Бүхнийг тэгээс эхлүүлж, тууштай зүтгэсний хүчинд өдгөө барилгын салбарт найман охин компани бүхий “Гурван бухат групп” ХХК -ийг үүсгэн байгуулж, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй Т.Ганчимэгийг “Манлайлагч” буландаа урьж ярилцлаа. Одоогоор тус компани 3000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулж, үндсэн болон туслан гүйцэтгэгч нийлсэн 2000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхай, эрчим хүч, барилга, хэмээх гурван хүнд салбарт туршлагажсан Т.Ганчимэгт хийж үзээгүй ажил ховор. Олон салбарт ажиллаж туршлага хуримтлуулсаар компани байгуулах сууриа босгосон тэрбээр өөрийн амжилтын түүхийг ийн хүүрнэж байна.
Таны бизнесийн гараа 2009 оноос эхлэлтэй юу. Одоогийн албан тушаал хүртлээ туулсан замналаасаа хуваалцаач?
Би дулааны инженер мэргэжилтэй, манай нөхөр цахилгааны инженер мэргэжилтэй. Бид хоёр дөнгөж сургуулиа төгсөөд Олон-Овоотын уурхайд ажиллаж байхдаа танилцаж, улмаар гэр бүл болж байсан. Ажлынхаа хажуугаар амралтаараа хотод ирэхдээ хүнсний дэлгүүр нээж, өвөлдөө мөсөн гулгуурын талбай ажиллуулах олон төрлийн бизнесхийж байлаа. Алдаж, онож туршлага хуримтлуулсаар “Гурван бухат” компаниа босгосон түүхтэй. 2009 онд компани маань хуулийн этгээд болж, 2012 онд дэд бүтцийн угсралт хийх тусгай зөвшөөрлөө авснаар үндсэн үйл ажиллагааныхаа суурийг тавьсан. Одоо “Гурван Бухат Групп” ХХК нь барилга угсралт, эрчим хүч, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, бетон зуурмагийн үйлдвэр, цонх салхивчийн үйлдвэрлэл болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Анх барилгын салбар руу таныг юу хөтлөв?
Монгол Улсын хувьд социалист тогтолцооноос ардчилсан нийгэм рүү шилжээд 30 гаруй жилийн нүүр үзэж байна. Ардчилсан нийгэмд шилжсэнээр Монголд бизнесийн салбар хөгжиж эхэлсэн. Манайд хамгийн урт түүхтэй компани л гэхэд 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ганц бид ч гэлтгүй бизнесийн салбарынхан бүгд л байр сууриа олохын тулд хийж, үзээгүй зүйл салбар гэж үгүй. Алдаж, онож явсаар зах зээлд өөр өөрсдийн байр суурь, орон зайгаа олцгоосон. Бид хоёр инженер учраас барилга, эрчим хүчний салбар руу ороход маш дөхөм байсан.
БИД ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОН ХЭРЭГЛЭГЧДИЙН БАГТААМЖИЙГ ҮРГЭЛЖ ТЭЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЁСТОЙ. МОНГОЛООСОО ДАВЖ, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БИЗНЕС ХИЙНЭ ГЭСЭН ЗОРИЛГО МААНЬ Ч ИЙМ УЧИРТАЙ.
Барилгын салбарын хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ?
Миний хувьд бизнес эрхлэхийн хажуугаар улсын байгууллагад 10 гаруй жил ажилласан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хамгийн хүнд гурван салбар болох уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байна. Эдгээрээс хамгийн хэцүү нь барилгын салбар гэж хардаг. Нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, төрийн шат шатны байгууллага гээд харилцахгүй нэгж гэж байхгүй. Мөн өндөр хэмжээний санхүүжилт хэрэгтэй учраас их хэмжээний хөрөнгө босгох шаардлага үүсдэг. Энэ нь маш чухал, ярвигтай үйл явц учир хувь хүнээс олон талын ур чадвар шаардана. Жишээлбэл, орон сууц худалдан авах үйл явцад ипотекийн асуудал орж ирдэг учир төр засгийн бодлоготой уялддаг. Өнөөдөр дундаж цалин хэд байна түүнд тохирсон орон сууцын үнийг судалгаан дээр үндэслэн тодорхойлох хэрэгтэй болдог. Бүх зүйлийг хооронд нь огтлолцуулна гэдэг маш их тооцоолол юм.
