Нэгэн цагт машин, ухаалаг гар утсаараа дэлхийд танигдаж байсан тус улс энтертайнмент, соёлоороо дэлхийн үзэгчдийг алмайруулж байна. Ийм үзэгдэл хормын төдийд бий болоогүй гэж бүтээгчид нь өгүүлэв.
600 жил амьдрахаар хараагдсан эрэгтэйг нэгэн мөрдөгч мөрдөж буй тухай шинэ киноны хэсгийг Сөүлийн захад орших агуй мэт студийн барилгад авч байв. Гар буу дуугарч, дараа нь нам гүм нөмөрлөө. Тэгтэл нэгэн эмэгтэй чимээгүйг эвдэж “зүрхэнд нь буудаж болохгүй гэж хэлсэн биз дээ!” гэж хашхирав.
12 дугаар сард Netflix-ээр гарах “Bulgasal: Immortal Souls” нэртэй тус киноны энэ хэсгийг авахын тулд кино баг хэд хэдэн удаа давтаж, бараг нэг цаг зарцуулав. Бүтээл нь олон улсын үзэгчдийг байлдан дагуулах Өмнөд Солонгосын ээлжит кино болно гэдэгт итгэлтэй буйгаа найруулагч Жан Ён-ву илэрхийллээ.
Тус улс олон жилийн турш урлагийн онцгой содон экспорт бүтээж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур явсаар ирсэн. Өмнөд Солонгосын нэр хүндийг олон арван жилийн турш Hyundai, LG зэрэг компанийн бүтээсэн автомашин, гар утас тодорхойлсоор ирсэн бөгөөд кино, телевизийн шоу, дуу хөгжмийг нь бүс нутгийн үзэгч, сонсогчид л мэддэг байв. Харин одоо Blackpink зэрэг К-поп одууд, “Squid Game” зэрэг драм, шагнал түүгч “Паразит” кинонууд нь Samsung-ийн гар утаснууд шиг түгээмэл, мөн алдартай болжээ.
Аж үйлдвэрийн бааз сууриа хүчирхэгжүүлэхийн тулд Япон, АНУ-аас хуулбарласантай ижил аргаар БНСУ-ын найруулагч, продюсерүүд Холливуд болон бусад энтертайнмент төвүүдийг олон жилийн турш судалсаар ирсэн бөгөөд Солонгосын өвөрмөц өнгө төрх, соёлыг нэмэх замаар уран бүтээлийн шинэ томьёог гаргаж иржээ. Netflix зэрэг стриминг үйлчилгээнүүд газар зүйн хил хязгаарыг бут ниргэснээр БНСУ Барууны соёлын хэрэглэгчээс энтертайнментын их гүрэн, соёлын том экспортлогч улс болж хувирсан юм.
Сүүлийн хэдхэн жилд л гэхэд Оскарын наадмаас гадаад шилдэг уран сайхны кино төрөлд тэргүүлсэн “Паразит” зэрэг киногоор дэлхий дахиныг алмайруулан гайхуулав.
БНСУ-ын найруулагч, продюсерүүд Холливуд болон бусад энтертайнмент төвүүдийг олон жилийн турш судалсаар ирсэн бөгөөд Солонгосын өвөрмөц өнгө төрх, соёлыг нэмэх замаар уран бүтээлийн шинэ томьёог гаргаж иржээ.
Дэлхийн хамгийн том биш юм гэхэд том хамтлагуудын нэг болох BTS бол тус улсынх. Сүүлийн жилүүдэд Netflix-ээр Өмнөд Солонгосын 80 кино, телевизийн шоу гарсан нь тус улсад 2016 онд анх хөл тавьж байхдаа таамаглаж байснаас хэд дахин их тоо гэж тус компани мэдээлсэн.
“Mr. Sunshine, Crash Landing on You, Sweet Home” киног бүтээж байхдаа дэлхий дахинд хүргэнэ гэсэн бодол бидэнд огт байгаагүй. Бид киногоо аль болох сонирхолтой, утга учиртай хийхийг л хүссэн. Бидний хүүрнэж, өгүүлэхийг хүссэн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг дэлхий дахин одоо л ойлгож, мэдэж эхэллээ” гэж Netfliх дээр хит болсон дээрх гурван киноны продюсер, найруулагчдын нэг Жан өгүүлэв.
