Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай, ХААН Банкнаас олгодог ногоон зээлийг “Go.to market” төсөл хэрхэн авсан тухай Мастер Түншлэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяатай ярилцлаа.
Та бүхний хэрэгжүүлж буй “Go.to market” төслийн үндсэн концепц юу вэ?
“Go.to market” төсөл нь худалдаа үйлчилгээний салбарын 450 орчим бизнесийг нэг дор төвлөрүүлсэн цогцолбор. Уламжлалт зах шиг хямд үнэ, өргөн сонголт, бизнесийн чөлөөт системтэй боловч үйлчилгээний хувьд илүү шинэлэг, тав тухыг хангасан, нэгдсэн зохион байгуулалт, нэгдсэн менежменттэй. Тийм учраас “шинэ үеийн зах” гэж тодорхойлж байгаа. Үйлчлүүлэгчийн хувьд нэг дороос бүх үйлчилгээгээ авах боломжтой, гол онцлог нь тэдний гэр бүлээрээ цуглах, найз нөхөдтэйгөө уулзах, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болж, шинэ үеийн амьдралын хэв маягт нийцсэн байхаар төлөвлөсөн.
“Go.to market” нь Мастер группийн хэрэгжүүлж байгаа тав дахь төсөл. Бид мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран хоёр жил гаруй хугацаанд 27 төрлийн багц судалгаа хийсний үндсэн дээр энэ төслийнхөө концепцийг боловсруулсан. Барилгын шийдэл, детал бүр дээр олон талын судалгаа хийж, олон улсын чиг хандлагыг тусгасан. Ингэснээр хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг цогцоор нь хангасан, зах зээл дээр өөрийн ялгарал давуу талыг бий болгосон, бизнес эрхлэгчдэд өндөр ашиг өгөх эрэлт хэрэгцээ өндөртэй, концепцийн хувьд анхдагч төсөл болж байна.
“Go.to market” төсөл байршлын хувьд ямар онцлогтой вэ?
Байршлын хувьд маш онцгой байршлыг сонгосон. Хотын төв цэгээс хойшоо 1.6 км зайтай, СБД-ийн 11 дүгээр хорооны долдугаар хороололд төсөл хэрэгжиж байна. Энэ бүс нь эрчимтэй барилгажиж, хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж буй шинэ бүтээн байгуулалтын бүс боловч айл өрхүүдийн хэрэгцээг цогцоор нь хангах томоохон худалдаа үйлчилгээний төв байхгүй учир маш их эрэлт үүсэж байгаа нь судалгаагаар гарсан. Тиймээс бид зах зээлийн тэлэлт, эрэлт нийлүүлэлтийн зөрүүнд үндэслэж хотын төвийн хөгжлийг хойд бүс рүү тэлэх зорилготойгоор энэ байршлыг сонгосон. Төсөл хэрэгжсэнээр тус байршлын үнэ цэнийг нэмэгдүүлэх байгууламж болж тэр хавийн хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг өөрчлөх бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна. Одоо барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эрчимтэй явагдаж байгаагаас гадна борлуулалт болон түрээсийн дүүргэлт эхэлсэн.
Ногоон бизнес бол ирээдүйн бизнес. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ манай улсад өссөөр байгаа нь Монголын бизнес эрхлэгчдийн хувьд урт хугацааны төслүүдэд, өртөг багатай санхүүжилт татах том боломж юм.
ХААН Банкнаас хэрэгжүүлж буй ногоон зээлд хамрагдсанаар танай төсөлд ямар боломж нээгдсэн бэ?
НҮБ-ын гишүүн орнууд 2015 онд дэлхийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг Тогтвортой хөгжил хэмээн тодорхойлж, улмаар нэгдсэн зорилтуудаа батлан хамтран хэрэгжүүлэх амлалтыг өгсөн байдаг. Тогтвортой хөгжил нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван том чиглэлийг хамарсан, хоорондоо нягт хамаарал бүхий зорилт, үзүүлэлтүүдээс бүрдэх ойлголт. Бид нэг л экосистемд амьдарч байгаа учраас энэхүү зорилтуудыг биелүүлэхийн тулд улс үндэстэн, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Иймээс ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бизнес, төслийг дэмжих чиг хандлагад шилжсэн.
Бид шинэ төслийнхөө санхүүжилтийн хүсэлтийг ХААН Банкинд анх тавихад танай төсөл ЕСБХБ-ны хөрөнгө оруулалттай ногоон зээлд хамрагдах боломжтой харагдаж байна, уг зээлийн шаардлагыг хангах эсэхийг шалгая гэсэн. Ингээд ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт бүхий ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрт хамрагдаж чадсанаар бидэнд илүү өргөн боломж нээгдсэн. Үүнээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн ногоон зээл авснаараа бид төслийн санхүүжилтийн зардлаа ч бууруулж чадлаа.
