Хагас боловсруулсан бүтээгдэхүүн бүхэн муу биш, харин ч эсрэгээрээ эрүүл мэндэд тустайгаар үйлдвэрлэж болдгийг үлгэрлэн харуулж буй “Танил Жаргалан” ХХК-ийн “Green Jargalan” брэндийн хүнс зах зээлд “цахиур хагалж” буй. Хөвсгөл аймагт үйлдвэрлэл эрхэлдэг тус компанийн брэнд бүтээгдэхүүн Булган, Эрдэнэт, Дархан болон Улаанбаатар хотын 15 гаруй сүлжээ дэлгүүрт борлогдож, үнэнч үйлчлүүлэгчдийнхээ тоог мянга мянгаар нэмэгдүүлсээр байна.
Дотоодын хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлийг хэдхэн том компани эзэлдэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани жил хагасын дотор өндөр үр дүнд хүрнэ гэдэг ховор үзэгдэл. Тэгвэл дотоодын зах зээлд тулгамддаг гол асуудал болох хадгалалт, бүтээгдэхүүний савлагаа, түүхий эдийн чанар зэргийг “Танил Жаргалан” компанийнхан судлан, хэрэглэгчдэд хамгийн таатай хэлбэрээр шийджээ. Тухайлбал, пластикийн хорыг маханд шингээхгүйн тулд савлагаанд гойд анхаарч, сүлжээ дэлгүүрүүд дэх буцаалтыг бусдын адил хоёр сар тутамд биш, нэг сарын дотор авах зэргээр хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд анхаарч, бизнестээ хариуцлагатай хандахыг чухалчилж буй.
Өдгөө “Танил Жаргалан” компанийн хамт олон 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд орон нутгаа хөгжүүлж, хотоос илүү үйлдвэрлэл, үйлчилгээний газартай болгохоор хэд хэдэн салбарт бүтээлчээр хөдөлмөрлөж байна. Амралтын газар байгуулснаар бизнесээ эхлүүлсэн тэд өнөөдөр “Жаргалан” ресторан, амралтын газар, дэлгүүр, хувцас зэрэг зургаан салбарт үйл ажиллагаагаа тэлжээ. Улмаар Ковид-19-ийн хөл хорионы үед тусгай зөвшөөрөл авч, 15 нэр төрөл бүхий хагас боловсруулсан бүтээгдэхүүн (шаржигнуур тахиа, бөөрөнхий мах, жэюг буггим, тактуритан) үйлдвэрлэдэг болов. Хамгийн цэвэрхэн орчинд үйлдвэрлэл явуулдаг гэдгээрээ тэд нэртэй бөгөөд өдөрт 10 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ тухайд, “Танил Жаргалан” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Тэмүүлэн “Улаанбаатараас орон нутагт очоод, “Ямар гоё үйлчилгээтэй юм бэ. Хотоос дутах юм алга” гэж ярьдаг болох цагийг л бид авчрахыг хүсдэг. Тиймдээ ч орон нутаг дахь үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд маш их анхаардаг” хэмээв. Түүний хувьд, АНУ-д бизнесийн ухааны магистрын зэрэг, мөн дараа нь 24 настайдаа буюу маш залуудаа улс төрийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ. Ингээд эх орноо хөгжүүлэхээр Монголдоо ирж, төрөл бүрийн бизнес эрхэлж, туршлага хуримтлуулсаар өдгөө “Танил Жаргалан” компанийн үйл ажиллагааг хариуцаж яваа. Тэрбээр “Монголыг импортын орон гэж ярьдаг. Гэхдээ зах зээлээ харвал, бид экспортынх. “Монголд үйлдвэрлэв” гэсэн жижиг дэлгүүр рүү ороод, гаднынхан яаж уулга алддаг гэж бодно. Тиймээс бид оюуны бүтээмжээ үнэлж, үйлдвэрлэл эрхлэн экспортлох цаг нь ирсэн” гэж яриандаа онцлов.
Ирэх тавдугаар сард ISO 22000:2018 стандартыг хангаж, бүтээгдэхүүнүүдээ олон улсад экспортолно.