Өмнөд Солонгосын энтертайнмент эрэлттэй болсон нь “Bulgasal” киноны зохиолыг эхнэрийн хамт бичсэн Со Жэ Вон шиг бие даасан, чөлөөт уран бүтээлчдэд урам зориг өгчээ. Түүний үеийнхэн “The Six Million Dollar Man”, “Miami Vice” зэрэг Америкийн телевизийн хит цувралуудыг шимтэн үзсэнээр кино бүтээх “цагаан толгой”-той танилцаж, Өмнөд Солонгосын “амт, өнгө” нэмэх замаар туршилт хийж эхэлсэн аж. “Netflix зэрэг стриминг үйлчилгээ бий болсноор цуврал кинонуудыг түгээхэд хувьсгал гарсан юм. Харин бид үүнд нь бэлэн байж чадсан” гэж тэр бээр нэмж хэлэв.
Өмнөд Солонгосын соёлын үйлдвэрлэлийн хэмжээ нь хагас дамжуулагч зэрэг экспортын голлох бүтээгдэхүүнтэй харьцуулахад бага боловч хэмжихийн аргагүй их нөлөөг тус улсад авчирч байгаа юм. Есдүгээр сард солонгос гаралтай 26 шинэ үгийг Oxford English Dictionary нэмсний дотор Өмнөд Солонгосын давлагаа буюу “халлюү” гэх үг багтжээ. Харин Хойд Солонгос К-поп урсгалыг “хөнөөлт хорт хавдар” гэж нэрлэсэн бол К-попын дэмжигчдийн нийгмийн сүлжээн дэх олон арван хаягийг БНХАУ “эрүүл бус” зан авиртай хэмээн буруушааж хааж байв.
Соёлын хүчирхэг гүрэн болж чадсан БНСУ-ын гайхалтай хичээл зүтгэл нь мөн ийм төрлийн сүр хүчийг үзүүлэхийн тулд төрийн оролцоотой боловч үр дүнгүй кампанит ажил хийж буй БНХАУ-аас эрс өөр юм. Уран бүтээлчдэдээ цензур тогтоох гэсэн Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн оролдлого тийм ч амжилттай байж чадаагүй. Харин ч улс төрчид нь улсынхаа поп урлагийг дэмжиж эхэлсэн бөгөөд зарим эрэгтэй уран бүтээлчдийн цэргийн алба хаах хугацааг хойшлуулсан хууль батлаад байна. Энэ сард л гэхэд албаны хүмүүс Сөүлийн олимпын цэцэрлэгт хүрээлэнд “Squid Game”-ийн аварга том хөшөө босгохыг Netflix компанид зөвшөөрсөн.Ийм сүрдэм амжилтад тус улс нэг өдрийн дотор хүрээгүй. “Squid Game” нь Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй цуврал болж, BTS хамтлаг НҮБ-ын байранд тоглолт хийхээс ч өмнө “Өвлийн хайрын дуу” зэрэг цуврал, “BigBang”, “Girls Generation” зэрэг хамтлаг Ази тив болон бусад тивийг байлдан дагуулж байсан билээ. Гэхдээ тэд өнөөгийн Өмнөд Солонгосын соёлын давлагаа шиг дэлхий дахины үзэгчдэд хүрч чадаагүй юм. PSY-ийн “Gangnam Style” дуу нь нэг удаагийн хит бүтээл болж таарсан.
“Бид түүх өгүүлэх дуртай, тэр тусмаа хүүрнэх маш сайн түүх бий. Гэхдээ манай дотоодын зах зээл хэт жижиг, хэт өрсөлдөөнтэй. Бид дэлхийд гарах хэрэгтэй” гэж жилд 10 гаруй телевизийн цуврал кино хийдэг, Өмнөд Солонгосын хамгийн том “Studio Dragon” студийн Гүйцэтгэх захирал Ким Ён-Кю онцлов.
Баян, ядуугийн ялгаа хэт ихсэж буйг харуулсан “Паразит” кино Оскарын шагнал хүртсэн өнгөрсөн жилээс л олон улсын үзэгчид Өмнөд Солонгосын урлагийн салбарыг “жинхэнэ” утгаар нь анхаарч эхэлсэн боловч тус улс үүнтэй ижил сайн бүтээлийг олон жилийн турш үйлдвэрлэсээр ирсэн билээ.
“Хүмүүс онлайнаар улам их контент үзэх болсон өнөө үед тэдгээр бүтээлийг үзэх боломжийг Netflix, YouTube зэрэг стримингийн платформууд олгосон. Тэр хүртэл дэлхий дахин БНСУ-ын энтертайнментийн талаар мэддэггүй байлаа” гэж Сөүл дэх Каннамын их сургуулийн профессор Кан Ю-Жон өгүүлэв.