Эрсдэл хүлээж байсан үе бий юү?
Бизнес хийж эхэлнэ гэдэг бүхэлдээ эрсдэл гэсэн үг. Бид аливаа зүйлд сэтгэл хөөрлөөр хандаж, олон ч удаа унаж, боссон доо. Хамгийн хүнд эрсдэл үүрсэн жишээ гэвэл, Өмнөговь аймагт барьсан 72 айлын орон сууцыг хэлнэ. Хүн амын төвлөрөл ихтэй, уул уурхай хөгжсөн аймаг гэдгийг тооцоолж барилгын ажлаа эхлүүлсэн. Гэтэл нийслэл шиг барилга баригдаж байх явцад хүмүүс захиалга өгөхгүй, “Хотынхон хууран мэхэлчихнэ. Заавал баригдсан барилга л авна” гэж урьдчилан байрны урьдчилсан захиалга авч чадаагүй. Тиймээс барилгын төсвийг өөрсдөөсөө бүрэн гаргасан. Санхүүгийн хувьд бэхжээгүй байсан үе учраас санхүүжилт босгоно, өр зээл гэх мэт олон хүндрэлтэй асуудалтай тулгарч, бидэнд их зүйлийг сургаж ойлгуулсан төсөл болсон.
Компани анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байв. Одоо хэдэн ажилтантай болсон бэ?
Эхний жилүүдэд хоёулаа л бүх ажлаа амжуулдаг байлаа. Харин одоо манай компани үндсэн 120 орчим ажилтан, барилгын оргил ачааллын үед туслан гүйцэтгэгч компаниудын 2000 орчим хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа барилгын төслийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнаж ажиллах сонирхолтой байгаа. Төслийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын хэсгийг барилга угсралтын чиглэлээс ангид байх ёстой гэж үздэг.
ЦААШДАА БАРИЛГЫН ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ДАГНАЖ АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ.
Барилгын салбарын хамгийн гоё зүйл нь юу вэ?
Нүдэн дээр хүн шинэ гэртээ орохыг харах хамгийн бахархам. Бид Улаанбаатар хотод жишиг орон сууцын хотхон төлөвлөлт, стандартыг бий болгохоор зорьж ажилладаг. Бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн хотхонд амьдардаг хүн цаг хугацаа ямар үнэ цэнтэйг мэдрэх болно. Улаанбаатар хотын дэд бүтэц тун хязгаарлагдмал. Тиймээс, газрын хэмжээнээс үл хамааран, хүний хэрэгцээг бүхэлд нь багтааж, аль болох шаардлагатай үйлчилгээгээ нэг доороос авах боломжтой, хүүхдийн аюулгүй эрүүл орчныг бүрдүүлсэн үнэ цэнэ бүхий орон сууцны, хотхон барьж байгуулах нь бидний зорилго.
Одоо баригдаж буй хотхонуудын нийтлэг стандарт ямар байна вэ? Танай хотхонуудын онцлог?
Орон сууцын зах зээлийг стандарт, дундаж, бизнес, өндөр зэрэглэл, тансаг зэрэглэл гэсэн таван төрөлд хувааж үзэж байгаа. Бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн хотхонууд бизнес болон түүнээс дээш зэрэглэлд орно. Эдгээр хотхоны 1 метр квадрат талбайн үнэ Улаанбаатар хотод 6 саяас дээш төгрөгийн үнэтэй. Гэтэл ийм үнээр худалдан авах чадвартай иргэд цөөн. Тиймээс бид зөв төлөвлөлттэй, хүний хэрэгцээг бүгдийг багтаасан чанартай орон сууцыг боломжит үнээр иргэддээ хүргэхээр зорьдог. Манай “Арга билиг таун” цогцолбор хотхоны дундаж үнэ буюу 1 метр квадратын үнэ 3,5 сая орчим. Дундаж орлоготой хүмүүс үүнд хамрагдах боломжтой.
Дотоод зай талбайн шийдлийн хувьд ямар онцлогтой вэ?
