Зээл авах улам хэцүү болж, энэ нь жижиг бизнесүүдэд хүнд цохилт болохоос гадна эдийн засгийн сэргэх боломжид аюул учруулна.
****
АНУ-ын эдийн засгийн сэргэлт нь айсуй уналтын таамгийг няцааж, нийлүүлэлтийн сүлжээний гацаа, ажиллах хүчний хомсдол, олон улсын хямрал болон сүүлийн 10 жилийн бодлогын хүүний хамгийн хурдтай өсөлтийг тэсвэрлэсээр ирэв.
Тэрхүү тэсвэр хатуужил өдгөө шинэ шалгууртай нүүр тулсан нь банкны салбарын хямрал юм. Газрын тосны үнэ унаж, хөрөнгө оруулагчид мөнгөө АНУ-ын Засгийн газрын өр болон найдвартай гэж үзсэн бусад хөрөнгөд оруулж эхэлснээр эл хямрал нь сүүлийн долоо хоногт бүрэн хэмжээний санхүүгийн сүйрэл болох мэт санагдаж байв.
Вашингтон, Уолл Стритийн лидерүүд уг хямралыг торгоон барихыг хичээж байх зуур зах зээл тогтворгүй хэвээрээ, хөрөнгийн захын сүүлийн долоо хоногийн хамгийн час өдөр нь өнгөрсөн баасан гараг болов.
Тэдний хүчин чармайлт үр дүнгээ өгсөн ч гэсэн (өмнөх хямралуудыг туулсан хашир бурхинууд үүнд эргэлзэж буй) банкууд зээл олголтоо бууруулж, үүний улмаас компаниуд мөнгө зээлэх боломжгүй болж эхлэх учир энэ удаагийн банкны бэрхшээл нь хөрөнгө оруулалт, ажлын байранд яахын аргагүй нөлөө үзүүлнэ гэж олон эдийн засагч үзэж байна. Эл бужигнаан эдийн засгийн удаашралыг улам бодитой болголоо гэж үзэх таамаглагчид ч бий.
Wells Fargo-ийн ерөнхий эдийн засагч Жэй Брайсон “Бүх зүйл хэвийн болсны дараа ч гэсэн үүнээс үүдэлтэй эдийн засгийн хор хохирол нь бодитой бөгөөд удаан хугацааных байна. Өнгөрсөн долоо хоногт болсон зүйлийг дүгнэж үзээд удаашрал үүсэх эрсдэлийн хувиа би лав нэмэгдүүлнэ” гэж өгүүлэв.
Инфляцыг дарахын тулд эдийн засгийг аажмаар удаашруулахыг хичээсээр буй Холбооны нөөцийн банканд тулгараад буй амаргүй сорилтыг эл хямрал бүр адармаатай болгож орхив. Энэ бол хамгийн наад захын сөрөг нөлөө. Инфляцыг бууруулах зорилт урьд өмнөх шиг нэн яаралтай чухал хэвээр байна. Өнгөрсөн мягмар гарагийн Засгийн газрын тоон мэдээллээс үзвэл хоёрдугаар сард үнэ хурдацтай өссөн хэвээр байв. Гэтэл инфляцтай тэмцэж буй Холбооны нөөцийн банкны хүчин чармайлт нь санхүүгийн системийг тогтворгүй болгож магадгүй боллоо. Улмаар эл эрсдэлтэй бодлого боловсруулагчид зууралдах ёстой болов.
Тэдэнд сонголтынхоо талаар удаан бодох боломж алга. Холбооны нөөцийн банкны албан тушаалтнууд мягмар, лхагва гарагт ээлжит төлөвлөсөн уулзалтаа хийж, ер бусын тодорхойгүй энэ цаг үед ямар шийдвэр гаргах ёстой талаар ярилцана. Тус банк бодлогын хүүг өсгөх кампанит ажлаа улам шуурхайлна гэж 10 хоногийн өмнө хөрөнгө оруулагчид төсөөлж байлаа. Харин одоо бодлогын хүүг өөрчлөхгүй байх шийдвэр гаргаснаар тус уулзалт дуусна гэж уг банкийг ажиглаж буй олон хүн үзэж байна.
Бодлогын хүүг хурдтай өсгөх нь санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулдаг гэх үзэл нь шинэ биш юм. Зээл авах маш бага зардалд дассан зах зээл дээр ноцтой цочрол, тасалдал үүсгэлгүйгээр Холбооны нөөцийн банк бодлогын хүүг ийм ихээр, ийм хурдан өсгөсөн нь хачирхалттай гэдгийг сүүлийн саруудад эдийн засагчид онцолсоор буй.
Харин хаана эхний цууралт гарах вэ гэдгийг зөв таамагласан хүн бараг байсангүй.Учир нь АНУ-ын жижиг болон дунд хэмжээний банкууд нь онол ёсоор бол дэлхийн санхүүгийн систем дэх хамгийн хатуу хяналт, чанга дүрэм журмын хүрээнд ажилладаг эд, эсийн нэг билээ.