Netflix үүсэхээс өмнө Өмнөд Солонгосын телевизийн салбарыг цөөн тооны дотоодын ТВ сувгууд хянадаг байлаа. Өдгөө тэдгээр телевизийг стримингийн платформууд болон санхүүжилт, олон улсад гарахад шаардлагатай уран бүтээлийн эрх чөлөөгөөр хангаж чаддаг “Studio Dragon” зэрэг бие даасан студиуд хол хаяжээ.
Сэтгэл хөдлөлөөр баялаг харилцаа буюу “синпа”-гаар дүүрэн үзэгдэл бүтээхэд тэдгээр студи голлон анхаардаг. Гол дүрийн баатрууд нь алдаа дутагдал ихтэй, байж боломгүй нөхцөл байдалд орооцолдсон жирийн хүмүүс, хайр, гэр бүл, бусдыг энэрэх зэрэг нийтлэг үнэ цэнийг агуулсан байдаг зэрэг нь Өмнөд Солонгосын контентын нэг онцлог юм. Тийм учраас бүх дүрүүдээ “хүн шиг харагдуулах”-ыг албаар хичээдэг гэж найруулагч, продюсерүүд нь ярьдаг.
Иргэний дайн, дарангуйлал, ардчилал, эдийн засгийн хурдацтай өсөлтийг туулж өнгөрүүлсэн Өмнөд Солонгос улсын уран бүтээлчид үзэгчдээ юу үзэж, сонсохыг хүсэж буйг маш сайн мэдэрч ойлгодог. Тодруулбал, хүмүүс нийгмийн өөрчлөлтийн тухай сэдвийг ихэд сонирхдог. Тийм ч учраас тус улсын ихэнх блокбастер киноны үйл явдал нь орлогын тэгш бус байдал, цөхрөл бухимдал, зиндаа хоорондын зөрчил зэрэг жирийн хүмүүст хамаатай сэдэв дээр тулгуурласан байдаг юм.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд гарсан бэлгийн хүчирхийллийн дуулиант явдлын тухай бодит явдалд тулгуурласан “Dogani” киног 2011 онд бүтээснээр “Squid Game” киноны найруулагч Хван Дун-Хюк анх алдаршиж байв. Уг кино гарсны дараа иргэдийн уур бухимдал асар их нэмэгдсэн учир бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан багш нарыг тус сургуулиас хөөх шийдвэрийг Засгийн газар гаргахаас өөр аргагүй болж байлаа.
“Өмнөд Солонгосын урлагийн контентод давамгайлдаг нэг онцлог бол эсэргүүцэл юм. Зэрэг дэв ахих хүсэл, уур хилэн, тэмцэх хүсэл зэрэг нийт массын сэтгэл хөдлөлийг урлаг нь илтгэн харуулдаг” гэж тус улсын залуучуудын соёлын тухай ном бичсэн Лим Мёон-Мук өгүүлэв.
“Өмнөд Солонгосын уран бүтээлчид нь гадаадад сонирхол татаж байгаа зүйлийг хурдан хуулбарлаж, тэдгээрийг илүү сонирхолтой, илүү дээр болгож өөриймшүүлэхдээ гаршсан” хэмээн “K-Pop Idols” номыг хамтран бичсэн Кёонги их сургуулийн профессор И Хак-Жун хэлсэн юм.
“Bulgasal” киноны зураг авалтын үеэр утаа гаргах, нойтон шалан дээр ус дуслах, буудуулсан эрийн “гунигтай, ичсэн төрх”-ийг харуулах гээд бүх зүйлийг төгс гаргахын тулд арав гаруй хүн уйгагүй ажиллана. Уг кинонд өгүүлэх ид шидийн гэмээр үйл явдлууд нь “X-Files”, “Stranger Things” зэрэг Америкийн алдартай цувралуудыг санагдуулах боловч “эпбо” дээр тулгуурласан, зөвхөн Өмнөд Солонгосын онцлогийг харуулсан эмгэнэлт түүхийг бүтээж буй гэдгээ найруулагч Жан онцлов. “Эпбо” бол сайн, муу үйлдэл нь хүнд үхсэнийх нь дараа ч нөлөөлдөг гэж үздэг солонгосчуудын мухар сүсэг юм.
Өмнөд Солонгосын цувралууд хилийн чанадад ихээхэн амжилт олж буй учир өөрийнх нь шинэ бүтээл ч үзэгчдийн сонирхлыг татна гэдэгт итгэж буйгаа тэрбээр илэрхийлэв. “Хамгийн гол нь Өмнөд Солонгост зарагдаж байгаа л бол гадаадад зарагдах боломжтой” гэж тэрбээр онцолсон юм.