Дотоод зохион байгуулалтыг зах зээлийн судалгаа, олон жилийн хотжилтын түүхтэй улс орны төлөвлөлт шийдлийг үндэслэн, бодит хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй орон зайг төлөвлөж, гаргадаг. Ерөнхийдөө ашигтай талбайг өндөр байлгахыг зорьдог. Нөгөө талаар, манай ажилтнуудын ихэнх нь залуучууд байдаг. Бид өөрсдийн амьдарч буй байрандаа тулгарч буй асуудлын шийдлүүдийг төсөлдөө тусгаж, хэрхэн ухаалгаар шийдэх боломжтой дээр төвлөрч төслүүдийнхээ хөгжүүлэлтийг хийж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүн бүр асуудлаа ярьж, түүний шийдлийг хамт эрэлхийлдэг учир хэрэгжүүлж буй төслүүд маань илүү төлөвлөлт сайн болдог болов уу.
2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хэдэн мянган айлыг орон сууцтай болгосон бэ? Өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл бид орон сууцын олон ч төсөл дээр барилгын бусад компаниудтай хамтран ажилласан. Жил хагасын өмнөөс, компанийн бие даасан төслүүд рүү ороод явж байна. Хамтарсан, оролцсон байдлаар өнгөрсөн хугацаанд 3000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. 2023 оны хувьд бид есөн төсөл дээр ажиллана. Одоогоор долоон төслийн барилга угсралтын ажил, хөгжүүлэлтийг хийж байна. Цаашлаад, дахин төлөвлөлтийн хоёр төсөл дээр ажиллана.
Барилгын салбарт өндөр дүнтэй мөнгө эргэлддэг учраас ашигтай гэж харагддаг. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Барилгын бизнес гэхээр хүмүүс мөнгө юм шиг хардаг санагддаг. Маш эрсдэлтэй, хүнд салбар. Энэ салбарт ажиллаж буй хүмүүс их зориг гаргаж ажилладаг. Хөрөнгө оруулалт өндөр дүнгээр шаардана, дагалдах эрсдэл ч мөн адил өндөр. Тооны машинд тоо хийж үзээд л энэ салбарт орж хүнд байдалд орж байгаа олон кейсийг мэдэх юм. Шууд ашигтай ашиггүй гэдэг үгийг үнэхээр хэлж чадахгүй юм байна. Хэн илүү сайн хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж, тооцоолол хийж чадна тэр л аль ч салбарт амжилт гаргана гэж харж байна.
Танай уриа үг “Өндөр чанарыг бодит үнээр” гэсэн байв. Тэгэхээр барилгын салбарт бодит болон бодит бус үнэ гэх ойлголт байна уу?
Өндөр зэрэглэлийн орон сууцыг өндөр зэрэглэлийн арматураар барина гэсэн стандарт байхгүй. Бүгд л нэг төрлийн арматураар барилгаа барьж, адилхан стандартын бетоноор цутгалт хийж, адил стандарт, нормоор барилгаа барьж байна. Дийлэнх компаниуд бүх зүйлээ туслан гүйцэтгэгчдэд даатгадаг. Туслан гүйцэтгэгч компаниуд маань бүгд л ашгийн төв буюу ашиг олох зорилготой юм. Тэр бүхэнд ашиг шингэдэг. Манай компанийн хувьд, зуурмаг үйлдвэр, цонхны үйлдвэрлэл, дэд бүтцийн угсралтуудаа өөрсдөө гүйцэтгэдэг.
Энэ нь эдгээр үе шатны ажлуудыг барилга руугаа анхны өртгөөр оруулж байна гэсэн үг.
Магадгүй нөгөө өнцгөөс харвал үйлдвэрлэлийн процессыг удирдаж бусдаас хоёр дахин илүү хөдөлмөрлөж байна гэж харж болох байх. Тиймээс өндөр чанартай барилгыг боломжийн үнээр буюу бодит үнээр зах зээлд нийлүүлж байна гэсэн утгаар уриа үгээ тодорхойлсон.
Барилга барих газраа хэрхэн сонгодог вэ?
