– Business.MN сэтгүүлийн 2023 оны 02 сарын дугаар (№51) -т хэвлэгдсэн нийтлэл –
Harvard ManageMentor® нь удирдагчдад зайлшгүй шаардлагатай, гүйцэтгэлд суурилсан манлайллын гол ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн, дэлхийд тэргүүлэгч Харвардын Бизнесийн сургуулийн шилдэг, чанартай контентыг суралцагчдыг идэвхжүүлэхүйц сэдэв, видео болон ажилдаа шууд хэрэгжүүлж болохуйц арга хэрэгслээр дамжуулан манлайллын чадамжийг хөгжүүлэх шалгарсан хөтөлбөр юм.
Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, мөн батлагдсан практикт суурилсан Harvard ManageMentor хөтөлбөрийн гол зорилго суралцагчдаа ирээдүйн шилдэг удирдагч болоход чиглүүлэх юм. Уг хөтөлбөр “Өөрийгөө удирдах”, “Бусдыг удирдах”, “Бизнесээ удирдах” гэсэн үндсэн гурван бүлгийн нийт 42 модуль сургалтаас бүрддэг бөгөөд Business.MN сэтгүүл та бүхэнд хөтөлбөрийн зарим агуулгаас онцлон цувралаар хүргэж байна.
1. Өөрчлөлтөд таны гүйцэтгэх үүрэг
Өөрчлөлтийн тухай хамгийн энгийн тодорхойлолт бол “өөрөөр хийх эсвэл өөр болох” юм.
- Та үйл явцыг сайжруулах, эсвэл шинэ санаачилга хэрэгжүүлэхдээ өөрийн багийг удирдах замаар эдгээрийг өөрөөр хийдэг.
- Гэхдээ эдгээр даалгаврыг сайн биелүүлэхийн тулд та өөрөө багийн гишүүдийнхээ хамтаар өөр байх хэрэгтэй. Хэрэв та урьдын адил сэтгэлгээгээр хандаж, хуучинсаг байвал өөр үр дүн хүлээх боломжгүй юм.
Дээрх хоёр тохиолдолд та шинэ дадалтай болох бөгөөд цаашдын зорилгод тань хэрэг болохгүй бүхнийг орхих хэрэгтэй.
Өөрчлөлтийг хүмүүс янз бүрээр хүлээн авдаг. Багийн гишүүдийн зарим нь баяр хөөртэйгөөр хүлээн авч байхад нөгөө хэсэг нь айдастай хариу үйлдэл үзүүлж магадгүй. Та багийн гишүүдээ өөрчлөлтөд хувь нэмрээ бүрэн оруулах нөхцөлөөр хэрхэн хангах вэ? Юуны түрүүнд хэрэглэгчийн шаардлага, сайжруулах талбаруудыг өөрчлөх талаар ойлгож мэдэхэд багийн гишүүд тун чухал эх сурвалж болдгийг тэдэнд хэлэх хэрэгтэй.
Багийн гишүүд өөрчлөлтөөс эрч хүч авна, эсвэл өөрчлөлтийг төвөг болно гэж үзэж буйгаас үл хамааран өөрчлөлтийн үр дүнд бий болох боломжуудыг олж харахад нь туслаарай. Харин дараа нь тэдэнд өөрчлөлтийг эхлүүлэх урам зориг өгөөрэй.
2. ‘Тасралтгүй’ өөрчлөлтийг жолоодох
Өөрчлөлт гэдэг баяр хөөрөөс эхлээд айдас хүртэлх төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Тиймээс өөрчлөлтөөс үүдэн өөрт төрж буй мэдрэмжийг удирдах, мөн бэрхшээлээс хурдан гарах ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.
Аливаа өөрчлөлтийн үед үүсэх зөрчилтэй мэдрэмжүүд таны стрессийн түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ санал, санаачилгыг эсэргүүцэхэд хүргэж болно. Хэрэв та сэтгэл хөдлөлөө үл тоомсорлох хандлагатай хүн бол яагаад гэдгээ ч мэдэлгүйгээр оюун санаа, бие бялдар, сэтгэл санааны хувьд ядарч туйлдаж магадгүй юм.
ЗӨВЛӨМЖ: Судлаачид сэтгэл хөдлөлийнхөө тухай тэмдэглэл хөтөлдөг хүмүүс өөрийн мэдрэмжийг илүү ойлгодог болохын зэрэгцээ ажилтай холбоотой саад бэрхшээлийг илүү үр өгөөжтэй шийддэг чаддагийг тогтоожээ.
Өөрчлөлтийн үед танд төрж болзошгүй аливаа зөрчилтэй мэдрэмжийг зохицуулах хамгийн сайн арга юу вэ? Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө ойлгож, мэдрэхээс эхэлнэ.
Өөрчлөгдөх тодорхой санаачилгын тухайд танд ямар мэдрэмж төрж буйг ойлгож, дүгнэлт хийх нь сайн алхам болно. Гэхдээ байнга шахам бужигнан өөрчлөгдөж байдаг уур амьсгал дунд үр бүтээлтэй ажиллахын тулд та даван туулах чадвараа сайжруулахыг хүсэж мэднэ. Багахан таагүй явдал, эсвэл томоохон саад бэрхшээлтэй тулгарсан эсэхээс үл хамааран даван туулах чадвараа сайжруулах нь танд дараах байдлаар тусална:
- Үр бүтээмжгүй хариу үйлдлээ зогсоох
- Сөрөг чанарыг бүтээлч сэтгэлгээгээр солих
- Сорилт бэрхшээлийг үл харгалзан урагшлах
Өөрчлөлт нь зөвхөн шинэ зүйлийн тухай биш юм. Эсрэгээрээ хэрэггүй дадал, хэвшмэл байдал, итгэл үнэмшлээ орхих тухай ч байж болно.
3. Өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд багтаа урам зориг өг
Удирдагчийн хувьд багийн гишүүддээ шаардлагатай байгаа өөрчлөлтийг тодорхойлж, эхлүүлэх боломжийг бий болгох нь таны үүрэг. Тэгвэл хэрхэн эхлүүлэх вэ? Багийн гишүүн тус бүрээ үнэ цэнтэй гэдгийг нь мэдрүүлэхээс энэ бүхэн эхэлнэ. Хамгийн боломжит өөрчлөлтийг санал болгохын зэрэгцээ туршиж үзэхэд багийн гишүүдээ бүгдийг урьж оролцуул. Хэрэв багийн гишүүд шинэ зүйл туршиж үзэхдээ итгэлтэй байвал оролцоо, бүтээмж, бүтээлч чадвар нь дээшилдэг. Аливаа алдааг суралцах боломж гэж үздэг багуудын хувьд асуудлыг эрэлхийлэх нь аюул биш харин эрч хүчийг өгдөг. Харвардын Бизнесийн сургуулийн профессор Эми Эдмондсон эерэг өөрчлөлтийг дэмжих орчныг бүрдүүлэх дөрвөн аргыг хуваалцаж байна (Хүснэгт -1).
4. Өөрчлөлтийн санаачилгыг удирдах
Удирдагч таны үүрэг бол өөрчлөгдөх нөхцөл, боломжийг бүрдүүлж, энэ бүхэн багт тань хэрхэн нөлөөлж болохыг тэдэнд урьдчилан мэдэгдэх явдал юм.
Дараах төрлийн хүмүүс өөрчлөлтөд хамгийн эерэгээр нөлөөлдөг:
- Өөрчлөлтийн зорилгыг ойлгож дэмждэг
- Аливаа зүйлийг олон талаас нь хардаг, арвин туршлагатай
- Хүчтэй манлайлах ур чадвартай
- Том зорилгын төлөө өөрийн хувийн ашиг сонирхлыг хойш тавьж чаддаг
Таны зорьж буй өөрчлөлтөд нөлөөлж чадахуйц хүмүүсийг олж тогтоосны дараа өөрчлөгдөх үйл явц эхлэхэд тэднийг аль болох дэмжээрэй.
Өөрчлөгдөх үйл явц үргэлж төлөвлөгөөний дагуу өрнөхгүй. Хүний нөөцийн өөрчлөлт, ажлын шинэ процесс болон саатал зэрэг гэнэтийн зүйлийг тооцож, уян хатан байхаар хийх хэрэгтэй.
Өөрчлөлтийг үр дүнд хүргэхийн тулд урт удаан хугацаа шаардлагатай. Тиймээс өөрчлөлтөд дасан зохицоход нь хүмүүст туслахын тулд чухал үйл явдлуудыг тэмдэглэх хэрэгтэй:
- Тэдний шаргуу хөдөлмөрийг сайтар ойлгож, мэдрэх
- Өөрчлөлтийн эрч хүчийг хадгалах
- Өөрчлөлтийн тухайд үүсэж буй эргэлзээг багасгах
5. Өөрчлөлтөд тулгарч буй эрсдэлүүдийг шийдэх
Өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийн цар хүрээ, энэ бүхэн яагаад тохиолддог болохыг ойлговол та урьдчилан сэргийлж, нөхцөл байдлыг давуу тал болгон хувиргаж болно.
Багийн гишүүд тань өөрчлөлтийг сөрж тэмцэхэд хүргэж буй шалтгаан юу вэ? Тулгарч буй асуудлаа даван туулахад нь туслахын тулд юу хийж болох вэ? (Хүснэгт -2)
Хэрэв танай багийн хүмүүс хэт их ачаалалтай ажиллах эрсдэл үүсэж байгаа бол тэдний одоогийн ажил үүргийг жинлэж үзээрэй. Ямар ажил нэмж даалгах, эсвэл ачааллыг нь бууруулах эсэхийг шийдэх хэрэгтэй. Таны хийж болох бусад алхам:
- Түр зуурын тусламж авах
- Зарим ажил үүргийг дахин хуваарилах
- Тодорхой алхмуудыг хойшлуулах
- Санаачилгын түвшинг бууруулах
- Багийнхныхаа хариу үйлдлийг ойлгож, шийдвэрлэх замаар тэдэнд өөрчлөлтийг хүлээн авахад нь туслах
- Эсэргүүцэл үзүүлэх магадлалтай хүмүүсийг урьдчилан тооцож, өөрчлөлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад татан оролцуулах байдлаар шийдлийн нэг хэсэг болгох
- Өгөөж, үр дүн бий болгодоггүй ажил үүргүүдийг үнэлж, санаачилгыг удирдагдахуйц байдлаар хуваарилан өөрчлөгдөх явц дахь ачааллыг бууруулах
- Сайжруулах зорилго, тухайн зорилгод хүрэхэд саад болох магадлалтай хандлагыг таньж тогтооход багийн гишүүдээ дэмжиж ажиллах.
Harvard ManageMentor хөтөлбөрийн агуулгаас Business Academy -тай хамтран бэлтгэв.