Эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх, тэдний арга туршлагаас хуваалцах, үйл ажиллагааг нь олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулдаг Lady Entrepreneur ёслолын арга хэмжээ энэ жил “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд өрнөж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаа 1998 оноос хойш хоёр жил тутам тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд орон нутаг болон бизнесийн салбар бүрийн төлөөлөл 200 гаруй эмэгтэй оролцож, МҮХАҮТ –ын Их танхимд чуулав.
Lady Entrepreneur арга хэмжээг МҮХАҮТ, Бизнес академи, Азийн сан, Бизнесийн ёс зүйн төв, Рио Тинто хамтран зохион байгуулахдаа “Ёс зүйтэй манлайлал”, “Асралын эдийн засаг (Care economy)” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хүчирхэг дуу хоолой”, “Зоригтой манлайлал”, “Нетворкингд өөрийгөө амжилттай хоногшуулах нь” зэрэг сэдвээр товч тодорхой, өгөөжтэй илтгэл тавьж хуран цугласан бүсгүйчүүдэд урам зориг хайрласан юм.
Монгол Улсад бүртгэлтэй 147 мянга гаруй аж ахуйн нэгжээс 37 хувь буюу 54 мянга нь, Топ-100 аж ахуйн нэгжийн 24 нь, ЖДҮ-ийн хувьд 68 хувь нь тус тус эмэгтэй удирдлагатай гэсэн судалгааг арга хэмжээний үеэр танилцуулж, дийлэнх эмэгтэйчүүд боловсруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, тээвэр логистик, боловсрол зэрэг салбарт манлайлан ажиллаж байгааг дурдаж байв.
Мөн The Global Entrepreneurship Monitor консерциумаас танилцуулсан судалгаанд дэлхийн гурван бизнес эрхлэгч тутмын нэг нь эмэгтэй бөгөөд бага орлоготой цөөнгүй улс оронд хууль, эрх зүйн таатай орчин бүрдээгүйн улмаас тэдний бизнес эрхлэлтийн идэвх эрэгтэйчүүдийнхээс харьцангуй сул байдаг талаарх судалгааг МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээг нээн үг хэлэхдээ онцолсон билээ. Энэ утгаараа МҮХАҮТ эмэгтэй бизнес эрхлэгчид, манлайлагчдыг нэгтгэх, хамтын ажиллагааг бий болгож, сүлжээ үүсгэх, чадавхжуулах ажлыг цаашид ч өргөн хүрээнд хийхээр төлөвлөж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм.
Уг төлөвлөгөөний нэг хэсэг нь Олон улсын худалдааны төв (ITC) -ийн SheTrades Hub байх болно гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Шинэ эриний эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт илтгэлийнхээ үеэр тодотгож байв. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулахаас гадна тэдэнд хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж өгөх, гадаад, дотоодын байгууллагуудыг холбох, сүлжээ үүсгэх зорилготой энэхүү платформ Монголд байгуулагдсанаар дэлхийд 14, Азид тав дахь төв болох юм. Өдгөө SheTrades Hub 38 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй. Харин “Рио Тинто” ХХК -ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бизнесээ ёс зүйтэй эрхэлснээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хөрөнгө оруулалт татах, өргөжин тэлэх зэрэг олон алхмыг нээж өгдөг” гэдгийг “Ёс зүйтэй манлайлал” илтгэлийнхээ үеэр онцолсон юм.