Ажил хэрэгч хувцаслалт
Японд бизнесийн бичигдээгүй хууль үйлчилдэг. Бизнес ажил хэргийн уулзалтанд заавал хар, бараан өнгийн костюм, цагаан өнгийн цамц, зангиатай байх нь нийтлэг. Япончууд бүгд энэхүү бизнесийн ёсоо нарийн баримталдаг учраас гадаадын түншүүдээсээ ийм байхыг хүсдэг. Иймээс Япончуудтай хамтран ажиллах гэж байгаа бол хувцаслалтандаа маш сайн анхаарах хэрэгтэй. Харин ажил хэргийн уулзалтанд жийнс болон энгийн хувцастай оролцвол цаашдын бизнес уулзалт ярилцлаганд саад болно. Манайхан япон бизнесмэнтэй уулзаж ажил хэрэг ярилцахаар ирэхдээ гол төлөв чөлөөт маягаар хувцасласан байх нь элбэг. Тухайн хүндээ биед эвтэйхэн байж болох ч япон хүнд бол уг бизнес уулзалтанд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа мэтээр ойлгогдох тал бий.
Цаг бол алт
Дэлхийд цагийг хамгийн их баримталдаг улсууд бол Япон, Герман хоёр юм. Тиймээс япончууд нь цагийг ягштал барьж уулзалт болон ажилдаа хоцордоггүй. Хэрэв та япон хүнтэй хаа нэгэн уулзахаар болзсон бол товлосон газраа 10-15 минутын өмнө очсон байвал зүгээр. Хэрвээ уулзалтын цагаас хоцорч ирсэн тохиолдолд хамтран ажиллах түншийнхээ итгэлийг алдаж эхэлж байна гэсэн үг. Япон хүмүүс бол нэг минут хоцрохыг ч хүлээн зөвшөөрдөггүй учраас цагийг ягштал барьж сурах хэрэгтэй!
Нэрийн хуудас
Нэрийн хуудасны соёл нь Японд хамгийн их тархсан байдаг. Япончууд нь нэрийн хуудсыг “самурайн сэлэм”-тэй адилтгаж үздэг. Тиймээс нэрийн хуудасгүй хүнийг сэлэмгүй дайчинтай адилтгаж үздэг. Мөн нэрийн хуудсаа алдаа мадаггүй бичсэн байх шаардлагатай. Нэрийн хуудас нь таныг төлөөлж байна гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Нэрийн хуудсаа заавал нэрийн хуудасны саванд хийж энгэртээ эсвэл костюмны хажуу халаасанд авч явдаг байх хэрэгтэй.
Харин бизнес түншийнхээ өмнө өмднийхөө арын хэтэвчнээс нэрийн хуудсаа гаргаж ирвэл таныг өөртөө хэр хариуцлагагүй гэдгийг харах болно. Ялангуяа Монголын бизнесмэнүүд нэрийн хуудсанд нэг их ач холбогдол өгдөггүй. Зарим монгол бизнесмэн мөнгөний түрийвчнээсээ нэрийн хуудсаа хайж байхатай цөөнгүй таарч байлаа.
Энэ нь монгол бизнесмэнүүдийн нийтлэг дутагдал юм шиг санагддаг. Ямар нэгэн хурал, уулзалтанд очихдоо нэрийн хуудасгүй байх нь нийтлэг харагддаг. Нэрийн хуудсаа мартсан эсвэл хэвлэлтээс гараагүй гэх мэтийн шалтаг тоочих нь олонтаа. Япон хүмүүс нэрийн хуудсаар дамжуулж буцаж холбогдож ажил хэргийн яриа хийдэг. Тийм учраас япончуудтай ажил хэргээр холбогдохыг хүсэж байгаа бол заавал нэрийн хуудастай байх хэрэгтэй. Нэрийн хуудсаа англи болон монгол хэл дээр хийсэн байх нь зүйтэй.
Эх сурвалж: japanguide.mn
9905-7125, 9110-6861, 8010-3508
contact@japanguide.mn