд том сорилт болж байна” хэмээн тэр өгүүллээ. Учир нь дэлхий даяар ямар нэг CRM (Customer Relationship Management) систем нэвтрүүлэхээр оролдож буй компаниудын талаас илүү хувь нь зорьсондоо хүрч чаддаггүй гэх баримт бий. Тэгвэл RE/MAX 100% брокер оффисынхон хоёр сар судалсны үндсэн дээр CRM системээ сонгож, зургаан сарын турш өөрсдийн үйл ажиллагаанд нийцүүлж, олон хэлбэрээр туршиж үзсэний эцэст Pipedrive 100% хувилбарыг бий болгоод буй. Өдгөө тэд агентын үйл ажиллагааны түвшинд энэхүү CRM системийг бүрэн нэвтрүүлж, илүү хурдтай, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Хүмүүс нэг өдөр, хоёр өдөр хичээж чаддаг. Харин нэг сар, зургаан сар, бүтэн жил тууштай, тогтвортой хичээж ажиллах нь огт өөр асуудал. Агентуудаа ингэж тогтвортой ажиллуулахын тулд алсын хараагаа нэг зүгт чиглүүлж, сэтгэл зүйн хувьд сайтар цэнэглэж, хурцалж байж CRM нэвтрүүлэх ажил руу орж байна. Тогтвортой ажиллаж чадаж байж агентуудын маань орлого 3-5 дахин өснө” хэмээн Д.Алтантуяа энэ жил төвлөрөх гол ажлынхаа талаар ярьж байна. Тэрбээр өөрийн ажиллах арга барилаа “Нэг л зүйлд төвлөрөх” хэмээн товчхон тодорхойлсон нь ч ийм учиртай. “Нэг зорилго тавьсан бол өөр олон зүйлд сатаарахгүй байхыг хичээж, зөвхөн нэг зүйлдээ бүрэн төвлөрч, үр дүн гаргахыг чухалчилдаг. Тухайн хийж буй зүйлдээ бүрэн төвлөрснөөр нэг цаг, хоёр өдөр, долоо хоног зарцуулсан ажил гараас гардаг. Төвлөрөл бол амжилтын үндэс гэж би үздэг” хэмээн тэр тайлбарлав.
Сүүлийн долоон жил Д.Алтантуяа үл хөдлөх зуучлалын салбарт буюу үйлчилгээний бизнест илүүтэй төвлөрч, бүсийн хэмжээнд буюу RE/MAX -ийн франчайзийг эзэмшигч 75 брокер оффисын дунд үнэлэгдэх амжилтуудыг гаргаад байна.
“BSB Сервис” компанид мерчандайзераар ажилд орсноор ажлын гараагаа эхлүүлсэн Д.Алтантуяа эндээс импортын бараа бүтээгдэхүүнийг хэрхэн татаж авчрах, үнэ тогтоох, тодорхой ангилалд оруулж борлуулах, хэрхэн ашиг олох зэрэг олон чадварт суралцжээ. Мөн энд ажиллах хугацаандаа Монголд худалдааны бизнес амжилттай ажилладгийг, ерөөс манай улс бол үйлдвэрлэгч бус хэрэглэгч зах зээл гэдгийг ойлгосон байна. Ингээд гэр бүлийн хүний хамтаар хувийн бизнес эхлүүлсэн нь одоо ч амжилттай ажиллаж буй. Харин сүүлийн долоон жил Д.Алтантуяа үл хөдлөх зуучлалын салбарт буюу үйлчилгээний бизнест илүүтэй төвлөрч, бүсийн хэмжээнд буюу RE/MAX -ийн франчайзийг эзэмшигч Монгол дахь 75 брокер оффисын дунд үнэлэгдэх амжилтуудыг гаргаад байна.
Мөн өнгөрсөн жилүүдэд тэрбээр дотоодын худалдан авагчид үйлчилгээг бодитоор үнэлж чадахгүй байгаагаас хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үнэ цэн буурдгийг анзаарчээ. Чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш 30 гаруй жилийг үдэж буй Монгол Улсад үйлчилгээний бизнес, үйлчилгээний соёл, үйлчилгээг үнэлэх зэрэг ойлголт тэр үеэс л нэвтэрч эхэлсэн нь бусад улс оронтой харьцуулахад нэлээд хожуу гэж хэлж болно. Гэсэн ч Д.Алтантуяа нэг салбарт мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй үл хөдлөхийн зуучлагчид, удирдан чиглүүлж буй агентуудынхаа хамт үйлчилгээний бизнест үнэ цэн бүтээхээр урагшилж байна. Аливаа ажлыг өндөр гүйцэтгэлтэй, 100 хувь хийх зарчмыг баримталдаг түүний хувьд зорьсон бүхэндээ хүрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал биз ээ.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 03 сарын дугаар (№52) -т хэвлэгдсэн нийтлэл –