“Асуудал хаана үүссэн нь намайг гайхашруулж буй ч асуудал байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж Харвардын профессор, санхүүгийн хямралыг судлагч шилдэг эрдэмтдийн нэг Кеннет Рогофф нэгэн ярилцлагадаа өгүүлсэн. Бодлогын өндөр хүү бүхий цаг үед дасан зохицох гэж Засгийн газрууд, компаниуд зүдэрч байхад буюу нэгдүгээр сард тэрбээр нэгэн нийтлэлдээ “санхүүгийн дөтлөн буй уршиг”-ийн тухай анхааруулж байв.
АНУ-ын моргэйжийн зах зээлийн сүйрэл нь маш хурднаар дэлхийн санхүүгийн системийг бүхэлд нь залгих дөхсөн 2008 оных шиг хямрал энэ удаа давтагдахгүй гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн. Улс орнуудын банкуудын актив нэмэгдсэн, тэр үеэс хойш илүү сайн зохицуулалттай болсон, эдийн засаг ч илүү хүчирхэг болжээ.
“Санхүүгийн системийн хямрал үүсэхийн тулд ихэнхдээ нэгээс олон гай дайрах учиртай. Бодлогын өндөр хүүг нэг гай гэж үзэх юм бол өөр бас нэг гай байх ёстой гэсэн үг” гэж К.Рогофф нэмж хэлсэн.
Дампуурал нь хамгийн сүүлийн хямралыг эхлүүлсэн Калифорни мужийн дундаж хэмжээтэй банк болох Silicon Valley Bank-ны асуудал ийм удаан хугацаанд анзаарагдалгүй явж ирсэн нь аюултай гэдгийг олон шинжээч анхааруулав.
Тиймээс үл хөдлөх хөрөнгө, хувийн хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн ертөнцийн харьцангуй бага зохицуулалттай өнцөг буланд өөр ямар аюул занал бүрэлдэж байж магадгүй вэ гэсэн асуулт урган гарч ирж байна.
“Хэрэв бид энэ аюулыг олж хараагүй юм бол өөр бусад, илүү сүүдэртэй хэсэгт юу болж байж болох вэ?” гэж Чикагогийн их сургуулийн эдийн засагч, санхүүгийн хямралыг судалдаг Анил Кашяап лавлав.
Эл хямрал зөвхөн АНУ-аар тогтохгүй байж магадгүй гэсэн шинж тэмдэг илрээд байна. Санхүүгийн нөхцөл байдалд нь санаа зовсон хөрөнгө оруулагчид хувьцааг нь зарж эхэлсний улмаас Credit Suisse банк Швейцарын үндэсний банкнаас 54 тэрбум ам.доллар зээлнэ гэдгээ өнгөрсөн пүрэв гарагт зарласан. 166 жилийн түүхтэй тус байгууллага олон удаагийн дараалсан дуулианд холбогдож, буруу шийдвэр гаргасаар ирсэн. Тэдний асуудал нь Silicon Valley Bank болон АНУ-ын бусад банктай шууд холбоотой биш. Гэхдээ системийн илүү өргөн хүрээний тогтвортой байдалд хөрөнгө оруулагчид улам бүр санаа зовж буйн дохио нь тус банкны асуудалд зах зээл ямар хүчтэй нөлөө үзүүлснээс харагдаж байна.
Эдийн засаг сэргэж буй дохио ажиглагдаж эхэлсэн (ядахнаа АНУ-д) яг энэ цаг мөчид санхүүгийн ертөнц ийн дуулианд автав. 2022 оны сүүлчээр буурсан хэрэглэгчийн зарцуулалт энэ оны эхээр сэргэсэн. Моргэйжийн хүү өссөний улмаас 2022 онд буурсан орон сууцны зах зээл тогтворжиж буй шинж тэмдэг ажиглагдаж байна. Технологийн том компаниуд ажилтнуудаа олноор халж буй ч ажлын байрны өсөлт сайн хэвээр, сүүлийн саруудад харин ч хурдтай өсөв. Энэ сарын эхээр маш олон тоймч эдийн засгийн өсөлтийн хувь нэмэгдэнэ, энэ жилд эдийн засаг удаашрахгүй гэж таамаглаж байлаа.
Харин одоо тэдний ихэнх нь таамгаа өөрчилж эхлэв. Wells Fargo-ийн Ж.Брайсоны хувьд саяхны банкны асуудлын дараа энэ жил удаашрал болох боломжийг 65 хувь болгож өсгөснөө хэлсэн. Тэрбээр өмнө нь 55 хувь гэж үзэж байсан юм. Сүүлийн саруудад Уолл Стритийн хамгийн өөдрөг таамаглагчид байсан Goldman Sachs банк хүртэл уг хямрал болон түүнээс үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас удаашрал болох магадлалын таамгаа өнгөрсөн долоо хоногт 10-аас 35 хувь болгож өсгөв.