Миний хувьд шугам сүлжээ, дэд бүтцийн боломжтой газруудыг олон жилийн турш судалж, аль болох дэд бүтцийн хүндрэлгүй, эх үүсвэртэй ойр нэмж барилга төлөвлөх боломжтой газруудыг сонгодог. Ирэх найман жилдээ төсөл хэрэгжүүлэх газруудаа бэлдчихсэн байна.
Түүхий эдийн үнийн савлагаа барилгын салбарт хэр нөлөөлдөг вэ?
Барилгын салбарт дотоодын болон импортын бараа материалын үнэ шууд нөлөө үзүүлнэ.
Монголын зах зээл маш тогтворгүй орчинтой. Нэг өглөө сэрэхэд үйлдвэрлэгч компани хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнээ хэд дахин өсгөнө. Дээр нь улс төрийн нөлөө орох тохиолдолд ч бий. Тээвэр, логистикийн хямралаас болж хоёр саяар тээвэрлэдэг байсан бүтээгдэхүүн нүд ирмэхийн зуурт тээврийн 20 сая болж, 10 дахин өсдөг ийм л эдийн засгийн орчинд бид бизнес хийж байна. Жишээлбэл, өнгөрсөн жилийн өдийд нэг тонн цемент 180 мянган төгрөгөөр худалдаалагддаг байсан. Гэтэл 2022 оны наймдугаар сард 700 мянга оны эцэст 480 мянган төгрөг болтлоо өссөн. Мөн логистикийн хямралаас шалтгаалж бараа материалын үнийн өсөлт маш их байна.
ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦЫГ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН АРМАТУРААР БАРИНА ГЭСЭН СТАНДАРТ БАЙХГҮЙ.
Нэг төслийг хэрэгжүүлэх процессоос та хуваалцаач?
Бүх ажил судалгаанаас эхэлнэ. Тухайн хотхоныг барих газар хотын төвтэй хэр ойр вэ, ирээдүйд тэнд ямар үнэ цэн бий болох вэ гэх мэт. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт маркетингийн судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулна. Дэд бүтцийн ачааллаа харгалзаж үзнэ. Оролцогч талуудын нөхцөл байдалд дүгнэлт хийнэ. Эрчим хүчний ачаалал бага авах ёстой тохиолдолд айлын тоог багасгаж, төлөвлөлтөө хийсний дараа орон сууцны зэрэглэлээ тогтооно. Бизнес зэрэглэл гэсэн үнэлгээ гарч ирсэн тохиолдолд худалдан авах чадвартай иргэд тухайн төслөөс юу хүлээдэг, тэдний хэрэгцээ шаардлагад төвлөрч, төлөвлөлтийг хийгээд, зураг төслөө боловсруулна. Бэлэн болсон зураг төслийг Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОБЕГ, Хот байгуулалт, хөгжлийн газраар хянуулна. Үүнд жил гаруй хугацаа орно. Эдгээр процессыг амжилттай давбал, төсөл батлагдаж, барилгын ажлаа эхэлнэ. Барилгын ажил эхэлтэл маш олон үе шатыг дамждаг. Эхэлсний дараа бол хугацааны графикийн дагуу үргэлжилнэ.
Орон сууцын борлуулалтад голлон нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?
Өнгөрсөн оны хувьд, улсын хэмжээнд бүх зээл олголтыг хаасан. Төслүүд зогсонги байдалтай, логистикийн хямрал, инфляц зэргээс болоод эдийн засаг бүхэлдээ хумигдсан. Харин манай компанийн хувьд 2021 онтой харьцуулахад харьцангуй өсөлттэй байсан. Энэ бол манай баг, хамт олны ур чадвар юм. Цаашлаад хүний хэрэгцээг хангаж чадсан хотхон хороолол барьсан тохиолдолд зах зээлийн хямралаас үл хамаарч, худалдан авах процесс үргэлж байдаг.
Иргэдийн зүгээс байр худалдан авахдаа юуг анхаарах ёстой байдаг вэ?
Монголд мэдээллийн тэнцвэргүй байдал ноёлоод байна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр анхны мэдээлэл өгч байгаа хүн үндэслэлтэй ярьж буй эсэхийг ялгахад хэцүү.
Инженер, судлаач, эрдэмтдийг үгүйсгэдэг цаг үед бид амьдарч байна.