Түүний хувьд, 11 настайгаасаа эхлээд ажил хийж эхэлсэн төдийгүй гадаадад боловсрол эзэмшин, эх орондоо баялаг бүтээхээр иржээ. Гэвч эхэндээ компанийн захирлуудтай уулзахад бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах талаар ямар ч ойлголтгүй бөгөөд удаан тайлбарлуулсны эцэст “Чамайг гурван сар туршилтаар ажиллуулж болно” гэсэн хариуг түүнд өгдөг байжээ. Тухайн үед маш их шантарч байсан ч аав нь түүнд, “Байгаа орчиндоо баялаг бүтээдэг хүнийг сэхээтэн гэдэг. Чи сэхээтэн гэр бүлээс гаралтай, одоо чи сэхээтэн болох ёстой. Амьдарч байгаа орчноо өөрчил, бүтээ” гэж хэлсэн аж. Ингээд М.Тэмүүлэн хувцасны салбар, зөвлөх үйлчилгээ, сургалт, томоохон компаниудын төсөл гэх зэрэг олон салбарт хүч сорьсон аж. Тэрбээр “Байгаа орчиндоо баялаг бүтээе, эх орон, орон нутгаа хөгжүүлье, хот хөдөөгийн ялгаагүй үйлчилгээг нэвтрүүлье” гэсэн том амбицтай учир одоо бэрхшээл гэх зүйл бэрхшээл биш юм шиг л санагддаг” хэмээв.
Монгол Улсад хагас боловсруулсан хүнсний стандарт хангасан цөөн байгууллага бий. “Green Jargalan” брэндийн бүтээгдэхүүнүүд ч үүнд багтаж, хүнсний чиглэлийн MNS 1804:2006 (үйлдвэрийн нөхцөлд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах, шошголох, шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлагыг хангасан бүтээгдэхүүнд олгодог) гэх стандартыг авч, шошгон дээрээ тамгалжээ. Харин ирэх тавдугаар сард ISO 22000:2018 стандартыг хангаж, бүтээгдэхүүнүүдээ олон улсад экспортолж эхлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр “эх оронч бус” импортыг халж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортын бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдэх юм.
Мөн тэд монгол хүний халуун ногоонд мэдрэг байдлыг хүртэл судлан бүтээгдэхүүнийхээ орц найрлага, хэмжээг тодорхойлжээ. Жишээлбэл, жэюүг буггим, тактуритан зэрэг солонгос хоолыг 750 гр-аар, хоёр төрлийн шаржигнуур тахиаг нэг кг -аар савлан худалдаалж буй. Органик махаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс харьцангуй үнэтэй байдгийг ч тус компанийнхан онцолж байв.
Хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хадгалах горим, цаг хугацаа, буцаалт гэх зэрэг хүчин зүйл хамгийн чухал нөлөөтэй.
Хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хадгалах горим, цаг хугацаа, буцаалт гэх зэрэг хүчин зүйл хамгийн чухал нөлөөтэй. Дэлгүүрийн хөргөгчинд бүх бүтээгдэхүүн нэг дор байрладаг. Гэвч бүтээгдэхүүн бүрийн онцлогоос шалтгаалж, тус тусын хадгалах горимтой. Тиймээс “Танил Жаргалан” компани хамтран ажилладаг дэлгүүрүүддээ үүнтэй холбоотой шаардлагуудыг сайтар тавьж, өөрсдийн борлогдоогүй бүтээгдэхүүний буцаалтыг аль болох хурдан авахыг чухалчилдаг. Тэд “Хагас боловсруулсан бүтээгдэхүүн бүхэн хортой” гэх тогтсон хандлагыг өөрчлөхөөр зорьж байгаа юм.
Эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тус компанийнхан олон төрлийн туршилт, судалгааг хийсний эцэст, хүнсний аюулгүй байдлын бүхий л төрлийн стандарт шаардлагыг хангасан Green Jargalan брэндийн хүнсний бүтээгдэхүүнийг гарган авч, хэрэглэгчдэдээ хүргэж буй нь энэ юм. Эрүүл бизнесийн энгийн томьёо бол хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг дээдлэх гэсэн ганцхан зарчимтайг тэд өөрсдийн бизнесээрээ үлгэрлэн харуулж байна.