Тус хямралын хамгийн илт мэдэгдэм нөлөө нь зээл олголт дээр ажиглагдах бололтой.
Жижиг, дунд банкууд санхүүгийн байдлаа сайжруулах, зохицуулагч нарын илүү өндөр шаардлага, шалгалтын хариу болгож зээлийн шалгуураа чангаруулж, цөөн зээл гаргах магадлалтай. Энэ нь өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд зээл авдаг барилгын компани, үйлдвэрлэгчид, бусад бизнесүүдэд цохилт болно.
Банкны системийн эрүүл мэнд болон зээлийн чанарыг Засгийн газар илүү өргөн хүрээнд “маш хянамгай ажиглаж” буй гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн. “Хэрэв банкууд амаргүй байдалд орвол тэд зээл олгохоос татгалзаж эхлэх нь бидний санааг зовоож буй хамгийн гол зүйл юм” гэж тэрбээр Сенатын санхүүгийн хорооны гишүүдэд мэдээлэл өгөхдөө хэлсэн. “Энэ нь эдийн засгийн томоохон эрсдэлийн эх үүсвэр болж хувирч магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн билээ.
Зээл ховордох нь санхүүжилтийн бусад эх үүсвэрийг ашиглах боломжгүй, мөн тухайн салбар, хотоо мэддэг банкируудтай үүсгэсэн харилцаандаа ихээхэн найддаг жижиг бизнесүүдэд хамгийн том сорилт болох төлөвтэй. Зарим нь магадгүй том банкнаас зээл авч болох ч үүнийхээ төлөө илүү өндөр зардал гаргах магадлалтай. Гэхдээ ихэнх компани зээл авч огт чадахгүй байх боломжтой учраас ажилтан, хөрөнгө оруулалт, зарцуулалтаа танах болов уу.
“Эдгээр жижиг, дунд банкуудыг санхүүжилтийн өөр эх үүсвэрээр орлуулах хэцүү. Энэ нь өсөлтөд сөргөөр нөлөөлнө” гэж J.P.Morgan-ы АНУ дахь ерөнхий эдийн засагч Майкл Фероли хэлсэн.
Бодлогын хүүг өсгөх замаар эдийн засгийн сул өсөлтөд хүргэх нь чухам Холбооны нөөцийн банкны хүрэхээр хичээж буй зорилт билээ. Зээлийн олдоц муудах нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг хангах нэг чухал сувгийн нэг гэж үздэг. Хэрэв зээл авах нь илүү өндөр өртөгтэй болсон эсвэл эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовсны улмаас компани, хэрэглэгчид үйл ажиллагаагаа хумивал энэ нь инфляцыг хяналтдаа авахыг хүсэж буй Холбооны нөөцийн банканд онолын хувьд тус болох нь гарцаагүй.
Гэхдээ бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг хязгаарлах замаар эдийн засгийг хяналтдаа авахыг бодлого боловсруулагчид хичээж байна хэмээн сүүлийн жилүүдийн банкны асуудлыг судалж буй Нью-йоркийн их сургуулийн эдийн засагч Филипп Шнабль өгүүлэв. Үүний эсрэгээр санхүүгийн салбарын хямрал нь зээл гэнэт огт олдохгүй болоход хүргэх юм. Банкны зээл ийн ховордох нь эдийн засаг дахь нийт нийлүүлэлтэд нөлөөлөх бөгөөд Холбооны нөөцийн банкны бодлогоор уг асуудлыг шийдэх боломжгүй билээ.
“Дундаж эрэлтийг бууруулахын тулд бодлогын хүүг өсгөсөөр ирлээ. Хэрэв зээлийн ийм хямрал үүсэх юм бол тэр нь санхүүгийн тогтвортой байдалд санаа зовсноос шалтгаалах нь тодорхой” гэж Ф.Шнабль нэмж хэлэв.
Гэхдээ л АНУ-ын эдийн засаг эл шинэ цохилтыг давж гарч чадах хэмжээний хүч чадлаа хадгалсаар байна. Өрхүүдийн хадгаламж хангалттай их, орлого нь нэмэгдсээр буй. Олон жилийн турш өндөр ашигтай явж ирсэн компаниудын өр харьцангуй бага. Хэдий хэмжээгээр жижиг банкууд нь амаргүй байдалд байгаа ч АНУ-ын том банкууд 2008 онтой харьцуулбал санхүүгийн хамаагүй хүчирхэг, бат эх суурин дээр зогсож байна.
“Уг хямралын бодит эдийн засагт үзүүлэх нь нөлөөлөл нь тун хязгаарлагдмал гэж би найдах бус харин бүрэн итгэлтэй байна. Энэ явдал яагаад аймар гэдэг талаар би тун сонирхолтой түүх хэлж чадах ч ОК болно гэдэгт нь итгэж байна” гэж Peterson Institute for International Economics-ийн ерөнхийлөгч Адам Позен хэлэв.
Бэн Касселмэн. The New York Times