Тиймээс орон сууц сонгохдоо тухайн чиглэл бүрийн инженерүүдээс сайн зөвлөгөө авах хэрэгтэй болов уу гэж боддог. Хэрэглэгч насан туршийн хөрөнгөө сонгож байгаа учир олон талын анализ хийж шийдвэр гаргах ёстой. Үүнд, нэгт байршил амьдралын хэв маягт төвөг удахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлттэй тухайн байршлыг харьцуулж дүгнэх ёстой. Хоёрт барилгын чанар, гуравт, үргэлжид үнэ цэн нь өсөх хөрөнгө байх гэдэг шаардлагыг хангах ёстой гэж үздэг.
Өнгөрсөн хугацаанд танай барьсан хотхонд амьдарч буй иргэдээс гомдол ирж байв уу?
Барилгын салбар бол цэвэр ажиллах хүчнээс хамааралтай. Хүний гараар л босож байгаа учраас алдаа гарахыг үгүйсгэхгүй. Харин барилгын насжилт, үнэ цэнд нөлөөлөх алдаа мөн эсэхийг ялгаж ойлгох учиртай. Жишээлбэл, цонх сийгэх бол бүх л барилга дээр гардаг. Эдгээр асуудлыг барилгын тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Шинэ барилгыг нэг жилийн хугацаанд тохируулга, зүгшрүүлэлт хийх, гурван жилийн хугацаанд механик гэмтлээс бусад гэмтлийг тухайн компани хариуцаж, баталгаа гаргадаг. Өөрөөр хэлбэл, тэр асуудлыг барьсан компани нь шийдээд өгнө гэсэн үг юм.
Танай компанийн төслүүдэд захиалга өгье гэвэл ямар хөнгөлөлт урамшуулалд хамрагдаж болох вэ?
Манай компанийн бүх төсөл хэрэглэгч, борлуулагч, үйлдвэрлэгч гээд аль аль талдаа боломж олгосон төлбөрийн нөхцөлүүдтэй. Төсөл бүр харилцан адилгүй. Зарим төсөлд бид 15 хувийн урьдчилгаа авч, гэрээ байгуулдаг. Энэ нь захиалагчдад боломж олгодог. Харин төсөл хэрэгжүүлэгч тал нь үлдэгдэл 85 хувь орчмын өртгийг гаргана гэдэг нь зээлийн хүү, санхүүжилт, хөрөнгө оруулалт гэх мэт олон эрсдэлийг үүрч байгаа хэрэг. Хоёрдугаарт, хүүгүй хувь лизингийн нөхцөлүүдийг санал болгодог.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төслүүддээ хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
Манай компанийн хэрэгжүүлж буй төслүүд гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулж буй төслүүд байдаг. Бидний хувьд хэрэгжүүлж буй төслүүд болон байгууллагын соёлын хувьд тогтвортой хөгжлийн 17 зорилтоос есөн зорилгыг хангаж тэнцвэртэй хэрэгжүүлдэг. Жишээлбэл, манай ямар ч барилга дээр улайсдаг чийдэн ашигладаггүй. Мөн тоноглол, материалуудаа эрчим хүч болон усны хэмнэлттэй байхаар тооцоолж сонгодог. Галын усыг хөрсний уснаас шийдэх гэх мэтчилэн шийдлүүдийг эрэлхийлж ажиллаж байна.
Нийгэмд тустай сайн үйлсэд хэр оролцдог вэ?
Манай компани энэ чиглэлээр олон ажлыг өрнүүлдэг. Гэвч тэр бүр нийтэд зарладаггүй.
Мөн шууд хандив гэхээс илүүтэй нийгмийг эрүүл болгох үйлсэд хувь нэмрээ оруулахад төвлөрдөг. Жишээлбэл, өнгөрсөн жил “Хүүхдийн төлөө барилга” нэртэй контентыг бэлтгэн хүргэсэн. Энэ жил мөн энэхүү контент үргэлжилнэ.
Таны ярианаас, хариуцсан хүмүүст нь даалгаад, удирдлагын багийнхан бүх ажилд оролцохгүй явдаг гэж ойлголоо.