ХААН Банкны ногоон зээлийн хөтөлбөрт хамрагдах процессын хувьд тийм ч хүндрэлтэй биш, дотоодын болон олон улсын мэргэжлийн инженерүүдийн баг манай төслийн төсөв, тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн эсэхийг шалгаж үнэлгээ, дүгнэлт өгсөн. Мөн манай компанийн засаглал, менежмент, төслийн концепц, ирээдүйн өсөлтийг ч судалсан.
Үүнээс гадна санхүүжилтийн гол шалгуур болох барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдал, усны хэрэглээг 20% ба түүнээс дээш хувиар бууруулж чадаж байгаа эсэхэд банк болон мэргэжлийн экспертүүд хяналт тавин ажилласан. Бидний хувьд ногоон барилга бол өндөр өртгөөр босдог ч хэмнэлт багатай, удаан хугацаанд зардлаа нөхнө гэх ташаа ойлголттой байсан. Харин энэ хөтөлбөрийг судалж үзсэнээр барилгын дулааны алдагдал, усны хэрэглээг бууруулах, эрчим хүч хэмнэх материал болон технологийн сонголтыг зөв, оновчтой хийж чадвал ногоон зээлд хамрагдах бүрэн боломжтой юм байна гэдгийг ойлгож, хэрэгжүүлж үзэхээр шийдсэн.
“Go.to market” нь шинэ үеийн амьдралын хэв маягт нийцсэн цогц үйлчилгээтэй зах
“Go.to market” төслийг хэрэгжүүлснээр ямар эерэг үр нөлөөг нийгэмд үзүүлнэ гэж үзэж байгаа вэ?
Мастер группийн хувьд эрхэм зорилгоо “Бид хүмүүст болон эх дэлхийдээ ээлтэй, ёс зүйтэй бизнесийг тогтвортой хөгжүүлнэ” хэмээн тодорхойлсон. Энэ үзэл санаагаа байгууллагынхаа менежмент, дотоод соёл, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, бизнесийн төслүүддээ шингээж ажилладаг.
“Go.to market”-ийг бид урт хугацааны төсөл гэж харж байгаа. Эхний ээлжинд хэрэгжүүлэх энэ төслөөс гадна өөр байршлуудад ч хэрэгжүүлнэ. Тийм учраас эхнээсээ зөв төлөвлөлттэй, ирээдүйн чиг хандлагад нийцсэн, тогтвортой хөгжлийн шаардлагыг хангасан байх ёстой гэж үзсэн. Ялангуяа худалдаа, үйлчилгээний төсөл нь олон нийтэд зориулсан байгууламж учраас хүн ба хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцаа үүсгэх нь чухал. Бидний төлөвлөснөөр “Go.to market”-аар өдөрт дунджаар 14 000 хүн үйлчлүүлэхээс гадна 600 гаруй хүний ажлын байр болно. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийн байнгын эргэлт үүсэхтэй зэрэгцэн хог хаягдал их гарахаас гадна ус, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь тодорхой. Энэ бүхнийг бид хамгийн зөвөөр шийдэх ёстой гэж үзээд, яаж хэмнэх, яаж дахин ашиглах, аль хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой гэдгийг судалсан. Ингээд саарал усны хэрэглээг авто угаалга зэрэг үйлчилгээнд нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй материал, технологиудыг сонгон хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдэхийг зорьж байна.
ХААН Банктай өмнө нь хамтран хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийн талаар сонирхуулбал?
Мастер групп ХААН Банктай урт хугацааны хамтын ажиллагаатай. Бид өмнө нь Pro One, Хоймор, UB Tower, UB Tower Plus гэсэн оффисийн төслүүд дээр хамтарсан. ХААН Банк шиг санхүүгийн томоохон, тогтвортой түнштэй байх нь бидэнд төдийгүй харилцагч үйлчлүүлэгчдэд их дэмжлэг болдог. Тодруулбал, бидний хамтын ажиллагааны үр дүнд манай харилцагч болох жижиг, дунд бизнес эрхлэгчид банкны зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах, урт хугацааны моргейжийн зээлд хамрагдах зэргээр өөрийн өмчлөлтэй болж чадсан. Энэ удаагийн төсөл дээр өмнөхтэй адил үйлчлүүлэгч нартаа холбох гүүр нь болж, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээлийн хөтөлбөр зэрэг ХААН Банкны зээлийн хөтөлбөрүүдэд хамрагдахад туслах байдлаар хамтын ажиллагаагаа цаашид тогтвортойгоор үргэжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.