Бид ажилтнуудтайгаа нэг өнцгөөр харж ойлголцохын тулд хамтдаа суралцахыг эрмэлздэг.
Манай байгууллагад бүгд л өөрийгөө хувь хүн, мэргэжилтэн талаасаа хөгжүүлж, суралцах зарчмаар ажилладаг. Монголын компаниудад нийтлэг тулгардаг бэрхшээл нь нэг хүнээс хэт хамааралтай болох гээд байдаг талтай. Бид үүнээс аль болох зайлсхийдэг.
Ажилд авахдаа тухайн хүнээс юуг нь түлхүү хардаг вэ?
Сүүлийн үед бүх л салбар хүний нөөцийн хомсдолд орчихлоо. Хаана ч сэтгэлтэй, хандлагатай хүнээр дутагдаж байна. Нөгөө талаас ажил хийе, бүтээе гэсэн хүмүүс нь итгэл алдарсан ч байдаг байх. Аль алинаасаа хамааралтай. Миний хувьд “Ажлын ард гарчихъя, Дуустал нь хийчихье” гэсэн зарчмыг урьтал болгодог хүнийг л эрж хайдаг.
Ажилтнуудаа дэмжиж урамшуулах тал дээр танай компани ямар бодлого баримталдаг вэ?
Бид ажил олгогч, ажилтан хэн хэн нь win-win зарчмаар сэтгэл ханамжтай байхыг чухалчилдаг. Зарим үед өөрсдийгөө “Цаг хугацааг товчлогч” гэж хэлж болохоор. Төрийн байгууллагад насаараа ажилласан ч өөрийн гэсэн орон сууцтай болж чадаагүй хүмүүс олон. Харин манай компанийн хувьд хувь хүний идэвх зүтгэл, хандлага, мэргэжлийн ур чадвараас хамаарч удирдлагын зүгээс нийгмийн асуудлыг нь аль болох шийдэж өгөхийг хичээдэг. Тухайн хүнийг дэмжих үүднээс тусгай нөхцөлтэй гэрээ ч байгуулдаг.
Томоохон компанийг хүн биш соёл нь удирддаг гэж үздэг. Танай компанид тогтсон хамгийн эерэг соёл юу вэ?
Дааж авсан ажлаа тухайн алба, хэлтэс өөрсдөө бүрэн хариуцаж хийдэг. Энэ бол манай компанийн хамгийн эерэг соёл. Хүн өөрийнхөө ажлыг хэн нэгнээс хамааралгүйгээр хийдэг байх нь хамгийн чухал.
Манайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй плита наадаг ажилтан гэхэд 5-7 сая төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр хүн заавал дээд боловсрол эзэмших нь чухал биш. Ямар нэгэн ажлыг маш сайн хийдэг байхад л хангалттай. Дааж авсан ажлаа бусдаас чадварлаг гүйцэтгэж сурвал, ажилд авах зах зээл нь хаана ч байсаар байна. Барилгын салбарт хүн итгэл даагаад ажиллаж чадвал үнэлгээ өндөртэй салбар.
Таны барьж ажилладаг бодлого, баримталдаг зарчим юу вэ?
Монгол Улсыг ченж буюу дамлах сэтгэхүйгээс салгахыг гол зорилгоо болгодог. Ченжийн систем бүх л салбарт аалзны шүлс шиг хэрсэн. Тухайлбал, үйлдвэрлэгчээс илүү дамжуулдаг хүн илүү ашиг олж байна. Үүнийг захаас нь халах бодлого баримталдаг. “Өндөр чанарыг бодит үнээр” гэсэн уриа үг маань ч үүнд тулгуурласан. Бараа материал худалдахдаа 100 хувийн ашиг нэмдэг бол үүнийг бид луйвар гэж үзнэ. Аливаа бизнес 20-30 хувийн цэвэр ашигтай байхад л хангалттай. Тэгэхээр бид бизнесийн энэ л зарчмыг нийгэмдээ төлөвшүүлэхийг урьтал болгож, бусдад ч мөн уриалмаар байна.
Ажлын амжилт хүсье #Гурван Бухат Группд. Тэнгэр баганадсан олон олон төсөл хэрэгжүүлээрэй